Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/47

 

 

 

 

 

 

 

 

2022           01            17                                     47   

 

 

                                      

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС    

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга: М.Нарансолонго,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганхөлөг,

шүүгдэгч: Ө.Ха,

шүүгдэгч: М.На,

шүүгдэгч: Ч.Мя нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ха, На, Мя нарт холбогдох эрүүгийн 2105005741953 дугаар хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1973 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Кораль центерт лангуу түрээслэгч, сард 5 000 000 төгрөгийн орлоготой, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт *************** тоотод оршин суух,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 592 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, регистрийн дугаар ************* Ха.

 

Монгол Улсын иргэн, 1980 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хот, 41 настай, эмэгтэй, дээд боловсролтой, зочид буудлын менежер мэргэжилтэй, ********т лангуу түрээслэгч, сард 2 000 000 төгрөгийн орлоготой, ам бүл 3, эцэг, эхийн хамт ****************, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар **************** На.

 

Монгол Улсын иргэн, 1975 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эмэгтэй, дээд боловсролтой, технологич мэргэжилтэй, ********т лангуу түрээслэгч, сард 2 000 000 төгрөгийн орлоготой, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт ***************оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ***************** Мя.

 

 Шүүгдэгч М.На, Ө.Ха, Ч.Мя нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж, хамтран бүлэглэж, 2021 оны 3 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Стрийт 88" бааранд хохирогч Ө.Мөтай хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж, улмаар Ө.Мөын цээж рүү гараараа цохих, хөл рүү нь өшиглөх зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн гуя, баруун, зүүн шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Ч.Мя мэдүүлэхдээ:

Би мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Тэр өдөр Мартын 8-ны өдөр байсан бөгөөд бид пиво уусан байсан. Би хохирогч Ө.Мөыг манай найз Хаыг зодсон гэж бодсон. Тэгээд харилцан зодоон болсон. Энэ хэргийн улмаас бид нар бас хохирсон. Хохирогч томографийн зураг авхуулсан талаар мэдээгүй. Хохиролд бид дундаасаа 1 000 000 төгрөг төлөх боломжтой, энэ мөнгийг 7 хоногийн хугацаанд төлнө. Хохирогчтой холбогдох гэсэн боловч утсаа авахгүй, уулзах гэсэн боловч уулзахгүй гэсэн. Өршөөлийн хуульд хамруулж өгнө үү гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч- М.На мэдүүлэхдээ:

Би мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед хохирогч Ө.Мө орж ирээд бидэнтэй маргаан хийсэн. Хохирогчид одоогоор хохирол төлөөгүй байгаа. Хохирогч Ө.Мө энэ хэрэг гарснаас хойш 1 жилийн дараа утсаар яриад 3 сая төгрөг нэхэмжилсэн. Бид 7 хоногийн хугацаанд 1 000 000 төгрөгийг хохирогчид төлөх боломжтой гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Ө.Ха мэдүүлэхдээ:

Би мөрдөн шалгах ажиллагаанд үнэн, зөв мэдүүлэг өгсөн. Хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчтой нэг удаа утсаар ярихад 3 000 000 төгрөг нэхэмжилсэн. Тэгээд хохирогчтой уулзъя гэхэд бидэнтэй уулзахгүй гэсэн. Хохирогчоос уучлалт гуйж, хохирлыг барагдуулна. Бид 7 хоногийн хугацаанд 1 000 000 төгрөгийг хохирогчид төлөх боломжтой гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч- Ө.Мө мэдүүлэхдээ:

2021 оны 3 дугаар сарын 07-ны өдөр ажил дээрээ байж байгаад 17 цагийн үед ажлаасаа гараад найзууд болох Натай хамт Туул гээд найзынхаа гэрт очиж уулзсан. Туулын гэрээс Нагийн хамт 21 цагийн үед гараад хорооллын эцэст байдаг “Стрийт 88” үйлчилгээний газарт 22 цагт орсон. Гэтэл үл таних эмэгтэйчүүд зөөгч охиныг дээрэлхээд, загнаад байх шиг байсан. Би өрөөнд нь оролгүй үүдэнд нь зогсож байгаад “болиоч, та нар битгий жаахан хүүхэд дээрэлхээд байгаач” гэж хэлсэн. Тэгсэн орилолдоод босоод ирсэн. Намайг хэл амаар доромжлоод байсан. Тэгсэн надтай хамт явж байсан Хулан, На нар ирсэн. Тэгээд уг эмэгтэйчүүд намайг доош нь харуулж байгаад үсдээд, араас өшиглөөд зодож эхэлсэн. Би хойд талын хаалгаар зугтаах гэсэн боловч Хулан, На нар гарч амжсан бөгөөд намайг уг эмэгтэйчүүд гаргалгүй авч үлдэж байгаад дахин үсдээд, цохиж, зодож эхэлсэн. Уг хэрүүл маргааныг “Стрийт 88” үйлчилгээний газрын зохион байгуулагч эгч, зөөгч хоёр салгасан. Зөөгч охиныг өмөөрлөө гэж намайг цохиж зодсон гэжээ. (хэргийн 29 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч- Л.На мэдүүлэхдээ:

2021 оны 3 дугаар сарын 07-ны орой 3, 4 дүгээр хорооллын Өргөө кино театрын урд найз Хулантай уулзахаар болж, Стрийт 88 үйлчилгээний газарт орсон. Удалгүй Хулангийн найз ирсэн бөгөөд бид гурав тус газраар үйлчлүүлж байсан. Удалгүй Мө ариун цэврийн өрөө орох гээд ганцаараа явсан ба ирэхгүй удаад байхаар нь би ганцаараа араас нь очсон. Гэтэл Мө ариун цэврийн өрөөний эсрэг талын өрөөнд үйлчлүүлж байсан хүмүүстэй хаалганы орчимд нь маргалдаж байсан. Би маргааныг болиулах гээд салгасан. Тэгээд Хулан бид хоёр тооцоогоо хийсэн ба энэ хооронд Мө хамт зогсож байсан. Гэтэл өрөөнд байсан танихгүй эмэгтэй зөөгч охиныг үсдсэн. Тэгээд Мө, Хулан бид гурав салгасан. Энэ хооронд өрөөнд үйлчлүүлж байсан танихгүй эмэгтэйчүүдийн зарим нь гадагшаа гарсан, зарим нь гараагүй байсан. Тэгээд би гарах гэтэл шатны хэсэгт танихгүй нэг эмэгтэй намайг үсдсэн. Араас Хулан ирээд салгаад бид хоёр гадагшаа гарсан. Энэ хооронд Мөыг хамт гарсан байх гэж бодтол гарч ирээгүй, дотор үлдсэн байсан. Хулан бид хоёр буцаж орох гэтэл хаалга түгжээтэй, хаалга нь кодтой байсан. Хулантай хамт Стрийт 88 үйлчилгээний газарт ороход Мө үүдний коридор хэсэгт хагас суугаа байдалтай, бусдад зодуулсан, хажууд нь зөөгч охин болон зохион байгуулагч эмэгтэй нар байсан гэжээ. (хэргийн 36 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.Бо мэдүүлэхдээ:

2021 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 23 цаг өнгөрөөд манай үйлчилгээний газар хаах болоод энэ талаараа үйлчлүүлэгч бүгдэд сануулж хэлсэн. Мэдүүлэгт дурдаад байгаа танихгүй гурван эмэгтэйд цаг дууссан байна, гараарай гэж хэлэхэд за гарлаа гэж хэлж байсан. Уг өрөө нь ариун цэврийн өрөөний хажуу талд байдаг бөгөөд зодуулдаг эмэгтэй буюу сүүлд нэрийг нь мэдэхэд Мө гэж хэлж байсан эмэгтэй ариун цэврийн өрөө орсон бөгөөд орох үедээ өрөөнд ганцаараа ороод уг хүмүүст хандаж, паб хаах гэж байна, хэдүүлээ цуг гаръя гэж хэлсэн. Тэгсэн вип өрөөнд сууж байсан хүмүүс угаасаа гарна, удахгүй ууж идэх юм дуусч байна, баяр болж байна, хэдүүлээ маргалдаад яахав гэж хэлж байгаа нь сонсогдсон. Тэгээд удалгүй Мө гэх эмэгтэй болон вип өрөөнд сууж байсан эмэгтэйчүүд хоорондоо маргалдаад эхэлсэн. Тэгээд Корал центерт ажилладаг Туул гэх эмэгтэй зөөгч Тэтай маргалдсан. Мө гэх эмэгтэй яагаад хүүхдийн үснээс татаад байгаа юм гээд Туултай маргалдсан. Харин Мөтай хамт явсан хоёр эмэгтэй найз нь пабаас гараад явсан. Туултай хамт явсан Хандаа болон танихгүй эмэгтэй хүн Мөыг вип өрөөний урд талын агуулах байрлах өрөөнд зодсон. Мөыг Туул, Хандаа болон танихгүй эмэгтэй гурван хүн хамтдаа зодож байсан гэжээ. (хэргийн 39 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Г.Тэ мэдүүлэхдээ:

Би вип өрөөнд сууж байсан Кораль центерийн эгч нарын өрөөнд зогсож байтал миний араас цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж өгсөн танихгүй эгч ганцаараа орж ирсэн. Тэгээд өрөөнд орж ирээд уг эгч “бүгдээрээ энэ пабаас гаръя цаг нь болсон байна” гэж хэлсэн. Гэтэл нөгөө вип өрөөнд сууж байсан эгч нар “чи түрүүлээд гарч бай, бид нар энд байнга үйлчлүүлдэг өөрсдөө гарчихна” гэж хэлж байсан. Би вип өрөөнөөс гарсан бөгөөд өргөдөл бичиж өгсөн эгч нөгөө эгч нартай үлдсэн бөгөөд удалгүй араас гарч ирээд үйлчлүүлж байсан ширээндээ буцаж суусан. Энэ хооронд би үйлчлүүлж байсан хүмүүст гарах шаардлага тавьсан. Вип өрөөнд сууж байсан хүмүүс гарахгүй байсан ба мөн 18 дугаартай өрөөнд сууж байсан хүмүүс мөн л гарахгүй миний тавьсан шаардлагыг эсэргүүцээд байсан. Өргөдөл өгсөн эгч ганцаараа вип өрөөнд орж байгаа харагдсан бөгөөд би зааландаа байсан. Удалгүй вип өрөөнд хэрүүл маргаан болж байгаа чимээ гарахаар нь захирал Богийн хамт орсон. Коралл центрт ажилладаг эгч нараас 5 эмэгтэй бүгд байсан бөгөөд гомдол мэдээлэл гаргаад байсан эгч Ижилмөрөн эгчтэй юм яриад маргалдаад байсан бөгөөд хоорондоо нэгнийгээ түлхэлцэж бэйсан. Вип  өрөөнд зодоон болоогүй,      Ө.Мөын цээж хэсэгт том биетэй хар өнгийн хувцас өмссөн шар үстэй туранхай эгч хоёр хоёулаа өшиглөж байсан. Ө.Мөыг Туул эгч, том биетэй эгч хоёр үсдсэн байдалтай, нөгөө шар үстэй туранхай эгч бөөр цээж хэсэгт өшиглөж байгаа харагдсан гэжээ. (хэргийн 43 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Х.Алт мэдүүлэхдээ:

2021 оны 3 дугаар сарын 07-ны шөнө хамт ажилладаг Ха, Мя, На, Ижилмөрөн нарын хамт Стрийт 88 үйлчилгээний газарт орсон. Бид нар Стрийт 88 үйлчилгээний газарт ороод вип өрөөнд суусан. Бид үйлчилгээний газарт орж нэг шил архи, нэг нэг пиво аваад сууж байтал гаднаас танихгүй эмэгтэй хүн орж ирээд паб хаах гээд байна, эндээс цуг гаръя, хэдүүлээ хамт гарна, бүгдээрээ машиндаа ууя гээд байсан. Ингээд бид нар машинд уухгүй, одоо гарлаа гэж хэлээд би Стрийт 88 үйлчилгээний газраас ганцаараа гараад явсан. Араас Ижилмөрөн гарч ирсэн. Тухайн үед надтай хамт явсан Болороо, Ха, На нар араас гарч ирж байна гэж бодож байсан. Тэгсэн Мя, На нар Хаыг аваад үлдчихлээ гэж хэлж байсан. Тэгээд пабад зодоон болсныг мэдсэн. Намайг үйлчилгээний газрын гадаа байхад Мя, На, Ха нар үлдсэн. Тухайн үед Хаыг авч үлдээд зодоод байна, арын хаалга дээр очъё гэж хэлж байсан. Үйлчилгээний газрын гадаа Ижилмөрөн бид хоёр байсан бөгөөд бид хоёр зодоон болох үед пабын гадна байсан гэжээ. (хэргийн 57 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад шинжээч-О.Болороо мэдүүлэхдээ:

Ө.Мөын биед учирсан толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахгүй. Толгойн хуйхны гэмтэл нь олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэжээ. (хэргийн 74 дүгээр хуудас)

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 2084 дугаартай дүгнэлтэд:

1. Ө.Мөын биед толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн гуя, баруун, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 67 дугаар хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

М.На эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 115 дугаар хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

Ө.Ха 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 592 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан гэжээ. (хэргийн 116 дугаар хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

Ч.Мя эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 117 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч М.На, Ө.Ха, Ч.Мя нар нь согтуурсан үедээ бүлэглэж, 2021 оны 3 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Стрийт 88" бааранд хохирогч Ө.Мөтай хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж, улмаар түүний цээж рүү гараараа цохих, хөл рүү нь өшиглөх зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн гуя, баруун, зүүн шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ө.Мөын мэдүүлэг, гэрч Б.Бо, Г.Тэ, гэрч Л.На, Х.Алт, шинжээч О.Болороо нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 2084 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Ө.Ха, М.На, Ч.Мя нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгч нарыг бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хохирогч Ө.Мө нь өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлсэнтэй холбоотойгоор томографийн оношилгоо хийлгэсэн 120 000 төгрөгийн нотлох баримтыг хэрэгт гаргасан бөгөөд шүүгдэгч нар хохирогчид эмчилгээний зардалд 1 000 000 төгрөгийг 7 хоногийн дотор нөхөн төлөхөө сайн дураараа илэрхийлж байна.

 

Иймд Ө.Ха-аас 333 333 төгрөг, М.Нааас 333 333 төгрөг, Ч.Мя-аас 333 333 төгрөг гаргуулж, нийт 1 000 000 төгрөгийг хохирогч Ө.Мөд олгохоор шийдвэрлэв.

 

Хохирогч Ө.Мө нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтлийг эмчлүүлсэнтэй холбоотой цаашид гарсан эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно. 

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа байдал болон гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, хувийн байдлыг харгалзан ялыг оногдуулав.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Ха-ыг бусадтай бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан ,

 

шүүгдэгч На-ыг бусадтай бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан

 

 шүүгдэгч Мя-ыг бусадтай бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Ө.Ха-ыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний 1 000 000  төгрөгөөр торгох,

 

шүүгдэгч М.На-ыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний 1 000 000 төгрөгөөр торгох,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3-т заасныг журамлан шүүгдэгч Ч.Мя-ыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний 1 000 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч Ө.Ха, Ч.Мя, М.На нарт оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний 1 000 000 төгрөгөөр торгох ялаас тус бүрд нь өршөөн хэлтрүүлсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Ө.Ха-аас 333 333 төгрөг, М.Нааас 333 333 төгрөг, Ч.Мя-аас 333 333 төгрөг гаргуулж, нийт 1 000 000 төгрөгийг хохирогч Ө.Мөд олгосугай.

 

5. Шүүгдэгч нар нь 7 хоногийн хугацаанд хохирогчид 1 000 000 төгрөгийг төлөхөө илэрхийлснийг дурдсугай.

 

6. Хохирогч Ө.Мө нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтлийг эмчлүүлсэнтэй холбоотой цаашид гарсан эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно. 

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

            8. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ө.Ха, Ч.Мя, М.На нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН