Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2017/01558

 

2017 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2017/01558

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймааг суулган, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Шинэ цэргийн хотхон .. дүгээр байрны ..тоотод оршин суух, эрэгтэй, 38 настай, …регистртэй, Боржигон ургийн овогт Ж-тай овогтой Б-н,

Хариуцагч: Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө …дугаар байрны 11 тоотод оршин суух, эмэгтэй, 62 настай, …регистртэй, Лувсанжав ургийн овогт Н овогтой Н-д холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 33.000.000 /гучин гурван сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батжаргал, хариуцагчийн өмгөөлөгч Б.Оюунбилэг /ШТҮД:0245/ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ж.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Хариуцагч Н.Н нь 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 39,000,000 төгрөгийг хоногийн 1 хувийн хүүтэй зээлсэн. Нэхэмжлэгч Ж.Б миний бие хариуцагч Н.Нтай 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр тооцоо нийлсэн бөгөөд хариуцагч нь 33,000,000 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 28-ны өдөр төлөхөөр харилцан тохиролцож “Тооцоо нийлсэн акт”-ыг үйлдсэн боловч өнөөдрийг хүртэл төлөхгүй байгаа болно. Иймд 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн “Тооцоо нийлсэн акт”-ын дагуу хариуцагч Н.Нгаас 33,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батжаргал шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээг байгуулсан. Хариуцагч 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 3 хоногийн хүү 1,150,000 төгрөгийг төлсөн. Гэрээг 1 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Зээлийн гэрээг сараар сунгасан ба 1 сарын хүү 3,900,000 төгрөг болж байгаа. Хариуцагч үндсэн зээл 39,000,000 төгрөгөөс 16,100,000 төгрөг, нэг сарын хүү 3,900,000 нийт 20,000,000  төгрөгийг төлсөн. Үндсэн зээлээс 22,900,000 төгрөг үлдсэн байдаг. 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс дахин  зээлийн гэрээг 3 сарын хугацаатай сунгасан ба хүү 6,873,000 төгрөгийг 3 сарын хугацаанд төлөх байсан боловч хугацаандаа төлөөгүй. Хариуцагч 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдөр өөр газраас дахин зээл авах гэж байгаа тул барьцаанд тавьсан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ хэрэгтэй байна гээд зээлийн гэрээг аваад явсан байдаг. Энэ нь сая нотлох баримтаар өгсөн гэрчилгээний ард бичсэн бичиглэлээр нотлогдож байна гэж үзэж байна. Хариуцагч 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртлэх хүү нийт 10,000,000 төгрөгийг талууд харилцан тохиролцон төлсөн. 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр талууд тооцоо нийлж үндсэн зээл 22,900,000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 20,000,000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 13,000,000 төгрөг тус тус төлнө гэсэн тул алданги 11,400,000 төгрөгийг нэмж тооцоод 33,000,000 төгрөгийн тооцоотой болохоо талууд харилцан тохиролцон тооцоо нийлсэн акт үйлдсэн. Талууд 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн тооцоо нийлсэн актын дагуу 33,000,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон тул хариуцагчаас 33,000,000 төгрөг гаргуулж өгнө үү. Үндсэн зээл 22,900,000 төгрөг, хүү тооцоогүй. 11,450,000 төгрөгийн алданги нийт 34,350,000 төгрөг болж байгаа. Үүнийг тооцоо нийлж тэгштгээд 33,000,000 төгрөг нэхэмжилсэн гэв.

Хариуцагч Н.Н шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:

Иргэн Ж.Б нь 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 38,5 сая төгрөгийг 3 хоногийн хугацаатай 1 хувийн хүүтэй зээлж, миний өөрийн нэр дээр банк бус санхүүгийн байгууллагад төлөх байсан зээлийг чөлөөлсөн юм. Миний хувьд 3 хоногийн 1 хувийнх нь хүү 1,150,000 төгрөгийг Ж.Бт тэр өдөрт нь төлсөн юм. Миний төлөх хүүнээс 500,000 төгрөг дутаад, 500,000 төгрөг нэмж аваад, 39,000,000 төгрөг болсон. Дээрх зээлээс 2015 оны 11 дүгээр сарын 20-нд 20,000,000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 9,850,000 төгрөг, 4 дүгээр сарын 29-ний өдөр 150,000 төгрөг тус бүр бэлнээр төлсөн. Ж.Б өөрөө гарын үсгээ зурж бэлнээр авсан. Гарын үсэг зурж авсан баримтыг эх хувиар хавсаргав. Мөн 2016 оны 8, 9 дүгээр сард 3 удаа Ж.Бийн ХААН банкны 5007993798 данс руу нь 1,350,000 төгрөгийг 3 удаа шилжүүлгээр, 2017 оны 3 дугаар сарын 16-нд 300,000 төгрөг, 3 дугаар сарын 20-нд 300,000 төгрөг тус бүр мөн энэ данс руу нь шилжүүлж төлсөн байгаа. Одоо гэрээгээр тохирсон үндсэн төлбөр 39,000,000 төгрөгөөс үндсэн зээлийн 7,050,000 төгрөг төлөх юм. 3 хоногийн хүү 1,150,000 төгрөгийг мөнгө авсан 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төлсөн. Ж.Б нь намайг мөнгө өгөх бүрт шинээр нэмж мөнгө хүү төлүүлэх талаар шинээр бичүүлж авдаг байсан. Би одоо Ж.Бт 33,000,000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Хоорондын тооцоо нийлсэн акт гэдэг нь намайг “та гарын үсэг зур” гэсээр байж зуруулсан. Иймд бидний анхны хийсэн хэлцлийг үндэслэн маргааныг шийдвэрлэн, зөвхөн 7 сая төгрөгийг гаргуулан шийдвэрлэж өгнө үү гэжээ.                 

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Оюунбилэг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:        

Зээлийн гэрээг бичгээр огт байгуулаагүй. Иймд нэхэмжлэгч гэрээгээ нотлох баримтаар гаргаж өгөөгүй. Хүүний талаар талууд тохиролцоогүй.2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Н.Н гуайд шахалт үзүүлж байгаад тооцоо нийлсэн акт гэх баримтыг үйлдсэн байдаг. Гэхдээ энэ акт яаж тооцоолсон нь ойлгомжгүй байдаг. Нэгэнт хүүний талаар талууд тохиролцоогүй тул хүү тооцох боломж байхгүй. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. Мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэт зааснаар зээлийн гэрээгээр талууд харилцан тохиролцож хүү тогтоож болно. Мөн хуулийн 282.3 дахь хэсэгт зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана. Зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй байхад хүү, алданги тооцож байгаа нь үндэслэлгүй юм. Иймд 25,950,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Үнэндээ талууд энэ зээлийг чөлөөлөөд байрыг нь барьцаанд тавин зээл гаргана гэсэн боловч зээл нь гараагүй байдаг. Н.Н гуай 2 газар байраа барьцаалж байж 20,000,000 төгрөг, дараа нь 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 10,000,000 төгрөг төлсөн. Бид 10,000,000 төгрөг дээр эвлэрье гэсэн боловч саналыг хүлээж аваагүй тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар хүү, алданги тооцохгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагч Н.Нд холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 33,000,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Н.Н болон түүний өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаас үлдэгдэл зээлийн төлбөр 7,050,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх 25,950,000 төгрөгийн шаардлагыг эс зөвшөөрч маргахдаа талууд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй учир нэхэмжлэгч зээлийн хүү, алданги шаардах эрхгүй, мөн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй “Тооцоо нийлсэн акт”-ын тооцоолол ойлгомжгүй бөгөөд нэхэмжлэгчийн шаардсанаар гарын үсэг зурсан учир илүү шаардсан төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж тайлбарлан маргасан.

Нэхэмжлэгч Ж.Б нь 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хариуцагч Н.Нд 39,000,000 төгрөгийг зээлдүүлсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Харин уг гэрээг бичгээр байгуулж, хоногийн 1 хувийн хүү тооцохоор тохиролцсон гэх тайлбар, шаардлагаа нэхэмжлэгч тал баримтаар нотлоогүй байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ аман хэлбэрээр хийгдсэн гэж шүүх дүгнэлээ.

Хариуцагч Н.Н нь зээлийн төлбөрт 31,950,000 төгрөг, мөн 3 хоногийн зээлийн хүүд тооцон 1,150,000 төгрөг, нийт 33,100,000 төгрөгийг нэхэмжлэгч Ж.Бт төлсөн байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт “... хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас хүү шаардах эрхгүй бөгөөд хариуцагчийн хүүгийн төлбөрт төлсөн гэх 1,150,000 төгрөгийг зээлийн төлбөрөөс хасч тооцох боловч хариуцагч талын зөвшөөрсөн хэмжээгээр буюу 7,050,000 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 25,950,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс талуудын хооронд 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр үйлдсэн “Тооцоо нийлсэн акт” гэх баримтыг нэхэмжлэлийн үндэслэл болгон шаардах ба уг актаар зээлийн хүүнд 1,150,000 төгрөг төлсөн талаар тусган, зээлдэгч нь 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 20,000,000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 10,000,000 төгрөгийг төлсөн болохыг дурдсан байх боловч нийт төлөх үлдэгдэл 33,000,000 төгрөгийг зээлдүүлэгчид хугацаа заан төлөхөөр тусгасан байгаа нь ойлгомжгүй болж, нэхэмжлэгч Ж.Б нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хүлээсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлох үүргээ хангалттай биелүүлээгүй буруутай байна.

Иймд дээрх үндэслэлээр шүүх хариуцагч Н.Нгаас зээлийн гэрээний үүрэгт 7,050,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Бт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 25,950,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч …регистртэй Лувсанжав ургийн овогт Н овогтой Н-с 7,050,000 /долоон сая тавин мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч …регистртэй Боржигон ургийн овогт Ж-тай овогтой Б-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 29,950,000 /хорин есөн сая есөн зуун тавин мянган/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 323,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 127,750 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ                    А.САРАНТУЯА