Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/102

 

 

 

 

 

 

 

2022           02            16                                    102       

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга: М.Нарансолонго, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Энэрэл,

шүүгдэгч: Б.Хаш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол  дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Хаш-д холбогдох эрүүгийн 2205000000049 дугаартай, 1 хавтас хэргийг 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1980 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, агрономч мэргэжилтэй, “Шинэ хотхон” СӨХ-д үйлчлэгч ажилтай, сард 450 000 төгрөгийн цалинтай, ам бүл 6, нөхөр, 3-18 насны 4 хүүхдийн хамт ************************** оршин суух, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар **************Хаш.

 

Шүүгдэгч Б.Хаш нь согтуугаар 2021 оны 12 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө **************2а тоотод хохирогч Ч.Су-тай үл ойлголцож, маргалдсаны улмаас нүүрэн тус газарт нь гараараа маажиж, цохиж, зодож, тархи доргилт, цээжинд зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Хаш мэдүүлэхдээ:

Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэснээс болж энэ хэргийг үйлдсэн. Хохирогчийг зодох шалтгаан надад байгаагүй. Одоо бид хоёрын харилцаа хэвийн байгаа. Нэгнийхээрээ орж гараад давгүй байдаг. Цагаан сарын үеэр орж золгосон. Улсын яллагчийн санал болгосон зорчих эрхийг хязгаарлах эрүүгийн хариуцлагыг өөрийн сайн дураар хүлээн зөвшөөч байна гэв. 

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Ч.Су мэдүүлэхдээ:

2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 22 цагийн үед манай хөрш Хаш согтуу, 0.75 литрийн Хараа архи нэг шил, 2 лааз пивотой манай гэрт ахынхаа хамт орж ирсэн. Хаш надаас “манай нөхөр танд 50 000 төгрөг өгсөн үү, танай ёолк хэзээ болох юм, хоёулаа танай ёолконд чинь хамт явъя” гэсэн. Тэгээд Хашийн ах нь гарч яваад би Сутай хамт нэлээн удаан хамт сууж юм ярьж, дуу сонсож, архи, пивоо ууж суусан. Тухайн үед шөнийн 00 цаг өнгөрсөн байсан. Удалгүй Хаш “миний утсыг ах аваад явчихлаа” гэхээр нь би “чи юу яриад солиороод байгаа юм, чиний хажууд утас чинь байна” гэхэд Хаш “чи манай ахтай ямар холбоотой юм” гээд үснээс зулгаагаад, нүүр, цээж хэсэг рүү олон удаа маажаад байхаар нь би хажуугаар нь тойроод гарах гээд үснээс нь бариад доош дарахад миний хоёр гуяны дотор талаас базаж авсан. Тэгээд би хажуугаар нь гүйж гараад цагдаад дуудлага өгсөн. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Миний бие дэх шархууд эдгэрсэн. Надад одоо гомдол санал байхгүй гэжээ. (хэргийн 18-19 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Н.Ам мэдүүлэхдээ:

Иргэн Ч.Су нь бусдад зодуулсан гэх дуудлага мэдээллийг 01 цагийн үед хүлээн авч, дуудлага өгсөн хүний гэрийн хаягт очиход Ч.Су нь нүүр, бие хэсэг нь маажигдсан, гэртээ ганцаараа, илт согтуу байж байсан. Тэгээд юу болсон талаар асуухад хөрш Хаштэй хамт архи ууж байгаад Хаш надаас 50 000 төгрөгөө өг гэсэн. Тэгээд Хаш архи ууж байх үедээ чи надаас мөнгө зээлсэн биздээ гэж надад хэлсэн гэсэн. Дараа нь Хашийн гэрт нь ороход согтуу унтаж байсан. Хашийг сэрээж, эмэгтэйчүүдийн эрүүлжүүлэхэд хийсэн гэжээ. (хэргийн 12 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 697 дугаар дүгнэлтэд:

1. Ч.Суын биед тархи доргилт, хоёр чихний ар хэсэг, дух, баруун хөмсөгний дээр, баруун хацар, шанаа, баруун доод зовхи, хамар, эрүүнд зулгаралт, дээд уруулд цус хуралт, дотор салстын язрал, баруун дээд 2 дугаар шүдний сулрал, цээжинд зулгаралт, баруун чих, хэвлий, зүүн бугалга, шуу, умдаг, хоёр гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.  

3. Дээрх гэмтлүүд нь нийтдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тархи доргилт, цээжний цус хуралт гэмтэл нь тус тусдаа хөнгөн зэрэгт, бусад гэмтэл нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 22 дугаар хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

Б.Хаш нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 31 дүгээр хуудас)

                                               

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Б.Хаш нь согтуугаар 2021 оны 12 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө ******************2а тоотод хохирогч Ч.Сутай маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь гараараа маажиж, цохиж, зодож, тархи доргилт, цээжинд зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ч.Су, гэрч Н.Ам нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 697 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Хаш-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хохирогч нь өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлсэн талаар нотлох баримтыг хэрэгт гаргаагүй бөгөөд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул Б.Хаш-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.    

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял болон түүнийг 45 хоногийн хугацаагаар Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгааарлах зорчих эрхийг хязгаарлах эрүүгийн хариуцлагын саналыг сайн дураар зөвшөөрч байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Хаш-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Хаш-ийг Улаанбаатар хотын Баянгол дүүргийн бүсчлэлээс 45 хоногийн хугацаагаар гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах  ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар Б.Хаш нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Хаш-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Хаш цагдан хоригдсон хоноггүй, хохирогч хохирол нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Хаш-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН