Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/180

 

 

 

 

 

  2022         02         25                                     2022/ШЦТ/180

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,  

 Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ, улсын яллагч С.Солонго, шүүгдэгч Д.Ө, түүний өмгөөлөгч Д.Пүрэвдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

 Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Өд холбогдох эрүүгийн “2211 00038 0064” дугаартай, 186/2022/0114/Э индекстэй хэргийг 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1974 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт, Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 9 дүгээр гудамжны 239 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй,

-урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 1994 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 198 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дугаар зүйлийн 4зааснаар 3 жилийн хорих ял, Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 35 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 10 хоногийн хорих ял, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/674 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 06 сарын хорих ялаар тус тус шийтгүүлсэн, Д

        Холбогдсон хэргийн талаар;

         Шүүгдэгч Д.Ө нь 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 9 дүгээр гудамжны 237 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Т.Бүртмаатай маргалдаж, улмаар түүний зүүн гарлуу өшиглөж эрүүл мэндэд нь “...зүүн богтос ясны хугарал...” бүхий гэмтэл учруулан эрүүл мэндэд  хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

           1.1. Шүүгдэгч Б. нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..Би өдрийн 50.000 төгрөгөөр хүүтэйгээ хамт ажилладаг. Тухай өдөр миний ажил түрүүлж дууссан учраас би хүүгээсээ түрүүлээд гэртээ харихад Бүртмаа 1 шил хараа нэртэй архийг ганцаараа уугаад сууж байсан. Тэгэхээр нь би Бүртмаад “...чи гэрт уудаг нь яаж байгаа юм бэ...” гэж хэлэхэд Бүртмаа “...найзынхан цалин буусан,  хоёулаа хамт явж караоке оръё...” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр караоке ороод сууж байхад манай том хүүхэд Тэмүүлэн орж ирсэн. Тэгээд бид гурав такси бариад гэрлүүгээ явах гэж байхад манай хүү Тэмүүлэн “...дүүд чихэр авъя...” гэсэн. Тэгээд дэлгүүр ороод гараад ирэхэд Бүртмаа таксины хүнтэй хамт явсан байсан. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад манай эхнэр алга болчихлоо гэсэн дуудлага өгч тэмдэглүүлсэн. Тэгсэн шөнө манай эхнэр Бүртмаа гаднаас орж ирээд намайг шоронгийн хулгайч гэж хэлээд хэл амаар доромжилсон. Тэгэхээр нь би гарлуу нь нэг удаа өшиглөсөн гэв.

Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Бүртмаагийн:...2021 оны 12 дугаар сарын 03-нд нөхөр Д.Ө, түүний дагавар хүү Ө.Тэмүүлэн нарын хамт бид 3-н буудлын ойролцоо байдаг “Лазер” нэртэй караокед орж дуулж ганц нэг пиво уучихаад тухайн газраасаа гарч гэртээ харихаар болоод гараад такси барих замдаа Д.Ө нь хүү Ө.Тэмүүлэнгийн хамт дэлгүүр орох гээд замдаа зогсохоор нь би сууж байсан такситайгаа Д.Ө, Ө.Тэмүүлэн нарыг орхиод яваад өгсөн. Тэгээд нэлээн удаж байгаад гэртээ харьсан чинь Д.Ө Ө.Тэмүүлэн нар нь унтаагүй нэг том шил архи уугаад сууж байхаар нь би унтах гээд газар хэвтэж байтал Д.Ө нь чи таксины жолоочтой унтсан банзалдсан гэж надруу дайраад миний зүүн талын гарлуу пакалтай хөлөөрөө өшиглөөд чи тэр залуутай унтсан гэж хэл гээд надруу дайраад байсан. Би маргааш өглөө ажил дээрээ очоод гараа үзүүлсэн чинь миний зүүн гарын шуу савхан яс хугарсан байна гэсэн. Нөхөр болох Д.Ө нь хөлөөрөө миний зүүн гарын шуу орчимд өшиглөж хугалсан. Дух, баруун хацрын зулгаралт зэргийг бол би өөрөө гэртээ харих замдаа халтирч унаад зулгалчихсан гэх мэдүүлэг. /хх-ийн 12 дугаар тал/,

2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ө.Тэмүүлэнгийн:...20:00 цагийн үед аав Өнөржаргал руу залгасан чинь манай хойд ээж Бүлтмаагийн хамт 5 буудлын Лазер төвийн караокед байна гэхээр нь би тэр хоёр дээр яваад очсон чинь аав, ээж хоёр караокед пиво уугаад сууж байсан. Тэгээд бид 3 тухайн газраас гарч гэртээ харихаар таксинд суугаад замын хажуу талын дэлгүүрийн зогсоолд аав бид хоёр дэлгүүр орж дүүд ойр зуурын юм авчихаад гараад ирсэн чинь ээж сууж явсан такситайгаа байхгүй байхаар нь аав бид хоёр такси бариад гэртээ харсан, ээж ирээгүй байхаар нь 17-н цагдаагийн хэлтэс орж бүртгүүлчихээд гэртээ хариад байж байтал ээж нэлээн согтуу хөл дээрээ тогтож чадахгүй, нүүр нь халцарчихсан байдалтай орж ирэхээр нь аав бид 2 хаагуур юу хийж яваад ирж байгаа юм бэ гэж асуухад ээж Бүртмаа нь би таксины мөнгийг биеэрээ төлөөд ирлээ гээд аав руу салаавч гаргаад орилж байгаад унтсан. Ээж аав руу салаавч гаргаад шоронгийн бузар энэ тэр гээд орилоод гэрт агсан тавиад байхаар нь аав зүүн гарт нь нэг удаа өшиглөсөн. Дэлгүүр ороод гараад ирэх хооронд сууж явсан такситайгаа яваад өгсөн тэгээд гэрт орж ирээд таксины мөнгөө биеэрээ төлсөн гэх асуудлаас болж маргалдсан  гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар тал/,

           2.3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 113 дугаартай:

          1. Т.Бүртмаагийн биед зүүн богтос ясны хугарал, дух, баруун хацрын зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

          3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.

          4. Цаашид ерөнхий  хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. Шинжээч эмч О.Болормаа гэх дүгнэлт /хх-ийн 23-24 дүгээр тал/,

            Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

          3.1. Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас            /хх-ийн 42 дугаар тал/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 34 дүгээр тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын       10-ны өдрийн 113 дугаартай дүгнэлт, гэрч Ө.Тэмүүлэнгийн мэдүүлэг /хх-ийн 18 дугаар тал/ хохирогч Т.Бүдмаагийн санал, гомдолгүй шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн хүсэлт зэрэг зэргийг шинжлэн судлалаа.

Гэм буруугийн талаар:

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй, Эрүүгийн  хуулийг буруу  хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн  хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн  хүрээнд  явуулсан болно.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

         Шүүгдэгч Д.Ө нь 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 9 дүгээр гудамжны 237 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Т.Бүртмаатай маргалдаж, улмаар түүний зүүн гарлуу өшиглөж эрүүл мэндэд нь “...зүүн богтос ясны хугарал...” бүхий гэмтэл учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд  хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь :

- хохирогч Д.Бүртмаагийн:...Д.Ө нь чи таксины жолоочтой унтсан банзалдсан гэж надруу дайраад миний зүүн талын гарлуу пакалтай хөлөөрөө өшиглөөд чи тэр залуутай унтсан гэж хэл гээд надруу дайраад байсан. Би маргааш өглөө ажил дээрээ очоод гараа үзүүлсэн чинь миний зүүн гарын шуу савхан яс хугарсан байна гэсэн...гэх мэдүүлэг. /хх-ийн 12 дугаар тал/,

-  гэрч Ө.Тэмүүлэнгийн:...ээж аав руу салаавч гаргаад шоронгийн бузар энэ тэр гээд орилоод гэрт агсан тавиад байхаар нь аав зүүн гарт нь нэг удаа өшиглөсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар тал/,

           - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 113 дугаар дүгнэлт /хх-ийн 23-24 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл юунаас болж маргалдсан,  шүүгдэгч нь хохирогчийн хөлрүү өшиглөж түүний биед гэмтэл учруулсаныг шүүгдэгч, хохирогч, гэрч хэн аль нь зөрүүгүй мэдүүлсэн  мэдүүлэг зэрэг үйл баримтуудыг агуулж байх ба шүүгч энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой  нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлж  үнэн зөв гэж үзсэн болно.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь  согтуурсан үедээ хохирогчийг бусадтай хардаж  улмаар маргалдан түүний хөлрүү нь өшиглөж  гэмтэл учруулж байгаа нь гэм буруугийн  санаатай  үйлдэл  байна өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль  бус шинжтэй  болохыг  ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн  болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр хангалттай нотлогдож байх тул Д.Өын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан  хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Д.Өыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч дүгнэлтэндээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  зааснаар Д.Өд 1 жил 6 сарын  хугацаагаар хорих ял оногдуулах, хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал  дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Пүрэвдорж нь “шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, энэ гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нь хохирогч шүүгдэгчийг шоронгийн хулгайч  гэх мэтчилэн  хэл амаар доромжилсоноос Д.Ө нь хохирогчийг өшиглөж гэмтэл учруулсан, гэм буруугийн  тал дээр ямар нэг маргаан байхгүй учраас Д.Өд  6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн.

Шүүх гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нь гэр бүлийн хүмүүс  хамтдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж улмаар хоорондоо маргалдаж хохирогчийн зүй  бус үг хэллэг хэрэглэж, бусдыг хэл амаар доромжилж байгааг  гэрч Ө.Тэмүүлэн мэдүүлж байгааг шүүх харгалзан үзлээ.

Ингээд шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял оногдуулахдаа хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж  мөн хохирогчийн гаргасан зүй бус үйлдэл зэргийг харгалзаж үзэж   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Д.Өыг  06 /зургаан / сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь  зүйтэй байна гэж  шүүх үзлээ.  

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Өнөржаргалд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохыг тус тус дурдаж  шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч Д.Өыг  Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “ Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол  санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Д.Өыг 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Өд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж  ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шүүгдэгч Д.Өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж эдлэх ялыг 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Өд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.БАТЖАРГАЛ