Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2016/0015

 

Ө ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 719 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ө ХХК-ийн нэхэмжлэлтэй, ТЕГ-н УТОХГТУБ Р.М, татварын улсын байцаагч М.Г нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ө ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Ө" ХХК нь Ашигт малтмалын газраас 2003 онд олгосон 5692А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн дагуу Дорноговь аймгийн Айраг сумын нутагт байрлах "Хонгор овоо" ордоос хайлуур жонш олборлож, худалдах үйл ажиллагаа явуулдаг. Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагчид манай компанийн 2008-2012 оны үйл ажиллагаанд татвар ногдуулалт, төлөлтийг шалгаад 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 210288 тоот акт тавьсан ба уг актаар нөхөн татвар, торгууль, алданги нийт 81724,3 мянган төгрөгийн төлбөрийг төлүүлэх хариуцлага ногдуулсан. Дээрх актыг манай компани эс зөвшөөрч Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасны дагуу тус зөвлөл хуралдаж, 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 41 дүгээр тогтоолоор татварын улсын байцаагчийн 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 210288 тоот актыг хэвээр баталсныг 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гардаж авсан бөгөөд хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Татварын улсын байцаагчийн акт нь "Ө" ХХК-ийн хуулиар төлөх ёстой төлбөрийн хэмжээг үндэслэлгүйгээр нэмэгдүүлэн, илүү их хэмжээгээр ногдуулж байгаа нь компанийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, санхүүгийн чадамжгүй болгож улмаар дампуурах эрсдлийг бий болгож байна. Тодруулбал Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө гэж заасан. Манай компани 2008-2012 онд Оросын Холбооны Улсын нэр бүхий аж ахуйн нэгжүүдтэй DAF Наушки өртөө нөхцлийн үнээр болон БНХАУ-ын "Юань тонг" компанитай DAF Эрээн хот нөхцлийн үнээр нийт 9307.7 тонн хайлуур жонш экспортолсон болно. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1-д Экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан борлуулалтын үнэлгээг тогтоохоор заажээ. Мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.12-д Экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоодог биржийннэрийг тухайн бүтээгдэхүүний нэр төрлийг харгалзан Засгийн газар нийтэд зарлана гэжээ. Гэтэл манай компани нь хайлуур жоншийг Наушки өртөө, Эрээн хот нөхцлөөр худалдсан гэрээний үнэ нь 1 тонн тутмыг 22-110 америк доллар бөгөөд энэ үнээр гааль болон татварын байгууллагад мэдүүлсэн. Харин татварын байцаагчиддээрх бүтээгдэхүүнийг БНХАУ-ын Тяньжинь боомтын FОВ нөхцлийн үнэ (олон улсын аль биржийн үнэ гэдэг тодорхойгүй) буюу 1 тонн тутмыг нь 39-239 америк доллароор тооцож төлбөр авч байгаа нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1 дэх зүйлийг зөрчиж байна.

Иймд хууль зөрчсөн Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагчийн 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 210288 тоот актаар ногдуулсан төлбөрөөс илүү тооцож нөхөн ногдуулсан татвар 31.779.1 мянган төгрөг, торгууль 15.861.3 мянган төгрөг, алданги 12.993.0 мянган төгрөг нийт 60.633.4 мянган төгрөгийг хасаж багасгаж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгч Ө ХХК нэхэмжлэлийн шаардлагаа багасгахдаа: ...Татварын ерөнхий хуульд зааснаар юун түрүүнд Монгол Улсын хуулийг үйл ажиллагааныхаа баримтлах ёстой зарчмаа болгох ёстой татварын улсын байцаагчдын хууль зөрчсөн Засгийн газрын тогтоол, яам агентлагийн журмыг барьж шийдвэрлэсэн маргаан бүхий татварын улсын байцаагчийн актаар ногдуулсан төлбөрөөс илүү тооцож нөхөн ногдуулсан татвар 31.779.1 мянган төгрөг, торгууль 15.861.3 мянган төгрөг, алданги 12.993.0 мянган төгрөг нийт 60.633.4 мянган төгрөгийг хассан өөрчлөлтийг 2013 оны 10 дугаар сарын 10 дугаар сарын 24-ний өдрийн 210288 тоот Татварын улсын байцаагчийн акт оруулж өгнө үү гэжээ.

Татварын ерөнхий газрын улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Улсын төсвийн орлого хяналтын газрын Эрдэс баялгийн татварын хэлтсийн татварын улсын ахлах байцаагч Р.М, татварын улсын байцаагч М.Г нар Улсын төсвийн орлого хяналтын газрын даргын баталсан удирдамжийн дагуу "Ө" ХХК-ийн 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн ногдуулсан байдалд хяналт шалгалт хийж 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдөр татварын улсын байцаагчийн 210288 тоот акт үйлдсэн болно. Ө ХХК нь тус актыг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд хандсаныг Татварын маргаан таслах зөвлөл хэлэлцээд татварын улсын байцаагчийн актыг хэвээр баталсан 2014 оны 41 дүгээр тогтоол гаргасан болно.

Нэгдүгээрт, нэхэмжлэлд татвар төлөгч Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1-д заасныг зөрчсөн гэж үзсэн байна. Гаалийн ерөнхий газрын ирүүлсэн хөндлөнгийн мэдээллээс үзэхэд "Ө"ХХК нь 2008-2012 оны хооронд 9308,6 тонн жонш экспортонд гаргасан нь илэрсэн бөгөөд "Ө" ХХК нь дээрх онуудад татварын албанд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг гаргаагүй юм. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл ззэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож, худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө, тус хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1-д экспортонд бүтээгдэхүүн гаргасал бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй ижил төрлийн бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлана гэж заасан байдаг. Мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.12-т Экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоодог биржийн нэрийг тухайн бүтээгдэхүүний нэр төрлийг харгалзан Засгийн газар нийтэд зарлана гэж заасан. Засгийн газрын 2007 оны 88 дугаар тогтоолоор Хятадын хайлуур жоншны FОВ үнэ буюу indmin.com сайт дээрхи үнээр авахаар зарласан байна. Үйлдвэр худалдааны сайдын 2007 оны 135 дугаар тушаалаар батлагдсан "зах зээлийн жишиг үнэ зарлах ажлын хэсэг" байгуулагдсан. Энэ ажлын хэсгээс сар бүр уул уурхайнбүтээгдэхүүний жишиг үнийг зарлаж эхэлсэн. Мөн "Ө" ХХК нь 2008-2012 оны хооронд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөө тайлагнаж төлөөгүй нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д татвар ногдох татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх гэсэн заалтыг зөрчсөн тул 2006 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйл, Засгийн газрын 2007 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 88 дугаар тогтоол зэрэгт үндэслэн Ашигт малтмалын нөөц ашигласны татварыг эрх бүхий байгууллагын сар бүр зарладаг жишиг үнэ болон Гаалийн ерөнхий газрын ирүүлсэн хөндлөнгийн мэдээнд үндэслэн тооцоолол хийж акт тавьсан нь хууль эрх зүйн үндэслэлтэй болно.

Хоёрдугаарт, Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.6-д заасанчлан татвар төлөгч тухайн баримт бичгийг хуульд нийцээгүй гэж үзвэл гомдлоо 30 хоногийн дотор гаргах эрхтэй юм. Гэвч Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн тогтоолыг 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр /албан бичгийн бүртгэлийн хуулбарын хавсаргав/ татвар төлөгчид гардуулсан боловч 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдөр захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан нь Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.6, 33 дугаар зүйлийн 33.3 болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан хугацаа хэтэрсэн байгаа тул татвар төлөгчийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 719 дүгээр шийдвэрээр Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 18 дугаар зүйлийн 18.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1.3, 74.2, 74.3, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2.1, 47.12, 48 дугаар зүйлийн 48.9 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагчийн 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 210288 тоот актаар ногдуулсан төлбөрөөс илүү тооцож нөхөн ногдуулсан татвар 31.779.1 мянган төгрөг, торгууль 15.861.3 мянган төгрөг, алданги 12.993.0 мянган төгрөг нийт 60.633.4 мянган төгрөгийг хасаж багасгах тухай "Ө" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх манай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх заалтыг үндэслэл болгож борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөх ёстой гэж үзжээ. Ингэхдээ хэдийгээр Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.12-ыг шийдвэртээ дурдсан атлаа уг заалтанд олон улсын жишиг үнэ тогтоодог биржийн нэрийг тухайн бүтээгдэхүүний нэр төрлийг харгалзсан Засгийн газар нийтэд зарлана гэсэн үг байгааг буруу тайлбарлаж, Монгол Улсын Засгийн газар 2007 оны 88 дугаар тогтоолоороо бирж-ийн нэр биш Хятадын хайлуур жоншны бүтээгдэхүүний FOB үнэ-ийг зарласныг олон улсын зах зээлийн үнийг баримталсан гэж дүгнэсэнд гомдолтой байна. Хуулийн дээрх заалтыг бусад зүйл, заалттай зөв хослуулж хэрэглэх юм бол Монгол Улсын Засгийн газар экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоодог биржийн нэр зарлах эрхээ хэтрүүлж, тухайн бүтээгдхүүний Монгол банкны болон зах зээлийн үнийн эх сурвалжийг зарласн гэдэг нь тодорхой харагдах ёстой. Нэгэнт Засгийн газарт хуулиар биржийн нэр зарлах эрх олгосон, жоншны төрлийн бүтээгдэхүүний жишиг үнийг тодорхойлох бирж байхгүй тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.3-д зааснаар ... мэдүүлсэн борлуулалтын орлогыг үндэслэн... татвар тооцох үнэлгээг гаргаж ирэх ёстой. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн мэдүүлсэн буюу гэрээний үнэ байсаар байхад хуульд заасан эрхээ хэтрүүлж гаргасан Засгийн газрын тогтоол-ыг үндэслэсэн захиргааны актыг хууль ёсны гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Дээр дурдсан үндэслэлүүдэд тулгуурлан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 719 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Татварын улсын байцаагчийн актаар ногдуулсан төлбөрөөс илүү тооцож нөхөн ногдуулсан татвар 31.779.1 мянган төгрөг, торгууль 15.861.3 мянган төгрөг, алданги 12.993.0 мянган төгрөг, нийт 60.633.4 мянган төгрөгийг хассан өөрчлөлтийг 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 210288 тоот татварын улсын байцаагчийн актад оруулах тухай Ө ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Эрдэс баялгийн татварын хэлтсийн улсын байцаагч Р.М, Татварын улсын байцаагч М.Г нар Ө ХХК-ийн 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаааны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулсан байдалд хяналт шалгалт хийж 2008, 2009, 2011, 2012 онуудад экспортод гаргасан жоншны борлуулалтад Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулж тайлагнаагүй зөрчил нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2, 47.2.1, 48 дугаар зүйлийн 48.9 дэх заалтыг зөрчсөн гэж үзэж 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдөр татварын улсын байцаагчийн 210288 тоот актаар 767567.2 мянган төгрөгийн зөрчилд ногдуулсан 52871.0 мянган төгрөгийн нөхөн татвар, 15861.3 мянган төгрөгийн торгууль, 12993.0 мянган төгрөгийн алданги нийт 81725.3 мянган төгрөгийн төлбөр ногдуулжээ.

Нэхэмжлэгч Ө ХХК-аас татварын улсын байцаагчийн дээрх актыг эс зөвшөөрч актаар төлбөр тогтоохдоо хуульд үндэслээгүй, харин Засгийн газрын тогтоол баримталсан, худалдах, худалдан авах гэрээний үнээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцох байсан гэж маргаж байх бөгөөд хайлуур жонш олборлож, эскпортод гаргасан талаар болон экспортод гаргасан бүтээгдэхүүний тоо хэмжээ, эскпортлосон хайлуур жоншны бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашиг малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлөөгүй, татварын албанд тайлагнаагүй зөрчлүүдийн тухайд маргаагүйбайна.

Хавтаст хэрэгт Ө ХХК 2008-2012 оны хооронд 9308,6 тонн жонш экспортод гаргасан боловч борлуулалтын орлогоос тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулж, тайлагнаагүй зөрчилтэй холбоотой Гаалийн ерөнхий газрын мэдээлэл[1], Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 1157 дугаар дугаар албан бичиг, /хавсралт Ө ХХК-ийн 2010, 2011, 2012 оны 2 дугаар улирлын санхүүгийн тайлангууд[2]/, 2014 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангаас авсан мэдээлэл зэрэг баримтууд авагджээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө гэж, харин борлуулалтын үнэлгээг тооцох журмыг 47.2.1-д экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан гэж заажээ.

Түүнчлэн хэрэв зах зээлийн жишиг үнийг тодорхойлох боломжгүй нөхцөлд тус хуулийн 47.2.3-д зааснаар ...гадаадын зах зээлд борлуулсан бүтээгдэхүүний зах зээлийн жишиг үнийг тодорхойлох боломжгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдүүлсэн борлуулалтын орлогыг үндэслэн тодорхойлохоор, харин олон улсын жишиг үнэ тогтоох биржийн нэрийг Засгийн газар зарлахаар хуулийн 47 дугаар зүйлийн 47.12-т Экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоодог биржийн нэрийг тухайн бүтээгдэхүүний нэр төрлийг харгалзан Засгийн газар нийтэд зарлана гэж заасан байна.

Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Биржийн нэр зарлах тухай 88 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар Уул уурхайн экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоох биржийн нэр-ийг, 2 дугаар хавсралтаар Зарим экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох Монгол банкны болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр-ийг тус тус зарласан байх ба 2 дугаар хавсралын 4-т хайлуур жоншны борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох эх сурвалжаар Хятадын хайлуур жоншны бүтээгдэхүүний FOB үнийг зарлажээ.

Засгийн газрын дээрх тогтоолоор Уул уурхайн экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоох биржийн нэр, хайлуур жоншны борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох эх сурвалжаар Хятадын хайлуур жоншны бүтээгдэхүүний FOB үнийг зарласан Засгийн газрын 2007 оны 88 дугаар тогтоол Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1, 47.12-т заасантай тус тус нийцсэн байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн Ө ХХК нь хайлуур жоншийг худалдсан гэрээний үнээр татвар төлөх ёстой, татварын байцаагч нар БНХАУ-ын Тянжинь боомтын FOB нөхцлийн үнээр тооцож төлбөр тогтоосон нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1-д заасныг зөрчиж байна гэж маргаж, актаар ногдуулсан төлбөрөөс илүү тооцож нөхөн ногдуулсан татвар, торгууль, алдангийг хасаж багасгах учиртай... гэх гомдол, тайлбар үндэслэлгүй.

Тодруулбал, татварын улсын байцаагч нар нь Ө ХХК-ийг олборлож экспортолсон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөө хууль, журамд заасны дагуу тайлагнаж, төлөөгүй зөрчил гаргасан нь ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д татвар ногдох орлогоо үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд татвараа төлөх гэж заасныг зөрчсөн гэж үзэж Ашигт малтмалын тухай хууль болон Засгийн газрын 2007 оны 88 дугаар тогтоолыг үндэслэн тооцоолол хийж татварын байцаагчийн актаар төлбөр ногдуулсныг буруутгах үндэслэлгүй байна.

Харин Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ гэж заасан байх тул татварын улсын байцаагчийн 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 210288 тоот актаар тогтоосон нийт 81725.3 мянган төгрөгийн төлбөрөөс 52871.0 мянган төгрөгийн нөхөн татварыг Ө ХХК-аар төлүүлэх, 15861.3 мянган төгрөгийн торгууль, 12933.0 мянган төгрөгийн алданги нийт 38794,3 мянган төгрөгийг өршөөн хэлтрүүлэх ньзүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.     Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 719 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг ...Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 18 дугаар зүйлийн 18.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1.3, 74.2, 74.3, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2.1, 47.12, 48 дугаар зүйлийн 48.9, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3-т заасныг тус тус баримтлан Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагчийн 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 210288 тоот актын 15.861.3 мянган төгрөгийн торгууль, 12.993.0 мянган төгрөгийн алдангийг өршөөн хэлтрүүлж, актаар оногдуулсан төлбөрийн хэмжээг 52871.0 мянган төгрөг болгож, багасгасугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах шатны журмаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.     Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ