Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/126

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: М.Нарансолонго, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Тэгшбаяр,

хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Со (*****ХХК),

хохирогч итгэмжлэгдсэн төлөөлөгч: Я.Эр (***** ХХК), тэдгээрийн өмгөөлөгч Г.Бат-Отгон /0509/,

шүүгдэгч: Б.Ари, түүний өмгөөлөгч Х.Отгончимэг /0367/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол  дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ари-т холбогдох эрүүгийн 2105000001377 дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 

 

  Шүүгдэгч Б.Ари нь 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “****р”-ийн *** тоотод байрлах “***” ХХК-ийн нягтлангаар ажиллаж байхдаа урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж компанийн албан бичгийн бланк дээр захирал Д.Со-ийн гарын үсгийг дуурайлган зурж, тус компанид 6 500 000 төгрөгийн зээлийн барьцаанд байсан тус компанийн эзэмшлийн **** УНБ улсын дугаартай, “Тоёота Королла” маркийн тээврийн хэрэгслийг албан тушаалын байдлаа ашиглан өөрийн нэр дээр шилжүүлэн авч залилсан,

мөн үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *****”-ын *** тоотод байрлах “****” ХХК-тай 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр барьцааны гэрээ байгуулан, зээл авсан О.Багийн зээлийн төлбөрийг өөрийн “Хаан банкны 5011******* дугаартай данс руу шилжүүлэн авч бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан,

2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “****”-ын *** тоотод байрлах “*****” ХХК-ийн нягтлангаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан тус байгууллагын “Хаан банкны” 503******дугаартай данснаас 20 000 000 төгрөгийг өөрийн “Хаан банкны” 5300509747 дугаарын дансанд шилжүүлэн завшсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Б. мэдүүлэхдээ:

Би цахимаар мөрийтэй тоглож байхдаа хэтэрхий их улайрч мөнгөө өсгөх гэж байгаад алдсан. Тухайн үед би цахимаар мөрийтэй тоглоом байнга тоглодог байсан. Тэгээд мөнгө хэрэгтэй болсон тул байгууллагаасаа мөнгө авч, өсгөөд буцаагаад өгнө гэж бодсон боловч мөнгөө алдсан. Захирал Д.Соийн гарын үсгийг хуурамчаар үйлдсэн нь үнэн. Гэхдээ хуурамч тамга тэмдэг ашиглаагүй. Тамгатай албан бланк нь надад байдаг. Хохирлыг төлөх гэсэн боловч шүүх, цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа учраас тогтсон ажил эрхлэх боломжгүй байсан. Энэ асуудлыг шийдсэний дараа ажил хийж байгаад хохирлыг төлж барагдуулна. Энэ хооронд барилга дээр туслах ажилтан хийж гэр бүлийнхээ хоол унд, хүүхдүүддээ зарцуулсан. Байгууллагын мөнгө болох 20 сая төгрөгийг цахим тоглоомын цэнэглэдэг данс руу шилжүүлсэн. Уг тоглоомыг монгол болон гадаад хүмүүстэй тоглодог. Өнгөрсөн хугацаанд би маш их зүйл ойлгож, ухаарсан. Хохиролд одоогоор 1 сая төгрөгийг “****” руу шилжүүлж,  440 000 төгрөгийг ажилгүйдлийн тэтгэмжээ аваад “Э***и” компанид шилжүүлсэн. Үлдэх хохирлыг хүлээн зөвшөөрч байна. Өөрийн боломжийн хэрээр төлж барагдуулна. Мөн цахимаар өмчилсөн газар байгаа. Уг газрын өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж хохиролд тооцуулах хүсэлтэй байна.  Тэр газар миний бодлоор 5-6 сая төгрөг хүрэх байх. Мөн манай хадам аавын газар байдаг. Түүнийг бас хохиролд шилжүүлнэ гэж бодож байна. Хохирогч Багийн мөнгийг төлөх боломжтой байсан. Ажлаас гарахад амралтын мөнгө 980 000 төгрөг бодогдсон. Мөн ажилгүйдлийн тэтгэмж 440 000 төгрөг нэмж хийсэн. Энэ мөнгөөр хаах боломжтой байсан боловч төлж чадаагүй. Тээврийн хэрэгслийг 5 500 000 төгрөгөөр зараад тоглосон. Мөн 2 жилийн өмнө машин авах гэж цалингийн зээл авсан ба цалингийн зээл 11 сая төгрөгийн үлдэгдэл байгаа. Намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2 зүйл ангиар зүйлчилснийг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-Д.   мэдүүлэхдээ:

            Б.Ари нь “Б**” ХХК болон “Эл***и” ХХК-д аль алинд нь хамааралтай. “М***и”, “Э***”, “Би***н” гэх 3 компани нь гэр бүлийн компани юм. Б.Ари нь “М***и”, “Э***” компанид эдийн засагчаар ажилладаг байсан. Б.Ариыг 2018 оны 11 дүгээр сард ажилд авсан. Манай компани такси, үйлчилгээ эрхэлдэг компани учраас жолооч нараа нэмэгдүүлэх зорилгоор барьцаалан зээлдүүлэх тусгай зөвшөөрөл аваад өөрсдийн таксинд явдаг жолооч нарт зээл олгох журмаар Б.Ариыг эдийн засагчаар ажилд авсан. Ари нь манай компанид 1 жил гаруй хугацаанд ямар ч асуудалгүй ажиллаж байсан. Манай байгууллага сайн ажиллаж байгаа албан хаагчиддаа зээл авах боломжийг олгодог. Ингээд Б.Арит 6 500 000 төгрөгийн зээл олгосон. Манай байгууллага авто тээврийн үндэсний төвөөс онлайнаар бүртгэлтэй машиныг шалгаж авдаг. Б.Ари нь зээл авснаас хойш 2 сарын дараа барьцаанд тавьсан тээврийн хэрэгслээ миний гарын үсгийг дуурайлган зурж, өөрийн нэр дээр шилжүүлэн авч, бусдад зарж борлуулсан байсныг

2021 оны 2 дугаар сарын сүүлээр мэдсэн. Б.Ариын үндсэн ажил нь барьцаалан зээлдүүлэх боловч олон хүнд зээл гаргадаггүй, сардаа 1-2 удаа зээл гаргадаг. Мөн жолоочийн зээлийн авлагыг барагдуулах, зээлдэгч нарын төлөлтийг хянах ажил үүрэгтэй байдаг. Гэтэл 1 дүгээр сард Ба гэх жолооч руу залгаж, зээлээ барагдуул гэж хэлсэн боловч Ари нь өөрийн хувийн дансаар тухайн хүний зээл хааж байгаа мөнгийг авсан байсан. Одоогийн байдлаар Б.Ари нь “Элит ноён такси” компанид 241 000 төгрөгийг байгууллагын дансаар, үлдсэн 100 хэдэн мянган төгрөг нь тусдаа жолоочийн даатгалыг шамшигдуулсан учир тэр мөнгө нь жолооч руу орсон. Б.Ариын үйлдлийг мэдсэн боловч өөрийн хүсэлтээр ажлаас халагдсан гэж өргөдөл гаргуулсан. Учир нь дараа дараагийн ажилд орж, хохирлоо төл гэсэн үүднээс өөрийн хүсэлтээр ажлаас халагдсан гэх шалтгаанаар гаргасан. Тэгээд ажилгүйдлийн тэтгэмжээ хөөцөлдөөрэй, байгууллагаас хэн ч мэдэхгүй байгаа гэдгийг хэлсэн. Тухайн үед ажилласан хугацааны амралтын мөнгө 790 957 төгрөг бодогдсон боловч түүнийг Б.Арит олгоогүй байгаа. Нийт 6 500 000 төгрөг дээр Багийн төлбөр болох 1 228 200 төгрөг орж, нийт 7 728 200 төгрөгийн өртэй байгаа. Үүнээс 241 000 төгрөг болон амралтын 790 957 төгрөгийг хохирол төлсөн гэж үзвэл үлдэгдэл 6 696 243 төгрөгийн төлбөртэй байгаа. 2021 оны 4 дүгээр сард Ариын гэрт нь очиж уулзаж байсан. Ажилласан хугацааны мөнгийг үндсэн өр авлагаас хасаж, ажлаас өөрийн хүсэлтээр гарсан гэж халагдах тушаал гаргасан тул өөр ажилд орж ажил хий гэж хэлсэн. Манай байгууллагаас авсан 6 500 000 төгрөгийн зээлийг анх авснаасаа хойш нэг ч удаа төлөөгүй. Гэхдээ зээлийн хүү, алданги бодоогүй. Анх авсан зээлийг нэхэмжилсэн. Тээврийн хэрэгслийг зарсан, бусдад шилжүүлсэн нь авто тээврийн лавлагаанаас харахад 10 дугаар сард байсан. Зээлийн гэрээтэй холбоотойгоор 6 500 000 төгрөгөө бус автомашиныг нэхэмжилж байна. Б.Ари нь манай байгууллагын барьцаанд байх машиныг залилан бусдад зарж борлуулсан. Гэхдээ зээлийн гэрээг хүчингүй болгосон, иргэний шүүхэд хандсан асуудал байхгүй.

            Би Ариыг албан тушаалын байдлаа ашиглаж байгууллагын эд хөрөнгийг үрэгдүүлсэн гэж үзэж байна. Б.Ариын ажлын үндсэн чиг үүрэг нь жолооч нараас авлага авч барагдуулах, компанийн дансанд оруулах байдаг. Гэтэл зээлдэгч буюу жолооч компанийн данс асуухад өөрийн дансыг өгч, компанийн данс руу хийж байгаа мэтээр хуурч шилжүүлж залилсан. Компанид орох ёстой мөнгийг албан тушаалын байдлаа ашиглан өөрийн дансандаа авсан. Бид хохирогч Багийн зээлийг Ариаас авах учраас зээлийн хүү, алдангийг зогсоосон байгаа. Шүүгдэгчийн төлсөн 241 000 төгрөг, амралтын мөнгө 790 957 төгрөгөөр Багийн хохирлыг хаах боломжтой боловч Багийн хохирлыг төлөхөд хүрэхгүй байгаа гэв.

           

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Я.Эр мэдүүлэхдээ:

            Цар тахлын улмаас “Масс академи”-ийн сургалтын үйл ажиллагаа зогсонги байдалд байсан ба онлайн сургалт авахаар болсон. Нэг удаа Филиппин улс руу мөнгө шилжүүлэх асуудал гарахад Б.Ари шилжүүлье гэж хэлсэн. Мөнгө шилжүүлэх, санхүүтэй холбоотой асуудлыг Дөлгөөн гэх санхүү хариуцсан хүн хариуцдаг. Ингээд мөнгөө шилжүүлнэ гээд Дөлгөөний гарын үсгийг авч, 20 сая төгрөгийг Филиппин улс руу шилжүүлэх байсан боловч 2021 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Ари өөрийн данс руугаа шилжүүлэн авсан байдаг. Би Б.Ариаас мөнгөө шилжүүлсэн үү гэж асуухад “шилжүүлсэн” гэж хэлсэн. Би Филиппин улс руу мэдэгдэж лавлахад “мөнгө чинь орж ирээгүй” гэсэн. Б.Ариыг мөнгөө хурдан барагдуул гэж хэлэхэд “тэгнэ” гэж хэлдэг. Түүний ээжтэй уулзаад 700 мк2 газрыг зараад барагдуулна гэж хэлэхээр нь “Remax” зуучлалын газарт очиж гэрээ хийгээд газрыг зарах болоход дүүгийнх нь нэр дээр байдаг учраас шилжүүлж авах боломжгүй болсон. Нөгөө газар нь 20 сая төгрөгт зарах боломжтой, хүн авна гэж байна гэж над руу утасдаж хэлж байсан. Ээжид нь хэлэхээр Ариын дүүгийн нэр дээр байдаг учраас зарах боломжгүй гэж хэлсэн. Тэгээд 6 сар хүртэл хүлээсэн. 7 дугаар сарын дундуур дахин холбогдоход “манай дүүгийн газар, өмчлөлийн гэрчилгээтэй газрыг зараад өгье” гэж хэлсэн. Тэгээд 8 дугаар сард нөгөө газар яасан бэ гэхэд нөгөө газар нь 3-4 сая төгрөг болно гэж байсан хэдий ч өнөөдрийг хүртэл хохирол барагдуулсан зүйл байхгүй байна. 10 дугаар сард 1 сая төгрөгийг төлсөн. Одоо үлдэгдэл 19 сая төгрөгийн хохирол байгаа гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-О.Ба мэдүүлэхдээ:

Би **** УБА улсын дугаартай, “Соната 6” маркийн тээврийн хэрэгслийг “М***и” ХХК-аас зээлээр авч байсан ба зээлээ хаагаад өөрийн нэр лүү шилжүүлж байгаад “Элит ноён такси” ХХК-аас 2 000 000 орчим төгрөгийн /2 500 000 төгрөг байх сайн санахгүй байна/ зээл авсан. Тэгээд тухайн зээлийг 1 жил орчим хугацаанд төлөөд хамгийн сүүлийн төлөлтөө 2021 оны 1 дүгээр сард хаалгахаар 1 000 000 орчим төгрөг төлөөд зээлээ хаалгаж байсан ба тухайн үед би хөдөө орон нутагт байсан болохоор зээлийн эдийн засагч Ари гэх хүний данс руу шилжүүлж байсан. Тэгээд зээлээ хаагдсан гэж бодоод явж байтал 2021 оны 6 дугаар сард над руу захирал нь залгаад “зээлээ төлөөрэй” гэхээр нь би зээлээ хаалгачихсан байгаа гэхэд манай эдийн засагч асуудал гаргасан гэж байсан ба саяхан хэд хоногийн өмнө надад энэ асуудлыг цагдаагийн байгууллагад өгчихсөн байгаа, цагдаагаас дуудна шүү гэж хэлсэн. Би тухайн үедээ зээлийн эдийн засагч руугаа залгаад “Байгууллагын данс чинь юу билээ, зээлээ хаах гэсэн юм” гэхэд надад данс өгсөн бөгөөд тухайн данс нь Ариын хувийн данс байсан. Тэгээд залгаад энэ данс руу мөнгөө шилжүүлээд зээлээ хаалгаж болох юм уу гэхэд “болно” гэсэн болохоор би өөрийн зээлийн үлдэгдлээ Ариын данс руу шилжүүлсэн гэжээ. (хэргийн 101-103 дугаар хуудас)

           

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

Б.Ари  нь  урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 36 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

  Шүүгдэгч Б.Ари нь 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Г***”-ын **** тоотод байрлах “Э***” ХХК-ийн нягтлангаар ажиллаж байхдаа урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, компанийн албан бичгийн бланк дээр захирал Д.Соийн гарын үсгийг дуурайлган зурж, тус компанид 6 500 000 төгрөгийн зээлийн барьцаанд байсан тус компанийн эзэмшлийн **** УНБ улсын дугаартай, “Тоёота Королла” загварын тээврийн хэрэгслийг албан тушаалын байдлаа ашиглан өөрийн нэр дээр шилжүүлэн авч залилсан,

мөн үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***”-ын **тоотод байрлах “***” ХХК-тай 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр барьцааны гэрээ байгуулан зээл авсан О.Багийн зээлийн төлбөрийг өөрийн “Хаан банкны 5011***** дугаартай данс руу шилжүүлэн авч бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан,

2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “*****”-ын ****тоотод байрлах “*****” ХХК-ийн нягтлангаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан тус байгууллагын Хаан банкны 503**** дугаартай данснаас 20 000 000 төгрөгийг өөрийн Хаан банкны 530**** дугаарын дансанд шилжүүлэн завшсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Со, Я.Эр, О.Ба нарын мэдүүлэг, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Арит холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг албан тушаалын байдлаа ашиглаж, үргэлжилсэн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан,

 урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан албан тушаалын байдлаа ашиглаж бусдыг хуурч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Ари гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргахгүй байна.

 

2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн гэм буруугийн шүүхийн хэлэлцүүлэгт Б.Ариаас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар 6 696 243 төгрөг гаргуулан хохирогч “***” ХХК-нд, 19 000 000 төгрөг гаргуулан хохирогч “***** ХХК-д тус тус олгохоор шийдвэрлэсэн ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар хохирол төлөх боломжоор хангана уу гэж шүүх хуралдаанд завсарлага авсан болно.

 

Шүүх хуралдаан завсарласан хугацаанд Б.Ари хохирол төлөөгүй бөгөөд 6 696 243 төгрөгийг хохирогч “**** ХХК-нд, 19 000 000 төгрөгийг хохирогч “Масс Академи” ХХК-д тус тус төлөхөө илэрхийлж байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан хохирлыг төлсөн, төлөхөө илэрхийлсэн, хувийн байдал зэргийг нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Ари-ыг албан тушаалын байдлаа ашиглан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, залилсан,

албан тушаалын байдлаа ашиглаж, үргэлжилсэн үйлдлээр, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан шүүгдэгч Б.Ари-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 (хоёр)  жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Ари-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасаар оногдуулсан 2 (хоёр) жилийн хорих ял дээр,

Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 (хоёр) жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 4 (дөрөв) жилийн хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар Б.Ари-ын эдлэх 4 (дөрөв) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ари-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Б.Ари-аас 6 696 243 төгрөг гаргуулан хохирогч “***” ХХК-д,

19 000 000 төгрөг гаргуулан хохирогч “****” ХХК-д тус тус олгосугай.

 

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Ари цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Ари-т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН