Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/16

 

 

 

 

 

 

 

 

2021             12            28                                       16

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга: М.Нарансолонго, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Онон,

шүүгдэгч: Б.Хи нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол  дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Хит холбогдох эрүүгийн 2105021181937 дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1998 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Ховд аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Оросын Холбооны Улсын онцгой байдлын дээд сургуулийн 4 дүгээр курсын оюутан, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт ***************тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ****************** Хи.

 

Шүүгдэгч Б.Хи нь 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 17 дугаар байрны гадна хохирогч Б.Алийг зодож түүний биед зүүн 8 дугаар хавирганы зөрүүгүй хугарал, баруун гуяны цус хуралт, 2 тохой, баруун өвдөгний үений зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Хи мэдүүлэхдээ:

Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Тухайн үед болсон асуудлыг бүдэг санаж байна. Тэр өдөр манай найз хорт хавдартай болсон гээд би архи уугаад согтсон байсан. Тэгээд тамхи авах гэж гараад хохирогч Алтэй таараад тамхинаас болж маргасан. Өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Би Өмнөговь аймгийн Онцгой байдлын газарт дэд ахлагч цолтой учраас цалингаа авч байр болон хоолны мөнгөндөө төлдөг. Хохирогчоос уучлалт гуйж, 200 000 төгрөгийн хохирол төлсөн ба хохирогч гомдол, саналгүй гэж хэлсэн. Цаашид дахин гэмт хэрэг үйлдэхгүй, хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Улсын яллагчтай тохиролцсон 500 000 төгрөгийн торгуулийн ялыг сайн дураар зөвшөөрч байна. Энэ торгуулийг ажил хийж байгаа тул удахгүй төлнө. Дахиж ийм үйлдэл гаргахгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Ал мэдүүлэхдээ:

Би 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 21 цагийн үед би Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 17 дугаар байрны 3 дугаар орцны үүдэнд байрлах шатан дээр суугаад гар утсаараа найзтайгаа яриад сууж байсан. Тэгэхэд 2 дугаар орцноос үл таних 3 согтуу залуу гарч ирээд миний сууж байсан сандалын ойролцоо ирж зогсоод хоорондоо юм яриад, инээлдээд, тамхи татаад зогссон. Тэр үл таних 3 залуугийн нэг болох өндөр махлаг, цээж хэсгээрээ нүцгэн Хи гэх залуу нь над руу ойртож ирээд “чи надтай зодолдох уу” гээд надтай яриа өдөөд байсан. Тэгэхээр нь би Хи гэх залуутай хамт явж байсан 2 залууд нь хандаж “та 2 энэ залуугаа авалдаа” гэхэд “уучлаарай ахаа би Хиыг дийлэхгүй юм байна” гээд цаашаа яваад өгсөн. Тэгээд энэ үед Хи гэх залуу нь намайг татаж газарт унагааж байгаад миний дээрээс дэвсэж, өшиглөж цохиод байсан. Тэгээд тэр залуу зодож дуусаад цаашаа яваад өгсөн. Би газарт хэвтээд үлдсэн. Маргаан эхлэх үед Хи гэх залуу 2 залуутай явж байсан. Тэр хоёр залуу нь яг зодоон болох үед байгаагүй.

Б.Хит гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэжээ. (хэргийн 9, 13, 57 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Д.Зо мэдүүлэхдээ:

Ах Хи манай гэрт 17 цагийн үед ганцаараа ирсэн. Ирэхдээ нэг шил архитай ирсэн бөгөөд архийг манай эмэгтэй найз болох Нараа болон Хи нартай хувааж уусан. Ууж дуусаад дахиад 1 шил архи авсан. Түүнийг ууж дуусчихаад би болон Хи, манай хуурай дүү Дөлгөөн бид 3 гэрээс гарч тамхи авахаар дэлгүүр орсон. Ах Хи тухайн үед нэлээн согтолттой дэлгүүр орж чадахааргүй байсан учраас 17 дугаар байрны үүдэнд үлдээгээд Дөлгөөн бид 2 дэлгүүр орсон. Дөлгөөн бид 2 дэлгүүр орчихоод буцаад 17 дугаар байрны үүдэнд ирэхэд ах Хи нь үл таних нэг ахыг зодож байсан. Тэгэхээр нь би Дөлгөөнтэй ах Хиыг салгаад гэрлүүгээ аваад орсон. Би Хи ахыг хүн зодож байхад нь дэлгүүр орсон байсан учир нарийн зүйлийг хараагүй. Намайг 17 дугаар байрны урд очих үед ах Хи үл таних эрэгтэйн дээр гарсан нүүр рүү нь цохиж байсан гэжээ. (хэргийн 22 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн шинжээчийн 9993 дугаар дүгнэлтэд:

1. Б.Алийн биед зүүн 8 дугаар хавирганы зөрүүгүй хугарал, баруун гуяны цу хуралт, 2 тохой, баруун өвдөгний үений зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Учирсан гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэжээ. (хэргийн 30 дугаар хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

Б.Хи нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 33 дугаар хуудас)

                                               

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

Б.Хи нь согтуурсан үедээ 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 17 дугаар байрны гадна хохирогч Б.Алийг зодож, түүний биед зүүн 8 дугаар хавирганы зөрүүгүй хугарал, баруун гуяны цус хуралт, 2 тохой, баруун өвдөгний үений зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Ал, гэрч Д.Зо нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн шинжээчийн 9993 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Хит холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хохирогч нь өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлсэн талаар нотлох баримтыг хэрэгт гаргаагүй бөгөөд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул Б.Хиыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.    

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял болон түүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500 000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагын саналыг сайн дураар зөвшөөрч байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Хи-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Хи-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг Б.Хит даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Хи нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Хи цагдан хоригдсон хоноггүй, хохирогч хохирол нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Хит хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН