Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/182  

 

 

 

 

 

 

    2022        02          28                                      2022/ШЦТ/182                                                                                          

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн  анхан шатны  шүүхийн байранд,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ, улсын яллагч Д.Эрдэнэчимэг, шүүгдэгч Б.Ж /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Б.Жд холбогдох эрүүгийн “220300015 0065” дугаартай, 186/2022/0117/Э индекстэй хэргийг 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцэв.

        Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1963 оны 11 дүгээр сарын 12-ний өдөр Завхан аймагт төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Зуслангийн задгайд оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б.Ж,

          Холбогдсон хэргийн талаар:

          Шүүгдэгч Б.Ж нь  2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 22 цаг 50 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Миний дэлгүүрийн хойд замд Toyota Prius 20 маркийн 41-93 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-т “Жолоочид дараах зүйлийг хориглоно: a/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 3.5-т “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ. д/ согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох зорилгоор шинжилгээ авах хүртэл, эсхүл ийм шинжилгээ авах шаардлагагүй гэж цагдаагийн ажилтан шийдвэр гаргах хүртэл энэ төрлийн зүйл хэрэглэхгүй байх.", 3.4-т “Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах;”, мөн дүрмийн 18.3-т “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч С.Нямрагчааг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан

гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас  мэдүүлсэн мэдүүлэг:

1.1. Шүүгдэгч Б.Ж нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 11 цаг 50 минутын орчимд би хүүхдээ автобусын буудал хүргэж өгчихөөд буцаад харьж явахад гэнэт хажуугаас хүн машины урд ороод ирсэн. Тэгээд би зогсоод энэ хүнийг аваад гэмтлийн эмнэлэг орсон. Гэмтлийн эмнэлэг явж байхад хохирогч ухаан алдаагүй. Би гэмтлийн эмнэлэг явж байхад ар гэрийхэнтэйн холбоо барьж эмнэлэгт эмчлүүлж байхад нь эм тарианых нь мөнгийг өгч байсан гэв.

1.2. Хохирогч С.Нямрагчаа нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Би 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр найзтайгаа 2 шил пиво уучихаад дэлгүүр орж бэлэн гоймон авахаар явсан. Тэгээд дэлгүүрт таньдаг хүн таараад хэсэг юм ярьж байгаад гарсан. Тэгсэн зам гарах гэж байтал гэнэт гэрэл ороод ирсэн. Миний хувьд гомдолтой байна гэв.

Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

2.1.  Мөрдөн шалгах ажиллагааны явцад  хохирогч С.Нямрагчаагийн:..би 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр таньдаг хүнтэйгээ 2 пиво уугаад гэртээ ирсэн. гэрээсээ 21:00 цаг өнгөрч байхад дэлгүүр орж бэлэн гоймон авах гээд “Баян нуур” дэлгүүр орсон. Би гэртээ картаа орхисон байсан учир буцаад гарсан. Дэлгүүр дээр Баяраа гээд таньдаг залуутай уулзсан. Дэлгүүрээс гараад гэртээ харих гээд зам хөндлөн гарч явтал гэнэт гэрэл гялбаад машин ирээд мөргөсөн. Тэгээд ухаан алдсан нэг сэрэхэд машинд явж байсан, нэг сэрэхэд гэмтэл дээр байсан гэх мэдүүлэг. /хх 17-20 дугаар тал/,

           2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Бямбасүрэнгийн:.. С.Нямрагчаа нь миний төрсөн дүү бөгөөд багадаа зүгээр байсан боловч сүүлд унаж татдаг өвчтэй болоод эмнэлгээр явсан бөгөөд 2004 оноос группд орж одоо болтол 80%-ийн группд байна. Унаж таталт өгөхгүй үедээ бол зүгээр байдаг....хаврын улиралд өвчин нь хөдөлдөг байсан....одоо Шархадны эмнэлгийн хяналтанд байдаг бөгөөд cap бүр эмийг нь авдаг, хааяа очиж эмнэлэгтээ үзүүлдэг юм. Сүүлийн хэдэн жил эмээ уугаад өвчин нь тогтвортой байгаа. ...одоогоор 500.000 төгрөг гараад байна....эмчилгээний төлбөрүүдийг гаргуулах, цаашид хийгдэх эмчилгээний төлбөрийг гаргуулах хүсэлтэй байна. Нэхэмжлэх тооцоог дараа нь гаргаж өгнө, жолооч үүргээ биелүүлээгүйд гомдолтой байна гэх мэдүүлэг /хх-ийн 23  дугаар тал/,

           2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад  гэрч Х.Оюунцэцэгийн:...2021 оны 12 дугаар сарын 15-ны орой гэртээ байж байтал манай хүүхэд Очир-Эрдэнийг цэргийн ангиас нь дуудаад нөхөр бид 2 автобусны буудал хүргэж өгөхөөр гарсан. Тухайн үед гэрээс хүү Очир-Эрдэнэ, нөхөр Жаргалсайхан нарын хамт гарсан. Манай хүү       Очир-Эрдэнэ 105 дугаар цэргийн ангид ахлагч ажилтай бөгөөд ажлаас нь маргааш шалгалттай гээд ажлынхан нь дуудсан учир ажил руугаа явах гээд гарсан. Гэрээс гараад приус маркийн 41-93 УНЗ дугаарын автомашиныг хүү Очир-Эрдэнэ жолоодон 7 буудлын автобусны буудал дээр очоод тэндээс автобусанд суугаад явна гээд үлдсэн. Манай нөхөр Жаргалсайхан машинаа бариад би жолоочийн  хажууд суугаад 7 буудлаас дээшээ явсан. Хуучин хорооны буудлын орчим эсрэг хөдөлгөөнтэй 8 эгнээ замаар зүүнээс баруун тийш чиглэлд явж байтал Мини маркетын үүдэнд 1 автомашин гэрлээ маш хурцаар асаан зогсож байсан бөгөөд би нөхөртэйгөө энэ ямар хурц гэрэлтэй машин бэ гэж ярьж байсан бөгөөд гэнэт хажуу талаас гэрэлд хүн гараад ирэх шиг болоод манай машин огцом баруун гар тийш дараад тоормос гишгээд зогссон. Цонх маш хүчтэй пид гээд дуугарсан. Машин зогсоод бид 2 буугаад очиход тэр залуу газарт уначихаад өндийж байсан. Машины зүүн талаас өндийсөн. Тэр ганцаараа явж байсан. Бид хоёр дэмжээд машинд суулгаад гэмтлийн эмнэлэг рүү явсан. Замдаа эхнэрлүү нь ярьж хэлсэн. Гэмтэл дээр гэрийнхэн нь гэх 3 хүн ирсэн. Гипсдүүлээд өвчин намдаах тариа хийлгээд явж болно гэхээр нь машинд суулгаад явах гэтэл толгой нь өвдөөд байна гэхээр нь буцаан оруулж дусал хийлгэж эм уулгасан гэсэн. Тэр хүн тайвшираад унтаад өгсөн. Тэр хүн маш их согтуу байсан. Тэр хүн ослын дараа би явъя гээд байсан. 03 цаг болж байх үед эмч нар яв гэхээр нь бид нар явцгаасан. Манай хүү үлдээд гэрт нь хүргэж өгсөн. Гэрлүүгээ орсон гэсэн. Биднийг унтаагүй байх үед манай хүү ирээд бие нь гаагүй болсон гэж хэлсэн. Осол гарах үед цагдаа, түргэнд дуудлага өгөөгүй. Хүнээ аваад гэмтэл явсан гэх мэдүүлэг. /хх-ийн 36 дугаар тал/,

           2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад  гэрч Ж.Хас-Очирын:..2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гаргасан ослын талаар мэдэх зүйл байхгүй. Би тухайн өдөр аавынд байж байгаад гэртээ харихаар явсан. Тухайн өдөр аав архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан.  Би гэртээ хариад байх үед надруу аав, ээж 2 залгаад хүн шүргэсэн талаар хэлээд гэмтэл рүү явж байна гэхээр нь би араас нь очсон. Очиход яг эмнэлэг орохоос өмнө таарсан бөгөөд гэмтэл дээр хүнийг өргөлцөж оруулаад зургийг нь авхуулахад хөл нь хугарсан байна гэсэн. Гэмтэл ороод удаагүй байхад аав маань маш их сандраад даралт нь ихсээд хөл гар нь чичрээд байхаар нь би харвах бий гэж бодоод гэмтлийн эмнэлгийн хойд талын хүнсний дэлгүүрээс 1 шил 0.33 литрийн хараа архи, ус ундааны хамт аваад автомашин дотор аваад машин дотор байсан жижиг аягаар ойролцоогоор 50 гр орчим уулгасан. Тэгээд бие нь гаагүй болох шиг болсон. Би тухайн үед цагдаа дуудсан эсэхийг мэдээгүй. Ар гэр нь гэмтлийн цагдаатай уулзаад байсан бөгөөд бүртгүүлсэн гэж бодож байсан. Осол нь хаана болсныг сайн мэдэхгүй. Гэхдээ нөгөө хүнийг эмнэлгээс гэрт нь хүргэж өгөхөд осол гарсан газрыг харсан гэх мэдүүлэг.      /хх-ийн 39 дүгээр тал/,

            2.5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад  гэрч Г.Цэндсүрэнгийн:..2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр осол гарах үед хамт байгаагүй. Манай нөхөр Нямрагчаа автомашинд мөргүүлсэн гэж сонсоод гэмтлийн эмнэлэг дээр очсон.  Очихдоо хадам эгч болох Аюушнямтай хамт очсон. Очиход эмчид үзүүлээд хөл нь хугарсан гэсэн оноштой байсан. Орон дээр хэвтэж байсан. Жолооч нь гэх настай хүн эхнэр хүүхдийн хамт ирчихсэн байсан. Нямрагчааг гэмтлийн эмнэлэгт хэвтүүлээгүй. Эмнэлгээс яв гэхээр нь гараад машинд суулгатал толгой өвдөөд байна гэхээр нь буцаагаад оруулаад эм тариа хийлгэсэн. Толгойгоороо шил мөргөсөн байсан. Жолооч нь тохойгоороо шил хагарсан гэж хэлээд байсан. Толгойг нь эмч нь хараад зүгээр зулгарсан байна гэж хэлж байсан. Жолооч нь гэх эрэгтэй хүн тухайн үед үүдэн дээр хүлээж байсан бөгөөд хаалгаар гарах гэтэл жолоочийн эхнэр гэх хүн эмчээс манай нөхрийн даралт ихсээд байхаар нь би 100 гр архи өгсөн гэж хэлж байсан. Хадам эгч бид 2 тэгж сонссон. Жолоочийн хүүхэд нь гэх залуу биднийг гэрт хүргэж өгөх гээд явж байх үедээ 100.000 төгрөг өгнө гэхээр нь би аваагүй. Дансаа өгөөгүй. Гэрт хүргэж өгөөд явсан. Манай нөхрийн автомашин осол гарсан газрын хойд талд буюу Баяннуур дэлгүүрийн хойд талд байсан бөгөөд тэр машиныг жолоочийн хүү нь манай гэрт хүргэж өгөөд хашаанд оруулсан. Гэмтэл дээр жолоочийг архи уухыг хараагүй. Жолоочоос үнэртэж байсан эсэхийг би мэдэхгүй байна. Жолооч биднээс хол байсан ойртоогүй гэх мэдүүлэг. /хх-ийн 43 дугаар тал/,

           2.6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад  гэрч Д.Аюушнямын:..2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр осол гарах үед би хамт байгаагүй. Манай дүү Нямрагчаа машинд мөргүүлсэн гэж сонсоод гэмтлийн эмнэлэг дээр очсон. Очихдоо эхнэр нь болох Цэндсүрэнтэй хамт очсон. Очиход эмчид үзүүлээд хөл нь хугарсан гэсэн оноштой байсан. Жолооч нь гэх настай хүн эхнэр хүүхдүүдийн хамт ирчихсэн байсан. Нямрагчааг гэмтлийн эмнэлэгт хэвтүүлээгүй бөгөөд толгой нь хагараагүй, цус хураагүй байна гээд гаргасан. Жолооч нь гэх эрэгтэй хүн тухайн үед үүдэн дээр хүлээж байсан бөгөөд хаалгаар гарах гэтэл жолоочийн эхнэр гэх хүн эмчээс манай нөхрийн даралт ихсээд байхаар нь би 100 гр архи өгсөн гэж хэлж байсан. Гэхдээ би тухайн үед уугаагүй, өмнө нь уусан байсан гэж бодож байна. Эмч тухайн үед юм хэлээгүй. Би гэмтлийн цагдаад орж осол гарсан талаар хэлсэн боловч хүмүүс нь байгаа юу гээд замын цагдаад өргөдөл өгч болно гэхээр нь би гараад явсан. Тэгээд маргааш нь өргөдөл өгсөн. Тухайн үед манай бэртэй ярьсан гэсэн надтай огт яриагүй. Жолооч надад танай дүү замын хажуугаас орж ирээд тохойгоороо шил мөргөж хагалаад унаад өгсөн бөгөөд бид нар гэмтэл хүргэсэн гэж хэлсэн. Эмнэлгээс яв гэхээр нь гараад машинд суулгатал толгой өвдөөд байна гэхээр нь буцаагаад оруулаад эм тариа хийлгэсэн. Толгойгоороо шил мөргөсөн байсан. Гэмтэл дээр жолоочийг архи уухыг хараагүй. Жолоочоос үнэртэж байсан эсэхийг би мэдэхгүй байна гэх мэдүүлэг. /хх-ийн 46 дугаар тал/,

           2.7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 625 дугаартай дүгнэлт:

           1. С.Нямрагчаагийн биед баруун тахилзуур ясны толгой хэсгийн далд хугарал, тархи доргилт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

           2.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүгэгдэнэ.

           3.4. Учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

           5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

           6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Э.Баасанжав гэжээ. /хх-ийн 59-60 дугаар тал/,

   Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1.Улсын яллагч: Хавтаст хэргээс хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл хавтаст хэргийн 8-16 дугаар тал, яллагдагчийн жолоодох эрхийн лавлагаа хавтаст хэргийн 80 дугаар тал, хохирогч Нямрагчаагийн мэдүүлэг хавтаст хэргийн 17-20 дугаар тал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Бямбасүрэнгийн мэдүүлэг хавтаст хэргийн 32 дугаар тал, хавтаст хэргийн 66-70 дугаар тал, хавтаст хэргийн 72-73 дугаар тал, хавтаст хэргийн 23 дугаар тал, яллагдагч Жаргалсайханы мэдүүлэг хавтаст хэргийн 111 дүгээр тал, хүний биед үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлт хавтаст хэргийн 59-60 дугаар тал, техник хяналтын дүгнэлт хавтаст хэргийн 69-70 дугаар тал, мөрдөгчийн магадлагаа хавтаст хэргийн 74 дүгээр тал зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. 

Хохирогч: Хавтаст хэргээс тусгайлан шинжлэн судлуулах зүйлгүй гэв. 

Шүүгдэгч: Хавтаст хэргээс тусгайлан шинжлэн судлуулах зүйлгүй гэв. 

Гэм буруугийн талаар:

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй, Эрүүгийн  хуулийг буруу  хэрэглээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн  хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн  хүрээнд  явуулсан болно.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

 

            Шүүгдэгч Б.Ж нь  2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 22 цаг 50 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Миний дэлгүүрийн хойд замд Toyota Prius 20 маркийн 41-93 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-т “Жолоочид дараах зүйлийг хориглоно: a/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 3.5-т “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ. д/ согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох зорилгоор шинжилгээ авах хүртэл, эсхүл ийм шинжилгээ авах шаардлагагүй гэж цагдаагийн ажилтан шийдвэр гаргах хүртэл энэ төрлийн зүйл хэрэглэхгүй байх.", 3.4-т “Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах;”, мөн дүрмийн 18.3-т “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч С.Нямрагчааг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

- хохирогч С.Нямрагчаагийн:..дэлгүүрээс гараад гэртээ харих гээд зам хөндлөн гарч явтал гэнэт гэрэл гялбаад машин ирээд мөргөсөн. Тэгээд ухаан алдсан нэг сэрэхэд машинд явж байсан, нэг сэрэхэд гэмтэл дээр байсан гэх мэдүүлэг. /хх-17-20 дугаар тал/,

- гэрч Х.Оюунцэцэгийн:...2021 оны 12 дугаар сарын 15-ны орой гэртээ байж байтал манай хүүхэд Очир-Эрдэнийг цэргийн ангиас нь дуудаад нөхөр бид 2 автобусны буудал хүргэж өгөхөөр гарсан. Тухайн үед гэрээс хүү Очир-Эрдэнэ, нөхөр Жаргалсайхан нарын хамт гарсан. Манай хүү Очир-Эрдэнэ 105 дугаар цэргийн ангид ахлагч ажилтай бөгөөд ажлаас нь маргааш шалгалттай гээд ажлынхан нь дуудсан учир ажил руугаа явах гээд гарсан. Гэрээс гараад приус маркийн 41-93 УНЗ дугаарын автомашиныг хүү Очир-Эрдэнэ жолоодон 7 буудлын автобусны буудал дээр очоод тэндээс автобусанд суугаад явна гээд үлдсэн. Манай нөхөр Жаргалсайхан машинаа бариад би жолоочийн  хажууд суугаад 7 буудлаас дээшээ явсан. Хуучин хорооны буудлын орчим эсрэг хөдөлгөөнтэй 8 эгнээ замаар зүүнээс баруун тийш чиглэлд явж байтал Мини маркетын үүдэнд 1 автомашин гэрлээ маш хурцаар асаан зогсож байсан бөгөөд би нөхөртэйгөө энэ ямар хурц гэрэлтэй машин бэ гэж ярьж байсан бөгөөд гэнэт хажуу талаас гэрэлд хүн гараад ирэх шиг болоод манай машин огцом баруун гар тийш дараад тоормос гишгээд зогссон. Цонх маш хүчтэй пид гээд дуугарсан. Машин зогсоод бид 2 буугаад очиход тэр залуу газарт уначихаад өндийж байсан. Машины зүүн талаас өндийсөн. Тэр ганцаараа явж байсан. Бид хоёр дэмжээд машинд суулгаад гэмтлийн эмнэлэг рүү явсан....гэх мэдүүлэг. /хх-ийн 36 дугаар тал/, 

- гэрч Ж.Хас-Очирын:..2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гаргасан ослын талаар мэдэх зүйл байхгүй. Би тухайн өдөр аавынд байж байгаад гэртээ харихаар явсан. Тухайн өдөр аав архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан.  Би гэртээ хариад байж байх үед надруу аав, ээж 2 залгаад хүн шүргэсэн талаар хэлээд гэмтэл рүү явж байна гэхээр нь би араас нь очсон. Очиход яг эмнэлэг орохоос өмнө таарсан бөгөөд гэмтэл дээр хүнийг өргөлцөж оруулаад зургийг нь авхуулахад хөл нь хугарсан байна гэсэн....гэх мэдүүлэг. /ххийн 39 дүгээр тал/,

- гэрч Г.Цэндсүрэнгийн:..2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр осол гарах үед хамт байгаагүй. Манай нөхөр Нямрагчаа автомашинд мөргүүлсэн гэж сонсоод гэмтлийн эмнэлэг дээр очсон.  Очихдоо хадам эгч болох Аюушнямтай хамт очсон. Очиход эмчид үзүүлээд хөл нь хугарсан гэсэн оноштой байсан...гэх мэдүүлэг. /хх-ийн 43 дугаар тал/, 

- гэрч Д.Аюушнямын:..2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр осол гарах үед би хамт байгаагүй. Манай дүү Нямрагчаа машинд мөргүүлсэн гэж сонсоод гэмтлийн эмнэлэг дээр очсон. Очихдоо эхнэр нь болох Цэндсүрэнтэй хамт очсон. Очиход эмчид үзүүлээд хөл нь хугарсан гэсэн оноштой байсан. Жолооч нь гэх настай хүн эхнэр хүүхдүүдийн хамт ирчихсэн байсан. Нямрагчааг гэмтлийн эмнэлэгт хэвтүүлээгүй бөгөөд толгой нь хагараагүй, цус хураагүй байна гээд гаргасан....гэх мэдүүлэг. /хх-ийн 46 дугаар тал/,  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 625 дугаар дүгнэлт. /хх-ийн 59-60 дугаар тал/, Автотээврийн үндэсний Төв ТӨҮГ  техникийн үзлэгийн 2022оны 01 дүгээр сарын 03-ны  өдрийн 11 дугаар дүгнэлт. /хх-ийн 66-69 дүгээр тал/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хүний биед хүндэвтэр гэмтэл учирсан, Б.Жы гэм буруугийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.2-д заасан “Авто тээврийн  хэрэгслийн жолооч тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Жаргалсахан нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ автомашин жолоодох болохгүй гэдгийг мэдсээр байж, өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж  чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэнээс хүний биед хүндэвтэр хохирол учруулсан  гэм буруугийн болгоомжгүй үйлдэл байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Тээврийн прокурорын  газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Жыг “Авто тээврийн  хэрэгслийн жолооч тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн  7.1 дүгээр зүйлийн 1-д “ хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан...бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний  хувийн байдлыг  харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг  оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж хуульчилжээ.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээр дурдсан гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад Б.Жд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, эрх хязгаарлах албадлагын  арга хэмжээ авч  шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй  байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тус тус тайлбарлав.

Шүүгдэгч Б.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, урьд авсан хувийн баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлэх, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа гаргуулах тухай хүсэлтийг тус тус  дурдах нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б.Ж-ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан “Авто тээврийн  хэрэгслийн жолооч тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Жыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/  жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Жд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг /жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг үүрэг хүлээлгэсэн үеэс эхлэн тоолсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.

5. Шүүгдэгч Б.Ж нь Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж түүнд хяналт тавихын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй  бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож  ял оногдуулахыг тайлбарласугай.

7. Шүүгдэгч Б.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн  баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй  болохыг тус тус дурдсугай.

8. Хохирогч С.Нямрагчаа нь цаашид гарах эмчилгээний  зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Жд  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             С.БАТЖАРГАЛ