Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/25

 

 

 

 

 

 

 

 

2022           01            05                                        25         

 

           

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                   

 

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

            нарийн бичгийн дарга: М.Нарансолонго, 

            улсын яллагч: Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл,

            хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баийн өмгөөлөгч Ж.Болорцэцэг /0027/,

            шүүгдэгч: Б.Өн, түүний өмгөөлөгч Э.Хашчулуун /1854/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

            Тээврийн  прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох эрүүгийн 2103002840329 дугаар, 1 хавтас хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Монгол Улсын иргэн, 1979 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдүүдийн хамт ***************** тоотод оршин суух,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 627 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 142 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, регистрийн дугаар **************

 

            Шүүгдэгч Б.Өн нь 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 13 цаг 27 минутын орчимд Баянгол дүүргийн нутаг дэвсгэр 22 дугаар хороо, Бичил хорооллын баруун талын замд “Sinotruck” маркийн, **** УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.6 заалтыг зөрчсөний улмаас ундаг дугуйтай зорчигч Мөийг мөргөж, амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Б.Өн мэдүүлэхдээ:

            Би тухайн үед 10-11 км цагийн хурдтай явж байсан. Би дугуйтай хүн явж байгааг хараагүй, хаанаас гарч ирсэн талаар мэдээгүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 40 000 000 төгрөгийг иргэний хариуцагч төлж барагдуулсан. Би ажил хийгээд иргэний хариуцагчид буцааж төлнө. Би өөрийн ээжийгээ авто ослоор алдаж байсан учраас хохирогч талыг маш сайн ойлгож байгаа. Надтай холбогдохыг зөвшөөрвөл би ээжтэй нь холбогдоно. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна. Улсын яллагчтай ял тохиролцож, өөрийн сайн дураар хүлээн зөвшөөрсөн гэв.

 

            Мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч-Б.Ба мэдүүлэхдээ:

            Миний хүү Мө нь 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн өглөө хичээлдээ яваад тэр өдрөө найз охин Гуийн гэрт хоносон ба би өдөр нь чатаар холбогдоод тэрнээс хойш холбоо бариагүй. Тэгээд 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 14 цаг 33 минутын үед над руу Гу залгаад “аниа та цагдаатай яриадхаач” гэхэд юу яриад байгааг нь ойлгохгүй байсан. Тэр үед цагдаа утсыг нь аваад “Энхбаярын зам дээр осол гарсан байна” гэж хэлэхээр нь манай гэр ойрхон болохоор нөхөр хүүхдийн хамт гэрээс гарч, явган хүний зам дагуу уруудаад явж байхад замын цагдаа нар болон Гу байж байсан. Тэнд миний хүү осолд орсон байна гэдгийг мэдээд хүүгээ хайгаад олоогүй, гудамжинд ачааны автомашины арын дугуйны тэнд их хэмжээний цус болчихсон байхаар нь цагдаа нараас юу болсон талаар асуухад тоймтой зүйл хэлээгүй. Сүүлд осолд орж нас барсан гэдгийг мэдсэн гэжээ. (хэргийн 34 дүгээр хуудас)

 

            Мөрдөн байцаалтад гэрч-С.Гу мэдүүлэхдээ:

            2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр манай гэрт хоночхоод маргааш нь хичээлдээ 13 цаг 20 минутын үед унадаг дугуйтай гарсан. Тэгээд над руу 14 цаг 10 минутын үед танихгүй дугаараас залгаад “замын цагдаагаас залгаж байна, танай гэр хаана вэ “ гэж асуухаар нь манай гэр Энхбаярын замд байдаг гэж хэлэхэд тэгвэл гараад ир гэхээр нь гараад Бичил хорооллын баруун хойд хэсэгт байрлах “Тааз” хүнсний дэлгүүрийн тэнд хүрээд ир гэхээр нь очиход зам тээврийн осол гараад замын цагдаа нар ирчихсэн Мө-ийн унаж явсан унадаг дугуй замын хажууд автомашинд дайрагдаж гэмтсэн байдалтай байсан ба Мө байсан эсэхийг санахгүй байгаа, тухайн үед муу зүйл болж гэж мэдээд цагдаа нараас найзыгаа асуухад надад хариулахгүй, намайг очуулахгүй байсан. Тэрнээс хойш шоконд ороод Мө-ийн ээжийг манай эгч утсаар дуудаж ослын газарт ирүүлсэн. Тэгээд оройн 19 цаг өнгөрч байхад нас барсан талаар мэдсэн гэжээ. (хэргийн 143 дугаар хуудас)

 

            Мөрдөн байцаалтад иргэний хариуцагч-Э.Мө мэдүүлэхдээ:

            Би яагаад иргэний хариуцагч болсон талаараа ойлгож байгаа. 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө мэдэж байгаа зүйлээ ярьсан. Миний зүгээс оршуулгын зардал болон бусад зардлын баримтуудтай танилцсан. Дээрх зардлуудыг аль болох төлж барагдуулах зорилготой байна гэжээ. (хэргийн 147 дугаар хуудас)

 

           

            2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд:

            Зам тээврийн осол хэрэг үйлдэгдсэн гэх газар нь Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр, Бичил хорооллын ертөнцийн зүгээр баруун талын хойноос урагшаа чиглэлийн замд “Гэгээ” зочид буудлын зүүн хойд хэсэгт замын ертөнцийн зүгээр баруун талын шороон хэсэгт “tecnobike” гэсэн бичвэр бүхий хөх өнгийн рамтай унадаг дугуйны руль мурийж, баруун талын бариул хэсэг шороо болсон, рам төмөр дундуураа нугаларч, мурийсан, урд дугуй, урд ац төмөр муруйсан, суудлын урд нарийн хэсэг шороо болсон байдалтай байх ба унадаг дугуйнаас ертөнцийн зүгээр баруун тийш метр зайд автомашинд мөргүүлж нас барсан гэх эрэгтэй хүний цогцосны цээж, нүүр хэсгийг цагаан өнгийн нэг удаагийн гялгар хувцсаар хучсан, цогцос байрлах хэсгээс баруун тийш метр зайд улаан өнгийн 39-67 УАМ улсын дугаартай Хово маркийн ачааны автомашин гудамж руу орж, ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэсэн байдалтай зогссон байв гэжээ. (хэргийн 6-8 дугаар хуудас)

 

            Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн 2033 тоот дүгнэлтэд:

            1.Талийгаач Мө-нмйэ цогцост гавлын ясны үйрч бяцарсан хугарал, тархины хатуу хальсны хугарал, тархины эврэл гоожилт, гол судасны язарсан шарх, баруун уушгины доод дэлбэнгийн урагдсан, элэг, дэлүүний бяцарсан шарх, цээж хэвлийн хөндий дэх цус хураа /750мл/, баруун зүүн уушгины гуурсан хоолойны салааны тасрал, зүүн уушгины няцрал, цус хуралт, баруун эгэм, 1-7 дугаар хавирганы хугарал, зүүн 7 дугаар хавирга, зүүн сүүж, дунд чөмөгт ясны далд хугарал, үнхэлцэг хальс дээрх цус хуралт, зүүн сарвууны ар эдийн дутагдал бүхий ил шарх, хэвлий, зүүн гар, арын дал нуруу, зүүн гуя, өвдөг, шилбэ, баруун гуя, баруун эрхийн хуруунд зулгаралт, хүзүү, цээж, баруун, зүүн өгзөг цус хуралт болон зулгаралт зэрэг гэмтлүүд тогтоогдлоо.  

            2. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед үүсгэгдэх гэмтэл байна.

            3. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

            4. Талийгаач нь зам тээврийн ослын улмаас гавал, тархи, цээж, хэвлийн мөчдийн хавсарсан гэмтлээр нас баржээ.

            5. Талийгаачийн цус нь B/III/  бүлгийн харьяалалтай байна.

            6. Талийгаачийн цусанд спирт болон мансууруулах бодис илрээгүй байна гэжээ. (хэргийн 60-64 дүгээр хуудас)

 

            Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 263 дугаар магадалгаанд:

            1. “Синотрак” маркийн, **** УАМ улсын дугаартай автомашины жолооч Б.Өн нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.6-д “Жолооч баруун буюу зүүн гар тийшээ эргэхдээ тээврийн хэрэгслийн оврын хэмжээ болон бусад шалтгаан /ачааны онцлог, зам дээрх саад гэх мэт/-аар энэ дүрмийн 10.5-д заасан шаардлагыг биелүүлэх боломжгүй бол аюулгүй байдлыг хангаж, бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг саатуулахгүйгээр уг үйлдлийг өөр эгнээнээс гүйцэтгэхийг зөвшөөрнө. Уулзвар, гарцаас бусад замын хэсэг дээр хөдөлгөөний тухайн чигийн зүүн гарын талын захаас буцаж эргэхэд зорчих хэсгийн өргөн хүрэлцэхгүй байвал уг үйлдлийг баруун гар талын эгнээ буюу хөвөөнөөс гүйцэтгэхийг зөвшөөрнө. Ингэхдээ өөдөөс буюу зэрэгцээ эгнээнд араас яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

            2. Унадаг дугуйны жолооч Мө нь Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

3. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэл болон бусад нөхцөл байдлаас болсон гэж үзэх үндэслэлтэй байна гэжээ. (хэргийн 110-111 дугаар хуудас)

 

            Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

Б.Өн нь Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 627 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 142 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан гэжээ. (хэргийн 133 дугаар хуудас)                                       

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

            Шүүгдэгч Б.Өн нь 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 13 цаг 27 минутын орчимд Баянгол дүүргийн нутаг дэвсгэр 22 дугаар хороо, Бичил хорооллын баруун талын замд “Sinotruck” маркийн 36-97 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.6 заалтад заасан “Жолооч баруун буюу зүүн гар тийшээ эргэхдээ тээврийн хэрэгслийн оврын хэмжээ болон бусад шалтгаанаар энэ дүрмийн 10.5-д заасан шаардлагыг биелүүлэх боломжгүй бол аюулгүй байдлыг хангаж, бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг саатуулахгүйгээр уг үйлдлийг өөр эгнээнээс гүйцэтгэхийг зөвшөөрнө. Уулзвар, гарцаас бусад замын хэсэг дээр хөдөлгөөний тухайн чигийн зүүн гарын талын захаас буцаж эргэхэд зорчих хэсгийн өргөн хүрэлцэхгүй байвал уг үйлдлийг баруун гар талын эгнээ буюу хөвөөнөөс гүйцэтгэхийг зөвшөөрнө. Ингэхдээ өөдөөс буюу зэрэгцээ эгнээнд араас яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс Б.Мөнх-Энэрэлийн биед гавлын ясны үйрч бяцарсан хугарал, тархины хатуу хальсны хугарал, тархины эврэл гоожилт, гол судасны язарсан шарх, баруун уушгины доод дэлбэнгийн урагдсан, элэг, дэлүүний бяцарсан шарх, цээж хэвлийн хөндий дэх цус хураа /750мл/, баруун зүүн уушгины гуурсан хоолойны салааны тасрал,зүүн уушгины няцрал, цус хуралт, баруун эгэм, 1-7-р хавирганы хугарал, зүүн 7-р хавирга, зүүн сүүж, дунд чөмөгт ясны далд хугарал, үнхэлцэг хальс дээрх цус хуралт, зүүн сарвууны ар эдийн дутагдал бүхий ил шарх, хэвлий, зүүн гар, арын дал нуруу, зүүн гуя, өвдөг, шилбэ, баруун гуя, баруун эрхийн хуруунд зулгаралт, хүзүү, цээж, баруун, зүүн өгзөг цус хуралт болон зулгаралт бүхий гэмтэл учруулж, амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ба, гэрч С.Гу, иргэний хариуцагч Э.Мө, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дүгээр сарын 14-ний өдрийн 2033 тоот дүгнэлт, Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 263 дугаартай магадалгаа зэрэг бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

            Тээврийн прокурорын газраас Б.Өнад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн үйл баримттай тохирч байх тул шүүгдэгчийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Б.Өн нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бат 40 000 000 төгрөг төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь цаашид Б.Өнаас нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэж мэдүүлсэн тул Б.Өныг хэрэгт гаргаж өгсөн баримтын хүрээнд учирсан зардлыг төлсөн гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирлоо нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүх шүүгдэгч Б.Өнад холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээд шүүгдэгчийн өмгөөлөгчийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн авсан ба шүүгдэгч Б.Өн нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял болон түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар тэнсэх эрүүгийн хариуцлагын саналыг сайн дураар зөвшөөрч байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жил 6 сарын (хоёр жил зургаан сар) хугацаагаар тэнсэж, хянан харгалзахаар шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгч Б.Өнад хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар Б.Өнын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолж, 17956 дугаартай ВСDE ангиллын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоолын хувийн хамт Шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгав.       

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдав.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

            1. Шүүгдэгч Өн-ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар Б.Өн-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жил 6 сарын (хоёр жил зургаан сар) хугацаагаар тэнссүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар Б.Өн-ад оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар Б.Өн нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах,

            үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.

 

            5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Өнад оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар Б.Өнын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолж,

            17956 дугаартай ВCDE ангиллын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоолын хувийн хамт Шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

 

            7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 40 000 000 төгрөгийг төлсөн болохыг дурдсугай.

 

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

            10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

            11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Өнад хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.ОЮУН