Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/22

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Лувсанданзанжанцан,

Улсын яллагч Ц.Гэрэлчимэг,

Шүүгдэгч Х.Е нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гэрэлчимэгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 212 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Х-ын Е-д холбогдох эрүүгийн 2107001690272 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, яс үндэс , бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт *******, ******* тоотод оршин суух,

урьд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 135 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар 7 хоногийн хугацаагаар баривчлах, 10 цагийн албадан сургалтад хамрагдаж байсан,

******* овогт Х-ын Е /РД:*******/

           

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Х.Е нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******, тоотод 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий төрсөн охин Е.А-ийг “үгэнд орсонгүй, та дуугүй болоод унтчих” гэж хэллээ гэх шалтгааны улмаас түүний хамар руу цохих, үснээс нь зулгаах зэргээр зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  Х.Е нь  шүүхийн  хэлэлцүүлэгт:  “Тухайн үед найзтайгаа Ц гэдэг хүний уурхай руу ажил хайгаад явсан. Тэгээд оройны ээлжид нь хүн авах уу гээд асуусан чинь одоохондоо авахгүй Хүн авахаар бол холбогдоно гэж хэлсэн. Тэгээд тэндээс 1 шуудай нүүрс түүж аваад Хорго дээр ирж нүүрсээ зараад архи уусан. Тэгээд буцаж очиж түлээний нүүрс авсан. Тэгээд гэртэй ороход том охин бахь байдгаараа утсаа оролдоод сууж байсан. Тэгээд наад утсаа больчихож болдоггүй юм уу гэж хэлсэн. Тэгэхэд урдаас танд ямар хамаатай юм архи уусан юм бол дуугүй унтаач гэж хэлсэн. Тэгэхээр нь алгадах гэж байгаад нүүр рүү нь цохисон.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар тус тус санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

 

Улсын яллагчийн зүгээс: Насанд хүрээгүй хохирогч Е.А-ийн мэдүүлэг /хх-ийн 7/, гэрч Х.А-ийн мэдүүлэг /хх-ийн 17/, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 25-26/, шинжээчийн 601 дугаартай дүгнэлт /хх-ийн 27-28/, яллагдагч Х.Еын мэдүүлэг /хх-ийн 38-39/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40/, аюулгүйн зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 54-56/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

            Шүүгдэгч нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

           

            Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

            Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагчийн...Иймд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар хүндрүүлэх шинжтэй гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцох саналтай байна. Хохирогчийн зүгээс хохирол төлбөр нэхэмжлээгүй учраас түүнийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдуулах саналтай байна. Шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байдлуудыг харгалзан үзээд мөн шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд гэр бүлээсээ дангаараа ажил хийдэг гэж мэдүүлдэг. Шүүхийн шатанд ч гэсэн хаана ажиллаж байгаа нь тодорхойгүй байгаа. Энэ зэрэг байдлуудыг харгалзан үзээд 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх саналтай байна. Мөн шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээлгэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлогдож ирээгүй болохыг дурдуулах саналтай байна.” гэх дүгнэлт, тайлбарыг гаргав.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Х.Е-ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Х.Е нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ******* тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох төрсөн охин Е.А-ийг “утас тоглолоо” гэх шалтгааны улмаас хамар луу нь цохиж үснээс нь зулгаан эрүүл мэндэд нь хамар ясны хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

1. Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Х.Е-ын өгсөн: “...би 16 билүү 17 цагийн үед гэртээ харьсан. Тэгсэн манай том охин Е.А-ь гар утсаа оролдоод сууж байхаар нь түүнд чи дандаа гар утсаа оролдоод суучих юм, наад утсаа боль гэсэн чинь надад танд ямар хамаатай юм бэ? Архи уусан бол зүгээр унтаач гэж хэлэхээр нь миний уур хүрээд босож ирээд Е.А-ийн нүүр лүү нь алгадах гэж байгаад гарынхаа нударгаар хамар руу нь нэг удаа хүчтэй цохичихсон юм. Тэгсэн манай охин Е.А-ийн хамраас цус гараад хамар нь баруун тийшээгээ далийчихсан.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 38-39 дүгээр тал/

 

2. Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогчоор Е.А-ийн өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ******* тоот гэртээ байхад өдөр 14-15 цагийн үед аав Х.Е гаднаас архи уучихсан согтуу орж ирсэн. Тэгээд орж ирээд гэртээ байсан ээж Х.А-тэй хэрүүл хийж байснаа намайг гар утсаараа тоглож байхыг харчхаад “чи яагаад дандаа утсаар тоглож байдаг юм бэ? Наад утсаа боль” гэж загнасан. Тэгэхээр нь би өөдөөс нь “танд ямар хамаатай юм бэ, архи уучхаад ингэхээ боль, зүгээр унтаач” гэж хэлсэн чинь шууд надад уурлаад аяга авч шидэх гэхээр нь тэр аягыг нь шүүрээд булаасан чинь чиний нүүр лүү гэрт байсан гутлаар 1 удаа цохиод үснээс зулгаагаад гаргасан. Тэгээд миний хамар руу гараараа нэг удаа хүчтэй цохисон. Тухайн үед миний хамраас цус гарч хамар баруун тийшээ далийсан. Тэгээд аав Х.Е намайг алчихъя гээд буцаж гэр лүү хутга авах гэж байхад ээж Х.А хутгыг нь булааж авсан... 2016 оны 02 дугаар сард гэртээ байхад аав Х.Е согтуу агсам тавьж намайг үсдэж байсан. 2021 оны 04 билүү 05 сард бас гэртээ согтуу байхдаа намайг алгадаж байсан...Миний биед үүссэн хамар ясны хугарал гэмтлийг манай аав Х.Е миний хамар луу цохисноос болж үүссэн. Харин баруун шилбэнд цус хуралт гэмтлийг би усанд явж байгаад усны тэргэнд хөлөө цохисноос болж үүссэн...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 07 дугаар тал/

 

3. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.А-ийн “...2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ******* тоот гэртээ хүүхдүүдийнхээ хамт байж байхад 16 билүү 17 цагийн үед гаднаас манай нөхөр архи уучихсан согтуу орж ирсэн. Тэгээд ямар ч шалтгаангүй уурлаад хэрүүл өдөж агсам тавьж том охин Е.А-ийг “чи наад гар утсаа боль дандаа утас тоглож байх юм” гээд загнасан чинь Е.А рүү уурлаад гутлаараа хамар луу нь нэг удаа цохиод үснээс нь зулгааж гэрээс гаргаад гараараа хамар луу нь 1 удаа цохисон. Тэгээд буцаж гэр лүү орж гэрт байсан хутгийг авч гарах гэхээр нь би тэр хутгийг булааж аваад орон доогуур шидсэн...Гутлаар цохих үед манай охины хамар зүгээр байсан. Харин гараараа хамар луу нь цохисноос болоод хамраас нь цус гарч хамар нь далийсан...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 17 дугаар тал/

 

4. Шүүх эмнэлгийн шинжээч эмч С.ы №08 шэ/601 дүгээр: “Е.А-ийн биед хамар ясны хугарал, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт,

/хх-ийн 28 дугаар тал/

 

5. Яаралтай тусламжийн хуудас,

/хх-ийн 25-26 дугаар тал/

 

6. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 40 дүгээр тал/

 

7. Захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 41 дүгээр тал/

 

8. Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл,

/хх-ийн 54-56 дугаар тал/

 

9. Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ,

/хх-ийн 57-60 дугаар тал/

 

10. Хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээ,

/хх-ийн 61-63 дугаар тал/

 

11. Шүүгдэгч Х.Е-ын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 42-53, 65-67 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар болон хохирогч Е.Аь нь шүүгдэгч Х.Е-ын төрсөн охин тул гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд тооцогдох ба насанд хүрээгүй болох нь нас тоолсон мөрдөгчийн тэмдэглэлээр /хх-ийн 71 дүгээр тал/ тус тус тогтоогдож байна.

 

Иймд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дахь хэсгийн 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд хамаарна” гэснээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх субъектэд хамаарч байна.

“Гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хэргийн тохиолдолд хамт амьдарч байгаа төрсөн эцэг нь болох шүүгдэгч Х.Е нь өөрийн төрсөн охины бие махбодод халдсан буюу цохиж зодсон, гар хүрсэн үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч Х.Е нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, насанд хүрээгүй хохирогч Е.А-ийн эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Х.Е нь насанд хүрээгүй хохирогч Е.А-ийн хамар луу нь цохиж, үснээс нь зулгаасан болох нь насанд хүрээгүй хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба шүүгдэгчид цохиулсны улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн №08 шэ/601 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Тиймээс шүүгдэгч Х.Е-ыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна

 

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Х.Е-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Х.Е-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Е.А-ийн бие махбодод хөнгөн хохирол учирсан ба насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нар “...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...гэсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв.

Харин шүүгдэгч Х.Е-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нь өөрийн гэмт үйлдлээ болгоомжгүй хэлбэрээр үйлдээгүй, бусдыг хэл амаар доромжлон, цохиж зодохоо урьтал болгон хүсэж үйлдсэн, түүний хууль бус үйлдэл нь давтагдаж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, архидан согтуурсан үедээ, хувийн сэдэлтээр дээрх гэмт хэргийг үйлджээ гэж шүүх дүгнэлээ.

  Иймд Х.Е-ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу энэ хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож түүнд 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв. 

Бусад асуудлаар

     Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Х.Е нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.  

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

             1. Шүүгдэгч ******* овогт Х-ын Е-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу энэ хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Е-ыг  300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Е-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Х.Е нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

           

            5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Е-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ЧИНЗОРИГ