Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 1982

 

 

 

 

 

       2017 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2017/01982

           Улаанбаатар хот

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Эрчим хүчний гудамж, 50 тоотод үйл ажиллагаа явуулдаг, “Дөлгөөн барс” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Энигма констракшн” ХХК-ийг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батхуяг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Дөлгөөн барс” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батхуяг шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Тус компани нь 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр “Энигма констракшн” ХХК-тай бүтээгдэхүүн худалдах-худалдан авах гэрээ байгуулж 1400 м.куб /1 м.куб хөнгөн блокны нэгж үнэ 105 000 төгрөг/ бетон блокыг нийт 147 000 000 төгрөгөөр нийлүүлэх, худалдан авагч гэрээнд заасны дагуу үнийг төлөхөөр тохиролцсон. Нэхэмжлэгч гэрээнд заасан үүргийн дагуу худалдан авагч талд биет байдлын доголдолгүй, чанарын шаардлага хангасан нийт 120 214 500 төгрөгийн блокыг нийлүүлж, худалдан авагч барааны үнэнд 32 032 350 төгрөг төлж, үлдэх 88 182 150 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй. 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хариуцагчтай тооцоо нийлж, 86 082 150 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болохоо хүлээн зөвшөөрч тооцоо нийлсэн актад гарын үсгээ зурж баталгаажуулсан. Үүний дараа 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр нэмж 2 100 000 төгрөгийн хөнгөн блокыг нийлүүлсэн. Худалдан авагчаас барааны үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч сайн дураар төлж барагдуулаагүй тул “Энигма констракшн” ХХК-ийн Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Монголын Үндэсний Их сургуулийн байр хаягаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүгчийн 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШЗ2017/06690 дүгээр захирамжаар хариуцагч дээрх хаягт бүртгэлгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Одоо “Энигма констракшн” ХХК болон захирал Л.Мөнхбатын хаяг тодорхойгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй, утас нь холбогдохгүй байгаа тул эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Дөлгөөн барс” ХХК нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Энигма констракшн” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд /Л.Мөнхбат/-г эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгч “Дөлгөөн барс” ХХК нь “Энигма констракшн” ХХК-д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч компани нь Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, Монголын Үндэсний Их сургуулийн байр гэсэн хаягт бүртгэлгүй болох нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШЗ2017/06690 дүгээр захирамжаар тогтоогдож байна.

 

Иймд дээрх баримтаас үзвэл нэхэмжлэгч “Дөлгөөн барс” ХХК-д иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Энигма констракшн” ХХК-ийг эрэн сурвалжлуулах шаардлага бий болсон гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

                                                                                                                 

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Энигма констракшн” ХХК, компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд /Л.Мөнхбат/-г эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хаягийн талаарх нотлох баримтыг хүсэлт гаргагч “Дөлгөөн барс” ХХК /утас-99100720/-д мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан хариуцагчаар оролцвол зохих этгээд “Энигма констракшн” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд /Л.Мөнхбат РД-ХЛ69022117/-г нарыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан “Энигма констракшн” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд /Л.Мөнхбат/-г эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хүсэлт гаргагч “Дөлгөөн барс” ХХК /утас-99100720/-д мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн  2 дугаар хэлтэст даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    М.БАЯСГАЛАН