Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2017/01563

 

2017 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2017/01563

Улаанбаатар хот

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа би,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Бридж цогцолборт байрлах “Эвридэй Интернэшнл” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, ...байр .. тоотод оршин суух Хиад овогт Б.О-т холбогдох,

 

2,585,850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

 

        ТОДОРХОЙЛОХ нь :

 

Нэхэмжлэгч “Эвридэй Интернэшнл” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Оюу дүүрэн” ХХК түүнийг төлөөлж гүйцэтгэх захирал Б.О нь 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр “Худалдааны хамтран ажиллах гэрээ”-г манай компанитай байгуулсан. Манай компани гэрээнд заасны дагуу бараа, бүтээгдэхүүнийг нийлүүлж байсан боловч “Оюу дүүрэн” ХХК нь бараа, бүтээгдэхүүний үнэ төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөлгүй явсаар одоогоор 2.529.850 төгрөгийн өр үүссээд байна. Манай компанийн зүгээс төлбөрийг нэхэж, холбогдох гэж удаа дараа үзсэн боловч тусыг эс олсон болно. Тус компани нь гэрээнд заасан үүргээ биелүүлэлгүй манай компанийг хохироож байна. Иймд “Худалдааны хамтран ажиллах гэрээ”-ний үүргээ биелүүлээгүйн улмаас манай компанид үүссэн өр болох 2.529.850 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 55.427 төгрөг, нийт 2.585.277 төгрөгийг хариуцагч “Оюу дүүрэн” ХХК-ийн хөрөнгөөс гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Оюу дүүрэн” ХХК-ийн захирал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч “Оюу дүүрэн” ХХК-ийн захирал миний бие нь “Эвридэй Интернэшнл” ХХК-ийн нэхэмжилсэн 2,529,850 төгрөгрийг 2 сарын дотор төлж барагдуулна гэжээ.

 

Зохигчид эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч “Эвридэй Интернэшнл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнхтуяа миний бие 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1,329,850 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 1,200,000 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна. Хариуцагч заагдсан хугацаанд төлбөрийг барагдуулагүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар албадан гүйцэтгүүлж болно гэжээ.  

 

                                                                                                                    ҮНДЭСЛЭХ нь:

 

          Нэхэмжлэгч “Эвридэй Интернэшнл” ХХК нь хариуцагч “Оюун дүүрэн” ХХК-д  холбогдуулан 2,529,850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. 

 

           Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2,529,850 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1,329,850 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 1,200,000 төгрөгийг тус тус барагдуулахаар зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

          Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон

          ЗАХИРАМЖЛАХ нь:

  1.“Эвридэй Интернэшнл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Оюу дүүрэн” ХХК-д холбогдох 2,529,850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 1,329,850 төгрөгийг 2017 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн дотор төлж барагдуулахаар зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 74.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5,694 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 2,847 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                          А.САРАНТУЯА