Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2016/0024

 

Иргэн Т.Г-гийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 671 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, иргэн Т.Г-гийн нэхэмжлэлтэй, УБЕГ-н даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Г- шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Миний бие Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн газарт 2006 оны 5 дугаар сараас эхлэн ажиллаж байна. 2012 оны 11 дүгээр сараас эхлэн улсын бүртгэгчийн ажилд ажиллаж байгаад 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдөр УБЕГ-н даргын 454 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн юм. Ажлаас чөлөөлөгдсөн ерөнхий газрын даргын тушаалыг би доорхи үндэслэлээр зөвшөөрөхгүй байгаа болно. Үүнд:

Даргын 454 дүгээр тушаалын 1 дүгээр заалтад албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэж дүгнэж бичсэнг зөвшөөрөхгүй байна. 2013 оны 6 дугаар сарын 14-ний өдөр дууссан байна. /Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д заасан сахилгын шийтгэлгүйд тооцогдох болсон./

Албан үүргээ гүйцэтгэж байхдаа өмчлөх эрхийн гэрчилгээ хуурамчаар бүрдүүлэх, хууль бус бүртгэл хийх, өмчлөх эрхийн гэрчилгээг давхардуулан олгох зэрэг хууль бус ажиллагаанууд хийгээгүй бөгөөд тухайн үед яаралтай бичиг баримтууд гаргах үүрэг өгөгдсөнөөр хэлтсийн болон тасгийн даргын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэн улсын бүртгэгчийн ажлыг гүйцэтгэсэн юм. Гэтэл хамт ажил үүрэг гүйцэтгэж байсан улсын бүртгэгч О.Мэндбаярт цалин хөлсийг нь 6 сараар 20 хувь хасаж сахилгын арга хэмжээ авч, ажилд нь үлдээгээд, иргэн намайг ажилгүй болгож хохироосон. Хөдөлмөрийн тухай хуулинд жирэмсэн эмэгтэйг ажлаас халахыг хориглосон байхад 2 сар 17 хоногтой жирэмсэн эмэгтэй намайг ажлаас халсан тул байгууллагын дарга хууль зөрчиж эрх зүйн акт гаргасан гэж үзэж байна.

Иймд УБЕГ-н даргын 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 454 дүгээр тушаал нь хууль бус гэж үзэж байгаа тул хүчингүй болгож, намайг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч УБЕГ-н даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золжаргал, Т.Н нар шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэлтэй “Са”ХХК-иас гаргасан бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэр дээр бүртгэсэн хууль бус бүртгэлийг хүчингүй болгуулах тухай гомдлын дагуу тус газрын бүртгэл хяналтын газраас 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хяналт шалгалтыг явуулахад Дархан-Уул аймгийн 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байршилтай 6 давхар оффис, үйлчилгээний зориулалттай 603.2 м.кв талбай бүхий барилгын өмчлөх эрх 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр улсын бүртгэлийн Ү-2003016941 дугаарт “Са”ХХК-ийн өмчлөлд бүртгэгдэж эд хөрөнгө өмчлөх эрхийн 000228247 дугаар гэрчилгээ олгогдсон байсан. Улмаар тус компани нь дээрх эд хөрөнгийг Капитрон банкны зээлийн барьцаанд тавьж зээлийн болон барьцааны гэрээг 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн ба уг эд хөрөнгө зээлийн гэрээний үүргээс чөлөөлөгдөөгүй байсан. Гэтэл дээрх эд хөрөнгийн өмчлөх эрх бусдад шилжээгүй, зээлийн барьцаанаас чөлөөлөгдөөгүй буюу улсын бүртгэлд бүртгүүлсэн өмчлөх эрх, барьцааны эрх нь хүчин төгөлдөр хэвээр байхад Дархан-Уул аймгийн бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Т.Г- нь эд хөрөнгийн өмчлөх эрхийг иргэн С.Б, Ч.О, С.Д нарын 4 хүний өмчлөлд улсын бүртгэлийн Ү-2003018672, Ү-2003018673, Ү-2003018674 дугаарт давхардуулан бүртгэж 000366828, 000366829, 000366700 дугаар гэрчилгээ олгосон зөрчил гаргасныг холбогдох хувийн хэргийн нотлох баримтууд болон хяналтын улсын байцаагчийн 2015/000582 дугаар дүгнэлт, Т.Г-гийн гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.

Улсын бүртгэгч Т.Г- нарын гаргасан дээрх үйлдэл нь

- Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д Төрийн жинхэнэ албан хаагч нь Монгол Улсын үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх,

-  Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д Улсын бүртгэл үнэн зөв бодитой байх,

-  Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-д Бүртгэл үнэн зөв байх,

-  Мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8-д Улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж гэрчилгээ олгохыг хориглоно

-  Мөн хуулийн 13 дугаар зүйлд Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг гаргах,

-  Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9-д Мэдүүлэгт дурдсан эрхийг урьд нь өөр этгээдийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн бөгөөд тэр нь хүчинтэй байгаа бол мэдүүлэг хүлээн авахаас татгалзана,

-  УБЕГ-н даргын 2011 оны Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийг хөтлөх журмын 2.1.1-д Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан мэдүүлэг, нотлох баримт, үйлчилгээний болон тэмдэгтийн хураамж, төлсөн баримтын хамт хүлээж авах,

-  Мөн журмын 2.1.2-т Хүлээн авсан мэдүүлэг, түүнд хавсаргасан нотлох баримтыг цахим мэдээллийн санд программын дагуу бүрэн, үнэн зөв шивж оруулах,

-  Мөн журмын 2.1.3-т Мэдүүлэг хүлээн авахдаа хүлээлгэн өгч байгаа нотлох баримт нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан бүрдлийг хангасан эсэхийг шалгах,

-  Мөн журмын 2.1.4-д Тухайн эд хөрөнгөтэй холбоотой шинээр бүртгүүлэхээр мэдүүлж буй эрх болон өмнө нь бүртгэгдсэн эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх талаар шийдвэр гаргах,

-  УБЕГ-н хөдөлмөрийн дотоод журмын 6.31-д Бүртгэлийн тухай хууль тогтоомж болон энэ журмын заалтыг зөрчсөн, ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээ, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, бүртгэлийн материалыг бусдаас авч хуурамч баримт бичиг / овог, эцгийн нэр, регистрийн дугаар, гэрчилгээ өөрчлөх, архивын нотлох баримтыг устгах, өөрчлөх, хуурамчаар бүрдүүлэх, хууль бус бүртгэл хийх, мэдээллийн санд хуурамч мэдээлэл оруулах зэргээр/ үйлдсэн төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил удаа дараа гаргасан, байгууллагын үйлчилгээний стандартыг удаа, дараа зөрчсөн төрийн албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 25, 26, төрийн үйлчилгээний албан хаагчид Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн дагуу ерөнхий газрын даргын тушаалаар сахилгын шийтгэл ногдуулна гэсэн заалтуудыг зөрчсөн.

Нэхэмжлэлд дурдснаар дээрх хууль бус бүртгэлийг хэлтсийн болон тасгийн даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу хийсэн гэж тайлбарласан боловч дээрх үйлдэл нь дараах хууль тогтоомжийг зөрчсөн байна.

-  Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.9-д Албан тушаалтны хууль бус, шударга бус явдалтай эвлэршгүй байх,

-  Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.11-д Улсын бүртгэлийг хараат бусаар үнэн зөв хөтлөх,

-  Мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.12-т Өөрийн гүйцэтгэсэн улсын бүртгэлийн хувийн хэрэг нотлох баримтын бүрдэл болон түүний үнэн зөвийг хуулийн өмнө хариуцах,

-  Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 288 дугаар тогтоолоор баталсан Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.2.1-д Үндсэн хууль, бусад хууль, эрх зүйн акт, байгууллагын хэмжээнд дагаж мөрдөж байгаа соёл, дэг журам, дүрэм, зааврыг чанд баримтлах,

-  Мөн журмын 5.4.2-т ажлын байр /албан тушаал/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтыг биечлэн хангах,

-  Мөн журмын 5.3.2-т Хууль зөрчсөн, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан болон ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн аливаа үйлдэлтэй эвлэршгүй байж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдээлэх, 5.3.2-т хууль зөрчсөн, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан болон ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн аливаа үйлдэлтэй эвлэршгүй байж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдээлэх,

-  УБЕГ-н 2014 оны 319 дүгээр тушаалаар батлагдсан Улсын бүртгэлийн ажилтны ёс зүйн дүрмийн 2.3.2-т Хараат бус байж, гадны нөлөөнд үл автах, албан үүргээ биелүүлэхдээ үйл ажиллагаандаа зөвхөн хууль тогтоомжийг баримтлан аливаа гадны нөлөөнөөс ангид байх,

Энэ нь улсын бүртгэгч Т.Г- нь хууль тогтоомжид заасан эрх, үүргээ хангалтгүй биелүүлснээс гарсан ба цаашлаад өмчлөгч болон барьцаалагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус үйлдэл юм. Урьд нь гаргасан зөрчилдөө УБЕГ-н даргын 2013 оны 726 дугаар тушаалаар сахилгын шийтгэл хүлээж байсан ч шийтгэлгүйд тооцох хуулийн хугацаа өнгөрсөн учраас албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй гэжээ. Тус газрын бүртгэлийн хяналтын газраас 2013 онд Дархан-Уул аймгийн бүртгэлийн хэлтсийн бүртгэлийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтаар улсын бүртгэгч Т.Г- нь бүртгэлийн хууль тогтоомж зөрчиж өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийн өмчлөх эрхийг бусад этгээдийн нэр дээр бүртгэсэн алдаа зөрчлийг гаргасны улмаас түүнд УБЕГ-н даргын 2013 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай 726 дугаар тушаалаар албан тушаалын цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг ногдуулсан. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д Төрийн жинхэнэ албан хаагчийн сахилгын шийтгэл ногдуулсан өдрөөс хойш нэг жилийн дотор сахилгын шийтгэл хүлээгээгүй бол түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцно гэж заасан байх ба энэ нь шийтгэлгүйд тооцох хугацаанаас хамаарч байгууллага, эрх бүхий албан тушаалтнаас төрийн албан хаагчид холбогдох хууль, журамд заасан шагнал, урамшуулал олгох, хөнгөлөлт чөлөөлөлт үзүүлэх, зэрэг зэв олгох, цалингийн шатлал нэмэх, албан тушаал ахиулах зэрэг асуудлыг шийдвэрлэхэд харгалзан үзэх үзүүлэлт болохоос огт зөрчил гаргаж байгаагүй гэж үзэж хугацаа биш юм.

Иймд 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 454 дүгээр тушаалаар сахилгын шийтгэл ногдуулахдаа улсын бүртгэгч Т.Г- нь өмнөх алдаа зөрчилдөө дүгнэлт хийхгүйгээр дахин давтан бүртгэлийн зөрчил гаргасан нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-д заасан сахилгын шийтгэлийг ногдуулахад зайлшгүй харгалзан үзэх нөхцөл юм. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна гэж заажээ. Зөрчлийн шинж байдлын хувьд улсын бүртгэгч Т.Г-гийн гаргасан зөрчил нь иргэн, хуулийн этгээдийн эд хөрөнгийн эрх, ашиг сонирхлыг хууль тогтоомж зөрчих замаар зөрчсөн, түүний улмаас өмчлөгч, барьцаалагч, бүртгэлийн байгууллагад их хэмжээний хохирол учирч болзошгүй байдалд хүргэсэн ноцтой үйлдэл юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно гэж заасан байх бөгөөд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж заасан байна. Т.Г- нь улсын бүртгэлийг хөтлөх үйл ажиллагаандаа алдаа зөрчил гаргаж түүндээ сахилгын арга хэмжээ авагдаж байсан нь түүний нэхэмжлэлд дурдсан тайлбараас харагдаж байна. Гэтэл урьд нь гаргасан алдаа зөрчилдөө дүгнэлт хийж ажиллаагүй, холбогдох хууль тогтоомжид заасан үүргээ хангалтгүй биелүүлснээс “Са”ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй эд хөрөнгийн өмчлөх эрхийг давхардуулан бүртгэсэн нь бүртгэлийн зөрчлийг удаа дараа давтан гаргаж байна гэж үзэхээр байна.

Иймд УБЕГ-н 2015 оны Сахилгын шийтгэл ногдуулах тухай 454 дүгээр тушаал нь хууль зүйн үндэслэлтэй байх тул иргэн Т.Г-гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

Нэхэмжлэгч Т.Г-гаас ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно гэв.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 671 дүгээр шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3, 26.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Г-гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, УБЕГ-н даргын 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 454 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Т.Г-г Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчийн албан тушаалд эгүүлэн томилж, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан ажилгүй байсан 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарсан өдөр хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болох 4.733.341 /дөрвөн сая долоон зуун гучин гурван мянган гурван зуун дөчин нэг/ төгрөгийг нэхэмжлэгчид олгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхээс дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгч Т.Г-д оногдуулсан шийтгэл нь зөрчлийн шинж байдалд тохироогүй, тэгш бус хандаж нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул УБЕГ-н даргын 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 454 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Т.Г-г эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн томилж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзжээ. Үүнд:

Нэгдүгээрт, маргаан бүхий тушаал болон 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 455 тушаалаар ижил зөрчил гаргасан 2 улсын бүртгэгчид /Т.Г-, О.Мэндбаяр/ өөр өөр сахилгын шийтгэл ногдуулсан нь Т.Г-гийн гаргасан зөрчил албан тушаалаас халах хэмжээний зөрчил биш гэж үзэхээр байна

Хоёрдугаарт, Т.Г-д өмнө нь зөрчил гаргасан боловч тухайн зөрчилд нь 2013 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 726 тоот тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2-т заасан сахилгын шийтгэл хүлээлгэсэн учир албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлгүй буюу мөн хуульд заасан сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа өнгөрсөн байна.

Гуравдугаарт, нэхэмжлэгч Т.Г- нь ажлаас халагдах үедээ жирэмсэн байсан болох нь зохих нотлох баримтуудаар нотлогдож байгаа ба энэ нь хариуцагч сахилгын шийтгэл ногдуулах тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг зөрчсөн байна.

Анхан шатны шүүхээс дүгнэн үзсэн дээрхи үндэслэлийг дараах тайлбараар үндэслэлгүй гэж үзэж байна. Үүнд:

Нэгдүгээрт, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д ...зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан ... сахилгын шийтгэлийн нэгийг ногдуулна гэж заажээ. Т.Г- нь урьд нь бүртгэлийн зөрчил гаргаж 2013 онд сахилгын арга хэмжээ авагдаж хуульд заасан сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа өнгөрсөн хэдий ч энэ нь зөрчил анх удаа гаргаж байна гэж тооцох үндэслэл болохгүй юм. Өөрөөр хэлбэл, өмнөх зөрчилдөө сахилгын арга хэмжээ авагдсан хэдий ч бүртгэлийн зөрчлийг давтан гаргаж байна гэсэн үг учраас шинээр гаргасан зөрчилд нь хариуцлага тооцохдоо харгалзан үзэх нөхцөл болохыг хуульд тодорхой заажээ. Гэтэл анхан шатны шүүхээс хариуцагч нь сахилгын шийтгэл ногдуулахдаа Т.Г-гийн өмнө нь гаргасан сахилгын зөрчлийг оруулж удаа дараа гэж үзэн тайлбарлаж байна гэж үндэслэлгүй дүгнэжээ. Хариуцагчийн зүгээс Т.Г-д сахилгын шийтгэл ногдуулахдаа Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан харгалзан үзэх нөхцөл бий эсэхийг судлан үзэж хуулийн дагуу шийдвэрийг гаргасан. Мөн улсын бүртгэгч Р.Мэндбаяр нь нэхэмжлэгч Т.Г-тай ижил зөрчил гаргасан хэдий ч анх удаа зөрчил гаргаж байгаа улсын бүртгэгчээр томилогдоод удаагүй байгаа зэрэг үндэслэлээр Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2-т заасан сахилгын арга хэмжээ авагдсан. Өөрөөр хэлбэл, ижил зөрчилд 2 өөр төрлийн сахилгын шийтгэл ногдуулж болох бөгөөд гагцхүү зөрчил гаргагч нь тухайн зөрчлийг анх буюу давтан үйлдэж байгаа эсэх, өмнө нь энэ төрлийн зөрчил гаргаж байсан эсэх, ажлын дадлага туршлага зэрэг тодорхой нөхцлүүдээс шалтгаалах юм. Иймд Т.Г-д ногдуулсан сахилгын шийтгэлийг улсын бүртгэгч Р.Мэндбаярт ногдуулсан сахилгын шийтгэлтэй харьцуулахад зөрчлийн шинж байдалд тохироогүй, ижил зөрчилд 2 өөр төрлийн шийтгэл ногдуулсан байна гэж анхан шатны шүүхээс дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Мөн шүүхийн Т.Г- нь ажлаас халагдаж үедээ жирэмсэн байсан болох нь эмнэлгийн магадлагаа, жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч карт зэрэг баримтаар тогтоогдож байх бөгөөд түүний гаргасан гэх зөрчил нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан, 40.1.5-д мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэсэнд хамаарахгүй байх гэж буруу дүгнэсэн байна. Т.Г-гийн хийсэн давхар бүртгэл нь өмчлөгчийн өмчлөх эрхийг шууд зөрчсөн, барьцаалагч этгээдийн барьцаанд байгаа хөрөнгийг салган бүртгэсэн үнийн дүнгээр их хэмжээний хохирол учирч болох эрсдлийг үүсгэн байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлд хамаарахгүй болох нь шүүхэд гаргасан нэхэмжлэгч, хариуцагч нарын гаргасан тайлбар, бусад нотлох баримтуудаас тогтоогдож байна. Иймд анхан шатны шүүхийн 2015 оны 671 дүгээр шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Нэхэмжлэгчээс ...ажлаас чөлөөлсөн тушаалд албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэж дүгнэж бичсэнийг зөвшөөрөхгүй, ...сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа 2013 оны 06 дугаар сарын 14-ний өдөр дууссан, ...тухайн үед яаралтай гаргах үүрэг өгөгдсөнөөр хэлтсийн болон тасгийн даргын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэн улсын бүртгэгчийн ажлыг гүйцэтгэсэн. Гэтэл хамт ажил үүрэг гүйцэтгэсэн улсын байцаагч О.Мэндбаярт цалин хөлсийг 6 сараар 20 хувь хасч сахилгын арга хэмжээ авч, ажилд нь үлдээгээд намайг ажилгүй болгож хохироосон, ...2 сар 17 хоногтой жирэмсэн байхад ажлаас халсан тул байгууллагын дарга хууль зөрчиж, эрх зүйн акт гаргасан... гэж, хариуцагчаас ...эд хөрөнгийн өмчлөх эрх бусдад шилжээгүй, зээлийн барьцаанаас чөлөөлөгдөөгүй буюу улсын бүртгэлд бүртгүүлсэн өмчлөх эрх, барьцааны эрх нь хүчин төгөлдөр хэвээр байхад ...бүртгэгч Т.Г- нь эд хөрөнгийн өмчлөх эрхийг ... 4 хүний өмчлөлд ... давхардуулан бүртгэж ...дугаар гэрчилгээ олгосон зөрчил гаргасныг холбогдох ...баримтууд, хяналтын улсын байцаагчийн ... дүгнэлт, өөрийнх нь тайлбар зэргээр тогтоогдож, ...энэ үйлдэл нь дотоод журам бүртгэлийн тухай хууль тогтоомж зөрчсөн... өмчлөгч, барьцаалагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус үйлдэл юм, ...урьд нь 2013 онд өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгө өмчлөх эрхийг бусад этгээдийн нэр дээр бүртгэсэн алдаа гаргасны улмаас ...цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг ногдуулсан, ...үүнийг огт зөрчил гаргаж байгаагүй гэж үзэхгүй тул өмнөх алдаандаа дүгнэлт хийлгүй дахин зөрчил гаргасан тул сахилгын шийтгэл ногдуулахад харгалзан үзэх ёстой, ...Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т зааснаар зөрчлийг давтан гаргасан ...иймд ...сахилгын шийтгэл ногдуулах тухай 454 дүгээр тушаал нь хууль зүйн үндэслэлтэй... гэж тус тус маргажээ.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна, 26.1.З-т төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах, 26.6-д Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан өдрөөс хойш  нэг жилийн дотор сахилгын шийтгэл хүлээгээгүй бол түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцно гэж тус тус заажээ.

Хариуцагчаас маргаан бүхий актыг гаргах үндэслэл болсон Дархан-Уул аймгийн 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байршилтай 6 давхар оффис, үйлчилгээний зориулалттай 1603 м.кв талбай бүхий барилгыг Ү-2003016941 дугаарт “Са”ХХК-ийн өмчлөлд 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр эрхийн улсын бүртгэлд бүртгэж, эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон, мөн Капитрон банкны барьцаанд бүртгэлтэй байхад 2015 оны 02 дугаар сарын 04, 05-ны өдөр С.Б, Ч.О, С.Д нарын өмчлөлд давхардуулан бүртгэж, 6 ширхэг өмчлөх эрхийн гэрчилгээ тус тус олгосон, уг бүртгэлийг тус аймгийн бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгч Т.Г-, О.Мнар үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан тус үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийн гэрчилгээнүүд болон УБЕГ-н 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 09 дүгээр улсын байцаагчийн албан шаардлага зэрэг баримтуудаар тогтоогдсон байна.

Харин маргаан бүхий тушаалаар нэхэмжлэгчийг төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан атлаа 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 455 дугаар тушаалаар О.Мэндбаярт Төрийн албаны тухай хулуийн 26.1.2-т заасны дагуу албан тушаалын цалинг 6 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсныг нэг талаас төрийн албан хаагчдад тэгш биш хандсан, нөгөө талаас ажлаас халах зөрчил биш байжээ гэж үзэхээр байна.

Харин хариуцагчаас нэхэмжлэгч Т.Г-д маргаан бүхий тушаалаар сахилгын шийтгэл ногдуулах болсон үндэслэлээ өмнөх 2013 оны 726 дугаар тушаалаар сахилгын шийтгэл хүлээж байсантай нь холбон ...албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн... гэж тайлбарлан маргаж байгааг хүлээн авах боломжгүй.Учир нь,

Төрийн албан хаагч Албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэдэгт ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэргээр зохих ёсоор биелүүлээгүй үйлдлийг удаа дараа гаргасан байхыг ойлгоно.

Нэхэмжлэгч Т.Г-гийн 2014 оны үр дүнгийн гэрээний биелэлт 86 оноо В буюу сайн гэж үнэлэгдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ. Түүнчлэн нэхэмжлэгчид өмнө нь буюу 2013 онд сахилгын зөрчил гаргасан гэж үзэж, сахилгын шийтгэл ногдуулсан байх боловч Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа өнгөрсөн байх тул албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй.

Тодруулбал, УБЕГ-н бүртгэл, хяналтын газраас 2013 онд Дархан-Уул аймгийн бүртгэлийн хэлтсийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтаар хууль тогтоомж зөрчиж өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийн өмчлөх эрхийг бусад этгээдийн нэр дээр бүртгэсэн алдаа зөрчил гаргасан гэж үзэж, УБЕГ-н даргын 2013 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай 726 дугаар тушаалаар нэхэмжлэгч Т.Г-д албан тушаалын цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байх боловч Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар түүний сахилгын шийтгэлтэй байх хугацаа 2014 оны 06 дугаар сарын 14-ний өдөр дууссан, тэрээр энэ хугацаанаас хойш дахин сахилгын шийтгэл хүлээгээгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно гэж заажээ.

Нэхэмжлэгч Т.Г- ажлаас халагдах үед жирэмсэн байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хүний их эмч Н.Бямбадоржийн 2015 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн эмчийн магадлагаа[1], жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч карт[2] зэрэг баримтаар тогтоогдож байна.

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар  зохицуулна гэж заасан тул ...хариуцагч маргаан бүхий актыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т заасныг зөрчсөн гэж шүүх дүгнэсэн нь зөв байна.

Тодруулбал, Төрийн захиргааны албан хаагчийн тухайд төрийн албан тушаал, түүнд тавих шаардлага, төрийн алба хаах болзол, журам, төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, баталгаа гэх мэт төрийн албаны харилцааг илүү нарийвчлан зохицуулсан Төрийн албаны тухай хуулийн зохицуулалт буюу энэхүү маргааны тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, ажлаас халах, төрийн албан хаагчийн эдлэх баталгаатай холбоотой харилцааг журамлан зохицуулсан Төрийн албаны тухай хуулийн 25, 26, 27 дугаар зүйл, хэсгийн зохицуулалтууд мөрдөгдөнө.

Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсгийн ...40.1.4, 40.1.5-д зааснаас бусад... гэх хэсэг нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байгаа төрийн үйлчилгээний албан хаагчид хамаарах зохицуулалт байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...Т.Г-гийн хийсэн давхар бүртгэл өмчлөгчийн эрхийг зөрчсөн ... их хэмжээний хохирол учирч болох эрсдлийг үүсгэсэн байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлд хамаарахгүй... гэх давж заалдах гомдол, тайлбар үндэслэлгүй.

Нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан хариуцагчийн шийдвэр төрийн албан хаагчдад тэгш бус хандаагүй, зөрчлийн шинж, байдалд тохироогүйн дээр төрийн албан хаагчийг ажлаас халахыг хориглосон хуулийн зохицуулалтыг зөрчсөн нь тогтоогдсон байх тул шүүх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгуулахаар даалгаж шийдвэрлэсэн нь зүйтэй байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 671 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ