Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 473

 

2017 оны 08 сарын 09 өдөр    Дугаар 156/ШШ2017/00473                Хэнтий аймаг

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, 

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

156/2017/00398/И

        Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Хэнтий багт оршин суух, Боржигон овогт Рэгзэнгийн Сарантуяа /РД:СР87032526/-гийн нэхэмжлэлтэй 

Хариуцагч: Хэнтий аймгийн Батширээт сумын Барх багт оршин суух, Бартогтохын Батхүү /РД:ХВ78092273/-д  холбогдох  

“хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хүлээн авч хянаад

          

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Р.Сарантуяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2014 оны 05 дугаар сард Б.Батхүүтэй танилцаад 2014 оны 08 дугаар сараас эхлэн хамтын амьдралтай болсон. Биднийг амьдрах хугацаанд хүү Б.Далайцэрэн 2015 оны 02 дугаар сарын 28-ны өдөр төрсөн. Б.Батхүү бид хоёр зан харилцааны хувьд таарч тохирохоо больсон. Б.Батхүү нь уурлахаараа уураа барьж чаддаггүй намайг байнга зодож8 дарамталдаг болсон учир бид хамт амьдрах боломжгүй болсон. Энэ байдал нь хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлж болзошгүй учир би ийм орчинд хүүгээ өсгөж хүмүүжүүлмээргүй байна. Бид одоо тусдаа амьдарч байгаа бөгөөд хүү Б.Далайцэрэн миний асрамжинд байдаг. Иймд хүү Б.Далайцэрэнд хуулийн дагуу хүүхдийн тэтгэлгийг гаргуулж өгнө үү гэжээ. /хх-ийн 1х/

 

Нэхэмжлэгч Р.Сарантуяа нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие 2014 оны 05 дугаар сард Б.Батхүүтэй танилцаад 2014 оны 08 дугаар сараас эхлэн хамтын амьдралтай болсон. Биднийг амьдрах хугацаанд хүү Б.Далайцэрэн 2015 оны 02 дугаар сарын 28-ны өдөр төрсөн. Бид хоёрын зан харилцаа, санаа сэтгэл нийлэхгүй үе хааяа гардаг байсан боловч одоо бид эвлэрч, 2 хүүхдүүдтэйгээ гэр бүлээрээ сайхан амьдрах болно. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ. 

 

Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                             

                                                                                                                        

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Р.Сарантуяа нь хариуцагч Б.Батхүүгээс хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч Р.Сарантуяа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагаасаа татгалзаж гарын үсэг зурж баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөхгүй, хуульд харшлахгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

 

Дашрамд гэр бүлийн хүчирхийлэл давтагдаж, даамжирч гэр бүлийн гишүүдийн болон өөрийнх нь эрх чөлөө, эрүүл мэндэд хор хохирол учрах эрсдэлтэй нөхцөл байдал бий болвол нэхэмжлэгч нь Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасны дагуу эрх эдэлж, шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрх нээлттэй болохыг анхааруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д  заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Р.Сарантуяагийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Батхүүд холбогдох “хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч Р. Сарантуяад эрсдэлтэй нөхцөл байдалд орсон тохиолдолд Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасны дагуу эрх эдэлж, шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрх нээлттэй болохыг анхааруулсугай.

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч  Р.Сарантуяагаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 35 100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 35 100 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид  давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.   

 

 

 

ШҮҮГЧ                                       Ж.БОЛДБААТАР