| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхам-Янжингийн Оюун |
| Хэргийн индекс | 106/2022/0092/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/103 |
| Огноо | 2022-02-16 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Д.Батзаяа |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 2022/ШЦТ/103
2022 02 16 103
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,
нарийн бичгийн дарга: М.Нарансолонго,
улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Батзаяа,
шүүгдэгч: Ж.Ойм нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ойм-ад холбогдох эрүүгийн 2105025640088 дугаартай, 1 хавтас хэргийг 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1978 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын хуульч мэргэжилтэй, ******** ХХК-д гүйцэтгэх захирал ажилтай, сард 2 000 000 төгрөгийн цалинтай, ам бүл 2, эцгийн хамт ********************** оршин суух, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ******************Ойм.
Шүүгдэгч Ж.Ойм нь 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр *******************2 тоотын грашид байрлуулсан иргэн Т.Мягийн эзэмшлийн “BMW Х3” загварын, **** УНД улсын дугаартай автомашины 2 ширхэг толийг миний “гар утас, зөөврийн комьпютерийг хулгайлсан” гэх шалтгаанаар хугалж гэмтээсний улмаас 800 000 төгрөг,
“Айфоне 11 про макс” загварын мөнгөлөг өнгийн гар утсыг “орчуулгын хөлсийг дутуу өгсөн” гэх шалтгаанаар унагаж гэмтээн, гишгэж эвдэлсний улмаас 1 950 000 төгрөгийн хохирлыг тус тус учруулж, нийт 2 750 000 төгрөгийн эд хөрөнгө устгаж, гэмтээсэн гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч- Ж.Ойм мэдүүлэхдээ:
Би прокурорын уншиж сонсгосон яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Энэ маргаан орчуулга хийсэн ажлын хөлснөөс үүдсэн. Гар утас унагаж эвдэлсэн нь 10 дугаар сарын 26-ны өдөр, харин авто машины толь эвдэлсэн үйлдэл нь уг өдрөөс сарын дараа болсон юм. Мя нь миний компьютерыг зарж, гар утас авна гэж ярьсан. Би түүнд компьютер, гар утсыг аваад ир гэж сануулж, мессеж бичсэн. Тэгээд уур хүрээд машины толийг нь хугалсан. Харин хохирогчийн гар утсыг эвдэлье гэж бодоогүй, санамсаргүй гишгэсэн. Машины толийг бол санаатай эвдсэн. Хохирлыг бэлэн мөнгөөр төлсөн. Бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм зүйл болохгүй. Хийсэн үйлдэлдээ дүгнэлт хийж, улсын яллагчийн 450 000 төгрөгөөр торгох торгуулийн ялыг өөрийн сайн дураар хүлээн зөвшөөрсөн. Энэ торгуулийн ялыг 3 дугаар сард цалин буухаар төлнө гэв.
Мөрдөн байцаалтад хохирогч-Т.Мя мэдүүлэхдээ:
Би 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр өөрийн найзууд болон тухайн үед хамтран амьдарч байсан Оймын хамт Төв аймгийн Мөнгөнморьт суманд байрлах “Мөнгөн агт” жуулчны баазад очсон. Тэгээд тэндээ хоол унд идээд, хөзөр тоглоод, архи уугаад, амраад байж байтал 12 цагийн үед Ойм согтоод гэнэт миний араас гараараа цохиод, ширээн дээр байсан миний “Айфоне 12 про макс” загварын гар утсыг авч шидэхэд нь би гар утсаа газраас авахад дахин булааж авч, шидээд асаах гэхэд огт асахгүй байсан. Харин би ямар учиртай ингэж байгаа талаар асуухад надад юм хэлээгүй. Энэ үед Ар, Хишигдэлгэр нар Оймыг боль гээд хориглож болиулсан.
Би Оймын нөүтбүүк, гар утас гэх зэрэг зүйлийг авч яваагүй. Авто машины эвдсэн толийг Ойм авч өгсөн. Гар утасны төлбөрийг төлсөн. Одоо хохирол нэхэмжлэх зүйлгүй гэжээ. (хэргийн 20, 29 дүгээр хуудас)
Мөрдөн байцаалтад гэрч-Р.Ар мэдүүлэхдээ:
2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр бид нар Төв аймгийн Мөнгөн морьт сумын нутагт байрлах Мөнгөн агт амралтын газар очоод тэндээ хоёр хонох байсан боловч нэг хоноод маргааш нь эрт гарсан. Учир нь 10 дугаар сарын 15-ны өдөр Мя, Ойм, Хи бид над хоол хийж идээд пиво, вино уугаад хөзөр тоглож байтал гэнэт Ойм уурлаад Мяг хажуунаас нь нудраад, тохойлдоод, ширээн дээр байсан Мягийн Айфоне загварын гар утсыг авч шидээд дээр нь дэвсээд байсан. Тухайн үед шинээр авсан гээд Айфоне 11 про макс гар утастай байсан бөгөөд уг утсыг Ойм ширээн дээрээс аваад шидээд эвдэлчихээд газраас дахин авч шидээд дээр нь гишгээд улам эвдлээд байсан гэжээ. (хэргийн 40 дүгээр хуудас)
“Дамно” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1266 дугаар хөрөнгийн үнэлгээний тайланд:
Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 2 750 000 төгрөгөөр үнэлэгдэв гэжээ. (хэргийн 58 дугаар хуудас)
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:
Ж.Ойм нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 94 дүгээр хуудас)
ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:
Шүүгдэгч Ж.Ойм нь 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 13 дугаар байрны 2 тоотын грашид байрлуулсан хохирогч Т.Мягийн эзэмшлийн “BMW Х3” загварын, **** УНД улсын дугаартай автомашины 2 ширхэг толийг “миний гар утас, зөөврийн комьпютерийг хулгайлсан” гэх шалтгаанаар хугалж, гэмтээсний улмаас 800 000 төгрөг,
“Айфоне 11 про макс” загварын мөнгөлөг өнгийн гар утсыг “орчуулгын хөлсийг дутуу өгсөн” гэх шалтгаанаар гишгэж эвдэлсний улмаас 1 950 000 төгрөгийн хохирлыг тус тус учруулж, нийт 2 750 000 төгрөгийн эд зүйлийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Т.Мя, гэрч Р.Ар нарын мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1266 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, гэрэл зураг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.
Баянгол дүүргийн прокурорын газраас Ж.Оймад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Хохирогч Т.Мя нь тус гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг хүлээн авсан, гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул Ж.Оймыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, өөрийгөө өмгөөлж, шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Ойм-ыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ж.Ойм-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450 000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450 000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг Ж.Ойм-ад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ж.Ойм нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ж.Ойм цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Ойм-ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ОЮУН