| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
| Хэргийн индекс | 170/2019/0106/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/106 |
| Огноо | 2019-11-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Шинэбал |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 2019/ШЦТ/106
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Боржигон овогт Зоригоогийн Нандинцэцэг даргалж Нарийн бичгийн дарга Алаг адуун овогт Батцэнгэлийн Долгорсүрэн Улсын яллагч Боржигон овогт Данзансамбуугийн Шинэбал Шүүгдэгч Намсрай заан овогт Эрдэнэбаатар Ганзориг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Ганзоригт холбогдох 1923001520109 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1973 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Завхан аймгийн Цэцэн-Уул суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Өмнөговь аймаг “Далан гол” ХХК-д механик ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 13 дугаар хороо 99-39 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Намсрай заан овогт Эрдэнэбаатарын Ганзориг Регистрийн дугаар:ИТ73110312/
Шүүгдэгч Э.Ганзориг нь 2019 оны 08 дугаар сарын 09-ний орой Завхан аймгийн Цэцэн-Уул сумын төвд иргэн Н.Ломбохүүгийн нүүрлүү нь мөргөж хөнгөн гэмтэл учруулсан буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ. Шүүгдэгч Намсрай заан овогт Эрдэнэбаатарын Ганзориг нь 2019 оны 08 дугаар сарын 09-ний оройн 21 цагийн орчимд Завхан аймгийн Цэцэн-Уул сумын төвд “сумын баяр наадмаар морины комисст ажиллаж байхдаа морь хассан” гэсэн хувийн таарамжгүй харьцааны улмаас Н.Ломбохүүгийн нүүрэнд мөргөсөн хэргийн үйл баримт нь шүүгдэгч нүүр рүү нь мөргөсөн гэж шууд тусган мэдүүлсэн хохирогч Н.Ломбохүүгийн “...2019 оны 08 сарын 09-ний өдөр ... Э.Ганзоригийн хажууд Анхбаяртай юм яриад зогсож байтал Э.Ганзориг миний зүүн мөр лүү гараараа хүрэх шиг болсон. Би эргээд Э.Ганзориг руу хартал Ганзориг намайг шууд мөргөчихсөн... Ганзориг намайг мөргөсний дараа амнаас цус гоожоод үүдэн дээд хоёр шүд хугараад дотогш ороод хэлэнд мэдрэгдсэн...” гэсэн мэдүүлгээр, хохирогчийн мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч Т.Азжаргалын “...2019 оны 08 сарын 09-ний орой 21 цагийн үед Цэцэн уул сумын фондны хашааны урд Анхбаяр, Батцагаан, Ганзориг, Чүлтэм бид нар байсан юм. Ломбохүү ирж байна гээд Анхаатай утсаар яриад олохгүй байна гэхээр би урдаас нь тосоод Ломбохүү бид хоёр нөгөө хүмүүс дээр ирсэн юм. Тэгтэл Ганзориг Ломбохүүд хандан чи нөгөө сумын 60 жилийн ойгоор морины комисст ажиллаад байсан залуу мөн үү? гэж асуухад Ломбохүү мөн байна гэсэн чинь чи яахаараа эрлийз морь явуулдагийн гэж хэлээд гарандаа чулуу атгаад мөр лүү нь зөөлөн цохиод чулуугаа хаячихаад шууд заамдаж аваад урдаас нь мөргөсөн. Тэгээд Ломбохүү доошоо тонгойгоод миний шүд уначихлаа гээд амнаас нь цус гараад тэгтэл Анхбаяр Ломбохүүг мотоциклын араар суулгаж булаг руу яваад, Чүлтэм Ганзоригийг аваад сумын төв рүү явсан, би тэгээд гэрлүүгээ явсан” гэсэн мэдүүлэг, гэрч Г.Анхбаярын “...Тэгээд би Ломбохүүтэй уулзаад байж байсан чинь Ганзориг, Ломбохүү хоёр урьд нь болоод өнгөрсөн сумын баяр наадмын үеийн хурдан морьдын уралдааны асуудлаас болж хоорондоо маргалдаж эхэлсэн байх гэж бодож байна. Тэгээд би хажууд байсан Азжаргал, Батцагаан хоёртой юм яриад байж байхад Ломбохүү Ганзоригт цохиулчихлаа гэж байсан, яг цохиж байхыг нь би хараагүй. Тэгээд тэр хоёрыг салгаад Ломбохүүг харсан чинь урд хоёр шүд нь суларчихсан байсан” гэсэн мэдүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд Э. Ганзоригийн хэргээ хүлээн мэдүүлсэн “...сумын төвийн урд тэжээлийн фондны урд Анхбаяр, Чүлтэм, Азаа, Батцагаан бид хэд юм яриад байж байсан чинь Анхбаяр утсаар нэг хүн дуудсан. Тэр хүнийг нь очиж авч ирэх гээд Азаа мотоцильтойгоо яваад тэр хүнийг нь аваад ирсэн. Би харсан чинь нутгийн ойгоор морины комисст ажиллаж байсан залуу харагдсан. Морины комисст ажиллаж байхдаа шударга бус ажиллаад байгаа юм шиг санагдаад дургүй хүрсэн байсан учир хажууд хүрээд ирэхээр нь шүд рүү нь мөргөчихсөн...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгч Э.Ганзоригийн үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн №000000166 дугаартай “...иргэн Н.Ломбохүүгийн биед дээд баруун 1-р шүд, зүүн 1-р шүднүүдийн хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь 1 удаагийн хатуу зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Дээрх гэмтэл нь шинжлүүлэгчийн хэлж байгаа буюу 2019.08.10-нд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 51.2-т заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд 10%-р нөлөөлнө...” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрчээс мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч хохирогчийн мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Шүүгдэгч Э.Ганзориг нь хохирогчийн нүүрэнд мөргөсөн үйлдэлдээ шууд санаатай хандсан байна. Э.Ганзориг нь шууд санаатай үйлдлээрээ хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл зориуд учруулжээ. Шүүгдэгч Э.Ганзориг иргэн Н.Ломбохүүгийн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх” ийг зөрчиж түүнийг мөргөсөн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд Э.Ганзоригийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Шүүгдэгч хохирогчид эмчилгээний зардлыг нөхөн төлсөн нь хохирогчийн хүсэлтээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх ямар нэгэн хохирол төлбөр байхгүй гэж үзлээ. Шүүгдэгч Э.Ганзоригийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй учир түүний эд хөрөнгийг битүүмжилсэн прокурорын тогтоолын хүчингүй болгох нь зүйтэй гэж үзээд.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 38.6 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Намсрай заан овогт Эрдэнэбаатарын Ганзоригийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Э.Ганзоригийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 455 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 455000 / дөрвөн зуун тавин таван мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ганзоригт оногдуулсан 455 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 455000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч Э.Ганзориг нь 455 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 455000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй /15000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.
5.Шүүгдэгч Э.Ганзоригт өмнө авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгчийн өмчлөлийн Huiwai маркийн гар утсыг битүүмжилсэн прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 5/58 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
7. Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай. 8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно. 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцлэл бичих эрхтэй болохыг тус тус дурьсугай.
ДАРГАЛАГЧ З.НАНДИНЦЭЦЭГ