Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/45

 

 

 

 

 

 

 

  2022           01            13                                        45         

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: М.Нарансолонго, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Тэгшбаяр /томилолтоор/,

хохирогч: Я.Эн,

шүүгдэгч: Ц.Жа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол  дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Жаод холбогдох эрүүгийн 2105023041945 дугаар, 1 хавтас хэргийг 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1994 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, сард 950 000 төгрөгийн цалинтай, ам бүл 2, эхнэрийн хамт Баянгол дүүргийн *************** тоотод түр оршин суух,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 227 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 113 дугаар зүйлийн 113.3, 126 дугаар зүйлийн 126.2.1, 126.2.3, 126.2.4, 125.2-т зааснаар 12 жилийн хорих ял оногдуулж, 2017 оны Эрүүгийн хуулийн тэгштгэлээр 12 жилийн хорих ялыг 7 жилийн хугацаагаар хорих ялаар сольж, 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан, регистрийн дугаар ***************Ц.Жа.

 

Шүүгдэгч Ц.Жа нь 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн орой 21 цагийн үед ****** дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ЗАА-н 1-47 тоотод байдаг нийтийн байрны 4 тоотод хохирогч Я.Энг найзындаа байх үед түүний гэр буюу тус байрны 8 тоотоос хохирогч Я.Эний охин А-ас “ээж чинь гар утас аваад ир гэж байна” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “Релми Жи Ти” /Realme GT5G/ загварын гар утсыг залилан авч, 1 999 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Ц.Жа  мэдүүлэхдээ:

Би мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хохирогч бид хоёр найздууд юм. Тухайн өдөр Энтэй хамт гэрт очсон юм. Тэгээд би согтуу байсан болохоор тэднийд унтаж байгаад босоход Эн байхгүй, хажуу айлдаа орсон байсан. Хохирогчийн гар утсыг авсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Гар утсыг хохирогчийн охин А-наас авсан нь үнэн. Хохирогчийн гар утсыг “Тэди” худалдааны төв дээр 150 000 төгрөгөөр зарж, мөнгөөр нь хүмүүстэй нийлж архи уусан. Энэ хэрэгт шалгагдсанаас хойш ажил хийх боломжгүй байсан тул хохирол төлж чадаагүй. Хохирлыг 2-3 хуваагаад төлж барагдуулна. Хохирогчоос уучлалт гуйж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч- Я.Эн мэдүүлэхдээ:

Би гар утсыг 2023 оны 10 дугаар сар хүртэл сард 118 000 төгрөг төлөхөөр лизингээр худалдаж авсан. Тухайн үед манай охин Анхилуун нь ахтайгаа утсаараа тоглож байсан болохоор утсаа охиндоо үлдээгээд хажуу айлдаа орсон. Гэтэл Ц.Жа нь манай охиноос “ээж чинь утас аваад ир гэж байна” гээд гар утсыг авсан байсан. Одоо гар утасны үнэ болох 1 999 000 төгрөгийг нэхэмжилж байна. Гар утсыг үнэлсэн шинжээчийн үнэлгээг хүлээн зөвшөөрч байгаа. Би Жатой өмнө нь найзууд байсан. Би түүнийг гэртээ дагуулж очсон юм. Учир нь тэр согтуу байсан болохоор нь унтаж байгаад яв гэж хэлсэн. Хохирол төлөх талаар надтай яриагүй. Өнөөдөр эхнэр нь лизингийн төлбөрийг төлнө гэж ярьсан. Гомдолтой байна гэв.

 

“Ашид Билгүүн” ХХК-ийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 921/2389 дугаартай дүгнэлтэд:

“Релми Жи Ти” /Realme GT5G/ загварын гар утасны бодит үнийг 1 999 000 төгрөгөөр тодорхойлов гэжээ. (хэргийн 21 дүгээр хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 227 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 113 дугаар зүйлийн 113.3, 126 дугаар зүйлийн 126.2.1, 126.2.3, 126.2.4, 125.2-т зааснаар 12 жилийн хорих ял оногдуулж, 2017 оын Эрүүгийн хуулийн тэгштгэлээр 12 жилийн хорих ялыг 7 жилийн хугацаагаар хорих ялаар сольж, 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан гэжээ. (хэргийн 61 дүгээр хуудас)

 

                                                ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Ц.Жа нь 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн оройн 21 цагийн үед Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн Ард-Аюушийн 1 дүгээр  гудамж, 47 тоотод байрлах нийтийн байрны 8 тоотоос хохирогч Я.Эний охин А-аас “ээж чинь гар утас аваад ир гэж байна” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “Релми Жи Ти” /Realme GT5G/ загварын гар утсыг залилан авч, 1 999 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Я.Энгийн мэдүүлэг, Ашид Билгүүн” ХХК-ийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 921/2389 дугаар дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Жаын гэмт  үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ц.Жа нь гэмт үйлдсэн гэм буруугийн талаар болон хохирлын үнийн дүнгийн талаар маргаагүй болно.

 

Шүүгдэгч нь хохирогчид нийт 1 999 000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд хохирлыг төлж барагдуулаагүй, хохирлыг төлөхөө илэрхийлж байна.

 

Иймд шүүгдэгч Ц.Жа-оос 1 999 000 төгрөг гаргуулж, хохирогч Я.Энд олгохоор шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

            1. Шүүгдэгч Жа-ыг бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Жаыг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар Ц.Жаод оногдуулсан 01 (нэг) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Ц.Жаоос 1 999 000 төгрөг гаргуулж, хохирогч Я.Энд олгосугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Ц.Жа нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Жаод цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН