Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/36

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,

Улсын яллагч Д.Аянагүл,

Шүүгдэгч Ц.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 15 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Ц-гийн С-д холбогдох эрүүгийн 2207000030002  дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

         Монгол улсын иргэн, *******-ны өдөр дүүрэгт төрсөн, 25 настай, эмэгтэй, яс үндэс Халх, бүрэн дунд  боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, ээж, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн ******* *******  оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй,

         ******* овогт Цгийн С /РД:*******/

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Ц.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр *******д байрлах гэртээ “цалингаа авсангүй” гэх хувийн харилцааны улмаас нөхөр Б.С-ын толгой руу нь аяга шидэж, духанд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  Ц.С нь  шүүхийн  хэлэлцүүлэгт:  “2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Б.С өглөө ажлаасаа буусан. Уг нь цалингаа орой нь бэлнээр аваад ирнэ гэж байсан. Цалингүй ирэхээр нь хэзээ орох юм бэ гэсэн чинь үдээс хойш орно гэж хэлсэн. Тэгээд би айл руу юм угаахаар яваад өгсөн. Үдээс хойш 15 цаг өнгөрч байхад юм угааж байсан айлд 1, 2 аяга пиво уусан. Удалгүй манай нөхөр орж ирээд одоо юм угаахаа боль, эгч ажлаасаа ирэх болж байгаа гэр лүүгээ явъя гэсэн. Гэрт очоод цалин нь орсон уу гээд шалгасан чинь ороогүй байсан. Орой 5 цаг өнгөрч байхад дэлгүүр явъя хүүхдүүд юу идэх юм бэ гэж хэлэхэд одоо орох л байлгүй дээ гэсэн. Хадам эгчийнд тог тасарсан харанхуй байсан. Цай ууж байсан аягаа санаандгүй шидчихсэн юм. Лаа барьсан байсан болохоор толгойгоо дараад сууж байгаа нь харагдсан. Очиход толгой нь хагарсан байсан. Цэвэрлээд цусыг нь тогтоогоод гайгүй болгоод унтах гэж байхад цалин нь орж ирсэн. Дэлгүүр яваад хоол хийж идчихээд сууж байсан чинь Т ах орж ирээд нөхрийг аваад гарсан. Удаагүй цагдаа орж ирсэн.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

 

Улсын яллагчийн зүгээс: хохирогч Б.С-ын мэдүүлэг /хх-8/, гэрч О.Т-ын мэдүүлэг /хх-11/, шинжээчийн 24 дугаартай дүгнэлт /хх-19-20/, эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хх-21-22/, ял шалгах хуудас, аюулгүйн зэргийн үнэлгээ, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг аяга зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

            Шүүгдэгч нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

            Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагч...Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Хохирогч Б.С нь мөрдөн байцаалтын болон прокурорын хяналтын шатанд баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч Ц.С-г бусдад төлөх төлбөргүйд тооцуулах үндэслэлтэй байна. Энэ хэргийн улмаас хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан боловч уг гэмтлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хэлбэрээр биш хувийн таарамжгүй харьцааны улмаас энэ хэрэг гарсан байна гэж үзэж байна. Дүгнэх болсон үндэслэл нь аюулгүйн зэргийн үнэлгээ, болон өмнө нь ямар нэг хэрүүл маргаан гаргаж байгаагүй гэх зэрэг мэдүүлгүүдээр тогтоогдож байх тул түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хэлбэрээр биш хувийн таарамжгүй харьцааны улмаас уг гэмт хэрэг гарсан гэж үзэж байна. Ц.С нь энэ хэрэгтэй нь холбогдуулж бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлогдож ирүүлээгүй бөгөөд түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан аягыг шүүгдэгч нь авах шаардлагагүй гэж байгаа боловч энэ аяганы эзэмшигч нь өөр хүн байгаа тул уг аягыг устгах боломжгүй байна. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-т заасны дагуу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигчид нь буцаан олгох нь зүйтэй байна. Эрүүгийн хариуцлагын хувьд шүүгдэгч Ц.С нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, хийсэн хэрэгтээ гэмшиж мэдүүлэг өгсөн. Одоо хоорондоо эвлэрэн хамтран амьдарч байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан хэдийгээр ажил хөдөлмөр тогтвортой эрхэлдэг гэх нотлох баримт авагдаагүй ч гэсэн түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зохимжгүй шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж улсын яллагчийн зүгээс үзэж байна. Иймд шүүгдэгч Ц.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх дүгнэлтийг гаргаж байна.” гэх дүгнэлт, тайлбарыг гаргав.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Ц.С-гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Ц.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 18-19 цагийн орчим *******д байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох нөхөр Б.С-ыг “цалингаа авсангүй” гэх шалтгаанаар барьж байсан аягаа толгой руу нь шидэж эрүүл мэндэд нь  духанд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

1. Мөрдөн байцаалтад яллагдагчаар Ц.С-гийн өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 10-ны өглөө 10 цагийн үед орж ирэхээр нь гэрт хоол хүнсний зүйл байхгүй байсан болохоор цалингаа авсан юм уу гэсэн чинь араас данс руу хийнэ гэж хэлсэн...Б, Ж эгч хоёртой 1 шил 0.75 литрийн Хараа нэртэй архи хувааж уусан. Тэгтэл орой 17 цагийн үед манай нөхөр ирээд бид хоёр хамтдаа угаасан юмаа аваад гэр рүүгээ явах замдаа хоол хүнсний юмаа авъя гэсэн чинь мөнгө ороогүй байна гэхээр нь одоо очоод хоол унд хийх материал байхгүй яах юм бэ гэхэд өөдөөс одоо хийчих байлгүй дээ гэсэн. Ингээд гэртээ очоод бараг цаг орчим болсон боловч мөнгө нь орж ирэхгүй болохоор нь би уурлаад чи дандаа хүнд үнэгүй ажил хийж өгдөг яасан хаашаа юм гээд уурлаад загнаж байгаад цай ууж байсан аягаа нөхөр рүүгээ шидсэн чинь толгой дээр нь оноод духнаас нь цус гарахаар нь тэрийг нь арчаад сууж хоорондоо эвлэрээд байж байтал Т ах ирээд манай нөхрийг дагуулаад гараад явсан. Удалгүй цагдаа нар ирсэн.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 30 дугаар тал/

 

2. Мөрдөн байцаалтад хохирогчоор Б.С-ын өгсөн: ...Б ах түүний эхнэр Ж эгч манай эхнэр С нар 1 шил архи хувааж уусан гээд халамцуухан байхаар нь угаасан юмаа аваад гэр рүүгээ буцаад алхаж явахад манай эхнэр цалин чинь орсон юм уу гэхээр нь би ороогүй байна ингэс гээд хийчих байлгүй дээ гэж хэлтэл эхнэр уурлаад яагаад мөнгө чинь орохгүй байгаа юм  хоол ундны юмаа авмаар  байна гээд давчдаад байсан юм. Тэгээд гэртээ ирээд хэсэг хүлээгээд мөнгө орохгүй цаг хартал 18 цаг өнгөрч байсан. Тэгтэл манай эхнэр уурлаад чи дандаа хүнд үнэгүй ажил хийж буян болж явдаг гээд л уурлаж байснаа цай ууж байсан аягаа над руу шидсэн чинь миний духан дээр оноод духнаас цус гараад манай эхнэр ч гэсэн айгаад миний цусыг арилгаж өгөөд байж байтал хамт ажилладаг жинхэнэ нэрийг нь сайн мэдэхгүй байна Т билүү Т ах орж ирээд маргааш ажилд явах юм уу гэснээ миний толгойг хараад гэр рүүгээ дагуулж яваад цагдаад дуудсан...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 08 дугаар тал/

 

3. Мөрдөн байцаалтад гэрчээр О.Т-ын өгсөн: “...маргааш би сангийн ажил хийх байсан болохоор С-гаар туслуулахаар болоод архи дарс битгий уугаарай гэж хэлэх гээд гэрт нь яваад ортол С гэрийнхээ зүүн талд толгойгоо дарсан байдалтай хажууд нь эхнэр С нь сууж байхаар нь С дээр дөхөөд очоод хартал духнаас нь цус гарч байхаар нь яасан бэ гэхэд С над руу аяга шидээд толгой хагалсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгөөд С-г дагуулаад эмнэлэг дээр ирээд толгойг нь боогоод оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 14 дүгээр тал/

 

4. Шүүх эмнэлгийн шинжээч эмч С.Төгсбуяны №08 шэ/24 дүгээр: “Б.С-ын биед духанд шарх гэмтэл тогтоогдлоо..Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт,

/хх-ийн 20 дугаар тал/

 

5. Яаралтай тусламжийн хуудас,

/хх-ийн 21-22 дугаар тал/

 

6. Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл,

/хх-ийн 31-32 дугаар тал/

 

7. Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/хх-ийн 37 дугаар тал/

 

8. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 42 дугаар тал/

 

9. Захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 43 дугаар тал/

 

10. шүүгдэгч Ц.С-гийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 38-41 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч Ц.С нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогч Б.Сын эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ц.С нь хохирогч Б.С-ын толгой руу нь аяга шидсэн болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба шүүгдэгчийн шидсэн аяганд цохиулсны улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн №08 шэ/24 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Тиймээс шүүгдэгч Ц.С-г гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Ц.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Ц.С-гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.С-ын бие махбодод хөнгөн хохирол учирсан ба хохирогч “...Гомдол санал болон нэхэмжлэх зүйлгүй...гэсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв.

Харин шүүгдэгч Ц.С нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Мөн  улсын яллагч Д.Аянагүл нь эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна. гэх дүгнэлт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож  болно” гэсэн хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

Учир нь шүүгдэгч Ц.С нь мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой тогтвор суурьшилтай ажилгүй, 8 настай хүүхэд нь оюуны хүндэвтэр хомсдолтой, ам бүл 5, зорилтот бүлгийнх болохыг нь нотолсон Нийслэлийн ******* *******ны тодорхойлолт /хх 45/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд шүүгдэгчид 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв. 

 

Бусад асуудлаар

     Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг аягыг устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхийг дурдаж, шүүгдэгч Ц.С нь битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.  

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч ******* овогт Ц-гийн С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С-г  240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Ц.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг аягыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт хариуцсан комисст даалгасугай.

 

  6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЧИНЗОРИГ