Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/65

 

 

 

 

 

 

 

 

2022             01            21                                        65

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга: М.Нарансолонго, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Баянмөнх,

шүүгдэгч: С.Бу нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол  дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Бу-д холбогдох эрүүгийн 220500040490025 дугаартай, 1 хавтас хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1986 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Архангай аймгийн Тамир суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, туслах сувилагч мэргэжилтэй, ГССҮТөвд ******** *******ажилтай, ***** төгрөгийн цалинтай, ам бүл 4, эх, 8-13 насны 2 хүүхдийн хамт ********************** оршин суух, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар **********, С.Бу.

 

Шүүгдэгч С.Бу нь согтуугаар 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өглөөний 09 цагийн үед Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн Ард-Аюушийн 01-13 тоотод байдаг бусдын гэрт үл ойлголцох, хэрүүл маргааны улмаас хохирогч М.Няг гараараа үсдэж, зодон түүний эрүүл мэндэд нь тархи доргилт, зулайн хуйхны язарсан шарх, хуйхан доорх цус хуралдалт, зүүн шилбэний цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Бу мэдүүлэхдээ:

Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Хохирогчоос уучлалт гуйж, 1 470 000 төгрөгийн хохирол төлсөн ба хохирогч гомдол, саналгүй гэж хэлсэн. Улсын яллагчтай тохиролцсон 500 000 төгрөгийн торгуулийн ялыг сайн дураар зөвшөөрч байна. Энэ торгуулийг ажил хийж байгаа тул удахгүй төлнө. Дахиж ийм үйлдэл гаргахгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч М.Ня мэдүүлэхдээ:

2021 оны 11 дүгээр сарын 24-ний өглөө миний бие өөрийн амьдардаг Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн Ард-Аюушийн 1-13 тоот гэртээ найз Э-ын хамтраар байж байтал 09 цагийн орчимд надтай ГССҮТөвд хамт ажилладаг Бу гэх эмэгтэй ганцаараа орж ирсэн бөгөөд тухайн үед орж ирэхдээ эрүүл, нэг шил 0,5 литрийн савалгаатай архи барьчихсан орж ирээд надтай хамт ууя гэхээр нь би зөвшөөрөөд Бу бид хоёр  хамт архи уусан. Манайд байсан Энхжаргал маань ажилтай байсан учир явлаа гээд яваад өгсөн. Тэгээд Бу бид хоёр ууж байсан архиа ууж дуусгаад би Буд хандаж, “чи их хараалын үг хэлэх юм аа” гэж хэлэхэд над руу уурлаад, хэрүүл хийгээд байхаар нь би одоо манайхаас яв гэж хэлээд гэрээсээ гаргах гэтэл гарахгүй байхаар нь түүний гар цүнхийг нь гэрээсээ гаргаад шидтэл гадагшаа цүнхээ авснаа эргэж орж ирээд намайг үсдэж, газар унагаагаад миний дээр гарч сууж байгаад толгойноос минь үсдсэн чигээрээ толгойн дагз хэсгийг газар хоёр удаа мөргүүлчихээд өөрөө миний дээрээс босоод гэрээс гараад зугтаасан. Тэгээд би тэр даруйдаа ГССҮТөвд очиж, тархины томографийн зураг авахуултал газар мөргүүлсэн дагз хэсэгтээ цус хуралттай байна гэж оншлогдсон. Би зодуулсан даруйдаа тархины томографийн зураг авахуулсан, Манал Оточ эмнэлэгт 15 хоног хэвтэн эмчлүүлсэн бөгөөд эмнэлэгт хэвтсэн хугацаандаа 15 хоногийн лист бичүүлж авсан. Манал Оточ эмнэлэгт хэвтэхэд 900 000 төгрөг, цусны дэлгэрэнгүй шинжилгээ өгсөн 25 000 төгрөг, эмнэлэгт хэвтэхэд листний зөрүү мөнгө болох 550 000 төгрөг, нийлээд 1 475 000 төгрөг болж байгаа бөгөөд үүнээс Бу надад 200 000 төгрөгийг бэлнээр өгсөн. Одоо үлдэгдэл 1 275 000 төгрөгийг нэхэмжилж байна.

С.Бугаас өөрт учирсан хохирол болох 1 270 000 төгрөгийг 2022 оны 1 дүгээр сарын 17-нд авсан гомдол саналгүй гэжээ. (хэргийн 19-20, 64 дүгээр хуудас)

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн шинжээчийн 12102 дугаар дүгнэлтэд:

1. М.Нягийн биед тархи доргилт, зулайн хуйхны язарсан шарх, хуйхан доорх цус хуралдалт, зүүн шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, цохих үйлдлээр үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэжээ. (хэргийн 26 дугаар хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

С.Бу нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 56 дугаар хуудас)

                                               

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

Шүүгдэгч С.Бу нь согтуугаар 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өглөөний 09 цагийн үед Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн Ард-Аюушийн 01-13 тоотод байдаг бусдын гэрт үл ойлголцох, хэрүүл маргааны улмаас хохирогч М.Няг гараараа үсдэж, зодон түүний эрүүл мэндэд нь тархи доргилт, зулайн хуйхны язарсан шарх, хуйхан доорх цус хуралдалт, зүүн шилбэний цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч М.Нягийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн шинжээчийн 12102 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас С.Буд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хохирогч нь өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлсэн талаар 925 000 төгрөгийн нотлох баримтыг гаргаж, “Манал Оточ” эмнэлэгт хэвтэхэд 900 000 төгрөг, цусны дэлгэрэнгүй шинжилгээ өгсөн 25 000 төгрөг, эмнэлэгт хэвтэхэд листний зөрүү мөнгө болох 550 000 төгрөг, нийт 1 475 000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч 1 470 000 төгрөг төлж, хохирогч М.Ня гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул С.Буг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.    

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял болон түүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500 000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагын саналыг сайн дураар зөвшөөрч байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Бу-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Буг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг С.Буд даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар С.Бу нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч С.Бу цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.Буд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН