| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 156/2017/00302/И |
| Дугаар | 481 |
| Огноо | 2017-08-18 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 481
2017 оны 08 сарын 18 өдөр Дугаар 156/ШШ2017/00481 Хэнтий аймаг
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
156/2017/00302/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж, шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Өмнэдэлгэр сумын 7 дугаар багт оршин суух, Цоохор овогт Чулуунбаатарын Ононцэцэг /РД:ЧБ84081361/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 7 дугаар баг, Хурх тосгоны захирагчид холбогдох
“ажлаас үндэслэлгүй халагдсан тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 1 240 958 төгрөгийг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлагуудтай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Ононцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Бадамгэрэл, хариуцагч /Хурх тосгоны захирагч/ Г.Нацагдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ч.Ононцэцэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2013 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Хурх тосгоны Соёлын төвийн эрхлэгчээр ажилд орсон. Намайг ажилд ороход Соёлын төвийн үйл ажиллагаа муу, өр шир, зөрчил ихтэй, аймгийн нийт 22 соёлын төвөөс ажлын үзүүлэлтээр сүүлээсээ хоёрт орсон байгууллага байсан. Би ороод их ажил хийсэн. Тэгээд манай Соёлын төв 2016 онд бусад соёлын төвүүдээс 6 дугаар байранд орж байсан. Би болон манай ажилчид ямар нэгэн алдаа дутагдал гаргаагүй ажиллаж байсан. Тосгоны захирагчаар Нацагдорж гэх хүн 2016 оны 12 дугаар сард ажилд орсон. Тэгтэл 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр намайг өрөөндөө дуудаад чамтай ажиллаж чадахгүй, өргөдлөө өг ажлаас чинь хална гэсэн. Би учир шалтгааныг нь асуухад чи намайг залуучуудын шинэ жилээр уриагүй, мөн тосгоны иргэдийн нийтийн хурлаар намайг дургүй байхад тооллогын комисст чи орсон гэж хэлсэн. Би энэ бүхнийг өөрт нь учирлаж хэлтэл миний эрх чөлөөнд халдаж, өрөөнөөсөө чирж гаргасан. Мөн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр дахин намайг өрөөндөө дуудаад Ө.Мандах гэх хүнийг ажилд ав гэсэн. Би хамт олонтойгоо хуралдаад тодорхой шалтгааны улмаас авахгүй байхаар шийдвэрлэсэн. Гэтэл 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр захирагч Нацагдорж ахин дуудсан. Тэгээд чи миний өгсөн үүрэг даалгаврыг биелүүлсэнгүй, ажилд ав гэхэд авсангүй, чамтай нийлж ажиллаж чадахгүй юм байна, ажлаас гарах өргөдлөө өг гэсэн. Би түүнд энэ асуудал нь миний өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх асуудал, би байгууллага дотроо хуралдаад шийдвэрлэсэн юм гэж хэлсэн. Ингэтэл 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр захирагчийн ажлын албаны ажилчдын хурал дээр захирагч Нацагдорж нь чиний хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч байна шүү л гэж хурал дуусахын өмнөхөн хэлж байсан. Гэтэл 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр намайг ажлаас халсан тухай тушаалыг надад Нийгмийн бодлогын түшмэл гардуулсан. Гэтэл энэ тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.3 дахь заасны дагуу “Ажил олгогч нь ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй” гэх заалтыг огт тусгаагүй байна. Тэгээд ч энэ тэтгэмжийг надад өгөөгүй. Захирагч Нацагдорж нь уг тушаалаа гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалтыг үндэслэжээ. Гэтэл тус хуулийн 23.3-т зааснаар бол “Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно” гэсэн заалтын дагуу би дахин 2 жилээр гэрээ минь сунгагдсан гэж бодож байсан ба 2017 оны 03 дугаар сарын 13-ны талууд гэрээг цуцлах санал тавиагүй, би цаашид ажлаа хийсээр л байсан. Мөн би 10 сартай охинтой байхад тус хуулийн 100.1-т заасныг “Ажил олгогч нь 3 хүртэлх насны хүүхэдтэй эхийг... бусад тохиолдолд халахыг хориглоно” гэснийг зөрчиж ажлаас халсан. Иймд Хэнтий аймгийн Хурх тосгоны захирагчийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Б/13 тоот “Ажлаас чөлөөлөх тухай" тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны цалин 1 240 958 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. /хх-ийн 1х/
Хариуцагч /Хурх тосгоны захирагч/ Г.Нацагдорж нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хурх тосгоны өмнөх Захирагч асан Ж.Энххуягийн иргэн Ч.Ононцэцэгтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээ нь 2017 оны 3 дугаар сарын 13-нд дуусгавар болж буйг иргэн Ч.Ононцэцэгт 7 хоногийн өмнө буюу 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Хурх тосгоны төсвийн байгууллагуудын удирдлагууд ба захирагчийн албаны түшмэдүүд оролцсон өргөтгөсөн хурал дээр мэдэгдэж, гэрээг сунгахгүй бөгөөд хугацаа дуусмагц цуцлагдана гэдгийг сануулсан. Гэрээний хугацаа дууссан өдөр буюу 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр ажил хүлээлцэх захирамж гаргах үед иргэн Ч.Ононцэцэг нь ээлжийн амралтаа эдлэх хүсэлт гаргасныг хүлээн авч хүсэлтийг нь хангасан. Нэгэнт ээлжийн амралт олгох болсон тул ажпаас чөлөөлөх захирамжийн огноог түр түдгэлзүүлж, ээлжийн амралтын хугацаа дууссаны дараа буюу 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөр ажлаас чөлөөлөх захирамж гаргасан болно. Миний бие Хурх тосгоны захирагчийн үүрэгт ажилд томилогдсон 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүртэл ба түүнээс хойш Ч.Ононцэцэгийг ажлаас чөлөөлөх хүртэл хугацаанд 0-3 насны хүүхэдтэй тухай мэдээлэл байгаагүй. Харин энэхүү нэхэмжлэл гаргасантай холбогдуулан 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Ч.Ононцэцэг нь хүүхэд үрчлэн авсан гэдгийг тосгоны улсын бүртгэгч Б.Сарантуяагаас тодруулсан болно. Хурх тосгоны захирагчийн хувьд Хөдөлмөрийн хууль зөрчсөн үйлдэл үгүй, захирагчид олгогдсон эрхийнхээ хүрээнд хуулийн дагуу шийдвэр гаргасан тул нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй гэж үзэж байна гэжээ. /хх-ийн 17х/
Шүүх нэхэмжлэгчийн болон хариуцагчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ч.Ононцэцэг нь хариуцагч /Хурх тосгоны захирагч/ Г. Нацагдоржид холбогдуулан “ажлаас үндэслэлгүй халагдсан тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 1 240 958 төгрөгийг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх”-ээр нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Ч.Ононцэцэг, хариуцагч /Хурх тосгоны захирагч/ Г.Нацагдорж нар нь шүүх хуралдаан дээр эвлэрэн хэлэлцсэн бөгөөд шүүхэд ирүүлсэн Эвлэрлийн гэрээндээ: 1. Ч.Ононцэцэгийг 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Соёлын төвийн эрхлэгчийн үүрэгт ажилд эгүүлэн томилохоор Г.Нацагдорж үүрэг хүлээв. 2. Ч.Ононцэцэгийн ажилгүй байсан хугацаа буюу 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн бүрдүүлэх. 3. Ч.Ононцэцэгийн ажилгүй байх хугацааны нөхөн төлбөрт 1 200 000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийг соёлын төвийн санхүүгийн эх үүсвэрээс гаргаж, ажилд орохоос нь өмнө өгөхөөр харилцан тохиролцлоо гэжээ.
Ийнхүү шүүх хуралдааны явцад зохигчид нь эвлэрч байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар явуулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.3-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Ч.Ононцэцэгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Хурх тосгоны захирагчид холбогдох “ажлаас үндэслэлгүй халагдсан тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 1 240 958 төгрөгийг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагуудтай иргэний хэрэгт 1. Ч.Ононцэцэгийг 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Соёлын төвийн эрхлэгчийн үүрэгт ажилд эгүүлэн томилохоор хариуцагч /Хурх тосгоны захирагч/ Г.Нацагдорж үүрэг хүлээсэн. 2. Ч.Ононцэцэгийн ажилгүй байсан хугацаа буюу 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн бүрдүүлэх үүргийг хариуцагч /Хурх тосгоны захирагч/ Г. Нацагдорж хүлээсэн. 3. Ч.Ононцэцэгийн ажилгүй байх хугацааны нөхөн төлбөрт 1 200 000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийг соёлын төвийн санхүүгийн эх үүсвэрээс гаргаж, ажилд орохоос нь өмнө өгөхөөр хариуцагч /Хурх тосгоны захирагч/ Г. Нацагдорж үүрэг хүлээсэн зохигчдын дээрх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг анхааруулсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан тухай нэхэмжлэгч Ч.Ононцэцэгийн гомдол нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг тул түүний улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 42 833 төгрөгийг улсын орлогоос /Төрийн сангийн 180000941 тоот данснаас/ гаргуулж буцаан олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР