Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 131/ШШ2017/00580

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймаг Баян-Өндөр сум 4-р багт оршин суух, ВД64031909 регистрийн дугаартай, Бэсүд овогт Чүлтэмийн Баасангийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлттэй иргэний хэргийг 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бямбадаш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунтөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Хүсэлт гаргагч Ч.Баасан нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Миний бие 1964 оны 03 сарын 19-нд Баянхонгор аймгийн Баян-Өндөр суманд төрсөн. 55 нас хүрч өндөр насны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажилласан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. 1980 оны 06 сарын 20-ны өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Хөгжлийн зам нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бямбадаш шүүхэд гаргасан тайлбартаа:

Чүлтэмийн Баасанхүү нэртэй 1985 оны 03 сарын 21-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Чүлтэмийн Баасангийнх юм. Ч.Баасан нэртэй хүүхэд нэг ангид 2 байсан учраас нэг нэрийг нь Ч.Баасанхүү гэж журналд бичиж байсан гэдэг. Түүний хөдөлмөрийн дэвтэрт Ч.Баасанхүү нэрээр нь бичсэн байх тул залруулж, уг дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Ч.Баасан мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бямбадаш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ч.Баасангийн 1980 оны 06 сарын 20-ны өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баян-Өндөр сум Хөгжлийн зам нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Сургуульд байхад Ч.Баасан гэдэг нэртэй хүүхэд 2 байсан. Сургуульд ялгахын тулд миний ээжийг Ч.Баасанхүү гэж журналын дэвтэрт бичигдэж байсан. Үүнээс болж зарим нэг баримт бичиг дээр нь Ч.Баасанхүү гэдэг нэрээр бичигдсэн байдаг тул хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагч Ч.Баасангийн иргэний үнэмлэхний хуулбар, орлогын мэдүүлгийн баримт, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2013 оны 04 сарын 25-ны өдрийн 1359 тоот, 2016 оны 09 сарын 19-ний өдрийн 650 тоот лавлагаанууд, Ч.Баасангийн 2909 дугаартай Нэгдлийн гишүүний үнэмлэх, 203578 дугаартай МХЗЭ-ийн гишүүний бат илэрхийлэх, Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Хөгжлийн зам нэгдлийн тэргүүлэгчдийн хурлын 1983 оны 01 сарын 03-ны өдрийн тогтоол, хавсралт, Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Хөгжлийн зам нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1989 оны 02 сарын 01-ний өдрийн 08 дугаар тогтоол, хавсралт, Баян-Өндөр сумын Хөгжлийн зам нэгдлийн бүх гишүүдийн хурлын 1991 оны 11 сарын 10-ны өдрийн 04 дугаартай протокол, хавсралт, Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Хөгжлийн зам нэгдлийн зөвлөлийн даргын 1992 оны 12 сарын 01-ний өдрийн 13 дугаар тушаал, 1985 оны 03 сарын 21-ний өдөр нээсэн Чүлтэмийн Баасанхүүгийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Д.Наранхүү, Ц.Чогсом нарын мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шүүх хуралдааны танхимд нэг бүрчлэн дэлгэцээр харуулан шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Ч.Баасан нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргасан байх бөгөөд уг хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт тус тус зааснаар шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтоох үйл явдалд хамаарахаар байна.

Хүсэлт гаргагч Ч.Баасан нь 1980 оны 06 сарын 20-ны өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Хөгжлийн зам нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан болох нь Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2013 оны 04 сарын 25-ны өдрийн 1359 тоот, 2016 оны 09 сарын 19-ний өдрийн 650 тоот лавлагаанууд, Ч.Баасангийн 2909 дугаартай Нэгдлийн гишүүний үнэмлэх, 203578 дугаартай МХЗЭ-ийн гишүүний бат илэрхийлэх, Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Хөгжлийн зам нэгдлийн тэргүүлэгчдийн хурлын 1983 оны 01 сарын 03-ны өдрийн тогтоол, хавсралт, Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Хөгжлийн зам нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1989 оны 02 сарын 01-ний өдрийн 08 дугаар тогтоол, хавсралт, Баян-Өндөр сумын Хөгжлийн зам нэгдлийн бүх гишүүдийн хурлын 1991 оны 11 сарын 10-ны өдрийн 04 дугаартай протокол, хавсралт, Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Хөгжлийн зам нэгдлийн зөвлөлийн даргын 1992 оны 12 сарын 01-ний өдрийн 13 дугаар тушаал, гэрч Д.Наранхүү, Ц.Чогсом нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Бэсүд овогт Чүлтэмийн Баасангийн 1980 оны 06 сарын 20-ны өдрөөс 1992 оны 12 сарын 31-ны өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Хөгжлийн зам нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д заасныг баримтлан Бэсүд овогт Чүлтэмийн Баасанг 1985 оны 03 сарын 21-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Ч.Баасангийнулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА