| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 186/2022/0159/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/195 |
| Огноо | 2022-03-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Баянжаргал |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 2022/ШЦТ/195
2022 03 03 2022/ШЦТ/195
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ, улсын яллагч Ж.Баянжаргал, шүүгдэгч Д.Т /өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Тт холбогдох эрүүгийн “2211 000000 0232” дугаартай, 186/2022/0159/Э индекстэй хэргийг 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1975 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрөгч, угсрагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 49-1127 тоотод бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын А-ийн 2-35 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Д.Т,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Т нь 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 17 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нарийн гудамжинд иргэн П.Дүгэрсүрэнг зодож биед нь “хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зовхинд цус хуралт” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
1.1.Шүүгдэгч Д.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...“мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлгээ үнэн зөв өгсөн тул мэдүүлэг өгөхгүй ” гэв.
Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1.Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч П.Дүгэрсүрэнгийн:...Чингэлтэй дүүргийн 7 хорооноос хойшоо байдаг нарийн гудамжаар уруудаад явж байтал урдаас 1 залуу ирж байсан, би тухайн үед нэлээн согтсон, бараг тасрах шинжтэй байсан. Нарийн гудамжаар уруудаж байгаад урдаас ирж байсан тэр залуу хажуугаар зөрөх үед нь би 2 гараараа тэр залууг бариад авсан. Тэгтэл тэр залуу намайг шууд толгойгоороо нүүрэн тус газар 1 удаа мөргөсөн. Тэр үед би шууд нүүрээ дараад доошоо суусан чинь хажуунаас манай найз тэр залууд энэ хүн үхчихлээ шүү дээ одоо яах юм бэ, яаж гэрт нь хүргэж өгөх юм гэсэн чинь нөгөө залуу нь гайгүй байна шүү дээ ах, зүв зүгээр байна гэж хэлчихээд зугтаагаад явчихсан. Намайг мөргөсөн гэх залуу явахдаа хар өнгийн гар утсаа газар унагаасан байсныг манай найз Зайсан авсан байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 13 дугаар тал/,
2.2.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Р.Зайсанбаатарын:..Дүгэрээ бид 2 нэг гудамжинд байдаг тул гэртээ харихаар Гансүхээс гарч 7 дугаар хорооноос доош уруудаад явж байтал гудамны булан өнгөрөөд нэг залуу гарч ирээд өөдөөс явж байтал Дүгэрээ хөөе гээд бариад авч байхаар нь таньдаг хүн нь юм болов уу гэж бодоод харж байтал нөгөө залуу нь хамар луу нь мөргөж цус гаргаад зугтаачихсан. Тэр залуу зугтсаны дараа Дүгэрээтэй зууралдаж байгаад л унагасан байх газарт нэг утас байж байсан. Өндөрдүү, харааны нүдний шилтэй, шардуу царайтай, цайвар ногоон өнгийн богино малгайтай куртиктэй залуу байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 20 дугаар тал/,
2.3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 1499 дугаартай:
1. П.Дүгэрсүрэнгийн биед хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.
3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.
5. Дээрхи гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. Ахлах шинжэч эмч Н.Туяа гэх дүгнэлт /хх-ийн 25-26 дугаар тал/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1. Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34 дүгээр тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 29 дүгээр тал/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 62 дугаар тогтоол /хх-ийн 59 дүгээр тал/, шүүгдэгч, хохирогчийн гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 58 дугаар тал/, шүүх хуралд өмгөөлөгч авахгүй өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох тухай хүсэлт зэргийг шинжлэн судлалаа.
Гэм буруугийн талаар:
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч Д.Т нь 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 17 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нарийн гудамжинд иргэн П.Дүгэрсүрэнг зодож биед нь “хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зовхинд цус хуралт” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
- хохирогч П.Дүгэрсүрэнгийн:...нарийн гудамжаар уруудаж байгаад урдаас ирж байсан тэр залуу хажуугаар зөрөх үед нь би 2 гараараа тэр залууг бариад авсан. Тэгтэл тэр залуу намайг шууд толгойгоороо нүүрэн тус газар 1 удаа мөргөсөн…гэх мэдүүлэг. /хх-ийн 13 дугаар тал/,
- гэрч Р.Зайсанбаатарын:..Дүгэрээ бид 2 нэг гудамжинд байдаг тул гэртээ харихаар Гансүхээс гарч 7 дугаар хорооноос доош уруудаад явж байтал гудамны булан өнгөрөөд нэг залуу гарч ирээд өөдөөс явж байтал Дүгэрээ хөөе гээд бариад авч байхаар нь таньдаг хүн нь юм болов уу гэж бодоод харж байтал нөгөө залуу нь хамар луу нь мөргөж цус гаргаад зугтаачихсан....гэх мэдүүлэг. /хх-ийн 20 дугаар тал/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 1499 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25-26 дугаар тал/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг эд зүйл булаах нь гэж андуурч цохиж биед нь гэмтэл учруулж байгаа нь гэм буруугийн санаатай үйлдэл байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байх тул Д.Тын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Д.Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Хохирогч П.Дүгэрсүрэн нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 150.000 төгрөгний эмчилгээний зардал гаргуулж авсан байх тул төрд учирсан хохирол болох 150000 төгрөгийг шүүгдэгч Д.Таас гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Байгалмаа / Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт/ олгох, хохирогч П.Дүгэрсүрэн нь Д.Ттай эвлэрсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад бичгээр хүсэлт гаргаж өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан гэм хорыг арилгасан байна гэж шүүх үзлээ.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг зурсан прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Д.Тыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тыг 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тыг зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар болох Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрээс гадагш явахыг тус тус хориглосугай.
4. Шүүгдэгч Д.Т нь шүүхээс тогтоосон чиглэлээр зорчиж, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суух газраа өөрчлөх, зорчихыг анхааруулсугай.
5. Зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Таас 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банкны 100900020080 дугаар дансанд оруулсугай.
8. Шүүгдэгч Д.Т нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд зүйл хурааж битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ