Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/37

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,

Улсын яллагч Ц.Гэрэлчимэг,

Насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч Э.Түвшинбаяр /2400/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Гантулга /2769/,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гэрэлчимэгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 04 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Б-ын Б-эд холбогдох эрүүгийн 2107000000210 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр шүүх хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, яс үндэс Халх, бүрэн дунд боловсролтой, барилгын талбайн инженер мэргэжилтэй, “*******” ХХК-д талбайн инженер ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт *******, ******* тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй,

******* овогт Бын Б /РД:*******/

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Б.Б нь 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр *******ны нутаг дэвсгэрт байрлах цэцэрлэгт хүрээлэнд насанд хүрээгүй Б.Б-ийг барьж байгаа хиймэл нууранд нохойгоо орууллаа гэх шалтгааны улмаас цээж мөр лүү нь гараараа цохисны улмаас зүүн атгаал ясны толгойн шахагдсан хугарал, мөр, далны урд холбоосны урагдал, зүүн мөрний үений мултралын дараах байдал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  Б.Б-ийн шүүхийн  хэлэлцүүлэгт өгсөн:  “.Би орой ажилчдаа ажлаас нь буулгаад явуулж байсан. Орой баригдаж байгаа хиймэл нуур луу хүн орчих вий гээд эргэж тойроод явж байхад энэ дүү хоёр дүүтэйгээ, хоёр нохой дагуулаад ирсэн байсан. Намайг ирэхэд нууран дотор хоёр нохой, хоёр дүүгээ оруулчихсан нохойгоо угааж байсан. Би нохойгоо гарга гэхэд урдаас энэ дүү өөдөөс хэдэрлээд байхаар нь 2, 3 удаа түлхэлцсэн. Мөр мултарчихлаа гэхээр нь би гараараа барьж байгаад оруулах гэж үзсэн. Тэгээд болохгүй болохоор нь эмнэлэг рүү аваад явах гэхэд би эмнэлэг явахгүй ээ, гэр лүүгээ очиж чаддаг хүнээр эмчлүүлнэ гээд салцгаасан. Миний нэрийг асуухад би нэрээ хэлж өгсөн” гэв.

Насанд хүрээгүй хохирогч Б.Б-ий шүүхийн  хэлэлцүүлэгт өгсөн:  “Би тэр өдөр хоёр дүүтэйгээ тоглох гээд ын гүйлтийн зам дээр явж байгаад нуур байхаар нь сонирхох гээд очсон. Тэнд нохойтойгоо цуг тоглож байхад энэ хүн ирж биднийг хөөж, намайг зодсон. Тэгээд миний мөр мултарсан. Миний мөр мултарчихлаа гээд хэлсэн чинь намайг чи шалихгүй амьтан байсан байна миний нэрийг Б гэдэг чи явдаг газраар нь яваарай гээд намайг орхиод яваад өгсөн. Би мөрөө санжуулаад дугуйтай харих гээд явж байхад машинтайгаа буцаж хүрч ирээд ийшээ суу гэж зандраад мөрийг чинь эмнэлэг дээр очиж оруулъя гэж хэлсэн. Уурлаад байхаар нь яаж ч магадгүй байх гэж айгаад би аав, ээж дээрээ очоод өөрөө эмнэлэг орж мөрөө оруулна гэж хэлээд гэр лүүгээ харьсан.  Энэ хүн биднийг аюулд орно гэж бодоод нуураас загнаад хөөсөн гэж бодохгүй байна. Тэгэх байсан бол намайг зодохгүй байх” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.гийн шүүхийн  хэлэлцүүлэгт өгсөн:  “Би гэртээ байж байсан чинь манай хүүхэд орой 7 цагийн үед мөрөө эвгүй байдалтай унжуулаад орж ирсэн. Яасан, юу болсон бэ гэхэд саяны болсон зүйлийг хэлсэн. Налайх дүүргийн эмнэлэгт очоод 2, 3 эмч нар нийлж байж мөрийг нь оруулсан. Эх хүний хувьд тийм байдлыг нь харах надад хэцүү байсан. Манай хүүхэд ямар ч ирээдүйгүй болсон. Хууль, цагдаагийн сургуульд орох гээд биеийн хүчний шалгалтад бэлдэж байсан. Мултарсан талаараа унтаж чадахгүй, ойр ойрхон мөр нь мултраад байдаг. Хүүхдийн маань ирээдүйг баллаж байна. Өөрөө ч гэсэн үр хүүхдийнхээ төлөө ажил хийгээд л гадаа явж байсан байлгүй. Ер нь бол их гомдолтой байна. Манай хүүхэд шүүх, цагдаагийн сургуульд орох байсан. Гадаа гараад дэлгүүрээс хүртэл юм өргөөд оруулж чадахгүй болсон” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

 

Улсын яллагчийн зүгээс: насанд хүрээгүй хохирогч Б.Б-ий мэдүүлэг /хх-8/, насанд хүрээгүй гэрч Г.Т-ийн мэдүүлэг /хх-13/, насанд хүрээгүй гэрч Б.Х-ы мэдүүлэг /хх-14/, насанд хүрээгүй гэрч Б.Б-ын мэдүүлэг /хх-91/, шинжээчийн 457 дугаартай дүгнэлт /хх-20-21/, шинжээчийн 48 дугаартай дүгнэлт /хх-94-96/, эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хх-23-24/, шинжээч эмч М.ы мэдүүлэг /хх-61/, яллагдагчаар өгсөн Б.Б-ийн мэдүүлэг /хх-33-34/,

Насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс: Хавтаст хэргээс насанд хүрээгүй хохирогч Б.Б-ий мэдүүлэг /хх-8/, насанд хүрээгүй хохирогч Б.Б-ээс дахин авсан мэдүүлэг /хх-11-12/, гэрчээр өгсөн Б.Б-ий мэдүүлэг /хх-13/, шинжээчийн 457 дугаартай дүгнэлт /хх-20-21/, хохирогчийн хохирлын баримтууд /хх-38-42/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.гийн мэдүүлэг /хх-91/, бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /хх-94-97/,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: ХХК-ийн ажлын газрын тодорхойлолт /хх-48/, ял шийтгэгдсэн эсэхийг хуудас /хх-57/, шинээр гаргаж өгч буй баримт болох шүүгдэгч Б.Б-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тодорхойлолт, хохирол төлснийг батлах баталгаа, баримт, тодорхойлолт зэрэг нотлох баримтыг тус тус шинжлэн судлав.

            Шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч нар нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

           

            Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагч ...шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг гаргаж байна. Хохирол төлбөрийн хувьд насанд хүрээгүй хохирогчийн зүгээс мөр мултарсан эмчилгээтэй холбоотой хохирлын баримтыг гарган өгсөн бөгөөд уг баримтаар 864.400 төгрөгийн хохирол учирсан байдаг. Уг хохирлыг шүүх хуралдаан эхлэхийн өмнө 835.000 төгрөгийг төлж барагдуулсан. Мөн шүүх хуралдааны үед хохирогчоос хохирол төлбөртэй холбоотой баримт байна уу гэхэд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хохирлыг нэхэмжилж байгаа.  Хэрэгт авагдсан баримтын хүрээнд хохирогчид төлөх төлбөргүйд тооцуулах, хохирогчийн зүгээс байнгын унтахад хүртэл зовуурьтай байгаа тул цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна. Эрүүгийн хариуцлагын хувьд шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрийг нөхөн төлсөн гэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан  хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд төлөх саналыг гаргаж байна. Мөн хэрэгт авагдсан баримтаар хохирол төлбөрт төлөх төлбөргүйд тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин Т болтол хэвээр үлдээх саналтай байна” гэх,

Насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдал, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих байдлууд хангалттай тогтоогдсон байна гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулж өгнө үү. Хохирол төлбөрийн хувьд шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө шүүгдэгчээс хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд хохирол төлбөрийг төлсөн. Цаашид гэмт хэргийн улмаас учирсан хохирол, эмчилгээтэй холбоотой гарах зардлыг жич иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлгэх саналтай байна” гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, шинж талаас маргаагүй. Болсон үйл баримтын хувьд хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалж энэхүү гэмт хэрэг гарсан гэх хангалттай үйл баримтууд байгаа. Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4-т заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх үндэслэлийг харгалзан үзнэ үү. Улсын яллагчийн гаргасан саналтай санал нэг байгаа боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 450.000 төгрөгөөр торгох ялтай байгаа. Иймд 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү. Хохирол төлбөрийн хувьд бусдад төлөх төлбөргүйг дурдуулах цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлгэх саналтай байна.” гэх  дүгнэлт, тайлбарыг гаргав.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, Б.Б-ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 18-19 цагийн орчим *******ны нутаг дэвсгэрт байрлах “ цэцэрлэгт хүрээлэнд насанд хүрээгүй хохирогч Б.Б-ийг барьж байгаа хиймэл нууранд нохойгоо орууллаа гэх шалтгаанаар цээж мөр лүү нь гараараа цохисны улмаас эрүүл мэндэд нь биед зүүн атгаал ясны толгойн шахагдсан хугарал /Hill Sachs impacted fracture/, мөр, далны урд холбоосын урагдал, зүүн мөрний үений мултралын дараах байдал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

1. Мөрдөн байцаалтад яллагдагчаар Б.Б-ийн өгсөн: “...би эхлээд тухайн өндөр залуу газраас чулуу аваад ирэхээр нь нохой руу далайж байсан өөрийнхөө гарт барьсан байсан чулуугаа газар хаяад цээж рүү нь нэг удаа түлхсэн. Тэгтэл тухайн залуу миний цээж рүү түлхэхээр нь би холдоход дахиад урдаас дайраад ирэхээр нь би дахиад нэг удаа цээж рүү нь түлхсэн. Тэгтэл мөр мултарчихлаа гээд нөгөө зүүн мөрөө бариад эхэлсэн. ...хүүхдүүд хийж дуусаагүй байгаа хиймэл нууранд нохой оруулаад угааж байхаар нь тэрийг гарга гэж хэлсэн чинь өндөр залуу сүртэй юм бэ, нохой орох гээд байхаар нь оруулсан юм гэж урдаас хэлээд л маргалдсан...Би эгэмний доод талд баруун гараараа 2 удаа түлхсэн” гэх мэдүүлэг,

           /хх-ийн 33-34 дүгээр тал/,

 

2. Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогчоор Б.Б-ий өгсөн: “...нуур байхаар нь очиж сонирхоод хажууд нь тоглоод байж байтал 1 нохой маань нуур руу яваад орсон. Тэгтэл цаанаас нэг портер машинтай хүн ирээд машин дотроосоо хөөе хөөе гээд орилоод бууж ирээд наанаасаа зайл гэхээр нь за ахаа одоо гарлаа уучлаарай гэсэн чинь юу гээд хуцаад байгаа юм гээд бүр янз бүрээр хараал хэлээд чацаганууд, пизда нар гээд байхаар нь би “ахаа та хүүхдүүдтэй ямар муухай харьцдаг юм, та өөрөө ч гэсэн хүүхэдтэй байлгүйдээ” гэж хэлсэн. Тэгтэл тэр ах анх машинаасаа бууж ирэхдээ газраас чулуу авсан байсан ба тэр чулуугаа нохой руу шидэх гэхээр нь би нохойгоо татаад авсан чинь над руу ойртож ирснээ чи муу яасан олон үгтэй юм гэснээ чулуутай гараараа далайгаад цохих гэхээр нь би та наад чулуугаа хаяач гэсэн чинь чулуугаа хаяад миний цээж рүү 2 удаа цохисон ба тэр үед миний гар нэг их эвгүй хойшоо савагдсан ба би газар суугаад буцаад босох гэсэн чинь гар эвгүй болоод даагдахгүй байхаар нь ханцуйгаа шуугаад хартал мөр нэг л эвгүй болцон байхаар нь би мөр мултарсан уу нэг бол хугарчих шиг боллоо гэж бодоод нөгөө ахад ахаа та мөр мулталчихлаа шдээ гэхэд худлаа яриад байгаач яачихаад байгаа юм гэхээр нь би мөрөө харуулсан чинь би чамайг яагаачгүй байхад яахаараа чиний мөр мултардаг юм, хуцаад бай гэхээр нь би таныг цагдаад болон аав, ээждээ хэлнэ гэхэд хэлдэг газраа хэлээд яваарай гэж хэлээд цаашаа машин руугаа явахаар нь таны нэрийг хэн гэдэг юм гэхэд намайг Б гэдэг гэж хэлээд машиндаа суугаад чи чинь шалихгүй амьтан байсан байна гэж хэлээд яваад өгсөн. Тэгээд гэртээ очоод шууд эмнэлэг дээр очиж мөрөө оруулсан. Миний мөр урьд өмнө нь муртарч байгаагүй.” гэх мэдүүлэг,

            /хх-ийн 8 дугаар тал/,

 

3. Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрчээр Г.Т-ийн өгсөн: “...Б ах Х нарын хамт гөлгөө салхинд гаргангаа Налайхын орсон юм. Тэгээд бид 3 ы хиймэл нууран дээр очоод сонирхоод байж байтал нэг портертой ах дээрээс уруудаж ирсэн ээ машинаасаа буугаад бид гурвыг зайл гэсэн чинь Б ах та хүүхдүүдийг ингэж хэлж болж байгаа юмуу гэсэн чинь нөгөө ах эндээс яв зайл гээд хөөгөөд газраас чулуу авахаар нь Б ах Х бид хоёрыг гөлөгөө аваад холдоорой гэхээр нь холдоод зогстол Б ах та өөрөө ч гэсэн жоохон хүүхэдтэй байлгүй ингэж харьцаж болж байгаа юм уу гэж хэлтэл нөгөө ах Б ахын бие рүү нь хэд хэдэн удаа цохиод түлхсэн. Тэгсэн чинь Б ах зөрүүлээд түлхэхэд нөгөө ах зүүн гар луу нь цохиод авсан. Тэгсэн чинь Б ах яа яа ахаа мөр мултарчихлаа гэж хэлсэн чинь нөгөө ах чи ч шалихгүй амьтан байна шдээ гэж хэлээд яваад өгсөн...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 13 дугаар тал/,

 

            4. Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрчээр Б.Х-ы өгсөн: “...Манай төрсөн ах Б, үеэл ах Т нарын хамт нохойгоо салхилуулахаар Налайх дүүрэгт байрлах руу явсан юм. Тэгээд тэр хавиар сонирхоод явж байтал нэг портертой ах ирээд бид нарыг хөөгөөд зайл та нар явцгаа гээд элдэв хараалын үгээр доромжилсон. Тэгсэн чинь манай ах Б та хүүхэдтэй ингэж харьцаж болохгүй шүү дээ гэхэд тэр ах чулуу бариад хүрээд ирэхээр нь гөлгийг маань цохиж магадгүй гэж бодоод гөлгөө холдуулаарай гэхээр нь би гөлгөө холдуулсан. Тэгсэн чинь нөгөө ах манай ах Б дээр ирээд өчнөөн цохисон. Тэгсэн чинь Б ахын гар нь мултарчихлаа гэсэн чинь нөгөө ах чи чинь шалихгүй амьтан байна шдээ гэснээ машинаа асаагаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 14 дүгээр тал/,

 

  1. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

/хх-ийн 3-6 дугаар тал/

 

          6. Шинжээч эмч С.ы №08 шэ/457 дугаартай: “Б.Бий биед зүүн атгаал ясны толгойн шахагдсан хугарал /Hill Sachs impacted fracture/, мөр, далны урд холбоосын урагдал, зүүн мөрний үений мултралын дараах байдал гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” гэх дүгнэлт,

            /хх-ийн 21 дүгээр тал/

 

          7. Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн Шинжилгээний газрын С., Б., С. нарын 48 дугаартай: “Шүүх эмнэлгийн шинжээч эмч М.ы 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 457 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Б.Бий биед учирсан зүүн бугалга ясны шахагдсан хугарал, зүүн лабрумын сэмэрсэн урагдал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт,

            /хх-ийн 96 дугаар тал/

 

         8. Яаралтай тусламжийн хуудас,

/хх-ийн 22-23 дугаар тал/

 

         9. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

           /хх-ийн 57 дугаар тал/

 

         10. Б.Б-ийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 45-56  дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч Б.Б нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, насанд хүрээгүй хохирогч Б.Бий эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Б нь насанд хүрээгүй хохирогч Б.Б-ий цээж мөр лүү цохисон болох нь насанд хүрээгүй хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба шүүгдэгчид цохиулсны улмаас хохирогчид хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн №08 шэ/457 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Иймд шүүгдэгч Б.Б-ийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна

 

  Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Б.Бэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Б.Б-ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.Б-ий бие махбодод хүндэвтэр хохирол учирсан бөгөөд эмчилгээний зардалд 835.000 төгрөг баримтаар нэхэмжилснийг шүүгдэгч төлж барагдуулсан тул энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Харин цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаар бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзсэн болно.

Харин шүүгдэгч Б.Б-эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

  Иймд Б.Б-ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож түүнд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв. 

 

Бусад асуудлаар

     Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.       

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч ******* овогт Б-ын Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-эд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй хохирогч Б.Б нь цаашид гарах хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

   6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

   7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин Т болтол шүүгдэгч Б.Б-эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Д.ЧИНЗОРИГ