Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 968

 

                                                        Н.Т-т холбогдох эрүүгийн

                                                                   хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Б.Зориг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Н.Булганчимэг,

шүүгдэгч Н.Т-ийн өмгөөлөгч С.Эрдэнэсувд,

нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 560 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, прокурор Н.Булганчимэгийн бичсэн 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 67 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр Н.Т-т холбогдох эрүүгийн 1811016000589 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             Боржигон овгийн Н.Т-, 1960 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Төв аймагт төрсөн, 58 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нефтийн диспетчер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүрэгт оршин суух, ял шийтгэлгүй, /РД:/;

            Н.Т- нь 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Нарантуул-2” худалдааны төвд байрлах Хаан банкны АТМ-аас иргэн Р.Зоригоогийн картнаас мөнгө авч өгөхдөө, түүний картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар өөрийн картаар сольж, уг картнаас 2018 оны 5 дугаар сарын 24-нөөс 28-ны өдрийн хооронд 350.500 төгрөгийг хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Н.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Н.Т-ийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, бусдын картыг өөрийн картаар сольж, уг картнаас 350.500 төгрөгийг хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар Н.Т-т оногдуулсан 1 жилийн хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар оршин суугаа газраа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагаад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгож, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, Н.Т- нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж, Н.Т-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэжээ.

Прокурор Н.Булганчимэг тус шүүхэд бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйл нь “Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх” зохицуулалттай. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг буруу хэрэглэсэн байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.Т-т хорих ял оногдуулсны дараа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар оногдуулсан хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэсэн нь буруу. Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн ба уг эсэргүүцлээ дэмжиж байна...” гэв.

Шүүгдэгч Н.Т-ийн өмгөөлөгч С.Эрдэнэсувд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...улсын яллагчийн эсэргүүцлийг дэмжиж байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

Хавтас хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

            Н.Т- нь 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Нарантуул-2” худалдааны төвд байрлах Хаан банкны АТМ-аас иргэн Р.Зоригоод бэлэн мөнгө авч өгөхдөө, түүний гаргаж өгсөн “Р.Оюунчимэгийн Хаан банкны 5032645334 дугаартай дансны” картыг өөрийнхөө картаар сольж, улмаар уг картнаас 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 220.000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 130.500 төгрөгийг тус тус хууль бусаар авч, хувьдаа хэрэглэсэн гэмт хэргийн үйл баримт тогтоогдлоо.

            Хохирогч Р.Зоригоо нь  өөрийн төрсөн эгч Р.Оюунчимэгийн Хаан банкны 5032645334 дугаартай дансаар дамжуулан цалингаа авдаг гэх бөгөөд картаа алдсан цаг хугацаа, газар зүйн байршил, болсон үйл явдал, дансан дахь мөнгөн дүн зэргийг /хх-ийн 12-16/ тодорхой мэдүүлсэн байх бөгөөд түүний мэдүүлэг нь яллагдагч Н.Т-ийн /хх-ийн 23-24/ мэдүүлэг, Хаан банкны 5032645334 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 37/,  “Нарантуул-2” худалдааны төвд байрлах Хаан банкны АТМ-ны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10-11/ зэргээр давхар нотлогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээрийг шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

            Хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээд бусдын өмч хөрөнгийг нууцаар өмчлөгч болон бусдад мэдэгдэхгүйгээр авч, хууль бусаар завшиж өөрт хэрэглэх буюу ашиг орлого олох гэсэн шунахай сэдэлт, зорилготой байдаг бөгөөд гэмт этгээд тухайн эд хөрөнгийг хадгалан хамгаалагдаж байсан орон зайнаас хөдөлгөн өөрийн болгон авч, захиран зарцуулах бодит бололцоог бий болгосон үеэс энэ гэмт хэрэг төгссөнд тооцогддог.

Прокуророос Н.Т-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлсэн ба анхан шатны шүүх Н.Т-ийг тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Харин шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад Н.Т-ийг “...бусдын картнаас мөнгө авч өгөхдөө, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар картыг өөрийн картаар сольж уг картнаас 350.500 төгрөгийг хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг гэм буруутайд тооцохдоо тусгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасанд нийцээгүй байгаагаас гадна, Н.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар оногдуулсан хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Учир нь 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “оногдуулсан хорих ялыг тэнсэх” тухай ойлголт, хэм хэмжээ тусгагдаагүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх;” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж маш тодорхой хуульчилсан байх тул 2002 оны Эрүүгийн хуулийн Аравдугаар бүлэгт зохицуулагдсан “тэнсэх” гэсэн ойлголттой адилтган төсөөтэй хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй.

Иймээс шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хуульд нийцүүлэн зөвтгөж, шүүгдэгч Н.Т-ийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, анхан шатны шүүхээс хэрэглэсэн албадлагын арга хэмжээг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Энэ талаар прокурор Н.Булганчимэгийн бичсэн 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 67 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 560 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгосугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Шүүгдэгч Боржигон овогт Норовын Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын картнаас мөнгө авч өгөхдөө хүч хэрэглэхгүйгээр, нууцаар картыг өөрийн картаар сольж уг картнаас 350.500 төгрөгийг хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэснийг “Шүүгдэгч Боржигон овогт Норовын Т-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,

- 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т-ийг 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, шүүгдэгч Н.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.” гэж тус тус өөрчилсүгэй.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтаас “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т-т оногдуулсан 1 жилийн хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж...” гэснийг хасаж, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                 ШҮҮГЧИД                                                   Б.ЗОРИГ

                                                                                                     Н.БАТСАЙХАН