| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямсамбуугийн Гантуяа |
| Хэргийн индекс | 131/2017/0497/И |
| Дугаар | 131/ШШ2017/00589 |
| Огноо | 2017-08-18 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 131/ШШ2017/00589
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянхонгор аймаг, Баянхонгор сум 7 дугаар баг, 2-р гудамж, 2 тоотод оршин суух, ВГ93062504 регистрийн дугаартай, 86680181 дугаарын утастай, Нанжим овогт Баярын Баасансүрэнгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянхонгор аймаг Бөмбөгөр сум 4-р багт оршин суух, ВИ89032515 регистрийн дугаартай, 88124101 дугаарын утастай, Аргалант овогт Батбаярын Мөнхбатад холбогдох хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Баасансүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Дэчмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Баасансүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие Б.Баасансүрэн 2015 онд Б.Мөхбаяртай танилцаж хуримаа хийсэн. Гэр бүл болохоос өмнө Б.Хонгорзул төрсөн тул эхээрээ овоглосон. Бид 2 гэр бүл болоод нь 2016 оны 10 сар хүртэл хамт амьдраад зан харьцааны байдлаас болж салсан. Бид 2 салахдаа эцэг эхтэйгээ зөвлөлдөж эд хөрөнгөө ямар нэгэн маргаангүйгээр хувааж салсан. Охин Б.Хонгорзул нь Б.Мөнхбатын хүүхэд тул хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигч талуудын иргэний үнэмлэхний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7-р багийн Засаг даргын 2017 оны 06 сарын 13-ны өдрийн 532 дугаар тодорхойлолт болон тус сумын өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, зохигчийн тайлбарууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Баасансүрэн нь хариуцагч Б.Мөнхбатад холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.
Нэхэмжлэгч Б.Баасансүрэн, хариуцагч Б.Мөнхбат нар нь 2015 онд танилцах хугацаанд 2015 оны 09 сарын 10-ны өдөр охин Б.Хонгорзулыг төрүүлж, эрүүл өсөж байгаа болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7-р багийн Засаг даргын 2017 оны 06 сарын 13-ны өдрийн 532 дугаар тодорхойлолт болон тус сумын өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, зохигчийн тайлбарууд зэрэг нотлох баримтуудаар нотлогдоно.
Иймд 2015 оны 09 сарын 10-ны өдөр төрсөн охин Баасансүрэнгийн Хонгорзулд хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг Б.Мөнхбатаас сар бүр гаргуулж, тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзнэ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг ба нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг урьдчилан төлсөн байх тул төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, тогтмол төлөгдөх тэтгэлгийн хэмжээгээр хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж гаргуулж, төрийн сангийн орлого болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн охин Баасансүрэнгийн Хонгорзулыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоон, эцэг Аргалант овогт Батбаярын Мөнхбатаас гаргуулж тэжээн сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д заасныг баримтлан хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй болохыг дурдсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Мөнхбатаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Баасансүрэнд олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Б.Мөнхбатаас 24031 төгрөгийг гаргуулж төвлөрсөн төсвийн дансанд оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдаанд оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА