Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 479

 

2017 оны 08 сарын 17 өдөр      Дугаар 156/ШШ2017/00479                 Хэнтий аймаг

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

156/2017/00273/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж, шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

           Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Эрчмийн 40-03 тоотод оршин суух, Сүх оточ овогт Жамсрангийн Нармандах /РД:СТ74110701/-ын нэхэмжлэлтэй 

           Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Б-53-07 тоотод оршин суух, Боржигон овогт Баянжаргалын Чойжилмаа (РД:СИ73072306)-д холбогдох

           “9 200 000 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Нармандах, нэхэмжлэгчийн өмгөөлөгч  С.Нарангэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Содончимэг, хариуцагчийн өмгөөлөгч Н.Болормаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Болор-Уянга нар оролцов.

                                                                                                     

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ж.Нармандах нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2015 оны 05 дугаар сард Б.Чойжилмаатай хамтран Батширээт суманд очиж, Оюун гэгч эмэгтэйгээс 20 000 000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлдэж авсан. Сүхбаатар аймаг руу хамтран наймаа хийхээ явсан. 1 сар шахам би цуг байж, зарж байсан мод палкаа Б.Чойжилмаад итгэж найдаж орхиод ирсэн. Оюун гэгч эмэгтэйгээс авсан мөнгөө хүүгийн хамт хийхийг Б.Чойжилмаад хэлэхэд энд байгаа мод, банз, палкаар чинь хүнд 2 байшин барьж өгч байгаа. Байшингаа зараад мөнгийг чинь өгнө гэж хэлээд өдий хүрсэн. Хүнээс авсан хүүтэй мөнгөний хугацааг гуйж байгаад 12 сар хүртэл сунгаж, би өөрөө төлсөн. Одоо бидний хооронд 2 000 000 төгрөгийн хүү, 7 200 000 төгрөгийн мод, палкны мөнгөний тооцоо үлдсэн. Иймд Б.Чойжилмаагаас 9 200 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. /хх-ийн 1х/

Хариуцагч Б.Чойжилмаа нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Ж.Нармандах эгчтэй 2015 оны 05 дугаар сард Батширээт сумын иргэн Оюун гэгчээс    5 хувийн хүүтэй 20 000 000 төгрөгийг зээлж, хамтран бизнес хийсэн нь үнэн болно. Уг мөнгийг Оюун гэгчид тохирсон хугацаандаа төлсөн болно. Үүнийг Оюун гэгч өөрөө гэрчлэх болно. Ж.Нармандахтай мод, банз, хашаа, байшин барьж хүнд зарах, мал махны наймаа үргэлжлүүлэн хийсэн. Гэтэл удаа дараа явуулсан мал, махны наймаа шатсан гэх нэрээр надад 5 000 000 төгрөгийн төлбөр зохиомлоор гаргаж ирсэн билээ. Түүгээр ч үл барам уг мөнгөө дээрх Оюун гэгчийн мөнгө гэж худал өндөр хүүтэй тооцож 9 200 000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Наймаачдын тогтож хэлэлцсэн журмаар наймаа хийсэн тохиолдолд ашиг гарвал тэнцүү хуваан авдаг, шатсан тохиолдолд бас хуваан төлдөг. Би энэ 5 000 000 төгрөгийн 50 хувийг төлж барагдуулах нь зүйн хэрэг бөгөөд 2 500 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ. /хх-ийн 10х/ 

 

Шүүх нэхэмжлэгчийн болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад      

                                                                                                                                                                                                                                                         

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ж.Нармандах нь хариуцагч Б.Чойжилмаад холбогдуулан 9 200 000 төгрөгийг  гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.  

    

Нэхэмжлэгч Ж.Нармандах, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Содончимэг нар нь шүүх хуралдааны явцад эвлэрэн хэлэлцсэн бөгөөд шүүхэд ирүүлсэн Эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Ж. Нармандах нь 9 200 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын 5 200 000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь уг 4 000 000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, түүнчлэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 162 150 төгрөгийн тал хувь болох 81 075 төгрөгийг хариуцагч нь төлөхөөр, хариуцагч Б.Чойжилмаа нь 4 000 000 төгрөгийн төлбөрийг 2 хувааж, 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн дотор  2 000 000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор 2  000 000 төгрөгийг тус тус Ж.Нармандахын нэр дээрх ХААН банкинд байрлах 5954068015 дугаартай дансанд шилжүүлэхээр харилцан тохиролцлоо гэжээ. 

     

            Ийнхүү нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, хариуцагч тал нь уг шаардлагыг хүлээн зөвшөөрч зохигчид нь 4 000 000 /дөрвөн сая/ төгрөгийн хэмжээнд эвлэрч байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар явуулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.3-т заасныг удирдлага болгон                                                                                                                                                                                                        

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Ж.Нармандахын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Чойжилмаад холбогдох “9 200 000 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт нэхэмжлэгч Ж.Нармандах, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Содончимэг нар нь 4 000 000 /дөрвөн сая/ төгрөгийн хэмжээнд эвлэрэн хэлэлцэж, уг мөнгийг хариуцагч тал нь 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн дотор 2 000 000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор 2 000 000 төгрөгийг төлөхөөр, улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн мөнгөний тал хувь болох 81 075 /наян нэгэн мянга далан тав/ төгрөгийг төлөхөөр тус тус харилцан тохиролцсон зохигчдын дээрх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг анхааруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Ж.Нармандахаас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 162 150 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б.Чойжилмаа нь 81 075 төгрөгийг нэхэмжлэгч Ж.Нармандахад өгөхөөр болж энэ тухай Эвлэрлийн гэрээнд тусгасан болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ж.БОЛДБААТАР

с