Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 1448

 

 

 

 

 

     

 

 

 

 

   2017 оны 06 сарын 20 өдөр

 

 

 

 

   

Дугаар 183/ШШ2017/01448

               

 

 

 

             

                Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сансармаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 7 дугаар хороо, Жаргалантын 10-251А тоотод оршин суух, Чонос овогтой Дашзэвэгийн Ганзориг /РД:ШД600309/-ийн нэхэмжлэлтэй

            Нэхэмжлэлийн шаардлага:Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Ганзориг, нарийн бичгийн дарга С.Баянжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Ганзориг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.Ганзориг миний бие 1978 оны 6 дугаар сард Зөвлөлт Холбоот Улсын Курган мужийн хөдөө аж ахуйн сургуулийг тракторын жолоочоор суралцаж төгсөж ирээд 1978 оноос 1980 онд Төв аймгийн Атарын сангийн аж ахуйн 3 дугаар бригадад тракторчиноор 2 жил ажилласан. Ажилд орсон тушаал байдаг. Гарсан тушаал байхгүй. 1980 оны 6 дугаар сард цэргийн албанд татагдан 3 жилийн алба хаасан. Би тэтгэвэртээ гарах гэтэл хөдөлмөрийн дэвтэр байхгүй. Шүүхэд ханд гэсэн. Би 1978 оноос 1980 он хүртэл Төв аймгийн Атарын сангийн аж ахуйд тракторчноор,  1985 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс Барилга барилгын материалын үйлдвэрийн яамны харъяа хотын барилга трестийн цехэд туслах ажилчнаар томилогдон 1989 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл ажилласан. Чулуун цех нь өргөжин чулуу олборлон борлуулах үйлдвэр болсон. Тэнд 1991 оны 12 сарын 23-ны өдөр хүртэл ажилласан. Иймд дээрх хугацааны ажилласан жилийг тогтоолгох хүсэлтэй байна гэв.

 

Шүүх нэхэмжлэгчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Д.Ганзориг нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хэргийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ.

Д.Ганзоригийн гаргасан хүсэлтэд иргэний хэрэг үүсгэж, уг хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэгдэх үндэслэлтэй байх ба хүсэлт гаргагч нь ажиллаж байсан байдлаа тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүснэ гэж хүсэлтийнхээ үндэслэлийг тодорхойлжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг үндэслэн Д.Ганзоригийн хүсэлтийг бүхэлд нь ханган шийдвэрлэх нь зүйтэй байна.

Д.Ганзориг нь Төв аймгийн Атарын сангийн аж ахуйд 1978 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс 1980 оны 6 дугаар арын 14-ний өдрийг хүртэл тракторчнаар,  Барилга, барилгын материалын үйлдвэрийн Яамны харьяа хотын барилга трестэд 1985 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүртэл чулуучнаар тус тус ажиллаж байсан болох нь Төв аймгийн Атарын сангийн аж ахуйн даргын 1978 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн ажилд томилох тухай тушаал, мөн 1979 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн бүтэн сайн өдрийг нөхөж ээлжийн амралт олгох тухай 278 дугаар даргын тушаал, Барилга, барилгын материалын үйлдвэрийн Яамны харьяа хотын барилга трестийн даргын 1985 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Д.Ганзориг, Г.Буянбат нарыг ажилд томилох тухай 484 дүгээр тушаал, Улсын барилгын хорооны харъяа Улаанбаатар хотын барилга трестийн даргын 1989 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн ажилчид шилжүүлэх тухай 01 дүгээр тушаал, тушаалын хавсралт, Барилгын материалын үйлдвэрийг удирдах ерөнхий газрын харъяа чулуу олборлох боловсруулах үйлдвэрийн даргын 1989 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 01 дугаар ажилд томилох тухай тушаал, мөн үйлдвэрийн даргын 1991 оны 12 дугаар  сарын 23-ны өдрийн 124 дүгээр эрхэлсэн ажлаас чөлөөлөх тухай тушаал, шүүхэд гэрч Ш.Батзориг /РД:НЫ62081079/, Э.Одтөр /РД:ХО64121313/ нарын мэдүүлсэн мэдүүлэг, болон хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар дээрх бичилтүүд, Монголын үйлдвэрчний эвлэл гишүүний 1987 оны 684136 дугаар бат /1987-1988/ илэрхийлэл зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул ажилласан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг ханган, шийдвэрлэх  үндэслэлтэй гэж дүгнэлээ. 

Д.Ганзориг нь НАХЯамны сайдын 1980 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 451 дүгээр тушаалаар цэрэгт татагдаж, 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн б/516 дугаар тушаалаар халагдсан болохыг дурьдах нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заанаар Чонос овогтой Дашзэвэгийн Ганзориг нь Төв аймгийн Атарын сангийн аж ахуйд 1978 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс 1980 оны 6 дугаар арын 14-ний өдрийг хүртэл тракторчнаар, Барилга, барилгын материалын үйлдвэрийн Яамны харьяа хотын барилга трестэд 1985 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүртэл чулуучнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Ганзоригийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

           

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ц.САНСАРМАА