Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 090

 

Х.Саулений нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгчид Н.Туяа, Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 293 дугаар шийдвэртэй, Х.Саулений нэхэмжлэлтэй, Цэнгэл сумын хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Ардабек, нэхэмжлэгч Х.Саулен, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Сьезд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хөдөлмөрийн гэрээнд заасан цалин хөлсийг ТҮ-6-гаар бүтнээр, Засгийн газрын 90 дүгээр тогтоолын дагуу 15 хувийн нэмэгдлийг тус тус олгож байхыг Цэнгэл сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч С.Айбаршад даалгах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: Х.Саулен их эмч мэргэжилтэй, 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Б/23 тоот тушаалаар Цэнгэл сумын хүүхдийн 1 дүгээр Цэцэрлэгт эмчээр томилогдон ажиллаж байгаа. Тус цэцэрлэг нь 7 бүлэгтэй 175 хүүхэдтэй нийт 30 ажилтны бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулдаг юм. Тус цэцэрлэгт томилогдсоноос хойш Х.Саулений цалинг Хөдөлмөрийн гэрээнд зааснаар ТҮ6-аар бүтэн олгож, Засгийн газрын 90 дүгээр тогтоолын дагуу 15 хувийн нэмэгдлийг олгож байсан. Харин2017 оны 1 дүгээр сарын цалингаас эхлэн цалинг нь ТҮ6-ийн 0,5 хувиар олгож, хөдөлмөрийн гэрээнд заасан эрх зүйн байдлыг эрс дордуулж, үндсэн цалинг 248456 төгрөг болгож бууруулж олгож эхэлсэн байна. Х.Саулен одоогоор 8 сартай жирэмсэн бөгөөд дээрх байдлын улмаас сэтгэл санааны дарамтад орж, даралт ихсэж эрүүл мэндийн хувьд тайван бус байдалд хүрээд байна.

Иймд шүүхээс хүсэх нь: Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т зааснаар Хөдөлмөрийн гэрээг аль нэг тал дангаараа өөрчилж болохгүй бөгөөд, Х.Саулений Хөдөлмөрийн гэрээнд заасан ТҮ6 -гийн цалинг бүтнээр олгож, Засгийн газрын 90 дүгээр тогтоолд заасан 15 хувийн нэмэгдлийг тус тус олгож байхыг Цэнгэл сумын нэгдүгээр хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч С.Айбаршад даалгаж шүүхийн шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарын агуулга: Улаанхус сумын Билүү төвийн оршин суугч Х.Саулений итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саулешээс Цэнгэл сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчид холбогдуулан шүүхэд гаргасан Хөдөлмөрийн гэрээнд заасан цалин хөлсийг ТҮ-6 шатлалаар бүтнээр, Засгийн газрын 90 дугаартай тогтоолын дагуу 15 %-ийн нэмэгдлийг тус тус олгож байхыг Цэнгэл сумын 1 дүгээр Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчид даалгах тухай нэхэмжлэлтэй танилцаж үзээд дараах тайлбарыг хүргүүлж байна.

Нэхэмжлэгч Х.Саулен нь тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/23 дугаартай тушаалаар Цэнгэл сумын Хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн эмчээр томилогдсон байна. Тус цэцэрлэгийн орон тоо, бүтцийг эрхлэгчийн 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/05 дугаартай тушаалаар Монгол улсын Боловсролын сайд, Сангийн сайдын 1995 оны 227/199 тоот хамтарсан тушаалын 2-р хавсралт, аймгийн Боловсролын газрын 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн шинэчилсэн орон тооны дээд жишгийг тус тус үндэслэн 7 бүлэг, 175 хүүхэд, нийт 29 багш, ажилтантайгаар баталж, уг тушаалын хавсралтаар албан тушаалтнуудын нэр, ажиллаж байгаа орон тооны тоо, мөн нормативыг баталсан байх ба хүснэгтийн 6-д албан тушаалын хэсэгт Эмч, орон тоо гэсэн хэсэг 1, харин нормативыг нь 0,5-%-аар тогтоож байсан хэдий ч төсөв, санхүүгийн хувьд хүрэлцээтэй байсантай холбогдуулан эмч Х.Саулений цалинг бүтнээр олгож байжээ. Дараа нь тус цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Айбарша би 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Б/04 тушаалаар цэцэрлэгийн орон тоог шинэчлэн баталсан ба эмчийн орон тоог 0,5-%-аар тогтоож баталсан. Энэхүү эмчийн орон тоо, нормативыг 0,5-%-аар тогтоосон үндэслэлүүдийн хувьд МNS стандарт, Хүүхдийн цэцэрлэгийн захиргаа, үйлчилгээний ажилтны орон тооны үлгэрчилсэн нормативт зааснаар Хүүхдийн цэцэрлэгүүдийн ажиллагсдын орон тооны нормативыг тогтоож, цэцэрлэгийн бүлгийн тоог харгалзан ердийн ажиллагаатай цэцэрлэгүүдийн эмч нарын орон тоо, нормативыг 0,5%-аар тогтоосонтой холбоотой 1 дүгээр цэцэрлэгийн эмчийн орон тоо, нормативыг 0,5% гэж стандартад нийцүүлэн тогтоосон болно. Нөгөөтээгүүр, 2017 онд улс орон даяар эдийн засгийн хямралд өртөж, бүх байгууллагуудын төсөв, санхүү танагдаж, өмнөх жилүүдээс төсөв бага батлагдсан. Үүнтэй холбоотой дээрх стандартыг хэрэгжүүлэх, тогтоосон норм, нормативыг мөрдөж ажиллах, өмнөх тушаалаар 0,5%-аар тогтоосон хэдий ч цалинг бүтнээр олгож ирсэн стандарт, нормативыг мөрдлөг болгоогүй зөрчлийг арилгах зэрэг үйл ажиллагаатай уялдуулан тус цэцэрлэгийн эмчийн цалинг 2017 оны 01 дүгээр сараас эхлэн 0,5%-аар олгож эхэлсэн. Энэ талаар цэцэрлэгийн эрхлэгч ажил олгогчийн хувьд би эмч Х.Сауленд урьдчилан мэдэгдэж, 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/06 дугаартай тушаалаар түүний цалинг 0,5%-аар тогтоосон шийдвэр гаргаж, Хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулах тухай мэдэгдсэн боловч Х.Саулен нь 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр жирэмсний болон амаржсаны амралт авснаар Хөдөлмөрийн гэрээ одоо хүртэл шинэчлэн батлагдаагүй. Харин Хөдөлмөрийн гэрээний хугацаа 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хүчинтэй байх ба Х.Саулен нь жирэмсний амралтаа эдэлж дууссан дараа Хөдөлмөрийн гэрээг шинэчлэн батлах болно. Одоо жирэмсний амралттай байгаа эмч Х.Саулений оронд М.Баттигүлийг ажилд томилсон ба түүний цалинг 0,5 %-аар тогтоож цалинг олгож байгаа юм. Иймд тус цэцэрлэг нь хуульд заасан дүрэм, журам, стандарт, норм, нормативыг баримтлан ажил үүргээ явуулж байх тул Х.Саулений эхний шаардлага болох ТҮ-6 шатлалаар бүтнээр олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Харин 2 дахь шаардлагын хувьд тус цэцэрлэгийн эмч ажилтай Х.Саулен нь 15 хувийн нэмэгдлийг 2017 оны 01 дүгээр сарын цалингаар авсан, цаашид ч энэхүү 15 %-ийн нэмэгдлийг олгох болно. Энэ талаар маргаан байхгүй гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 293 дугаар шийдвэрээр:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 50 дугаар зүйлийн 50.1, 128 дугаар зүйлийн 128.1.11-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Саулений хөдөлмөрийн гэрээнд заасан цалин хөлсийг ТҮ6-гаар бүтнээр олгож байхыг Цэнгэл сумын Хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч С.Айбаршад даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн 2 дахь шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Саулений улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Цэнгэл сумын Хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн санхүүгээс 35100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Сауленд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай гэж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга: Миний бие Х.Саулен нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 293 дугаар шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Тус шүүхэд 2 төрлийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүхээс цалинг бүтнээр олгох гэсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хоёр дахь шаардлага болох 15 хувийн нэмэгдлийг олгох тухай шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж шийдвэрлэсэн. Шийдвэрийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй. Үүнд: Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3,-т үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ-г хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа гол тохирох нөхцөлийн нэг болгож заасан. Цэнгэл сумын Хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч нь надтай хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа цалингийн талаар тохирч, сарын үндсэн цалинг 558,559 /ТҮЭМ-4-1/ төгрөгөөр тогтоосон. Тус цэцэрлэг нь 7 бүлэгтэй, 175 хүүхэдтэй тул эмчийн орон тоо 0,5 биш 1 орон тоо болж батлагдсан. Одоо хүртэл 1 эмчийн орон тоотой үйл ажиллагаа явуулж байна. Би тус цэцэрлэгт эмчээр 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр томилогдсон, 2016 оны 11 дүгээр сараас эхлэн хугацаагүй хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.-т аль нэг тал дангаараа хөдөлмөрийн гэрээний заалтыг өөрчилж болохгүй" гэснийг ажил олгогч зөрчсөн. Тус цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Айбарша ажилчдын орон тоо, цалинг шинэчлэн тогтоосон байна. Тэгэхэд эмчийн орон тоог 1 болгож баталсан боловч цалинг 0,5 хувь болгож, миний эрх зүйн байдлыг дордуулсан. 2016 оны 12 дугаар сарын цалинг ТҮЭМ-4-1 буюу 558559 төгрөгөөр авсан. Харин 2017 оны 1 дүгээр сард миний цалингийн сүлжээг ТҮ-6 болгож өөрчилсөн, учир нь эрүүл мэндийн салбар биш учраас ТҮ-6-аар цалинжих ёстой гэсэн. Энэ талаар надад ямар ч тушаал өгөөгүй, цалинг дутуу олгосон тул үүний учрыг асуухад төсөв хүрэлцэхгүй байгаа тул хагас цалингаар цалинжуулсан гэсэн. Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 332 дугаар тогтоолын 4-р хавсралтад ТҮ-6-ийн цалинг тогтоосон байхад эрхлэгч уг тогтоолыг дураараа зөрчиж миний эрх ашгийг зөрчсөнд гомдолтой байна. Би 2017 оны 1 дүгээр сарын цалинг дутуу авч тухайн сард жирэмсний амралтаа авсан. Жирэмсний амралттай байсан тул / хөл хавдаж явж чадаагүй/ энэхүү зөрчигдсөн эрхийг хамгаалж өгнө үү гээд итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Саулешийг өмгөөлөгч гэж ойлгож, түүнд хандсан боловч тэрээр миний эрх ашгийг хамгаалах талаар хангалттай нотлох баримт гаргаж өгч чадаагүй байжээ. Эдийн засгийн хямрал нь ажил төрлөө гүйцэтгэж байгаа иргэн надад хамаагүй гэж бодож байна. Би хийсэн ажлынхаа хөдөлмөрийг үнэлүүлэн, МУЗГазрын тогтоолоор баталсан ТҮЭМ-4 ангиллаар цалинжихаар анх 2014 онд хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа хоёр тал цалингийн талаар тохирч, гарын үсэг зурсан. Одоо хүртэл тэр гэрээний заалт хүчин төгөлдөр хэвээрээ байна. Учир нь тус цэцэрлэгийн эмчийн орон тоо 1-ээр батлагдсан тул байнгын, хэвийн ажиллагаатай ажлын байртай ажилтан юм. Иймд, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 293 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. Шүүх хуралдаанд заавал биечлэн оролцох болно гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарт: Х.Саулений нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчид холбогдох Хөдөлмөрийн гэрээнд заасан цалин хөлсийг ТҮ-6-гаар бүтнээр, Засгийн газрын 90-р тогтоолын дагуу 15 хувийн нэмэгдлийг тус тус олгож байхыг Цэнгэл сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч С.Айбаршад даалгах тухай иргэний хэрэгт миний бие хариуцагчийн өмгөөлөгчөөр оролцож байгаа билээ. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн эхний шаардлага үндэслэлгүй болохыг тогтоож, 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 293 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн эхний шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн 2 дахь шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж шийдвэрлэсэн боловч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдол гаргажээ. Уг гомдолтой танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэргийг хянан шийдвэрлэсэнд буруутгах үндэслэлгүй.

Нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрсөн үндэслэлдээ: Тус цэцэрлэг нь 7 бүлэгтэй, 175 хүүхэдтэй тул эмчийн орон тоо 0,5 биш 1 орон тоо болж батлагдсан. Би тус цэцэрлэгт эмчээр 2014.09.15-ны өдөр томилогдсон, 2016 оны 11 дүгээр сараас эхлэн хугацаагүй хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа гэжээ.

Тус цэцэрлэг нь Хүүхдийн цэцэрлэгийн захиргаа, үйлчилгээний ажилтны орон тооны үлгэрчилсэн норматив батлах тухай Монгол Улсын Шинжлэх ухаан, Боловсролын сайд, Сангийн сайдын 1995 оны 227/199 тоот хамтарсан тушаалын 2-р хавсралтын дагуу Хүүхдийн цэцэрлэгүүдийн ажиллагсдын орон тооны нормативыг тогтоож, цэцэрлэгийн бүлгийн тоог харгалзан ердийн ажиллагаатай цэцэрлэгүүдийн эмч нарын орон тоо, нормативыг 0,5 %-аар тогтоосонтой холбоотой дээрх хамтарсан тушаалыг баримтлан Цэнгэл сумын 1 дүгээр цэцэрлэгийн эмчийн орон тоо, нормативыг 0,5 % гэж нормативт нийцүүлэн тогтоосон байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т ...энэ хуулийн 23.2.1-д заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулж болно... гэж заасан. Энэхүү Хөдөлмөрийн гэрээний хугацааг талууд 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хүчинтэй байхаар тохиролцсон ба аль нэг тал цуцлах санаачилга гаргах хүртэл сунгагдана гэж тусгаж, 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ажил олгогч болон ажилтан Х.Саулөн нар энэхүү гэрээг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эрх үүрэгтээ танилцаж, нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох үүргийг хүлээсэн боловч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хөдөлмөрийн гэрээнд заасан цалин хөлсийг ТҮ-6-гаар бүтнээр цалин олгож байхыг цэцэрлэгийн эрхлэгчид даалгахыг хүссэн шаардлагаа нотолж чадаагүй болно. Түүнчлэн, Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч Х.Саулен нь Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д Ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно гэж зааснаар ажил олгогчийн бүрэн эрхийн дагуу гаргасан тушаалын үндсэн дээр хуулинд заасны дагуу хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлсөө авч байгаа тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү.

/Уг шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байх тул хариуцагч талыг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болно./ гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 50 дугаар зүйлийн 50.1, 128 дугаар зүйлийн 128.1.11 дэх заалтыг зөв тайлбарлаж хэрэглэн, хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Х.Саулен нь Цэнгэл сумын 1 дүгээр цэцэрлэгт холбогдуулан Хөдөлмөрийн гэрээнд заасан цалин хөлсийг ТҮ-6-гаар бүтнээр, Засгийн газрын 90 дүгээр тогтоолын дагуу 15 хувийн нэмэгдлийг тус тус олгож байхыг Цэнгэл сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч С.Айбаршад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Ажил олгогч Монгол улсын Боловсролын сайд, Сангийн сайдын 1995 оны 227/199 дугаартай хамтарсан тушаалын 2 дугаар хавсралт, аймгийн боловсролын газрын 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн шинэчилсэн орон тооны дээд жишгийг тус тус үндэслэн тус цэцэрлэгийн эмийн орон тоо 1, нормативыг 0.5-иар тогтоож байсан мөн 2017 оны 01 сарын 16-ний өдрийн Б/04 тушаалаар эмчийн орон тоо 0.5 баталж, 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар Х.Сауленийг эмчийн хагас орон тоогоор ажиллуулж, цалинг 0.5-иар тооцож олгохоор тушаал гаргаж, 2017 оны 01 дүгээр сараас эхлэн 0.5%-иар цалинжуулж байсан байна.

 

Нэхэмжлэгч Х.Саулен нь Цэнгэл сумын 1 дүгээр цэцэрлэгт холбогдуулан Хөдөлмөрийн гэрээнд заасан цалин хөлсийг ТҮ-6-аар бүтнээр цалинжуулахыг ажил олгогчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн 2 дахь шаардлага болох Засгийн газрын 90 дүгээр тогтоолын дагуу 15 хувийн нэмэгдлийг тус тус олгож байхыг даалгах тухай шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн байх тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Энэ нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх боловч нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг анхан шатны шүүх зохигчдод хувааж шийдвэрлэсэн буруу байх тул шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг буцаан олгож, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсанчлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг зохих данснаас гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 293 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг Х.Сауленд буцаан олгосугай. гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2.-д зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг нэхэмжлэгч Х.Сауленд буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК

 

 

ШҮҮГЧИД Н.ТУЯА

 

 

Д.КӨБЕШ