Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/107

 

 

 

 

 

 

 

2022           02            16                                        107

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга: М.Нарансолонго, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Энхтуул,

шүүгдэгч: М.Мө нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол  дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн  Мө-эд холбогдох эрүүгийн 2105006261948 дугаартай, 1 хавтас хэргийг 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1999 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “*******г” ХХК-д туслах ажилтай, сард 1 800 000 төгрөгийн цалинтай, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт **************** тоотод оршин суух, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ***************** Мө.

 

Шүүгдэгч М.Мө нь 2021 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн * дугаар хороо, ** дүгээр байрны гадна Г.Тэтэй “найз охин түлхлээ” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд, доод зовхи, эрүүнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-М.Мө мэдүүлэхдээ:

Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Хохирогч бид хоёр нэг газар хамт ажилладаг бөгөөд тэр манай найз охиныг түлхсэн учраас би түүнийг цохисон. Одоо хохирогчтой эвлэрсэн. Хохирлын мөнгийг түүний ээжтэй нь манай ээж ярьж байгаад өгсөн. Дахиж ийм үйлдэл гаргахгүй. Хохирогч нь цаашид энэ гэмт хэргийн улмаас эмчилгээ хийлгэж, холбогдох зардлаа нэхэмжилбэл төлнө гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Г.Тэ мэдүүлэхдээ:

2021 оны 3 дугаар сарын 14-ний орой Баянгол дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ** дүгээр байрны гадаа тоглоомын талбай дээр миний өмнө үерхэж байсан Энхзул гээд охин уулзъя гэж намайг дуудахаар нь би очсон. Тэгээд намайг очиход Энхзул согтуу, над руу дайрч давшлаад намайг цохисон. Би Энхзулыг зүгээр бай гээд түлхсэн чинь цаанаас манай найз Мө буюу Сүхээнээ буюу тухайн үед үерхэж байсан найз залуу нь гарч ирээд надтай маргалдсан. Тэгээд Мө бид хоёр хоорондоо маргалдахад Мө эхлээд миний зүүн нүд рүү цохисон. Би зөрүүлээд нүүр рүү нь нэг удаа цохиод, бид хоёр салсан. Тэгээд миний зүүн нүдний доод хэсэг их өвдөж, бүрэлзээд байхаар нь би цагдаад гомдол гаргасан. Одоо миний нүд эдгэрсэн, ямар нэгэн эмгэг байхгүй. Надад гомдол санал байхгүй. Бид эвлэрсэн гэжээ. (хэргийн 19 дүгээр хуудас)

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн шинжээчийн 2348 дугаар дүгнэлтэд:

1. Г.Тэлмүүний биед зүүн нүдний дээд, доод зовхи, эрүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 31 дүгээр хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

М.Мө нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 53 дугаар хуудас)

                                               

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч М.Мө нь 2021 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн ** дугаар хороо, ** дүгээр байрны гадна Г.Тэтэй “найз охин түлхлээ” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд, доод зовхи, эрүүнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Тэгийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн шинжээчийн 2348 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас М.Мөэд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хохирогч нь өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлсэн талаар нотлох баримтыг хэрэгт гаргаагүй бөгөөд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул М.Мөийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.    

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял болон түүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500 000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагын саналыг сайн дураар зөвшөөрч байх боловч 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж заажээ.

 

Шүүгдэгч М.Мө нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснөөр Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1- заасны дагуу түүнд холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иймд Өршөөл үзүүлэх тухай хуулийн гэмт хэрэг үйлдсэн хүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр нэг удаа өршөөлд хамруулах үзэл баримтлалд нийцүүлэн шүүгдэгч М.Мөэд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Мө-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар шүүгдэгч М.Мө-эд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

 

            4. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.Мө-эд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Л.ОЮУН