Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 001/ХТ2019/00821

 

Б.Цийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2018/01689 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2066 дугаар магадлалтай

Б.Цийн нэхэмжлэлтэй,

Б-д холбогдох,

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2 521 442 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Оюунчимэгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Завхан аймгийн Тосонцэнгэл сумын лаборатори 1 дүгээр сургуулийн захирлаар ажиллаж байгаад 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр ажлаасаа үндэслэлгүй чөлөөлөгдсөн. Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр намайг ажилд эгүүлэн тогтоосон ба үүний дагуу намайг 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн тушаалаар 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс ажилд томилсон боловч 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр дахин чөлөөлсөн. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаал гарснаас хойш хэрэгжих гэж 7 хоног зарцуулагдсан учир 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс ажилдаа орсон. Хариуцагч тал удаа дараа ажлаас чөлөөлж цалин авч чадахгүй байгаагаас зээлээ төлж чадахгүй хүнд байдалд хүрч байна. 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх 57 хоногийн цалин болох 2 521 442 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Б/16 дугаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын ажилд томилох тухай тушаал гарч, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд томилж, ажил хүлээлцсэн байдаг. Тушаал 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр гарсан байхад яагаад 2018 ны 03 дугаар сарын 02-ны өдөр ажилд орсон гээд байгааг ойлгохгүй байна. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Б/36 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаал гарч, нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлсөн байгаа. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш тушаал гарах хүртэл 1 сарын цалинтай олговор өгөхийг зөвшөөрнө гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2018/01689 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Бнаас 1 142 400 төгрөг гаргуулж Б.Цад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 379 042 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55 293 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 31 968 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2066 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 сарын 06-ны өдрийн 181/ШШ2018/01689 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Цаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37 015 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Оюунчимэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 2066 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 01689 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул давж заалдах шатны шүүхийн дээрх магадлалд дараах үндэслэлээр хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байна. Үүнд:

1. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх гомдлын дараах гол үндэслэлд огт дүгнэлт хийгээгүй байна.

Анхан шатны шүүх ажилгүй байсан хугацааны цалин бодсон ажлын 48 өдрийг оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүртэл гэж тооцсон. Өөрөөр хэлбэл намайг ажилд томилсон сайдын тушаал 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр гарснаас хойш цалин авч эхэлсэн гэж үзсэн байсан. Гэтэл 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр би ажлаа хүлээн авч, үүнээс хойш миний цалин бодогдсон болох нь хэрэгт нотлох баримтаар өгсөн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар нотлогдож байдаг. Тодруулбал 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс хойш цалин бодогдож, авсан бол 02 сард цалин авсан гэсэн бичилт нийгмийн даатгалын дэвтэрт хийгдэх байсан. Харин цалин бодогдоогүй, аваагүй тул 02 сард ямар нэг бичилт хийгдээгүй байдаг.

Иймд 2018 оны 02 дугаар сарын 26, 27, 28-ны ажлын өдрийг нэмж, ажилгүй байсан нийт өдрийг ажлын 48 өдөр биш, 51 өдрөөр тооцож, 03 өдрийн дутуу цалинг нэмж гаргаж өгнө үү.

2. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх гомдлын дараах агуулгыг тодруулахгүйгээр гомдол гаргаагүй асуудал дээр дүгнэлт хийсэнд гомдолтой байна.

Учир нь анхан шатны шүүх нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг ИХШХШТухай хуулийн 40.4-т зааснаар үнэлсэнд буруутгаагүй. Харин шүүх зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоохдоо зөрчигдөхөөс өмнөх байдалд сэргээгээгүйд гомдол гаргасан. Тодруулбал ажлаас үндэслэлгүй халагдаж миний эрх зөрчигдөхийн өмнө сарын бодит авч байсан цалин хэрэгт нотлох баримтаар өгсөн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар бүрэн тогтоогдож байсан. Гэтэл анхан шатны шүүх яагаад энэ баримтыг үндэслэж нэг өдрийн бодит дундаж цалинг тогтоогоогүй вэ? гэдэгт гомдолтой байсан. Нөгөө талаас нэг өдрийн дундаж цалинг тооцохдоо яагаад нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэсэн, яагаад нийгмийн даатгалын дэвтрийг үндэслээгүй вэ? гэдэг дээр ямар нэг үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй байсан.

Энэ нөхцөл байдлаас болж миний бодит авч байсан цалин 50 хувь дутуу тооцогдож, миний эрх ноцтой зөрчигдөж байна.

Иймд миний дундаж цалинг нийгмийн даатгалын дэвтэр дээр бичигдсэн бодит авч байсан цалингаас тооцож, миний эрхийг зөрчигдөхөөс өмнөх байдалд сэргээж өгнө үү.

Энэ асуудлаар шат шатны шүүхэд гомдол гаргаж байгаа гол асуудал нь намайг 2018 оны 5 дугаар сард дахин үндэслэлгүй ажлаас халсан тул ажилгүй байсан хугацааны цалин дахин нэхэмжлэх нөхцөл үүсээд байгаа. Гэтэл дээрх жишгээр миний бодит цалинг дахин дутуу тооцож, миний эрх ашиг улам хохирсоор байх ноцтой үр дагаварт хүргэж байгааг анхаарч үзнэ үү.

Миний хувьд шүүхийн талаар нарийн ширийн ойлголт байхгүй боловч энэ байгууллагыг бодит үнэнийг тогтоож, зөрчигдсөн эрхийг хамгаалж, зөрчигдөхийн өмнө ямар байсан яг тэр байдалд нь сэргээдэг байгууллага гэж ойлгодог.

Иймд шийдвэр, магадлалд дээрх үндэслэлээр өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.Ц нь Банд холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2 521 442 төгрөгийг гаргуулахаар шаардсныг хариуцагч эс зөвшөөрч, шүүхийн шийдвэрийг биелүүлж, ажилд нь эгүүлэн томилсон тул нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний олговор олгох боломжтой гэж маргажээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2017/00932 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч Б.Цыг Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ерөнхий боловсролын лаборатори 1 дүгээр сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоосон, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Ажил олгогч 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Б/016 тоот тушаалаар 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс Б.Цыг ажилд нь эгүүлэн томилсон тул ажилтан шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилд томилсон хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол ажил олгогч түүнд ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгох үүрэгтэй тул нэхэмжлэлийн шаардлага Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1. дэх заалтад нийцсэн байна.

Хоёр шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг ажил олгогчоос гаргуулах нь зүйтэй гэж шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх боловч олговрын хэмжээг тогтоохдоо хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэл бүхий үнэлээгүйгээс нэхэмжлэгчийн дундаж цалин хөлсийг буруу тогтоожээ.

Анхан шатны шүүх Б.Цыг ажилд нь эгүүлэн тогтоосон Захиргааны хэргийг шүүхийн шийдвэрийг нэгэнт тогтоогдсон үйл баримт гэж үнэлэн, шийдвэрийн үндэслэл болгосон нь учир дутагдалтай болжээ.

Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч Б.Цын нэг сарын  дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээг тухайлан тогтоогоогүй тул Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн №55 дугаартай Дундаж цалин хөлс тодорхойлох журмыг үндэслэн нэхэмжлэгчийн дундаж цалин хөлсийг тогтоож, олговрыг тооцох нь зүйтэй.

Б.Цын ажлаас халагдахын өмнөх сүүлийн 3 сарын цалингийн дунджаар /2017 оны 4, 5, 6 дугаар сар (1 129 071+1 129 071+1 024 988) : 3 сар/ нэг сарын дундаж цалин хөлсийг тооцоход 1 094 376 төгрөг, 1 өдрийн дундаж цалин хөлс /1 094 379 : 21.5 хоног/ 50 901 төгрөг байна.

Ажилгүй байсан хугацааг шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс ажилд томилсон 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл тооцоход 2 сар 11 хоног байх тул энэ хугацаанд ногдох олговор /1 094 376 х 2 сар + 50 901 х 11 хоног/ 2 748 663 төгрөг болж байх боловч нэхэмжлэгч 2 521 442 төгрөгийг нэхэмжилсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байх тул дээр дурдсан үндэслэлээр хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2066 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2018/01689 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д зааснаар Бнаас 2 521 442 төгрөгийг гаргуулж Б.Цад олгосугай” гэж, 2 дахь заалтын “31 968” гэснийг “55 293” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Оюунчимэгийн гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37 015 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                       Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                 Х.ЭРДЭНЭСУВД