Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/59

 

 

2022         02            18                                    2022/ШЦТ/59

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.А,     

улсын яллагч Н.Д,

шүүгдэгч М.М, түүний өмгөөлөгч О.С нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.М-т холбогдох эрүүгийн 2225000000028 дугаартай хэргийг 2022 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, М.М

Шүүгдэгч М.М нь 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-16 дугаар байрны 2 дугаар орцны урдаас Iphone ХR загварын гар утсыг олж, гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 900.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч М.М мэдүүлэхдээ “...гэмшиж байна, торгох шийтгэл өгнө үү.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

хохирогч Ж.Зо-н “...2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр найз Шижирбаяр, Жавхлантөгс нарын хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн нутаг дэвсгэрт байрлах “Дээдэс” зочид буудлын өрөөнд орж дөрвөн шил архи хувааж уусан. Буудалд орохоос өмнө миний машиныг найз Шинэ-Од ирж аваад явчихсан байсан, өдөр 15-16 цагийн үед гэртээ харих гээд найз Шинэ-Одын утас руу залгаж дуудсан, удалгүй Шинэ-Од ирсэн ба Шижирбаяр бид хоёр машинд суусан, Жавхлантөгс буудлынхаа өрөөнд унтаад үлдсэн. Шууд манай байрны гадаа ирээд Шижирбаяр намайг орц руу оруулж өгсөн, яг хэдэн цагт гэртээ, хэрхэн яаж орсноо сайн санахгүй байна. ...өөрийнхөө алдсан гэх Iphone ХR загварын гар утсаа байрны гадаа юм уу, орцонд хаячихсан эсэхийг санахгүй байна. ...Би алдсан гар утсаа эргүүлэн авсан, миний гар утсыг бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн тул надад ямар нэгэн гомдол, санал хүсэлт байхгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дахь тал/,

иргэний нэхэмжлэгч Д.Б-н “...2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр намайг ажил дээрээ сууж байхад гаднаас үл таних хоёр эмэгтэй орж ирээд Iphone ХR загварын гар утас үзүүлээд бор куртиктэй дунд эргэм насны эгч “сая гудамжинд мөнгөний авцаатай байсан хүнтэйгээ тааралдаад гар утсыг нь авчихлаа, ядахдаа тал мөнгөө ч болов олж авмаар байна” гэж хэлэхээр нь “та энэ утсыг хэдэн төгрөгөөр зарах гэж байгаа юм бэ” гэж асуутал “300.000 төгрөг” гэж тэр эгч хэлсэн. Тэгэхээр нь би “энэ гар утас чинь ямар нэгэн асуудалтай хулгайн гар утас биш биз дээ” гэж асуухад бор куртиктэй эгч “тийм зүйл огт байхгүй, хэрэв хулгайн гар утас байвал би тэр хүнтэй учраа олж чадна” гэж хэлэхээр нь итгээд гар утсыг нь 300.000 төгрөгөөр худалдаж авсан. ...би уг гар утасны төлбөр болох 300.000 төгрөгийг өөрийн интернет банкаар Хаан банкны 50944507355 дугаартай Мөнхтамир гэсэн хүний данс руу шилжүүлсэн...хохирлын 300.000 төгрөгийг М.М гэх эмэгтэйгээс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авсан, нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 22, 24 дэх тал/,

          М.М-ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 15-16 цагийн хооронд гэрээсээ гараад 3-22 дугаар байранд байх эмийн сангаас эм авчихаад эргээд гэртээ орох гээд явж байхдаа 3-16 дугаар байрны 2 дугаар орцны гадна талаас улаан өнгийн гар утас олоод гэртээ авч орсон. Тухайн үед гар утас асаалттай байсан эсэхийг шалгаагүй, маргааш нь буюу 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр орцныхоо гадна талаас олсон улаан өнгийн гар утсыг үзэхэд унтарчихсан байсан тул цэнэглээд үзэхэд кодтой байсан. Уг гар утас кодтой байсан тул би “Сонорхайрхан” худалдааны төвийн 3 давхарт гараад гар утасны засварчинд “энэ утсыг ашиглаж болох уу, би авлагатай хүнээсээ авах ёстой мөнгөнийхөө оронд авсан юм” гэж хэлээд үзүүлэхэд “кодтой утас байна, ашиглаж болохгүй” гэж хэлсэн. Тэр засварчин залууд уг гар утсыг 300.000 төгрөгөөр зарсан. ...2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр миний утас руу цагдаагаас залгаад дуудсан, цагдаагийн газарт мэдүүлэг өгсөн, гар утасны засварчин залууд 300.000 төгрөгийг нь эргүүлээд өгсөн. Олсон гэх улаан өнгийн гар утсыг засварчнаас цагдаа нар хурааж аваад утсаа алдсан эзэнд нь хүлээлгэж өгсөн гэдгийг сүүлд мэдсэн, өөрийнхөө буруу үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, гээгдэл гар утсыг олоод зарсан нь миний буруу.” гэсэн мэдүүлэг /хавтас хэргийн 5, 58 дахь тал/,

хохирогч Ж.З-н “...2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Уурхайчин багийн нутаг дэвсгэрт өөрийн Iphone ХR загварын гар утсаа алдсан.” гэх гомдлыг Цагдаагийн байгууллага хүлээн авсан тэмдэглэл, түүний гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 9, 10 дахь тал/,

Iphone ХR загварын гар утсыг хохирогч Ж.Золбаярт хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зураг /хавтас хэргийн 13-15 дахь тал/,

“Ашидбилгүүн ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ТХҮ-621/2503 дугаартай шинжээчийн “...Iphone ХR загварын гар утсыг 900.000 төгрөг.” гэсэн дүгнэлт /хавтас хэргийн 48-51 дэх тал/,

М.М эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 62 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 63 дахь тал/,

М.М-ын 5094507355 дугаартай дансны хуулга /хавтас хэргийн 70 дахь тал/ зэрэг болно. 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хохирогчоос мөн М.Маас сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгч М.М-ыг гэм буруутайд тооцох;

Шүүгдэгч М.М нь 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-16 дугаар байрны 2 дугаар орцны урдаас Iphone ХR загварын гар утсыг олж, гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх хохирогч Ж.Золбаярын “...2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 15-16 цагийн үед гэртээ харих гээд найз Шинэ-Одын утас руу залгаж дуудсан, ...өөрийнхөө алдсан гэх Iphone ХR загварын гар утсаа байрны гадаа юм уу, орцонд хаячихсан эсэхийг санахгүй байна. ...Би алдсан гар утсаа эргүүлэн авсан.” гэх,

иргэний нэхэмжлэгч Д.Б-н “...2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр намайг ажил дээрээ сууж байхад гаднаас үл таних хоёр эмэгтэй орж ирээд Iphone ХR загварын гар утас үзүүлээд бор куртиктэй дунд эргэм насны эгч “сая гудамжинд мөнгөний авцаатай байсан хүнтэйгээ тааралдаад гар утсыг нь авчихлаа, ядахдаа тал мөнгөө ч болов олж авмаар байна.” гэж хэлэхээр нь...итгээд гар утсыг нь 300.000 төгрөгөөр худалдаж авсан ...гар утасны төлбөр болох 300.000 төгрөгийг өөрийн интернет банкаар Хаан банкны 50944507355 дугаартай Мөнхтамир гэсэн хүний данс руу шилжүүлсэн.” гэх,

М.М-ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 15-16 цагийн хооронд гэрээсээ гараад 3-22 дугаар байранд байх эмийн сангаас эм авчихаад эргээд гэртээ орох гээд явж байхдаа 3-16 дугаар байрны 2 дугаар орцны гадна талаас улаан өнгийн гар утас олоод гэртээ авч орсон. ...гар утас кодтой байсан тул би “Сонорхайрхан” худалдааны төвийн 3 давхарт гар утасны засварчинд...300.000 төгрөгөөр зарсан.” гэх мэдүүлгүүдээр,

хохирогч Ж.З-н “...2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Уурхайчин багийн нутаг дэвсгэрт өөрийн Iphone ХR загварын гар утсаа алдсан.” гэх гомдлыг Цагдаагийн байгууллага хүлээн авсан тэмдэглэл, түүний гаргасан өргөдөл, Iphone ХR загварын гар утсыг хохирогч Ж.Золбаярт хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл, М.М-ын 5094507355 дугаартай дансны хуулга зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлэгдсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүйгээс гадна шүүгдэгч М.М шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоожээ.

Хэргийн нөхцөл байдлаас харахад шүүгдэгч М.М нь Iphone ХR загварын гар утсыг олж гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас хохирогч Ж.Золбаярт бага хэмжээнээс дээш буюу 900.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь бусдын өмчийг гэмт этгээд хууль бус ямар аргаар өөртөө олж авч байгаагаас хамаараад энэ төрлийн бусад гэмт хэргүүдэд хуваагддаг. ... гээгдэл эд хөрөнгө, ... завших гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэл төрж, шамшигдуулсан, захиран зарцуулсан байдаг.

Шүүгдэгч М.М-ын гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй бөгөөд уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч М.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос М.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.

          Шүүгдэгч М.М-т эрүүгийн хариуцлага оногдуулах;

Шүүх шүүгдэгч М.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч М.М-ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед улсын яллагчаас “...шүүгдэгч М.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах.” гэсэн,

шүүгдэгч М.М-ын өмгөөлөгч О.Сарантуул “...шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг харгалзан 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү.” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан болно.

          Шүүх шүүгдэгч М.М-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын “гомдол, саналгүй” гэсэн санал, хүсэлт зэргийг тал бүрээс нь харгалзан,

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

          шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, 

          Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,  

мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй.   

Бусад асуудал;

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.

Шүүгдэгч М.М нь хохирогч Ж.Золбаярт Iphone ХR загварын гар утсыг  биет байдлаар хүлээлгэж өгсөн тухай баримт хавтаст хэргийн 13 дахь талд,

иргэний нэхэмжлэгчийн “..би хохирлын 300.000 төгрөгийг М.М гэх эмэгтэйгээс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авсан, нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн мэдүүлэг хавтаст хэргийн 24 дэх талд тус тус авагдсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдаж,

шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан “хувийн баталгаа” гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.Шүүгдэгч М.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч М.М шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.

          7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч тэдгээрийн өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Г.ЭНХТУНГАЛАГ