Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/181

 

 

 

 

 

­

 

2022       02          28                                      2022/ШЦТ/181

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,  

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ, улсын яллагч О.Нандинцэцэг /онлайнаар шүүх хуралд оролцсон/, шүүгдэгч  Г.Ш /онлайнаар шүүх хуралд оролцсон /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Гомбосүрэнгийн Шинэтуяад холбогдох эрүүгийн “2211 00000 0013” дугаартай, 186/2022/0111/Э индекстэй хэргийг 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1988 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, “Баянзуух” ХХК-д мужаан ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжны 28-731 тоотод оршин суух бүртгэлтэй, хэрэг хариуцах чадвартай,

урьд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 237 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 01 жил, 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, Г.Ш

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Ш нь 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, ХГ-624 тоотод С.Мөнхцэцэгтэй үл ялих шалтгаанаар маргаж, улмаар түүний зүүн шилбэнд өшиглөсний улмаас  биед нь зүүн шилбэний шаант, тахилзуур ясны хугарал бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ш мэдүүлэхдээ:... 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр би найз Батнямынд очсон. Тэгээд 1 шил архи хувааж уугаад амарсан. Тэгсэн маргааш өглөө нь Тогтох гэдэг залуу Золзаяа гэдэг хүүхэндтэй хамт ирж архи уусан. Тэгээд намайг хэвтэж байхад Эрдэнэцэцэг, Золзаяа нар хоорондоо маргалдаж эхэлсэн. Тэгэхээр нь би “...адилхан эмэгтэй хүмүүс байж битгий маргалд...” гэж хэлсэн чинь Эрдэнэцэцэг миний толгой, хөлрүү өшиглөөд байсан. Тэгэхээр нь би хөл рүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд хөлийг харсан чинь хавдсан байсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Эрдэнэцэцэгийн:.. 2021 оны 11 дүгээр сарын 11-ний 11:00 цагийн үед Мөнхцэцэгийнд би Бавуутай хамт очсон. Намайг Мөнхцэцэгийнд очиход танихгүй хүмүүс байсан. Тэгэхээр нь би Мөнхцэцэгт чи энэ хүмүүсээ явуулаач гэхэд Г.Ш уурлаж миний хөлрүү өшиглөсөн. Түүнээс би Г.Шгийн толгой руу цохиж хөлрүү нь өшиглөөгүй. Би хохиролд 1.653.806 төгрөгийг нэхэмжилж байсан. Үүнээс 300.000 төгрөгийг Г.Ш надруу шилжүүлсэн. Одоо би 1.353.806 төгрөгийн нэхэмжилж байна гэв.

Хоёр: Шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг судлав.

          2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С.Эрдэнэцэцэгийн:...Би 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 15:00 цагийн орчим Зурагтад байрлах Мөнхцэцэгийн гэрт очтол Мөнхцэцэг, түүний нөхөр, түүний найз, өөр нэг танихгүй хүүхэн болон Шинэтуяа нар байсан. Мөнхцэцэгийн нөхөр архи задалчихсан уугаад сууж байсан. Бид нар тэр архинаас уугаад хэсэг зуур сууж байтал тэнд байсан хүүхэнтэй жоохон маргалдтал Шинэтуяа тэр хүүхнийг өмөөрөөд надруу юм яриад байсан .Тэгэхээр нь би явлаа гээд куртикээ өмсөөд босоод явах гэтэл Шинэтуяа миний хөлрүү хөлөөрөө аймар хүчтэй жийсэн чинь тэсэхийн аргагүй өвдсөн. Тэгээд хөлөө бариад газарт унасан чинь Бавуу миний гутлын цахилгааныг нээгээд үзтэл аймар хавдчихсан байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 5 дугаар тал/,

           2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч С.Мөнхцэцэгийн:...Эрдэнэцэцэг манай хоёр найзыг энэ хогнуудаа явуулаач гэж хэлснээс болж Эрдэнэцэцэг, Золзаяа нар хоорондоо маргалдах шинжтэй болоод ирсэн чинь Шинэтуяа Золзаяг өмөөрөх маягтай Эрдэнэцэцэгт чи одоо болиоч гэж хэлтэл чи дуугүй бай гэж хэлээд хөлрүү нь удаа дараа өшиглөж харагдсан. Тэгээд дахиад өшиглөх гэхээр нь Шинэтуяа эргүүлээд хөлөөрөө зөрүүлээд өшиглөсөн чинь Эрдэнэцэцэг хөлөө бариад газарт унасан. Тэгээд сандралдаад Шинэтуяа Эрдэнэцэцэгийг үүрээд гэмтлийн эмнэлэгт хүргэж өгөхөд хөл нь хугарсан байна гэж хэлсэн гэх мэдүүлэг    /хх-ийн 13 дугаар тал/,

           2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Бавуугийн:...Эрдэнэцэцэг тэнд байсан нэг танихгүй хүнтэй хэсэг маргалдсан бөгөөд гэнэт ёо ёо гэж хэлээд газар өнхөрөөд уначихсан, тэгээд юу болов гээд бид нар сандралдсан чинь Эрдэнэцэцэг газар хөлөө барьчихсан сууж байсан. тэгээд юу болов гэж асуухад Шинэтуяа өшиглөсөн гэсэн. Тэгээд Шинэтуяа бид хоёр Эрдэнэцэцэгийг аваад гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд хөл нь хугарсан байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,

           2.4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2011 дугаартай дүгнэлтэд:

           1. С.Эрдэнэцэцэгийн биед зүүн шилбэний шаант, тахилзуур ясны хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо.

           2.4. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна.

           3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.       

            5. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ гэсэн дүгнэлт /хх-ийн 16-17 дугаар тал/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянаж үзлээ.

Гэм буруугийн талаар:

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй, Эрүүгийн  хуулийг буруу  хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн  хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн  хүрээнд  явуулсан болно.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

         Шүүгдэгч Г.Ш нь 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, ХГ-624 тоотод С.Мөнхцэцэгтэй үл ялих шалтгаанаар маргаж, улмаар түүний зүүн шилбэнд өшиглөсний улмаас  биед нь зүүн шилбэний шаант, тахилзуур ясны хугарал бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай  болох нь:

            - хохирогч С.Эрдэнэцэцэгийн:...тэгэхээр нь би явлаа гээд куртикээ өмсөөд босоод явах гэтэл Шинэтуяа миний хөл рүү хөлөөрөө аймар хүчтэй жийсэн чинь тэсэхийн аргагүй өвдсөн. Тэгээд хөлөө бариад газарт унасан чинь Бавуу миний гутлын цахилгааныг нээгээд үзтэл аймар хавдчихсан байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 5 дугаар тал/,

           -  гэрч С.Мөнхцэцэгийн:...тэгээд дахиад өшиглөх гэхээр нь Шинэтуяа эргүүлээд хөлөөрөө зөрүүлээд өшиглөсөн чинь Эрдэнэцэцэг хөлөө бариад газар унасан. Тэгээд сандралдаад Шинэтуяа Эрдэнэцэцэгийг үүрээд гэмтлийн эмнэлэгт хүргэж өгөхөд хөл нь хугарсан байна гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар тал/,

           -   гэрч Ц.Бавуугийн:...Эрдэнэцэцэг тэнд байсан нэг танихгүй хүнтэй хэсэг маргалдсан бөгөөд гэнэт ёо ёо гэж хэлээд газар өнхөрөөд уначихсан, тэгээд юу болов гээд бид нар сандралдсан чинь Эрдэнэцэцэг газар хөлөө барьчихсан сууж байсан, тэгээд юу болов гэж асуухад Шинэтуяа өшиглөсөн гэсэн. Тэгээд Шинэтуяа бид хоёр Эрдэнэцэцэгийг аваад гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд хөл нь хугарсан байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,

           - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2011 дугаар дүгнэлт. /хх-ийн 16-17 дугаар тал/ зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.         

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл юунаас болж маргалдсан,  шүүгдэгч нь хохирогчийн хөлрүү өшиглөж түүний биед гэмтэл учруулсаныг шүүгдэгч, хохирогч, гэрч хэн аль нь зөрүүгүй мэдүүлсэн  мэдүүлэг зэрэг үйл баримтуудыг агуулж байх ба шүүгч энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой  нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлж  үнэн зөв гэж үзсэн болно.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь  согтуурсан үедээ хохирогчийг бусадтай маргалдаж байх үед нь  салгахын оронд ямар нэг шалтгаангүйгээр  нь хөлрүү нь өшиглөж  гэмтэл учруулж байгаа нь гэм буруугийн  санаатай  үйлдэл  байна өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль  бус шинжтэй  болохыг  ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн  болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр хангалттай нотлогдож байх тул Г.Шгийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Г.Шг  хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял оногдуулахдаа  дээр дурдсан гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад Г.Шг нийтийн ашиг сонирхолд тустай  ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэх байдлаар цээрлүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Ингээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Г.Шд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоов.

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

Хохирогч С.Эрдэнэцэцэг нь шүүгдэгч Г.Шгаас нийт хохиролд 1.653.806 төгрөг нэхэмжилсэн Г.Ш нь үүнээс 300.000 төгрөгийг хохирогчид төлж барагдуулсан, хохирогч нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 200.000 төгрөгний хөнгөлөлт эдэлсэн байх тул шүүгдэгч Г.Шгаас 1.353.806 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Байгалмаад /Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар/ 200.000 төгрөгийг, хохирогч С.Эрдэнэцэцэгт 1.153.806 төгрөгийг тус тус олгож хохирогч С.Эрдэнэцэцэг нь цаашид гарах эмчилгээний зардлаа  Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар бар имтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэй  болохыг дурдаж  шийдвэрлэлээ.  

Шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг  сануулж, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус  дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.Ш-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Шд 500 /таван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Шд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.                    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Шд нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Шүүгдэгч Г.Ш нь урьд цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

          6. . Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус  зааснаар шүүгдэгч Г.Шс 1.353.806 /нэг сая гурван зуун тавин гурван мянга найман зуун зургаан/ төгрөгийг гаргуулж хохирогч С.Эрдэнэцэцэгт 1.153.806 / нэг сая нэг зуун тавин гурван мянга найман зуун зургаа/ төгрөгийг,  Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банкны  дансанд 200.000   /хоёр зуун мянган/ төгрөгийг  тус тус олгосугай.

          7. Хохирогч С.Эрдэнэцэцэг нь нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

9. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Шд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

.

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           С.БАТЖАРГАЛ

 

 

 

 

 

 

 

2022.03.03     11 цаг  20 минут