Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/43

 

 

 

 

 

 

 

2022           01            13                                      43        

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: М.Нарансолонго,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Онон,

шүүгдэгч: М.Лха, түүний өмгөөлөгч Т.Ганболд /1046/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Лхад холбогдох 2105000001878 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1997 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Завхан аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт, *****************оршин суух хаягтай, одоо Улаанбаатар хот, ********************* тоотод түр оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар *************, Хаан Лха.

 

Шүүгдэгч М.Лха нь 2021 оны 11 дүгээр сарын 07-ноос 2021 оны 11 дүгээр сарын 08-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хорооллын нутаг дэвсгэрт 60-34 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн цагдаа, зохицуулагч Ж.Энийн бичиг баримт болон драгер багажаар согтолтын хэмжээ шалгах, автомашиныг зам чөлөөлөх /паркпах/ хууль ёсны шаардлага тавихад албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан нүүр рүү нь тохойгоороо цохих зэргээр хүч хэрэглэж эсэргүүцсэн,

мөн дээрх гэмт хэргийг үйлдэх явцдаа Баянгол дүүргийн Замын Цагдаагийн хэлтсийн цагдаа, зохицуулагч Ж.Энийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцэн нүүр рүү нь тохойгоороо цохих зэргээр биед нь халдаж, хоншоор ясны түүшин сэртэнгийн далд хугарал, дээд үүдэн баруун 1, 2-р шүд, зүүн 1-р шүдний булгарал, зүүн 2-р шүдний хугарал, доод үүдэн зүүн 1-р шүдний эмтэрэл, дух, баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, уруул, буйл, эрүү, зүүн сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал шарх, зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Лха мэдүүлэхдээ:

Би мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Тухайн үед дөрвүүлээ нийлж 2 том пиво уусан юм. Хохирогчид улсын яллагчийн яллах дүгнэлтэд дурдсан 1 603 000 төгрөг дээр нэмж 13 000 000 төгрөг төлж, уучлалт гуйсан. Дээрх хохирлыг манай ах дүү нар төлсөн. Харин цагдаагийн ажилтны гар станц, багажийн талаар мэдэхгүй байна. Гэхдээ эдгээр хэрэгслийн хохирлыг төлсөн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, энэ гэмт хэргийг үйлдсэндээ гэмшиж байна. Тухайн үед тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах байх гээд айсандаа зугтаасан юм. Хохирогч цаашид эмчилгээ хийлгэвэл гарсан зардлыг төлнө. Дахиж ийм алдаа гаргахгүйг хичээнэ. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Ж.Эн мэдүүлэхдээ:

Би Баянгол дүүрэг дэх замын цагдаагийн хэлтэст 2 дахь жилдээ ажиллаж байна. 2021 оны 11 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө УЛЗ-16 чиглэлд үүрэг гүйцэтгэх байсан. УЛЗ-16 чиглэлд тус хэлтсийн цагдаа зохицуулагч цагдаагийн ахлах ахлагч Н.Раднаарагчаа, цагдаагийн дэд ахлагч Г.Мя нарын хамт үүрэг гүйцэтгэсэн. Ингээд 2021 оны 11 дүгээр сарын 08-ны шөнө 03 цагийн орчимд Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хорооллын 4 замын уулзварын зүүнээс баруун чиглэлд зорчих автозам дээр үүрэг гүйцэтгэж хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалт явуулахад 60-34 УНИ улсын дугаартай цайвар цэнхэр өнгийн приус 20 маркийн автомашиныг зогсоож шалгасан. Уг 60-34 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил нь илт мэдэгдэж байсан. Ингээд би жолоочоос бичиг баримтаа шалгуул, автомашиныг зам чөлөөл /паркал/ гэж хэлсэн. Жолооч автомашинаас буугаагүй, тэгээд автомашинаа зогсоож паркал гэж хэлэхэд биелүүлэхгүй байхаар нь би автомашины баруун урд талын цонхоор нь толгойгоо оруулаад автомашиныг зогсоох гэтэл баруун гарын тохой хэсгээрээ нүүр хэсэгт нэг удаа цохисон. Тэгээд цаашаа автомашиныг хөдөлгөж хөдөлгөөнд оролцож зугтаах үйлдэлд гаргасан. Тухайн үед би автомашины баруун талын урд хаалганы бариулаас барьсан байсан бөгөөд намайг автозамын зорчих хэсэгт 30-40 метр чирсэн. Автомашин маш хурдтай явж байсан учраас би хаалганы бариул хэсгээс тавьж чадаагүй, бариулаас нь тавьсаны дараа автомашины доогуур нь орж дайрагдах эрсдэл маш их байсан. Ингээд 10 дугаар хорооллын зүүнээс баруун чиглэлд явах автомашины замын зорчих хэсгийн автобусны буудал явган зорчигч гарах гарцны гэрлэн дохионы орчимд миний гар бариулнаас мултарч би унаж үлдсэн. Тухайн үед би жолоочид хандаж автомашиныг зогсоох талаар удаа хэлж анхааруулсан боловч зогсохгүй хөдөлгөөнөө үргэлжлүүлэн хурдаа нэмсээр байсан. Би автозамын зорчих хэсэг дээр 2-3 удаа өнхөрч байснаа санаж байна. Буцаад сэргэхэд Гэмтэл Согог судлалын Үндэсний төвд сэргэсэн. Ингээд би гэмтэлийн эмнэлэгт үзүүлж тусламж авсан. Миний биед байсан тусгай хэрэгсэл болох энгэрийн камер, гар станц, ковер багаж алга болсон байсан. X ковер багажийг хамт ажилладаг алба хаагч нар буцааж олсон, энгэрийн камер, гар станцаа олоогүй байна. Миний дух, зүүн шанаа халцарсан, уруул язарсан, дээд үүдэн 4 шүд унасан, нэг доод шүд хугарсан, зүүн гарын чигчий, ядам хурууны яс цуурсан. 60-34 УНИ улсын дугаартай автомашины жолооч миний нүүр хэсэгт нэг удаа тохойлдох үед шүд унасан байх. Бусад гэмтэл автомашинаас чирэгдээд унах үед үүссэн гэж бодож байна.

Миний бие М.Лхагээс эмчилгээний зардалд 13 833 000 төгрөгийг хүлээн авсан. Цаашид гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэжээ. (хэргийн 19-20 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч -Г.Жа мэдүүлэхдээ:

60-34 УНИ улсын дугаартай автомашин нь Лхагийн автомашин. Уг автомашиныг Лха жолоодож явсан. 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Мя, Лха, Ня нар утсаар яриад өчигдөр баларсан, согтуу автомашин жолоодож яваад цагдаа нараас зугтаасан гэсэн тайлбар хэлж байсан гэжээ. (хэргийн 26-27 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-М.Мя мэдүүлэхдээ:

Найз Лха 60-34 УНИ улсын дугаартай автомашиныг жолоодож яваад Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол МТ колонкийн урд замын цагдаа нарт баригдсан, жолооч нарыг үлээлгэж байсан. Лха нь согтууруулах ундаа шалгах драгер багажаар үлээсэн, тэгээд цааш шалгуулалгүй зугтсан гэж ярилцаж байсан. Намайг сэрэхэд манай найзууд хоорондоо хойноос автомашин хөөгөөд байна гээд тууш зам дээр нилээд хурдтай явж байсан. Одоо санахад Баянзүрх дүүрэг Дүнжингаравын зам дээр явж байсан. Тухайн үед Лха автомашиныг жолоодож явсан бөгөөд Налайх дүүрэг явах замд Хонхор явах зам руу салаад гэр хорооллын гудамж руу орж зогссон. Бид нар хоорондоо 60-34 УНИ улсын дугаартай, приус-20 загварын автомашиныг энд үлдээе, Улаанбаатар руу орвол цагдаад баригдана гэж ярьсан. Тэгээд бид нар хамтдаа Лхагийн автомашин дотор сууж байгаад өглөө болохыг хүлээсэн. Тэгээд өглөө нь автомашинаа гэр хорооллын гудамжинд үлдээгээд таксинд суугаад хотод ирсэн. Машиныг Лха жолоодож явсан, Лхагээс өөр хүн жолоодож яваагүй. Лхагийн жолоодож явсан автомашинд цагдаагийн алба хаагчийн тусгай хэрэгсэл байгаагүй гэжээ. (хэргийн 30-32 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.Ня мэдүүлэхдээ:

Би согтуу байсан ухаанаа алдсан байсан болохоор юу болсон талаар надад тодорхой хэлж мэдүүлэх зүйл байхгүй байна. Харин манай найз Лха нь 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 6034-УНИ автомашиныг жолоодож, 10 дугаар хороолол орчим зорчиж байх үедээ цагдаагийн алба хаагчаас зугтаасан гэж хэлж байсан. Би гар станц, энгэрийн камер хаана байгааг мэдэхгүй байна гэжээ. (хэргийн 39 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Г.Мя мэдүүлэхдээ:

2021 оны 11 дүгээр сарын 08-ны шөнийн 03 цагийн үед Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10 дугаар хорооллын уулзварын зүүн талд цагдаа зохицуулагч дэд ахлагч Энийн хамтаар үүрэг гүйцэтгэж байсан. Би нэг согтуу жолоочийг драгер үлээлгээд материалжуулж байх хооронд Эн нь Приус 20 маркийн тээврийн хэрэгсэлд чирэгдээд явж байсан. Энийн араас Раднаарагчаа очоод Энийг газарт унах үед энгийн машинд суугаад тухайн Приус 20 маркийн автомашины хойноос хөөгөөд явсан. Намайг нэг харахад Эн нь машины жолооч тал буюу буруу талаас чирэгдэж байсан. Уг үйл явдал 1 минут хүрээгүй хоромхон зуурт болоод өнгөрсөн. Тухайн машины жолооч машинаас бууж ирээгүй ба цагдаад шалгуулахаас зайлс хийсэн үйлдэл хийсэн байх. Тэдний хооронд маргаан болох завдал болоогүй гэжээ. (хэргийн 45-46 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Н.Ра мэдүүлэхдээ:

Би нэг машин шалгаад эргээд хартал Эн Приус 20 маркийн машины баруун талаас нь чирэгдэж байсан. Тэгэхээр нь би машины ардаас гүйж очтол Эн машинаас унасан. Би Эн дээр очиход нүүрээрээ унасан байдалтай байсан ба гар утасны гэрэл тусгаад харахад шүднүүд нь унасан байдалтай байсан. Тухайн машин нь 6034 УНИ улсын дугаартай, усан цэнхэр өнгийн Приус 20 маркийн автомашин байсан гэжээ. (хэргийн 48-49 дүгээр хуудас)

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ний 11030 дугаар дүгнэлтэд:

1. Ж.Энийн биед хоншоор ясны түүшин сэртэнгийн далд хугарал, дээд үүдэн баруун 1, 2-р шүд, зүүн 1-р шүдний булгарал, зүүн 2-р шүдний хугарал, доод үүдэн зүүн 1-р шүдний эмтэрэл, дух, баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, уруул, буйл, эрүү, зүүн сарвуунд цус хурал, зөөлөн эдийн няцрал шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Дээд үүдэн 3 шүдний булгарал гэмтэл нь цаашид хөдөлмөрийн ерөнхий чавдарын тогтонги 10 хувиар алдагдуулна гэжээ. (хэргийн 69 дүгээр хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

М.Лха нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 94 дүгээр хуудас)                                                            

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч М.Лха нь архи ууж согтуурсан үедээ 2021 оны 11 дүгээр сарын 07-ноос 2021 оны 11 дүгээр сарын 08-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хорооллын нутаг дэвсгэрт 60-34 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн цагдаа, зохицуулагч Ж.Энийн бичиг баримтаа шалгуулж, драгер багажаар согтолтын хэмжээ шалгуулах, автомашиныг зам чөлөөлж зогсоох хууль ёсны шаардлага тавихад албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан нүүр рүү нь тохойгоороо цохих зэргээр хүч хэрэглэж эсэргүүцсэн,

мөн дээрх гэмт хэргийг үйлдэх явцдаа Баянгол дүүргийн Замын Цагдаагийн хэлтсийн цагдаа, зохицуулагч Ж.Энийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцэн нүүр рүү нь тохойгоороо цохих зэргээр биед нь халдаж, хоншоор ясны түүшин сэртэнгийн далд хугарал, дээд үүдэн баруун 1, 2-р шүд, зүүн 1-р шүдний булгарал, зүүн 2-р шүдний хугарал, доод үүдэн зүүн 1-р шүдний эмтэрэл, дух, баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, уруул, буйл, эрүү, зүүн сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал шарх, зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ж.Эн, гэрч М.Мя, Б.Ня, Г.Мя, Н.Раднаарагчаа нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 11030 тоот дүгнэлт, “Хөрөнгө Эситмэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас М.Лхад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч М.Лха, түүний өмгөөлөгч Т.Ганболд нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргаагүй болно.

 

Хохирогч Ж.Эн нь өөрт учирсан гэмтлийг эмчлүүлсэнтэй холбоотой нотлох баримтаар 1 602 990 төгрөгийн баримтыг хэрэгт гаргасан ба шүүгдэгч 13 833 000 төгрөгийг төлсөн тул түүнийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Харин хохирогч Ж.Эн нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтлийг эмчлүүлсэнтэй холбоотой цаашид гарсан эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно. 

  

            Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, М.Лха цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

            1. Шүүгдэгч Лхаг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.Лхаг 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний 2 000 000 төгрөгөөр торгох,

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний 3 000 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.Лха Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 2 000 000 (хоёр сая) төгрөгөөр торгох,

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 3 000 000 (гурван сая) төгрөгөөр торгох ялуудыг нэмж нэгтгэн түүний эдлэх торгуулийн ялыг  5 000 000 (таван сая) төгрөгөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг М.Лхад даалгасугай.

 

 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар М.Лха нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч М.Лха цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Хохирогч Ж.Эн нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтлийг эмчлүүлсэнтэй холбоотой цаашид гарсан эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

8. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.Лхад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН