Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/71

 

                                     

 

 

 

 

 

 

 2022         02            08                                      71      

 

                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

   

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: М.Нарансолонго, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Анхбаяр,

            шүүгдэгч: Ч.Ба, түүний өмгөөлөгч Ч.Өнөржаргал /1319/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

           

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Бад холбогдох эрүүгийн 2105000001388 дугаар, 1 хавтас хэргийг 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Монгол Улсын иргэн, 1978 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ****** аймагт төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, сард 1 500 000 төгрөгийн орлоготой, бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт **************тоотод оршин суух,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 37 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, регистрийн дугаар ************** Ба.

 

            Шүүгдэгч Ч.Ба нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 16 цагийн үед Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн нарангийн 16 дугаар гудамжны орчимд хохирогч Б.Гаийг зодож, эрүүл мэндэд нь зүүн шуу ясны доод булууны далд хугарал, дух, зүүн шуу, өвдөгт зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

            хохирогч Б.Гаийг зодох явцдаа “чи мөнгөтэй байгаа биздээ” гээд халааснаас нь 90 000 төгрөгийг хүч хэрэглэж, хууль бусаар авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Ч.Ба мэдүүлэхдээ:

Намайг 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр гэртээ байхад Ганаа ах халамцуу ирсэн. Би дээрээ ганц эгчтэй бөгөөд эгч маань Ганаа ахтай 5-6 жил хамтран амьдарч байсан хэдий ч Ганаа ах өөр эхнэр, хүүхэдтэй болоод салсан юм. Тэгээд Ганаа ахыг дахиж ирээд хамт байх нь гэж бодоод түүнтэй маргах болсон. Би гэрийн гадаа түүнийг 2 удаа цохиж, түлхэж унагаан, 2 удаа бүсэлхий хавьд нь өшиглөөд бид салсан. Гэтэл тэр гудамжны доор очоод “насаараа чам шиг гуйлгачин явахгүй, гэр хороололд байхгүй” гэж орилоод байхаар нь би хойноос нь очсон. Бид хоёрын дунд хувийн өш хонзон байгаагүй. Би ганц эгчийгээ өмөөрөөд ийм асуудал болсон. Би хохирогчтой 2 удаа уулзсан. Утас нь холбогдохгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй болохоор нь цуг ажилладаг залуугийн ажил дээр нь очиж Ганаа ахын гэрийн хаягийг авч, очиж уулзсан. Хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Хохирогчоос 90 000 төгрөгийг дээрэмдсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Нарийн замд тэр гүйж байхдаа 60 000 төгрөг унагасан байсныг авч, дэлгүүрт хүний мөнгө шүү гээд хадгалуулсан байсан. Харин 20 000 төгрөгийг халааснаас нь авсан. Ганаа ах дараа нь 100 000 төгрөгөө авъя гэхээр нь 20 000 төгрөг нэмээд шилжүүлсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би 2 хүүхэд, эхнэрийн хамт амьдардаг. Лизингийн машинаар таксинд явдаг тул хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

            Мөрдөн байцаалтад хохирогч-Б.Га мэдүүлэхдээ:

            2021 оны 9 дүгээр сарын 23-ны өглөө над руу Ч.Б залгаж, дуудахаар нь би очсон юм. Тэр дүүгийнхээ гэрт байсан бөгөөд Баянгол дүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн нарангийн 16-90 тоот руу очиход өөдөөс дүү нь гарч ирээд шууд намайг хөөж, “ална” гэж дайраад, хутгаар миний гадуур хувцасыг сийчээд, намайг зодоод байхаар нь “би яагаач үгүй шүү дээ” гэсэн чинь чирээд яваад байсан бөгөөд миний халаасанд байгаа мөнгийг “чи мөнгөтэй байгаа биз дээ” гээд халааснаас 90 000 төгрөгийг бэлнээр авсан. Би доошоо суусан чинь гар руу өшиглөөд байсан юм. Тэгээд би цагдаа дуудсан. Би салчихлаа гэж бодоод доошоо явж байхад машинтай хүрч ирээд дахиад зодоод салахгүй байсан. Миний зүүн гар хугарсан, хоёр хөл, зүүн гар, цээжний зүүн хэсэгт хөндүүртэй өвдөж байна. Учир нь би нүүрээ дараад газар хэвтчихсэн юм. Тийм болохоор миний зүүн гар хугарсан, цээжний зүүн хэсэг хөндүүртэй байна. Одоо миний гадуур хувцас өмсөх боломжгүй болсон. Хархорин захаас 80 000 төгрөгөөр худалдан авч байсан. Гар утасны дэлгэцийн үнэлгээг мэдэхгүй байна. Би маш их гомдолтой байна гэжээ. (хэргийн 17, 27 дугаар хуудас)

 

            Мөрдөн байцаалтад гэрч-Ч.Б мэдүүлэхдээ:

            2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Б.Га над руу караоке хамт оръё гээд согтуу залгаад байсан ба би тэр үед нь гэрээсээ гарахгүй байж байгаад буцаад ажилдаа явна, чамтай уулзаж чадахгүй гэж хэлсэн. Тэгээд би шөнөжин замд явсан учраас ядраад унтчихсан байсан. Орой нь манайд дүү Ч.Ба эхнэр хүүхэд, манай зээгийн хамт байсан. Тэгээд Б.Га манайд орж ирэх гэж байхад Ба өөдөөс нь гараад явсан. Гэтэл орой нь над руу “миний гар мултарсан юм шиг байна, гэмтэл рүү явж байна, эргээд яръя, шил архи уучихаад эмчид гараа үзүүлээд яръя гэж байсан. Тэгээд шөнө над руу 5 удаа залгасан байсан. Тэр хоёр хоорондоо зууралдчихсан, “зайл, чиний хэрэг энд байхгүй” гэж хэлж байсан. Яг маргалдсан эсэх талаар нь би сайн мэдэхгүй, яг нүдээрээ хараагүй гэжээ. (хэргийн 41 дүгээр хуудас),

 

Мөрдөн байцаалтад гэрч-С.Бя мэдүүлэхдээ:

            2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хангал” дэлгүүрийн орчимд иргэн Б.Га нь бусдад зодуулсан гэх дуудлага мэдээллийн дагуу очиж шалгахад Хангал дэлгүүрээс урагш явах замд Ч.Ба гэх хүн нь Б.Га гэх хүнийг зугтаагаад байна гээд барьчихсан зогсож байсан. Тухайн үед араас нь гүйж байгаад барьсан гэсэн ба Б.Га нь энэ намайг зодчихлоо гэж байсан. Тэгэхэд Ч.Ба нь манай эгчийнд ирээд агсам согтуу тавиад байхаар нь би зодчихсон юм гэж хэлж байсан. Б.Га нь гадуур хувцас болох хар өнгийн куртиктай байсан бөгөөд тухайн куртик нь урагдсан байдалтай байсан. Ч.Ба, Б.Га нар нь нэлээн согтуу байсан гэжээ. (хэргийн 115 дугаар хуудас),

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 9231 дугаар дүгнэлтэд:

            1.3 Б.Гаийн биед зүүн шуу ясны доод булууны далд хугарал, дух, зүүн шуу, өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.6.7 Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Тогтоогдсон гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

8. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 51 дүгээр хуудас)

 

            “Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 921/1928 дугаартай дүгнэлтэд:

Гар утасны дэлгэц солиулах болон хувцасны нийт бодит үнэ цэнийг 200 000 төгрөг байх боломжтойг тодорхойллоо гэжээ. (хэргийн 58 дугаар хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 37 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн гэжээ.  (хэргийн 75 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

            Шүүгдэгч Ч.Ба нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 16 цагийн үед Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн нарангийн 16 дугаар гудамжны орчимд хохирогч Б.Гаийг зодож, эрүүл мэндэд нь зүүн шуу ясны доод булууны далд хугарал, дух, зүүн шуу, өвдөгт зулгаралт бүхийн хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

            мөн хохирогчийг зодох явцдаа “чи мөнгөтэй байгаа биздээ” гээд халааснаас нь 90 000 төгрөгийг хүч хэрэглэж, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Га, гэрч Ч.Б, С.Бя нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 9231, “Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 921/1928 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна. 

 

            Баянгол дүүргийн прокурорын газраас Ч.Бад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн үйл баримттай тохирч байна.

 

            Шүүгдэгч Ч.Ба, түүний өмгөөлөгч Ч.Өнөржаргал нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргахгүй байна.

           

Иймд шүүгдэгч Ч.Ба-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Хохирогч Б.Га нь нотлох баримтаар гэм хорын хохирол нэхэмжлээгүй боловч шүүгдэгч Ч.Баэс 470 000 төгрөгийг төлсөн, хохирогч нь “Ч.Бад цаашид гомдол саналгүй, Ч.Бад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэж мэдүүлж байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

Хохирогч нь цаашид гарсан эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болно. 

 

Шүүгдэгч Ч.Бад эрүүгийн хариуцлага оногдуулахдаа үйлдсэн хэрэгтээ гэмшиж, хохирогчид учруулсан гэм хорын хор уршгийг төлсөн, хохирогчид цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлж байгаа зэрэг хувийн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон ба түүнд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлж болно гэжээ.

 

Иймд шүүгдэгч Ч.Ба-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож 30 хоног буюу 1 сарыг нэмж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

            1. Шүүгдэгч Ба-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

 

            бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            2. Шүүгдэгч Ч.Ба-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар 01 /нэг/ жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-т заасныг журамлан Ч.Бад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ял дээр,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, 30 хоног буюу 1 сарын хугацаагаар хорих ялыг нэмж, нэгтгэн Ч.Бат-Эрдэнийн нийт эдлэх хорих ялыг 01 жил 01 сарын хугацаагаар тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар   Ч.Бад оногдуулсан 01 жил 01 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Хохирогч Б.Га нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтлийг эмчлүүлсэн болон цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

             

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Бад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Л.ОЮУН