Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2016/0025

 

Н ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батхүү, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарангарав, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.Мандах нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 728 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Н ХХК-ийн нэхэмжлэлтэй, СХДЗДд холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компанид СХДЗД 2012 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 105 тоот захирамжаараа Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Норд бензийн урд 10000 м.кв газар эээмших эрхийг олгосон юм. Ингээд газар эзэмших эрхийн гэрчилгээгээ авъя, гэрээгээ байгуулъя гэтэл газрын албанаас гэрээ гэрчилгээг бэлдээд дуудна захирамж чинь гарсан тул санаа зоволтгүй бусад нь газрын алба өөрөө мэдээд хийнэ гэсэн хариу өгсөн. Бидгазар эзэмшүүлэх захирамж гарсан юм чинь Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасны дагуудүүргийн газрын алба газар эзэмших эрхийн гэрчилгээг олгож газар эзэмших гэрээг байгуулах үүрэгтэй юм байна гэсэн ойлголттой хүлээж байсан. Газрын албанаас гэрээ гэрчилгээг бидэнд олголгүй удаад байхаар нь албан бичиг явуулж гэрээ гэрчилгээ олгохыг шаардсан. Гэтэл иргэн С.Б-гийн эзэмшил 20000 м.кв газраас 9300 м.кв газар шилжүүлэн авсан иргэн О.О- газрын кадастрын зургийг С.Б-гийнэзэмшил газраас өөр байрлалд шилжүүлэн манай компанийн эзэмшил газартай давхцуулан мэдээллийн санд оруулсан байсныг Сонгинохайрхан дүүргийн газрын албанаас олж мэдсэн. Бид энэ хууль бус ажиллагааны талаар 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газарт хандан зөрчлийг арилгуулах, манай компанид газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг СХДЗДд даалгасан шийдвэр гаргаж өгнө үү гэж гомдол гаргасан ба уг гомдлыг Нийслэлийн өмчийн харилцааны газар хүлээн авч 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 4/6214 тоот албан бичгээр хариу өгч Сонгинохайрхан дүүргийн өмч, газрын харилцааны албаны хууль зөрчсөн үйлдлийг тогтоон уг зөрчлөө арилгаж буруутай албан тушаалтанд хариуцлага тооцон 2014 оны 09 дүгээр сарын 25-ны дотор хариу ирүүлэхийг Сонгинохайрхан дүүргийн өмч, газрын харилцааны албанд даалгасан. Гэвч Сонгинохайрхан дүүргийн өмч, газрын харилцааныалба өнөөдрийг хүртэл бидэнд газар эзэмших эрхийн гэрчилгээг маань олгож өгсөнгүй, дээр дурдсан гаргасан зөрчлөө арилгасангүй, дээд шатны байгууллагынхаа шийдвэрийг биелүүлсэнгүй. Хариуцагчийн энэхүү хууль зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас манай компани Газрын тухай хуульд заасан газар эзэмшигчийн хуульд заасан эрхээ эдлэх боломжгүй болж эрх ашиг маань хөндөгдөж байгаа тул Захиргааны хэрэг хянаншийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-д заасан үндэслэлийн дагуу Захиргааны хэргийн шүүхэд хандан зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээс өөр зам бидэнд үлдсэнгүй. Бид Сонгинохайрхан дүүргийн өмч, газрынхарилцааны алба дээр удаа дараа очиж Нийслэлийн өмчийн харилцааны газрын шийдвэрийг биелүүлэхийг шаардсан боловч тухайн үед ажиллаж байсан газар зохион байгуулагч нь өөр дүүрэгт шилжсэн бид тэр хүнээс тайлбар авах хэрэгтэй байна, мөн Сонгинохайрхан дүүргийн газрын албаны дарга солигдож байгаа тул амжихгүй байна, удахгүй хариуг бичгээр өгнө гэх мэтээр хариу өгөлгүй арга саам хийсээр өнөөдрийг хүрлээ. Цаашид энэ хэвээрээ Сонгинохайрхан дүүргийн өмч, газрын харилцааны албаны шиидвэрийг гарахыг хүлээсээр суувал хэдэн ч жил өнгөрч магадгүй байна. Иймд иргэн С.Б-гийн эзэмшил 20000 метр квадрат газраас 9300 м.кв газар шилжүүлэн авсан О.О- газрын кадастрын зургийг С.Б-гийн эзэмшил газраас өөр байрлалд шилжүүлэн Н ХХК-иин эзэмшил газартай давхцуулан мэдээллийн санд оруулсан зөрчлийг арилгуулах, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 105 тоот захирамжийн дагуу Н ХХК-д Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Норд бензийн урд 10000 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг, гэрээ байгуулахыг тус тус Сонгинохайрхан дүүргийн Өмч газрын харилцааны албанд даалгасан шийдвэр гаргаж өгнө үү. гэжээ.

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн өмч, газрын харилцааны алба шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Иргэн С.Б-д олгосон 20.000 м.кв газрын зарим хэсэг нь бусдын эзэмшилд олгосон газруудтай давхцсан, бодит байдал дээр 20.000 м.кв хүрэхгүй байсан тул түүнээс эрх шилжүүлсэн 9300 м.кв газрыг өөр байршилд буюу Н ХХК-ийн газартай давхцуулан өгсөн байна. Одоо О.О- 9300 м.кв, одоо С.Б-д үлдсэн бусдын газартай давхцалгүй 10.700 м.кв газар мэдээллийн санд бүртгэлтэй байгаа. С.Б-гийн 20.000 м.кв, Н ХХК-ийн 10.000 м.кв газар мэдээллийн санд ороогүй байсан. О.О- 9300 м.кв газар Н ХХК-ийн 10.000 м.кв газартай бүхэлдээ давхцаж байгаа. О.О- уг газар дээрээ хашаа барьсан байгаа тул Н ХХК-д шинээр байршил тогтоож өгөхөөр эвлэрэх хүсэлтэй байгаа. гэжээ.

Гуравдагч этгээд О.О- шүүхэд ирүүлсэн болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...иргэн О.О- би 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 387 тоот захирамжийн нэгдүгээр хавсралтын 6 дахь хэсгээр иргэн С.Б-гээс 9300 м.кв газрыг эрх шилжүүлэн авсан. Тус газрыг хууль тогтоомжийн дагуу хүсэлтээ өгч, кадастрын зураг хийлгэсэн газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан. Мөн жил бүр газрын түрээсийн төлбөрөө тогтмол төлж ирсэн. Иймд нэхэмжлэгчийн иргэн С.Б-гийн эзэмшил 20000 м.кв газраас 9300 м.кв газар шилжүүлэн авсан О.О- газрын кадастрын зургийг С.Б-гийн эзэмшил газраас өөр байрлалд шилжүүлэн Н ХХК-ийн эзэмшил газартай давхцуулан мэдээллийн санд оруулсан зөрчлийг арилгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. нэхэмжлэгч гэрээ байгуулж, зургаа мэдээллийн санд оруулаагүй хугацаа алдсанаас энэ маргаан үүссэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 728 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.2, 23.4.3, 23.4.4, 34 дүгээр зүйлийн 34.1,61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, С.Б-гийн эзэмшил 20.000 м.кв газраас дүүргийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 387 дугаар захирамжаар 9300 м.кв газар эзэмших эрхийг шилжүүлэн авсан иргэн О.О- газрын кадастрын зургийг С.Б-гийн эзэмшил газраас өөр байршилд дүүргийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 105 дугаар захирамжаар Н ХХК-д эзэмшүүлсэн 10.000 м.кв газартай давхцуулан мэдээллийн санд оруулсан үйлдэл нь болон энэхүү зөрчлийг арилгуулах тухай хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 105 дугаар захирамжийн дагуу Норд бенз ХХК-ийн урд 10.000 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох, гэрээ байгуулахаас татгалзсан Сонгинохайрхан дүүргийн өмч, газрын харилцааны албаны үйлдэл нь тус тус хууль бус болохыг тогтоож, О.О- кадастрын зургийг Н ХХК-ийн эзэмшил газартай давхцуулан мэдээллийн санд оруулсан зөрчлийг арилгахыг, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 105 дугаар захирамжийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг, гэрээ байгуулахыг Сонгинохайрхан дүүргийн өмч, газрын харилцааны албанд даалгаж шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарангарав давж заалдах гомдолдоо: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 728 тоот шийдвэрийг гуравдагч этгээдийн зүгээс эс зөвшөөрч давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр гаргаж байна.

Нэгдүгээрт, Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу тайлбарлан хэргийг шийдвэрлэсэн гэж буй учраас шүүхийн шийдвэр хууль ёсны буюу үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Шүүх Сонгинохайрхан дүүргийн өмч, газрын харилцааны албыг чиг үүргээ хэрэгжүүлээгүй, газар эзэмших гэрчилгээ олгуулах хүсэлтээ уг компани дүүргийн өмч, газрын харилцааны албанд гаргасан байхад ... шинээр газар эзэмших эрх олгох боломжгүй гэж татгалзсан нь үндэслэлгүй гэж үзсэн нь буруу байна. Нэхэмжлэгч Н ХХК нь Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т Үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах зориулалтаар газар эзэмших эрх авсан  иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь 90 хоногт багтаан байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэсний дараа тэдгээртэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ гэж заасан үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй ба Сонгинохайрхан дүүргийн газрын албанд газрын гэрчилгээ олгуулах асуудлаар 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр буюу нэг жил найман сарын дараа хандсан. Дүүргийн өмч, газрын харилцааны алба нь чиг үүргээ гүйцэтгэхийн тулд газар эзэмших эрх авсан иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь байгаль орчны үнэлгээг 90 хоногийн дотор хийлгэсний дараа хандахыг хуульд заасан атал шүүх энэ байдлыг анхаарч үзээгүйгээр барахгүй дүгнэлт хийсэнгүй.

Хоёрдугаарт, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 387 тоот Газар эзэмших эрхийн гэрчилгээний нэр шилжүүлэх, хугацааг талбайн хэмжээ, зориулалт, байршил өөрчилж баталгаажуулах тухай захирамжийн гуравдагч этгээдэд холбогдох хэсэг хүчин төгөлдөр байхад нэхэмжлэлийн шаардлага нь өөрөө хангагдах боломжгүйн дээр Засаг даргын захирамж нь эрх олгосон акт болохоос газар олгосныг баталгаажуулсан үйлдэл биш юм.

Гуравдугаарт, нэхэмжлэгч Норд бензийн урд талыг манай газар гэдэг, гуравдагч этгээдэд олгосон захирамжинд 22-ын товчооны баруун урд гэж бичигддэг ба дурдагдсан 2 газрын байршил нь хамтдаа 22-ын товчооны баруун урд байрлаж байгаа юм. Нэхэмжлэгч үүргээ биелүүлээгүйгээс шалтгаалж гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөж байна.

Дөрөвдүгээрт, иргэн С.Б-гээс гуравдагч этгээдэд шилжсэн гэх газарт Сонгинохайрхан дүүргийн өмч, газрын харилцааны албаны зүгээс 2-3 айл байсан учраас давхцал байхгүй гэдэг шалтгаанаар өөр газар кадастрыг хийж гэрчилгээг олгосон гэж тайлбарладаг ч энэхүү үйл байдал, баримтаас шалтгаалж гуравдагч этгээдийн эрх ашиг хэрхэн хөндөгдөж байгааг дүгнэх ёстой боловч анхан шатны шүүх энэ талаарх нотлох баримт цуглуулах үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. Иймд дээр дурдсан гомдлын үндэслэл болоод хэрэгт авагдсан баримтын дагуу судлан үзэж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 728 тоот шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлж, маргааны нөхцөл байдлыг бүрэн гүйцэд тодруулаагүйн улмаас хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаав.

Нэг. Нэхэмжлэлийн ...Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 105 тоот захирамжийн дагуу Н ХХК-д Сонгино хайрхан дүүргийн 20 дугаар хороо, Норд бензийн урд 10000 м.кв газар эзэмших эрхийг гэрчилгээ олгохыг Сонгинохайрхан дүүргийн Өмч, газрын харилцааны албанд даалгах шаардлагын тухайд:

Анхан шатны шүүхийн Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 370 дугаар тогтоолд нэхэмжлэлд дурдсан үндэслэлийг шалгаж нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаагүйгээр хэтрүүлсэн эсэхэд дүгнэлт өгөх нь зүйтэй гэж заасан байхад анхан шатны шүүх үүнийг шалгалгүйгээр 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулж, хугацаа тогтоох тухай 5599 дүгээр шүүгчийн захирамжаар ...хариуцагчийг зөв тодорхойлж түүндээ үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа зөв тодорхойлох шаардлагатай... гэж 14 хоногоор хугацаа тогтоож шийдвэрлэсэн байх боловч, мөн өдрөө Захиргааны хэрэг үүсгэх тухай 5599 дүгээр захирамж гаргаж, захиргааны хэрэг үүсгэжээ.

Анхан шатны шүүх маргаан бүхий асуудлаар нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаатай холбогдох нотлох баримт буюу нэхэмжлэлийн шаардлагад дурдсан ...газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулах, гэрээ байгуулах асуудлаар хариуцагчид хэзээ, хэрхэн хандаж байсан эсэх талаар тодруулж, шалгаагүй, үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр хэрэг үүсгэсэн, шүүхийн шийдвэрт тусгаагүй байх тул гуравдагч этгээдийн өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын ...нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн... гэх гомдол, тайлбарт давж заалдах шатны шүүх дүгнэлт хийх боломжгүй байна.

Хоёр. Нэхэмжлэлийн ...Иргэн С.Б-гийн эзэмшил 20000 м.кв газраас 9300 м.кв газар шилжүүлэн авсан С.О-ггазрын кадастрын зургийг С.Б-гийн эзэмшил газраас өөр байршилд шилжүүлэн Н ХХК-ийн эзэмшил газартай давхцуулан мэдээллийн санд оруулсан зөрчлийг арилгахыг Сонгинохайрхан дүүргийн өмч, газрын харилцааны албанд даалгах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Н ХХК-аас ...Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 105 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Норд бензийн урд 10000 м.кв газар эзэмших эрхийг олгосон боловч газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулж, гэрээгээ байгуулах талаар газрын албанд хандсан боловч өөрөө мэдээд хийнэ гэсэн хариу өгсөн. Гэтэл Газрын алба иргэн О.О- газрын кадастрын зургийг С.Б-гийн эзэмшил газраас өөр байрлалд шилжүүлэн манай компанийн эзэмшил газартай давхцуулан мэдээллийн санд оруулсан байсныг мэдсэн. Уг давхацлыг арилгахыг газрын албанаас шаардсан боловч арилгахгүй, эс үйлдэхүй гаргаж байх тул уг зөрчлийг арилгахыг хариуцагчид даалгах... гэж, хариуцагчаас ...Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 105 дугаар захирамжаар нэхэмжлэгчид 10000 м.кв газар эзэмших эрх олгогдсон боловч тухайн үед мэдээллийн санд кадастрын зураг нь бүртгэгдээгүй байна. Дүүргийн Засаг даргын 2012 оны 387 тоот захирамжаар иргэн С.Б-гээс иргэн О.О-д 9300 м.кв газрын эрхийг шилжүүлэн одоо маргаж байгаа газарт байршуулж кадастрын зургийг мэдээллийн санд тухайн үед бүртгэн газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон болно. Нэхэмжлэгч талд эзэмшүүлэх газрын байршлыг өөр байршилд шилжүүлэх боломжтой... гэж тус тус маргажээ.

Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 83 дугаар тушаалаар баталсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам-ын хавсралтын 9 дүгээр зүйлийн 9.2-д Аймаг, сумын Засаг даргын шийдвэрээр газар эзэмших, ашиглах эрх олгогдсон иргэн, хуулийн этгээдийн эзэмших, ашиглах газрын хил заагийг газарт шилжүүлэх, эргэлтийн цэгийг газарт бэхэлж, тэмдэгжүүлэх, солбицолжуулах ажлыг сумын Газрын даамлаас ирүүлсэн мэдэгдэл /Нэгж талбарын эргэлтийн цэгүүдийг газарт бэхлүүлэх мэдэгдэл/-ийн дагуу кадастрын зураглал үйлдэх тусгай зөвшөөрөл бүхий байгууллага болон аймгийн Газрын албаны мэргэжилтэн гүйцэтгэнэ гэж заажээ.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн нэхэмжлэгч Н ХХК-д 10000 м.кв газар эзэмшүүлж шийдвэрлэсэн 105 дугаар захирамжийн хавсралтад газрын байршлыг 32 дугаар хороо, Норд бензийн урд гэж, харин Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн өдрийн 398 дугаар захирамжаар иргэн О.О-д 32 дугаар хороо, 22-ын товчооны баруун урд гэх хаягт иргэн С.Б-гийн 2011 оны 398 дугаар захирамжаар эзэмших газраас 9300 м.кв газрыг шилжүүлэн эзэмшүүлж шийдвэрлэжээ.

Шүүх маргаан бүхий захиргааны байгууллага, албан тушаалтны үйлдэл, эс үйлдэхүй хуульд нийцсэн эсэх, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн эсэхийг тогтоож хэргийг шийдвэрлэх үндсэн зорилго, чиг үүрэгтэй тул юуны түрүүнд маргаж буй талуудын тайлбар үндэслэлтэй холбогдуулан хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай, ач холбогдолтой нотлох баримтуудыг бүрэн гүйцэд бүрдүүлж, үнэлэлт дүгнэлт өгч, хэргийг шийдвэрлэх учиртай.

Нэхэмжлэгчээс төрийн захиргааны эрх бүхий албан тушаалтан буюу дүүргийн Засаг даргын 2012 оны 105 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Норд бензийн урд гэх байршлын газарт 10000 м.кв газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байх боловч төрийн захиргааны эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулаагүй, газрын байршлыг тодорхойлох кадастрын зураглал үйлдэж, баталгаажуулаагүйн улмаас нэхэмжлэгчийн эзэмшил газар хувьд аль нэгж талбарт байршилтайг тогтоох боломжгүй байна.

Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэлийн ...давхацлыг арилгахыг хариуцагчид даалгах шаардлагыг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн эзэмшил газар болон гуравдагч этгээдийн бусдаас шилжүүлэн авч эзэмшиж буй газар байршлын хувьд давхцалтай эсэх, давхцаж байгаа бол аль хэсэг координатаар давхцаж байгаа эсэхэд дүгнэлт өгөхийн тулд нэхэмжлэгчийн эзэмшил газрын байршил болон гуравдагч этгээдийн газар эзэмших эрх хууль ёсны дагуу үүссэн эсэхийг тодруулахад шаардлагатай ач холбогдол бүхий нотлох баримтуудыг бүрэн гүйцэд бүрдүүлж, үнэлж дүгнэлгүйгээр хэргийг шийдвэрлэснээр шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3, 116 дугаар зүйлийн 116.2-т заасантай нийцэхгүй байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл гуравдагч этгээдэд газар эзэмших эрхийн тодорхой хэсгийг шилжүүлэхээр гэрээ хийсэн иргэн С.Б-д дүүргийн Засаг даргын 2011 оны 398 дугаар захирамжаар 22-ын товчооны баруун талд аж ахуйн зориулалтаар эзэмшүүлсэн 20000 м.кв газрын байршил, хил заагийг тэмдэгжүүлж, мэдээллийн санд бүртгээгүй, кадастрын зургийг газар эзэмшүүлэх гэрээнд хавсаргаагүй нь тогтоогдож байна.

 

Гэтэл С.Б-гийн эзэмшил газраас 9300 м.кв газрын эзэмших эрхийг дүүргийн Засаг даргын 2012 оны 387 дугаар захирамжаар гуравдагч этгээд О.О-д шилжүүлсэн тухайд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...С.Б-д олгосон 20000 м.кв газрын зарим хэсэг нь бусдын эзэмшилд олгосон газруудтай давхацсан бодит байдал дээр 20000 м.кв газар хүрэхгүй байсан... гэж тайлбарласан, түүнчлэн газрын байршлын тухайд нэхэмжлэгч Н ХХК-д Норд бензийн урд харин гуравдагч этгээдэд 22-ын товчооны баруун урд гэж газар эзэмшүүлсэн захирамжид тус тус заасан байх хэдий ч нэхэмжлэгчийн эзэмшил газрын байршлыг тодорхойлж, баталгаажуулсан кадастрын зураг гараагүй, мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул шүүх хэргийн оролцогчдын газар эзэмших эрх хууль ёсны дагуу үүссэн эсэх, байршлын хувьд давхцаж байгаа эсэхийг тодруулалгүйгээр ...давхацлыг арилгахыг даалгах... гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх боломжгүй юм.

 

Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээдэд газар эзэмших эрхийн зарим хэсгийг шилжүүлсэн иргэн С.Б- болон нэхэмжлэгч Н ХХК-ийн аль алиных нь эзэмшил газрын хэмжээ, заагийг газар дээр нь тэмдэгжүүлээгүй, координатжуулж, кадастрын зураг үйлдэж, баталгаажуулаагүй, мэдээллийн санд бүртгэгдээгүй энэ тохиолдолд шүүх нотлох баримтыг цуглуулж, үнэлэлт дүгнэлт өгөх чиг үүргийн хүрээнд гуравдагч этгээдийн болон түүнд газар эзэмших эрх шилжүүлсэн иргэн С.Б-гийн газар эзэмшил хууль ёсны дагуу үүссэн эсэхийг түүнчлэн нэхэмжлэгчид эзэмшүүлсэн газрын байршил, хил заагийг тодруулсны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай байна.

 

Шүүх юуны өмнө нэхэмжлэгч Н ХХК болон гуравдагч этгээд О.О-, иргэн С.Б- нарын эзэмшил газрын байршил, хил заагийг тодруулж, тодорхойлох, тодруулбал, нэхэмжлэгчийн эзэмшил газарт хэргийн оролцогчдыг байлцуулан үзлэг хийх, хороо, дүүргийн эрх бүхий албан тушаалтнууд, дүүргийн Өмч, газрын харилцааны албаны кадастрын хэлтэс, газар зохион байгуулах албаны эрх бүхий холбогдох албан тушаалтан зэргээс тайлбар, кадастрын мэдээллийн сангаас лавлагаа, тодруулга авах, гуравдагч этгээдтэй газар эзэмших эрхийн тодорхой хэсгийг шилжүүлэн эзэмшүүлэхээр гэрээ байгуулсан иргэн С.Б-гээс тайлбар, тодруулга авах, шаардлагатай бол хөндлөнгийн этгээдийн дүгнэлт гаргуулах зэрэг ажиллагааг хийж, хэрэгт ач холбогдолтой баримтуудыг бүрэн гүйцэд цуглуулж, эргэлзээгүй ач холбогдолтой талаас харьцуулан үзэж, үнэлж дүгнэн нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн эзэмшил газрууд байршлын хувьд давхцалтай эсэх, хэрэв давхцалтай бол аль хэсэг координатаар давхцаж байгааг тодруулж улмаар давхацлыг арилгахыг хариуцагчид даалгах үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх нь зүйтэй юм.

 

Давж заалдах шатны шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх заалтыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.     Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 728 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ О.НОМУУЛИН

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ