Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/04

 

 

 

 

 

 

 

   2021         12          23                                          04

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: М.Нарансолонго, 

улсын яллагч: Баянгол дүүргийн  прокурорын газрын хяналтын прокурор Г.Намжил,

шүүгдэгч: Э.Сү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сү-т холбогдох эрүүгийн 1805039441622 дугаартай 1 хавтас хэргийг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1993 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт *******************,

Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 276 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 338 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

Дорнод аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 288 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1052 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасныг журамлан оногдуулсан хорих ялыг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон, регистрийн дугаар ************** Сү.

 

Шүүгдэгч Э.Сү нь 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ханбүргэдэй” их дэлгүүрийн 3 давхарын эрэгтэй бэлэн хувцасны барааны тасгаас “Лю Жү” брэндийн биеийн тамирын өмд, цамцны хослолын мэдрэгчийг нь салгаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Ж.НАт 460 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч- Э.Сү мэдүүлэхдээ:

Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Эхнэрийн цалин 3 хоногийн дараа буухаар хохирлоо төлнө. Энэ үйлдлийг мөрдөгч өмнөх хэрэгтэй хамт нэгтгэж шалгана гэж байсан ба өмнөх яллах дүгнэлтэд энэ үйлдэл ч орсон байсан. Гэтэл хэрэг прокурорт буцахад хасагдсан байсан тул энэ үйлдлийг хэрэгсэхгүй болгосон юм болов уу гэж бодсон. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргах зүйлгүй, хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Баянзүрх дүүргийн шүүхээс оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын 22 хоногийг эдэлсэн. Зорчих эрхийг хязгаарлах ялыг амьдарч байгаа тоот хаягаас гарахгүй байхаар хязгаарласан нь хэцүү, ажил хийх боломжгүй байна.

Мөрдөн байцаалтад хохирогч- Ж.НА мэдүүлэхдээ:

2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 17 цагийн үед үл таних эрэгтэй, эмэгтэй хоёр хүн дэлгүүрт үйлчлүүлэх гэж байгаа юм шиг байж байгаад дэлгүүрийн лангуун дээр байсан бэлтгэлийн өмд, цамцны хослолын мэдрэгчийг эвдэж, унагаад хулгай хийсэн байсныг хяналтын камерын бичлэгээр тогтоогоод цагдаагийн байгууллагад хандсан. Манай байгууллага нь 476 000 төгрөгийн үнээр хулгайд алдсан хослолыг зарж байсан. Үнэлгээний байгууллага 460 000 төгрөгийн үнэлгээ гаргасан байсан гэжээ. (хэргийн 39 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч- Н.уя мэдүүлэхдээ:

2018 оны 7 дугаар сарын 19-ний 17:55 цагаас 18:09 цагийн хооронд Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, “Ханбүргэдэй” дэлгүүрийн 3 давхарын эрэгтэй бэлэн хувцасны тасгаас өлгүүр дээр байсан бэлтгэлийн өмд, цамцыг үл таних 20 гаруй насны эрэгтэй хүн шошгыг нь салгаад, ард талын хувцасны халаасанд хийгээд хулгайлсан байсныг 18:30 цагийн үед мэдээд 19 цагийн үед хяналтын камер шүүж харсан. Хяналтын камерт үүргэвчтэй цүнхтэй, бараан өнгийн цамцтай намхан, хар халимаг үстэй, 20 гаруй насны залуу хулгай хийсэн байсан. Уг залуу махлаг цагаан өнгийн өмд, цамцтай тайрмал үстэй 20 гаруй насны хүүхэнтэй хамт явж байсан гэжээ. (хэргийн 45 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч- О.Но мэдүүлэхдээ:

Анх дэлгүүр орохдоо тийм зүйл ярьж тохироогүй. Дэлгүүр ороод хувцас үзэж явж байгаад гараад иртэл Сү бэлтгэлийн өмд, цамц авчихсан, мэдрэгчийг нь эвдчихсэн байсан. Тэгээд гадаа нь гарч ирээд Сү уг хослолоо шууд сольж өмсөөд одоо ийшээ тийшээ явна гэж хэлээгүй яваад өгсөн. Би хулгай хийхэд нь мэдээгүй. Дэлгүүрийн гадаа гарч ирээд хулгай хийсэн хувцасаа сольж өмсөхөөр нь мэдсэн гэжээ. (хэргийн 56 дугаар хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

Э.Сү нь урьд Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 276 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 338 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

Дорнод аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 288 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1052 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасныг журамлан оногдуулсан хорих ялыг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон гэжээ. (хэргийн 61 дүгээр хуудас)

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

  Шүүгдэгч Э.Сү нь 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ханбүргэдэй” их дэлгүүрийн 3 давхарын эрэгтэй бэлэн хувцасны барааны тасгаас “Лю жү” брэндийн биеийн тамирын өмд, цамцны хослолын мэдрэгчийг нь салгаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч “Ханбүргэдэй” ХХК-д 460 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ж.НА, гэрч Нуя, О.Но нарын мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

            Шүүгдэгчид холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгажээ. 

Баянгол дүүргийн прокурорын газраас Э.Сүт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Э.Сү нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын үнийн дүнг хүлээн зөвшөөрч маргаагүй, хохирогчид 460 000 төгрөг төлөхөө илэрхийлж байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Э.Сүаас 460 000 төгрөг гаргуулж, хохирогч “Ханбүргэдэй” ХХК-д олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Э.Сүын 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн үйлдэл нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д хамаарч байх боловч Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1052 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар түүнд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар өршөөн хэлтрүүлж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон тул дээрх Өршөөл үзүүлэх тухай хуулийг дахин хэрэглэх боломжгүй.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар Э.Сүт 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх эрүүгийн хариуцлага оногдуулж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 6.9 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1052 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 491 хоногийн ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногоор дүйцүүлэн 60 хоногийг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 551 хоногоор тогтоов.

 

“Би барилгын ажил хийж, хохирлоо төлмөөр байна, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дарь-Эхийн дундын 37 дугаар гудамж, 1940 тоотоос гадагш гарахыг хязгаарласныг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлана уу” гэсэн шүүгдэгчийн хүсэлтийг хүлээн авсан болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдлаа. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Сү-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.Сү-ыг 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар Э.Сүт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногоор тооцож, 60 хоногийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1052 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 491 хоногийн ял дээр нэмж нэгтгэн, түүний  Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялыг 551 хоногоор тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар Э.Сү зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдсугай.

            5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Э.Сү-т оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д  зааснаар шүүгдэгч Э.Сү-аас 460 000 төгрөг гаргуулж, хохирогч “Ханбүргэдэй” ХХК-д олгосугай.

 

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Э.Сү нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Сү-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.ОЮУН