| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорбурамын Соёмбо-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 105/2017/0251/Э |
| Дугаар | 895 |
| Огноо | 2018-10-02 |
| Зүйл хэсэг | 10.1.2, |
| Улсын яллагч | Ц.Гантулгабат |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 895
Б.Х, Б.У, Б.Б нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
прокурор Ц.Гантулгабат,
цагаатгагдсан этгээд Б.Хаш-Эрдэнийн өмгөөлөгч О.Алтанчулуу,
цагаатгагдсан этгээд Б.Х, Б.Б нарын өмгөөлөгч С.Батдэлгэр,
цагаатгагдсан этгээд Б.Уын өмгөөлөгч А.Мөнхсайхан,
нарийн бичгийн дарга Д.Оргил нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 1097 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Доржбатын гаргасан давж заалдах гомдол, прокурор Ц.Гантулгабатын 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 93 дугаар улсын яллагчийн эсэргүүцлээр Б.Х, Б.У, Б.Б нарт холбогдох эрүүгийн 201625013558 дугаартай хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Эзэн овогт Батхуягийн У, 1986 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, арматурчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 8, эх, эгч, 6 дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Сургуулийн тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ЦД/;
2. Гоё овогт Буянтогтохын Б, 1987 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Нуурын тоотод оршин суух,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 355 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан, /РД:/;
3. Төмөрчин овогт Балжиннямын Х, 1986 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эх, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүн Баян-Уул тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: /;
Б.У, Б.Б, Б.Х нар нь бүлэглэж согтуугаар 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул захын автомашины зогсоол дээр Б.Быг зодож, “гавал тархины битүү гэмтэл, тархины зүүн чамархайн хатуу хальсан доорх цусан хураа” бүхий гэмтэл учруулж хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Б.У, Б.Б, Б.Х нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эзэн овогт Батхуягийн У, Гоё овогт Буянтогтохын Б, Төмөрчин овогтой Балжиннямын Х нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатган, 201625013558 дугаартай хэргийг прокурорт буцааж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь энэ хуульд заасны дагуу хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэйг дурдаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Х, Б.Б, Б.У нар нь 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс өнөөдрийг хүртэл 656 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг CD-г хэрэгт хавсарган прокурорт хүргүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Б.Х, Б.Б, Б.У нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авч шийдвэрлэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Доржбат гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний дүү Б.Б нь 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 15.00 цагийн үед Нарантуул захын авто зогсоол дээр Б.Х, Б.У, Б.Б гэх 3 хүнд зодуулж, тэр шөнөө 03.00 цагийн үед нас барсан. 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1868 дугаар, мөн 914 дугаар Шүүх эмнэлгийн дүгнэлтүүдэд дурдсан гэмтлийн улмаас талийгаач тархи дарагдаж нас барсан. Мөн энэ хэргийн нотлох баримт, бичлэгт дүүгийн маань шанаан тус газар тохойгоор цохиж байгаа уг 3 хүн нь олон удаагийн үйлдлээр ээлж дараалан толгойд нь цохиж байгаа нь батлагддаг. Иймд шүүхийн шийдвэр нь нотлох баримт, шинжээчийн дүгнэлт байсаар байтал хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан тул хэргийг дахин шалгаж, үнэн зөв шийдэж өгнө үү...” гэжээ.
Прокурор Ц.Гантулгабат бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 25-26/, хохирогч М.Мөнхзул /1-р хх-ийн 41-42/, насанд хүрээгүй гэрч М.Батбаатар /1-р хх-ийн 43/, гэрч Ө.Цолмон /1-р хх-ийн 55-56/ нарын мэдүүлгүүд, шинжээчийн 1868, 914 дугаартай дүгнэлтүүд /1-р хх-ийн 74, 2-р хх-ийн 163/, Шинжээч эмч Г.Энхбаатарын “...Талийгаачид учирсан үхэлд хүргэсэн гавал тархины гэмтэл нь толгойд хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр буюу талийгаачийн толгойн хэсэгт хүч үйлчлэх үед үүсэх боломжтой. ...гавал тархины гэмтэл нь нэг болон түүнээс дээш удаагийн цохилтоор үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 109/, CD-д хийсэн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 92-98/ зэрэг нотлох баримтуудаас дүгнэн үзвэл яллагдагч Б.Х, Б.Б, Б.У нар нь бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул захын автомашины зогсоол дээр Б.Быг зодсон болох нь тогтоогддог бөгөөд шүүгдэгч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ өөрсдийн цохисон, зодсон үйлдлээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна. Өөрөөр хэлбэл Б.Х, Б.Б, Б.У нар нь талийгаач Б.Быг бүлэглэн зодсон болох нь эргэлзээгүйгээр, нэг мөр шалган тогтоогдсон асуудал юм.
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1868, 914 дугаартай дүгнэлтүүдэд “...талийгаач Б.Бын цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавал тархины битүү гэмтэл, тархины зүүн чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, баруун чамархайн булчингийн цус хуралт, баруун чихний дэлбэнгийн ар хэсгийн язарсан шарх, баруун нүдний дээд зовхины цус хуралт, эрүүний төвгөрийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...талийгаач нь гавал тархины битүү гэмтэл, тархины зүүн чамархайн хатуу хальсан доорх цусан хураа гэмтлийн улмаас тархи дарагдаж нас баржээ...” гэж дүгнэсэн. Мөн анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ “...Хавгаст хэргийн 97 дугаар хуудсанд байгаа гэмтлийн зэрэг тус бүрээр нь ялгаж мөрдөн байцаагч асуусан. Гавал тархины битүү гэмтэл тархины зүүн чамархайн хатуу ясны доорх цусан хураа, баруун чамархай, булчингийн цус хуралт, баруун чихний ар хэсгийн язарсан шарх зэрэг нь гэмтлийн хүнд зэрэг, баруун нүдний дээд зовхины цус хуралт, эрүүний зулгаралт зэрэг нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж байцаалт өгсөн...” гэж мэдүүлсэн бөгөөд энэ нь анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байдаг.
Гэтэл анхан шатны шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгахдаа талийгаачийн биед учирсан үхэлд хүргэсэн гэмтлээс бусад гэмтлүүд болох баруун чамархайн булчингийн цус хуралт, баруун чихний дэлбэнгийн ар хэсгийн язарсан шарх, баруун нүдний дээд зовхины цус хуралт, эрүүний төвгөрийн зулгаралт зэрэг талийгаачид учирсан гэмтлүүдэд хууль зүйн дүгнэлт өгөөгүй, талийгаачид учирсан бусад гэмтлийн талаарх асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн болох нь цагаатгах тогтоолд тодорхойгүй байна.
Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхэд нотлох баримтууд эргэлзээтэй гэж үзсэн байх ба энэ нь зөвхөн шинжээч эмчийн дүгнэлтийн хүрээнд талийгаач унаж татах өвчтэй тухай бусад гэрчүүдийн мэдүүлэгт тулгуурлан шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.
Гэвч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай тохиолдолд шинжилгээний байгууллагаар шинжилгээ хийлгэн дүгнэлт гаргуулдаг. Дээрх хэргийн тухайд шинжээч эмч нар өөрсдийн тусгай мэдлэгийн хүрээнд гэмтэл авах боломжит нөхцөл байдлыг шинжлэх ухаан, эмнэлзүйн шинж тэмдэгээр нь тухайлан авч үзэж, унах болон цохигдох үеийн алинд ч үүсч болох тухай дүгнэлт гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл энэ нь эмнэлзүйн шинж тэмдэгээр гэмтэл авсан байх боломжит хүчин зүйлийг хэд хэдэн хувилбараар илэрхийлэн гаргаж буй боломжит байдлын хувилбар дэвшүүлж буй асуудал юм. Эцэслэвэл, энэ нь шинжлэх ухаан, эмнэлзүйн хувьд аль нэг асуудлыг мухарлаагүй, зөвхөн тусгай мэдлэгийн түвшинд боломжит байдлыг илэрхийлсэн дүгнэлт гэж үзнэ.
Мөн хавтаст хэрэгт авагдсан баримтаар талийгаач хэдий унаж татдаг байсан, гэмт хэрэг болж, зодуулсны дараах цаг хугацаанд унаж татсан тухай асуудал яригддаг боловч хохирогч М.Мөнхзул /2-р хх-ийн 154-155/, насанд хүрээгүй гэрч М.Батбаатар /2-р хх-ийн 156/ нарын мэдүүлэг болон гэмт хэрэг гарсан цаг хугацаанд болсон үйл явдлыг буюу бодит байдлыг сэргээн дүрсэлж үзүүлсэн хохирогч М.Мөнхзулын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3-р хх-ийн 91/ зэрэг нотлох баримтуудаас дүгнэн үзвэл хохирогч гавал тархины битүү гэмтэл, тархины зүүн чамархайн хатуу хальсан доор цусан хураа гэмтэл биедээ авах хэмжээний хүчээр савж унаагүй, арагшаа сууж хажуу тийш налахдаа зүүн тийшээгээ буюу толгойн зүүн хэсгээрээ газар унасан болох нь тогтоогддог. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч нар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй бөгөөд тэрхүү үүргийнх нь хүрээнд хууль сануулсны үндсэн дээр тэдгээрээс мэдүүлэг авдаг нь тухайн мэдүүлгийн нотлох баримтын мөн чанар, ач холбогдол, шударга үнэн нотломж болох үнэлэмжийг илэрхийлдэг билээ.
Гэтэл зөвхөн эмнэлзүйн дүгнэлтээр эргэлзээтэй гэж үзэн хэргийг шийдвэрлэх нь учир дутагдалтай, хэргийн бодит үнэнг тогтоож мухарлаагүй, үндэслэлгүй шийдвэр гэж үзэж байна.
Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 1097 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн...” гэв.
Цагаатгагдсан этгээд Б.Хаш-Эрдэнийн өмгөөлөгч О.Алтанчулуу тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 53 дугаар магадлал гарсаны дараа 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 479 тоот Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу цохих цохигдох үед аль алинд нь үүсэх боломжтой” гэсэн дүгнэлт байдаг ба прокурор эсэргүүцэлдээ уг дүгнэлтийг огт оруулдаггүй. Мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт миний бие “бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулж гэмтлүүдийг хэрхэн үүссэнийг тогтоолгох” тухай хүсэлт гаргасан боловч шүүхээс “хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой” гэж үзсэн.
Ингээд анхан шатны шүүх хуралдаанаар гурван шинжээч эмчийг оролцуулж, хэрэг учрал болсон гэх CD-г дэлгэцээр нэг бүрчлэн судалж, бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан.
Иймд “анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Доржбатын гаргасан давж заалдах гомдол болон прокурор Ц.Гантулгабатын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 1097 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.
Цагаатгагдсан этгээд Б.Х, Б.Б нарын өмгөөлөгч С.Батдэлгэр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие уг хэрэгт Б.Б, Б.Х нарын өмгөөлөгчөөр оролцож байгаа. Анхан шатны шүүхээс гарсан цагаатгах тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна.
Прокурор эсэргүүцэлдээ “хоорондоо зодолдсон гэдэг нь нотлогдож, тогтоогдсон” гэж ярьдаг. Бид зодоогүй гэж ярьдаггүй, зодолдсон гэдгээ хүлээн зөвшөөрдөг ба камерын бичлэгт бичигдсэн байгаа. Хамгийн гол асуудал бол үхэлд хүргэсэн гэмтэл юунаас болж үүссэн бэ гэдэг дээр байгаа болохоос зодооны хэргийг шийдвэрлэх биш амь нас хохирсон асуудлыг шийдэж байгаа. Үхэлд хүргэсэн гэмтлийн шалтгаан нь Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдох ёстой. Шинжээчийн удаа дараа гаргасан дүгнэлтээс үзэхэд уналтаас үүсэх боломжтой эсвэл цохилтоос болж үүсэх боломжтой гэдэг. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шалгаж үзэхэд уналтаас үүсэх боломжтой зүйл нь нотлох баримтаар илүү харагддаг. Яг хажууд нь байсан гэх хамтран амьдрагч М.Мөнхзул, М.Батбаатар нар нь анх мэдүүлэг өгөхдөө “Тархиараа савж унаад татаж байгаад босож ирсэн” гэж ярьдаг. Мөн зах дээр хамт машин угаадаг гэрч Уранчимэг, Мөнхзул нар нь “Ер нь тархиараа савж унадаг, татаж унадаг” гэж ярьдаг учраас энэ гэмтэл нь цохилтоос үүссэн байх зүйл үгүйсгэгдэж байна. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс хэрэг буцсаны дараа шинжээч томилсон. Мөрдөгчийн “тус гэмтэл суугаа байдлаас унахад үүсэх боломжтой юу” гэсэн асуултад, шинжээчээс “уналтаас үүсэх боломжтой” гэж хариулсан байдаг. Үүнээс үзэхэд энэ гэмтэл нь уналтаас үүсэх боломжтой байна. Мөн цаг хугацааны хувьд цохилтоос үүсэх магадлал нь үгүйсгэгдэж байна. Анхан шатны шүүхээс “тухайн цусан бүлэн үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжтой” гэж үзээд хэрэг буцаж, шинжээч томилогдсон. Ингээд шинжээчээс “6-аас 12 цаг, 12-оос 18 цаг” гэсэн дүгнэлт гарсан байдаг. Шүүх хуралдааны үеэр “18 цаг” гэдгийг тодруулж шинжээч эмч Энхбаяраас асуухад “цусан бүлэн нь анх үүсээд, тэрэн дээрээ нэмэгдээд яваад байдаг юм” гэж тайлбарласан байдаг. Энэ тухай шүүх хуралдааны тэмдэглэлд байдаг. Тэгэхээр нас барахаас 18 цагийн өмнө анхны цусан бүлэн үүссэн байна. Хөдөлгөөн хийх, явах үед цусан бүлэн нэмэгдэж байдаг гэж маш ойлгомжтой тайлбарласан байдаг. Нас барсан цагийг шөнийн 3 цаг гэж үзээд хойш нь тоолж үзэхээр энэ хүмүүсийн зодолдсон цаг хугацаанаас зөрж байдаг. Тэгэхээр энэ гэмтэл нь уналтаас үүссэн гэж бусад нотлох баримтуудаар тогтоогдож байгаа учраас цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна...” гэв.
Цагаатгагдсан этгээд Б.Уын өмгөөлөгч А.Мөнхсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд 2 өмгөөлөгчтэй ижил байр суурьтай байна. 2018 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 1097 дугаар цагаатгах тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол болон улсын яллагчийн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд Б.У, Б.Б, Б.Х нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 1097 дугаар цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан шаардлагыг хангаагүй байна.
Прокуророос Б.У, Б.Б, Б.Х нарыг бүлэглэж согтуугаар 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул захын автомашины зогсоол дээр Б.Быг зодож, “гавал тархины битүү гэмтэл, тархины зүүн чамархайн хатуу хальсан доорх цусан хураа” бүхий гэмтэл учруулж хүнийг алсан гэмт хэрэгт буруутгаж тэдний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно”, Шүүхийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт “Шүүх шүүн таслах ажиллагааны мэтгэлцэх зарчмыг хангахдаа шүүх хуралдаанд талууд, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч болон улсын яллагчид асуулт асуух, хариулах, нотлох баримтыг танилцуулах, өөрсдийн тайлбар өгөх, үндэслэлээ хамгаалах, үгүйсгэх боломжийг тэгш олгоно” гэж тус тус заажээ.
Анхан шатны шүүх аливаа эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, харилцан зөрүүтэй нотлох баримтуудын аль нэгийг нь авахдаа бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг зааж, хэргийн үйл баримтад тулгуурлан шүүгдэгчийг гэм буруутэй эсэх, ямар гэмт хэргийн шинжид тохирч байгаа талаар хууль зүйн дүгнэлт хийдэг учиртай.
Гэтэл анхан шатны шүүх “талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд эргэлзээтэй байх тул түүнийг шүүгдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй” гэж дүгнээд хохирогч Б.Б нь гавал тархины битүү гэмтэл, тархины зүүн чамархайн хатуу хальсан доорх цусан хураа гэмтлийн улмаас тархи дарагдаж нас барсан хэдий боловч түүнийг үхэлд хүргэсэн шалтгаан нь цохилтоос үүдсэн үү, эсхүл уналтаас үүдсэн үү гэдэг нь эргэлзээтэй, хэрэв үхэлд хүргэсэн гэмтэл нь цохилтоос үүдсэн гэж үзвэл цохилтыг чухам хэний, ямар үйлдлээс учруулсан болох нь нотлогдон тогтоогдохгүй байна, CD бичлэгээс үзэхэд талийгаач Б.Б болон шүүгдэгч нар харилцан бие биенээ цохиж байх байдал харагдах боловч чухам хэний үйлдлээр гэмтэл учирсан болохыг тогтоох боломжгүй, дээрх эргэлзээтэй нотлох баримтуудаар шүүгдэгч нарыг хүнд гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан байна.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судалж үзвэл:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Мөнхзулын “...Тэгээд зах дээр машин угааж байгаад татаад унасан ба босч ирээд “бие сонин болоод байна” гээд 15-16 цагийн үед надад “би ер нь явлаа” гээд байхаар нь би 5.000 төгрөг өгөөд нөхрөө явуулсан...” /1-р хх-ийн 36-37/, “...тэгээд манай нөхөр нөгөө машинаа угаах гэж байснаа “миний бие сонин болоод байна” гэж хэлээд арагшаа толгойгоороо газар савж унаад хэсэг татаж байгаад гайгүй болоод босоод сууснаа “миний бие ер нь сонин болоод байна, яах вэ” гэхээр нь “би сая угаасан машинаасаа 5.000 төгрөг авчихлаа, чи буудалдаа очоод байж бай” гэж хэлээд “би араас чинь нэг машин угаачихаад очьё” гэж хэлээд 5.000 төгрөг өгөөд явуулсан...” /1-р хх-ийн 38-39/, “...талийгаач хажууд байсан цагаан өнгийн “Toyota Fit” загварын машины баруун талынх нь хойд хаалгыг налж сууж байгаад хаалгыг толгойныхоо ар хэсгээр аяаархан мөргөөд зүүн талруугаа налаад уначихаар нь би очоод “чи яаж байна” гэхэд 1-2 минут орчим болоод “бие сонин болоод байна” гээд босоод ирсэн...” /2-р хх-ийн 154-155/,
Арван найман насанд хүрээгүй гэрч М.Батбаатарын “...машин угаагаад байж байгаад татаж унасан...” /1-р хх-ийн 43-44/, “...аав машин налж сууж байгаад хойд талаараа машин мөргөөд хажуу талаараа газар унасан...” /2-р хх-ийн 156/ гэсэн мэдүүлгүүд авагджээ.
Мэдүүгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлд “...хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Мөнхзул “...талийгаач ингэж сууж байгаад зүүн гар тал руугаа унасан гэж гараараа зааж үзүүлэв...” гэж тусгаж, гэрэл зураг авч бэхжүүлсэн байна. /3-р хх-ийн 91, 92/
Эдгээр баримтуудад тулгуурлаж, мөрдөгчийн 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр “Шинжээч томилж, нэмэлт шинжилгээ хийлгэх тухай” тогтоолын 2 дахь заалтад “Талийгаач Б.Быг үхэлд хүргэсэн гавал тархины гэмтлийг явган суугаа байрлалтай байж байгаад толгойн ар дагз хэсгээрээ хойшоо унаж машин мөргөөд зүүн талаараа унахад үүсч болох эсэх” гэсэн асуултыг шинжээч нарт тавьжээ. /3-р хх-ийн 93/
Гэтэл Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээч нарын 479 тоот дүгнэлтэд “...цохих, цохигдох, унах үед аль алинд нь үүсэх боломжтой.” /3-р хх-ийн 94-96/ гэж мөрдөгчийн тогтоолд дурдсан асуултад бүрэн гүйцэт бус ерөнхий байдлаар дүгнэлт гаргасан байна.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шинжээч нь шүүх, прокурор, мөрдөгчийн тавьсан асуултын дагуу тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд шинжилгээг тал бүрээс нь бүрэн бодитой хийж, тогтоосон хугацаанд шинжлэх ухааны үндэслэл бүхий дүгнэлтийг бичгээр гаргана”, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2 дахь заалтад “шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тавьсан асуултын дагуу шинжилгээ хийж, тогтоосон хугацаанд шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргах” үүрэгтэй гэснийг зөрчсөн гэж үзнэ.
Түүнчлэн шинжээч Ц.Оюун-Эрдэнийн “...гэрчийн мэдүүлгээр толгой өвдөөд байна гээд зүүн хажуу хэсгээрээ унасан гэж байна. Хэрэв зүүн хажуугаар унаж гэмтэхэд ихэвчлэн тархины эсрэг тал болох баруун чамархай зулай, дагзны хэсгээр савж унавал урд хэсэгт болох духны эдэд цус хуралт гэмтэл учирдаг. Иймд яг зүүн хажуугаараа унасан бол дээрх гэмтэл үүсэх боломж багатай...” /3-р хх-ийн 97/, анхан шатны шүүх хуралдаанд шинжээч М.Энхбаяр “...Баруун тал хүч үйлчлээд зүүн талдаа цусан хураа үүссэн байх боломж байгаа...” /3-р хх-ийн 246/ гэсэн мэдүүлгүүдээс дүгнэвэл Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 479 дүгээр дүгнэлт эргэлзээ бүхий байна.
Учир нь хүнийг санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.
Тухайлбал амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан арга, ашигласан багаж хэрэгслийн онцлог, учруулсан шарх гэмтлийн тоо, илэрсэн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл, гэмт хэрэгтэн, хохирогч нарын хоорондын харилцааны шинж чанар, урд өмнө нь заналхийлэл байсан эсэх, түүний агуулга, гэмт хэрэг үйлдэж байх тухайн үеийн болон гэмт үйлдлийн дараах гэмт этгээдийн зан үйл зэрэг объектив, субъектив шинжүүд хамаардаг.
Эдгээр шинжүүд нь гэмт хэрэгт холбогдсон этгээдийн санаа, зорилго, хандлага, түүний төрлүүдийг үнэн зөв тодорхойлох нь хүнийг санаатай алах, хохирогчийг үхэлд хүргэсэн бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах, хүнийг алахаар завдах, хүнийг болгоомжгүйгээр алах гэмт хэргүүдээс ялгаж зүйлчлэхэд чухал ач холбогдолтой.
Хэрэгт авагдсан гэрч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүдэгч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтаас үзэхэд шүүгдэгч нар хохирогчийг хэрхэн цохиж, зодсон, үүний дараа хохирогч ямар байдалтай, татаж унасан зэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад тодруулан тогтоосон бөгөөд хохирогч чухам аль үйлдлийн улмаас гэмтэл авч нас барсан болохыг нэг мөр нотлосон баримт хэрэгт алга.
Шүүхээс дээрх хууль зүйн ойлголт болон шинжээчийн дүгнэлтүүд, тэдний мэдүүлгүүдэд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийх боломжгүй, шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхан шатны шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан байна.
Үүнээс гадна анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар шүүхийн дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг цагаатгах тогтоолдоо заагаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Иймд давж заалдах шатны шүүхээс Б.Х, Б.У, Б.Б нарт холбогдох хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар анхан шатны шүүхэд буцааж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Доржбатын гаргасан “...хэргийг дахин шалгаж, үнэн зөв шийдэж өгнө үү...” гэх давж заалдах гомдол, прокурор Ц.Гантулгабатын улсын яллагчийн эсэргүүцлийн “...цагаатгах тогтоолыг хүчингүй болгох...” гэснийг хүлээн авах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь: