Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 02004

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 16 дугаар байр, 33 тоотод оршин суух, Харваач овогт Батчулууны Дэмчиг /РД: ЧД78120370/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 31 дүгээр байр, 26 тоотод оршин суух, Монгол овогт Мяхансамбуугийн Алтаннар /РД: ЧЕ81012261/-т холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Дэмчиг, хариуцагч М.Алтаннар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч Б.Дэмчиг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2002 онд М.Алтаннартай танилцан, 2003 онд гэр бүлээ бүртгүүлсэн. Бидний хамтран амьдрах хугацаанд 2005 онд охин Д.Нандин-Эрдэнэ, 2014 онд охин Д.Марал нар төрсөн. Бид зан харьцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж, 2016 оноос тусдаа амьдрах болсон. Бид цаашид хамтран амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүүхдүүдийг эхийн асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэлгийг хуульд заасан хэмжээгээр төлнө. Гэр бүлээ цуцлуулах шалтгаан нь энгийн харилцаатай байж чадахгүй, байнгын хэрүүлтэй, хоорондоо ойлголцохгүй байгаа байдал юм. Сүүлийн олон жилүүдэд 7 хоногт нэгээс доошгүй хэрүүлтэй байсан бөгөөд М.Алтаннар нь хэрүүлийн шалтгааныг янз бүрийн өнгөрсөн явдал болоод хий хоосон хардлага, хөндлөнгийн хүний үг яриа зэргээс эхлүүлдэг. Хэрүүлийн шинж чанар нь маш туйлширсан чанартай салж сарних хүртэл нь даамжруулдаг ба цохиж авах юм шидэх гэх мэт огцом үйлдлүүдийг хийдэг. Хэрүүл нь зөвхөн над руу чиглээд зогсохгүй миний эх, ах дүү нар руу хүртэл дайрч давшилдаг болсон. Хэрүүлийн агуулга нь хэтрүүлэг гүжирдлэг дээр тулгуурласан байдаг. Миний болон төрөл төрөгсдийн хэлээгүй үгийг хараал мэт болгон гуйвуулж өөрийнхөө бодсоноор болсон явдал болгон ярьж давшилдаг. Дээр дурдсан шалтгааны улмаас сэтгэлээр унах явдал олонтаа байсан ба 2016 оны 8 дугаар сард “Сэтгэл гутралын хам шинж” гэсэн өвчний онош Японд тогтоогдсон ба одоо ч гэсэн эмчилгээ үргэлжилсээр байгаа болно. Энэ өвчний гол том шалтгаан нь хэрүүлийн улмаас гэртээ тайван байж чадахгүй байгаа байдал гэж бодож байна. Тусдаа амьдрах болсон шалтгаан нь 2016 оны өвөл Монголд хамт байх хугацаандаа 5 хоногт З удаа тодорхой үндэслэлгүйгээр дайран, доромжлолд өртсөн явдал байлаа. 2017 оны 2 дугаар сард сэтгэл мэдрэлийн эмч дээр маань хамт очихдоо хамт амьдарсан 13 жилд нэг ч удаа олигтой байгаагүй, ажил хийдэггүй архичин гэх мэтээр намайг дайрч доромжилсон нь миний хувьд бидний гэр бүл цаасан дээр төдий зүйл юм байна гэж хатуу ойлгоход хүргэсэн болно. Энэ явдлаас хойш, цаашид хамт амьдраад миний өвчин эдгэхгүй, харин ч даамжрах замд орохоос гадна үр хүүхдүүдэд маань энэ хэрүүлтэй амьдрал сөргөөр нөлөөлөх болно гэж бодсон нь гэр бүлээ цуцлуулах шийдэлд хүргэсэн. Манай гэр бүл 2003 онд гэр бүл болсноосоо хойш 2017 оны З дугаар сар хүртэл Япон улсад байнгын оршин сууж байсан ба энэ хугацаанд гэр бүлийн маань орлого зөвхөн миний тогтвортой ажилласан ажлын цалин байсан. Одоогоор Монголд суурьшиж буй бөгөөд хоорондын харилцаа улам үл ойлголцолд орсон, энгийн яриа тохиролцоонд хүрч чадахгүй хэмжээнд байгаа болно. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

 

Хариуцагч М.Алтаннар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2002 онд Б.Дэмчигтэй танилцан, 2003 онд гэрлэлтээ батлуулж, гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2005 онд охин Д.Нандин-Эрдэнэ, 2014 онд Д.Марал нар төрсөн. Бид зан харилцаа болон архины асуудлаас болж ойлголцохоо больсон тул 2016 оны 12 дугаар сараас тусдаа амьдрах болсон. Б.Дэмчигийн гэр бүл цуцлуулах хүсэлтийг хүлээн зөвшөөрч байгаа тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Б.Дэмчиг нь архи хэтрүүлэн хэрэглэж, элдэв ааш авир гаргадаг. 7 хоногт 4-5 удаа архи уудаг. Гэр бүлийнхэн нь гэр бүлийн асуудалд оролцож, хэрүүл тарьж асуудлыг дэврээдэг. Том охин Д.Нандин-Эрдэнийг 1 настай, өвчний улмаас 4 жилийн эмчилгээтэй байхад сал гэж удаа дараа сэтгэл санааны дарамт үзүүлж байсан. Мөн 2011 онд газар хөдлөлтөөс болж Монголд түр Б.Дэмчигийн ээжийн гэрт гурвуулаа амьдарч байхад шөнө дунд охин Д.Нандин-Эрдэнэ бид хоёрыг ээжийнхээ хамтаар хөөж гаргаж байсан. Мөн 2017 оны 3 дугаар сарын 01-нийн Япон Улсаас бүр мөсөн орж ирээд охин Д.Нандин-Эрдэнийн ХААН банкны дансыг шалгатал хаалгаад бүх мөнгийг нь аваад, өөрийн мөнгө хэмээн харааж зүхэж, ач охиныхоо мөнгийг өгөхгүй байгаа. Мөнгөндөө гол асуудал биш ач охиноо балчир хүүхэд юу ч мэдэхгүй, санахгүй хэмээн муухай авирлан хүүхдийн эрхийг зөрчиж, хүүхдийн сэтгэл санаанд сэв суулгах явдал удаа дараа гаргаж байгаад миний сэтгэл өвдөж байна. Мөн Б.Дэмчиг дахин шинэ гэр бүлийн амьдрал зохиож байгаа. Дээрх учир шалтгааны улмаас би хоёр охиноо өөрийн асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Дэмчиг нь хариуцагч М.Алтаннарт холбогдуулан, гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Б.Дэмчиг болон хариуцагч М.Алтаннар нар нь 2003 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэр бүл болж, 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2005 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр охин Дэмчигийн Нандин-Эрдэнэ, 2014 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр охин Дэмчигийн Марал нар төрсөн нь ПА №672 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ, 0018923, 0000981257 Г-92 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээ болон талуудын шүүхэд гаргасан тайлбараар тус тус нотлогдож байхаас гадна талууд энэ талаар маргаагүй байна.

 

Талууд хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2016 оноос хойш тусдаа амьдарч байгаа, гэрлэлт цуцлахыг харилцан зөвшөөрч байх тул шүүх гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцалж шийдвэрлэв.

 

Талуудыг тусдаа амьдрах үеэс эхлэн охин Д.Нандин-Эрдэнэ, охин Д.Марал нар эхийн асрамжинд байгаа нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. Түүнчлэн, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх... тухайгаа ...харилцан тохиролцож болно.” гэж заасан байх бөгөөд хүүхдүүдийг эхийн асрамжинд үлдээх талаар талууд маргаагүй байх тул хүүхдийн насны онцлог, санал болон өсөж торнисон орчин зэргийг харгалзан эхийн асрамжинд үлдээх нь зүйтэй байна.

 

 Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар гэрлэлт цуцалснаас үл хамааран эцэг эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хугацаа, хэмжээгээр нэхэмжлэгчээс тэтгэлэг гаргуулан хүүхдүүдэд олгох нь хүүхдийн эрх ашигт нийцэхээр байна.

 

Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132.4-т зааснаас бусад гэр бүлийн харилцаанаас үүссэн маргааны эвлэрүүлэн зуучлах ажиллагааг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх ажиллагааны нэг гэж үзнэ” гэж заасан ба талууд шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч эвлэрэл амжилтанд хүрээгүй нь тус дүүргийн шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн ажиллагаа дуусгавар болсон талаарх 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 136 дугаартай тэмдэглэлээр тогтоогдож байна. Иймд талуудыг хуульд заасан урьдчилан шийдвэрлэх журмыг хэрэглэсэн гэж үзэхээр байна.

 

Дээрх үндэслэлээр гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, охин Д.Нандин-Эрдэнэ, Д.Марал нарыг эхийн асрамжинд үлдээж, нэхэмжлэгчээс хүүхдийн тэтгэлэг гаргуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Талууд эд хөрөнгийн талаар шаардлага гаргаагүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Харваач овогт Батчулууны Дэмчиг /РД: ЧД78120370/, Монгол овогт Мяхансамбуугийн Алтаннар /РД: ЧЕ81012261/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2005 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн охин Дэмчигийн Нандин-Эрдэнэ, 2014 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн охин Дэмчигийн Марал нарыг эх М.Алтаннарын асрамжинд үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг баримтлан 2014 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн охин Дэмчигийн Марал, 2005 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн охин Дэмчигийн Нандин-Эрдэн нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэгийг сар болгон эцэг Б.Дэмчигээс гаргуулан олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

5. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3-т зааснаар зохигчид эд хөрөнгийн талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурдсугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгасугай.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд  шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохийг дурдсугай.

 

10. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах А.Дөлгөөнд даалгасугай.

      

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       М.БАЯСГАЛАН