Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 1205

 

 

   2021        11           10                                  2021/ШЦТ/1205

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж,

   Нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Улсын яллагч Ө.Мөнхнавч,

Хохирогч Ц.Билгүүн,

Гэрч Ч.Бямбажаргал,

Шүүгдэгч Б.О түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин нарыг оролцуулан шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Од холбогдох эрүүгийн 2106 00000 1907 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

            Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 09 дүгээр сарын 07-08-ны шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Парк вилла” хотхоны гадна иргэн Ц.Билгүүнтэй таксины мөнгөнөөс болж маргалдаж түүний нүүрэн тус газарт цохиж, хавирч унагаан, толгой дээрээс нь дэвсэж, Ц.Билгүүний биед дээд уруулын язарсан шарх зөөлөн эдийн няцрал чихний цус хуралт, зүүн хөхлөг сэртэн, баруун гуяны зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр би Ub Cab-аар үйлчлүүлсэн. Тодорхой хэмжээний согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас зарим зүйлсийг санахгүй байна. Яллах дүгнэлтэд дурдсан үйл баримтыг хүлээн зөвшөөрнө ... хохирогчийн нэхсэн 740000 төгрөгийг төлж барагдуулах болно.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Билгүүн мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр 11 цаг 50 минутын орчим таксины дуудлага аваад Beer house-н тэнд очоод хүнээ авсан. Очих ёстой газраа очоогүй байхад замд зогс гээд зогссон. Би ахаа та тооцоогоо хийгээрэй төлбөр нь төлөгдөхгүй бол дараагийн дуудлага орж ирдэггүй юм гэхэд би мөнгийг чинь өгсөн гээд байсан. Та төлөөгүй ээ төлсөн бол хаагддаг юм гэхэд би төлсөн чи миний утсыг авсан гэж хэлээд зодож эхэлсэн. 100.000 төгрөг шилжүүлнэ гэж хэлсэн. Шилжүүлж байгаа нь бичлэг дээр байдаг. Хүнд зодуулж сур гэхдээ машины хохирол гэж хэлээгүй. Чамд хангалттай гэж өгсөн. Өөрөө согтуу шилжүүлж  чадахгүй байна гэсэн учраас Хас банкны АТМ-ээс авсан. Би 50.000 төгрөг өгчих та ингэ тэг гэж хэлээгүй. 50.000 төгрөг авч өгөхдөө энэ үлдсэн амьдралд чинь хангалттай чи одоо зайл гэж хэлээд яваад өгсөн. Мөнгөө өгсөн гэхээр нь би та ахаа өгөөгүй гэхэд чи миний утсыг авсан гэж хэлээд гараад явсан. Би очоод бариад автал чи миний утсыг авсан биз дээ гээд шууд цохисон. Утас нь өөрт нь байсан. Намайг хоёр цохиод хавирч унагаагаад хажуу талаараа хэвтэж байхад толгой дээр дэвссэн. Би зодуулж байхдаа 102 руу залгах гэж байгаад 103 руу залгасан байсан. Би зодуулж байна туслаарай гэхэд 102 руу холбож өгье гээд холбож өгсөн. 102 дуудлага хүлээн авлаа хүлээж байгаарай гэсэн. Би цагдаа нарыг ирэх хүртэл машины арынхаа суудал дээр байлгасан. Тэр үед 10 минутаас 15 минут унтсан. Энэ хүн надаас өндөр хүн. Миний машин акуа маркийн жижиг машин. Сэрээд хаалгаа балбасан. Би хаалга нээхгүй байтал аймар хүчтэй балбаад байхаар нь онгойлгосон. Тэгтэл чи мөнгө төгрөгөө авсан биз дээ утас аваад ир гэсэн. Би өөрийнх нь дугаар руу залгатал утас нь дуугараад өөрт нь байгаагаа мэдсэн. Тэр үедээ зодчихоод болиогүй. Машин дотор бөөлжөөд байсан. Би та ийшээ бөөлжөөч гээд машинаас гаргах гэхэд машинд орж ирээд дотор бөөлжөөд байсан. Тэрнийхээ дараа дахиж босож ирээд заамдаад багалзуурдаад татаж өвдөглөсөн. Зодсоноос хойш бараг цагийн дараа цагдаа нар ирсэн. Туслаарай гэхэд шороо ачдаг том машинаас өөр машин байгаагүй. Өөр туслах хүн байгаагүй. Цагдаагаас ирсэн дугаар руу залгахад чи наад хүнээ яаж ийж байгаад байлгаж бай гэсэн. Би тэр газрын ойролцоо амьдардаг найз руугаа залгаад яаралтай туслаарай гээд гаргаж ирсэн. Найз яасан юм бэ гэхэд нь би зодуулчихлаа цагдаа байлгаж байгаарай гэсэн гэхэд манай найз одоо яах юм бэ огт хэрэггүй. Цагдаа нар ирэхээр зөрчлийн хууль гээд 100.000 төгрөгөөр торгодог. Мөнгөө аваад явуулчих гэсэн. Би энэ хүнтэй яримааргүй байсан. Бичлэг дээр чи хүнд зодуулж сур гээд доромжилсон аястай байсан. 50.000 төгрөгийг өгье гэж өгөөгүй. Найз машиныг нь угаалгаад өгчих гээд өгөхөөр болсон. Машины дотор гадна бөөлжиснөөс гадна урд талын хоёр сандлын голоор орж ирээд нулимаад нусаа нийсэн. Өөрийнх нь хэлж байгаа шиг тайван амгалан байгаагүй. Манай найз зөрлийн хуулиар 100.000 төгрөгөөр торгон та тэрийгээ өгөөд явчих гэхэд чам шиг гөлөгт 100.000 төгрөг өгнө гэж юу байсан юм. Би 50.000 төгрөг өгнө чиний үлдсэн амьдралд хангалттай гээд АТМ орж өгсөн... 740000 төгрөг нэхэмжилж байна. Томографт харуулсан төлбөр, хувцас урагдсан, гар утасны дэлгэц хагарч гэмтсэн, солиулна.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Ч.Бямбажаргал мэдүүлэхдээ: “Тухайн орой болж байхад манай найз залгаад яаралтай гараад ир гэж хэлсэн. Гараад очтол шүүгдэгч гэх хүнтэй зогсож байсан. Уг хүн нэлээн согтуу танхайрсан байдалтай байсан. Юу болсон юм бэ гэхэд мөнгөө өгөхгүй зугтаасан гэж хэлсэн. Хохирогчийн хувцас хунар заваан болсон нүүр нь улаан болсон байсан. Би шүүгдэгчээс юу болсон талаар асуухад та нар нийлж дээрэлхэж байна. Би таксины мөнгийг чинь өгчихнө. Надад бэлэн мөнгө алга гэж хэлсэн. Надад хэлэхдээ танай найз миний утсыг авсан гэхээр нь залгаад үзтэл өөрийнх нь халаасанд байсан. Тэгтэл энэ хүн улам танхайраад та нар шиг юманд мөнгө төгрөг өгөхгүй гэж хэлсэн. Тэр үед цагдаа дуудсан байсан учраас цагдаа дуудлаа гэхэд за за би мөнгийг чинь өгье гэсэн. Мөнгө өгөх гэж явж байхдаа танхайрсаар байсан. Машин дотор нусаа нийж элдэв бусаар хэлсэн. АТМ дээр очоод таксины мөнгийг чинь өгье гээд намайг АТМ дагуулж ороод 40.000 төгрөг байхаа өгсөн. Тэгээд явахгүй шүүх цагдаагийн байгууллагыг доромжилсон өнгө аястай байсан. Цагдаа ирэхгүй байсаар байгаад энэ хүн явсан..” гэв.

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-7/, хохирогч Ц.Билгүүний мэдүүлэг /хх-13-14/, гэрч Ч.Бямбажаргалын мэдүүлэг /хх-21-22/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 8496 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-36-37/ зэрэг нотлох баримтуудыг судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Б.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 09 дүгээр сарын 07-08-ны шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Парк вилла” хотхоны гадна иргэн Ц.Билгүүнтэй таксины мөнгөнөөс болж маргалдаж түүний нүүрэн тус газарт цохиж, хавирч унагаан, толгой дээрээс нь дэвсэж, Ц.Билгүүний биед дээд уруулын язарсан шарх зөөлөн эдийн няцрал чихний цус хуралт, зүүн хөхлөг сэртэн, баруун гуяны зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-7/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Билгүүний “2021 оны 09 дүгээр сарын 07-ны 23 цаг 59 минутаас 00 цаг 08 минут хүртэл хугацаанд үл таних 35-40 орчим насны эрэгтэй хүнд үйлчилгээ үзүүлсэн. Очих газарт нь хүргэхэд 6300 төгрөг гарсан ба мөнгөө өгөхгүй буугаад явахаар нь араас нь очоод баруун суганаас нь барьж аваад “мөнгөө өгөөч ээ ахаа” гэсэн чинь “би чамд өгсөн биздээ пизда минь гэсэн, мөн маргааш ав” гэхээр нь” ахаа тооцоогоо хийж дуудлагаа хаадаг юм” гэсэн чинь “чи мөнгөө авсан” гэж хэлээд миний нүүрэн тус газар баруун чамархай орчимд гараараа 2 удаа цохисон, мөн намайг хавирч унагаад толгой дээрээс 2-3 удаа дэвсэхээр нь туслаарай гээд орилсон чинь хэн ч ирээгүй. Уруул хавдсан, зүүн өвдөг янгинаад байна.” /хх-13-14/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Бямбажаргалын өгсөн “2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 00 цаг өнгөрч байхад намайг гэртээ байхад манай найз Билгүүн над руу залгаад гялс гараад ирээч гэж хэлсэн. Тухайн үед хоолой нь нэлээн сандарсан байдалтай байсан. Ингээд би гэрээсээ гараад зам дээр явж очиход Билгүүн такси компанийн машинтайгаа нэг хүнийг арын суудалдаа суулгаж байсан. Тэгээд би Билгүүнээс юу болоод байгаа талаар асуухад энэ сууж байгаа үйлчлүүлэгч хүрэх газрынхаа дунд явж байгаад таксины мөнгөө өгөхгүй зугтаасан. Тэгэхээр нь Билгүүн буугаад араас нь хөөгөөд барьж авахад Билгүүнийг нөгөө үйлчлүүлэгч зодсон талаар надад хэлсэн. Бид гурав Хас банкны АТМ-ын гадаа очиход нөгөө согтуу залуу чамд мөнгө өгөхгүй гээд байхаар нь Билгүүн гар утсаараа бичлэг хийсэн.” /хх-21-22/ гэх мэдүүлэг,

 

 Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 09 дүгээр сарын  10-ны өдрийн 8496 дугаартай: “...Ц.Билгүүний биед дээд уруулын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, чихний цус хуралт, зүүн хөхлөг сэртэн, баруун гуяны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь 1-3 хоног доторх хугацаанд үүссэн байх боломжтой.” /хх-36-37/ гэх дүгнэлт зэрэг болно.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Иймд шүүгдэгч Б.Огийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул шүүгдэгчийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хуульд заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

Шүүгдэгч Б.О нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад хохирогч Ц.Билгүүний нэхэмжилсэн 740.000 төгрөгийг нотлох баримт хангалттай биш ч гэсэн төлөхийг сайн дураараа зөвшөөрсөн. Хохирогч нь нь гэм хорын бусад хохирол, мөн цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн жич иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв  

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Шүүгдэгч Б.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.

 

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Б.Огийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, урьд ял шийтгэлгүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал зэрэг түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзаж үзэв.

 

Шүүхээс шүүгдэгч Б.О нь хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэлийг оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгч Б.Огийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр үйлдэгдсэн байх тул 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр  баталсан Өршөөл Үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд “...2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй...” гэж зааснаар Өршөөл Үзүүлэх тухай  хуульд  хамрагдах  үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгч Б.О нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг Си Ди, 1 ширхэг саарал өнгийн пиджак байгаа болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Од 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч                Б.Од хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг Си Ди-г хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, 1 ширхэг саарал өнгийн пиджакийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Од буцаан олгосугай.

 

            7. Иргэний хуулийн 497-р зүйлийн 497.1, 510-р зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Огоос 740000 /долоон зуун дөчин мянга/ төгрөг гаргуулан хохирогч Ц.Билгүүнд олгуулсугай.

 

             8. Энэ хэрэгт шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

            9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                                                                                          

            10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.МӨНХТУЛГА