| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2017/02254/И |
| Дугаар | 1981 |
| Огноо | 2017-07-04 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 1981
| 2017 оны 07 сарын 04 өдөр | Дугаар 102/ШШ2017/01981 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, Зүүн наран 18 дугаар гудамж, 29а тоотод оршин суух, Тайжууд овогт Сүрэнхорлоогийн Отгонбаярын нэхэмжлэлтэй,
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Эрин-Оюу групп” ХХК-ийг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхбаяр оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч С.Отгонбаяр шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие “Эрин-Оюу групп” ХХК нь хятадын хөрөнгө оруулалтаар 1 хувийн хүүтэй зээл олгонс гэсний дагуу 130 000 000 төгрөгийн төсөл боловсруулж, зээл хүссэн. 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулж 3 000 000 төгрөгийг хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны зардал гэж өгсөн. Төсөлд шаардлагатай хөрөнгө оруулалтыг “Эрин-Оюу групп” ХХК олж өгөх ёстой байсан бөгөөд сүүлийн хугацаа 2017 оны 3 дугаар сарын 11-ний өдөр байсан. Тус компани зээл бүтэхгүй болсон, 3 000 000 төгрөгийг буцааж өгнө гэсэн боловч утсаа авахгүй байсан учир Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд тус компанийн хаягийн дагуу нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Иймд “Эрин-Оюу групп” ХХК-ийн оршин байгаа газрын хаяг тодорхойгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй, компанийн удирдлагууд нь утсаа авахгүй байгаа тул “Эрин-Оюу групп” ХХК-ийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч С.Отгонбаяр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр товлогдсон шүүх хуралдааныг миний эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Отгонбаяр нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Эрин-Оюу групп” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг эрэн сурвалжлуулах агуулга бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд “Эрин-Оюу групп” ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох, мөн түүний оршин байгаа газрын хаяг тодорхойгүй байгаа нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШЗ2017/06639 дүгээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамж, “Эрин-Оюу групп” ХХК, С.Отгонбаяр нарын хооронд байгуулагдсан 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн хамтран ажиллах гэрээ зэргээр нотлогдож байна.
Иймд хүсэлт гаргагч С.Отгонбаярт иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Эрин-Оюу групп” ХХК-ийг эрэн сурвалжлуулах шаардлага бий болсон гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Эрин-Оюу групп” ХХК-ийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хаягийн талаарх нотлох баримтыг хүсэлт гаргагч С.Отгонбаярт мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгав.
Хүсэлт гаргагч С.Отгонбаяр шүүхэд өөрийн эзгүйд шүүх хуралдаан явуулж, хэргийг шийдвэрлэх хүсэлт ирүүлсэн учир шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх заалтыг үндэслэн түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан хариуцагчаар оролцвол зохих этгээд “Эрин-Оюу групп” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан “Эрин-Оюу групп” ХХК-ийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хүсэлт гаргагч С.Отгонбаяр /утас: 88676767, 80656688/-т мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН