| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 170/2019/0105/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/107 |
| Огноо | 2019-11-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Шинэбал |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 2019/ШЦТ/107
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Эрэнмаш овогт Намжилцэрэнгийн Дэлгэрмаа дарга лж, Нарийн бичгийн дарга Алаг адуун овогт Батцэнгэлийн Долгорсүрэн Улсын яллагч Боржигон овогт Данзансамбуугийн Шинэбал Шүүгдэгч Тайж овогт Түмэнзаяагийн Баасандорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Баасандоржид холбогдох 1923000000105 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 02 дугаар сарын 11-ний өдөр завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 23 настай дээд боловсролтой, уламжлалт анагаах ухааны сувилагч мэргэжилтэй, ам бүл-4 аав ээж дүүгийн хамт Завхан аймгийн Улиастай сумын Товцог баг Найрамдлын хэсэг 1-8 тоотод оршин суух хаягтай, Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн 1-р шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 37 дугаар шийтгэх тогтоолоор 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай Тайж овогт Түмэнзаяагийн Баасандорж РД:/ИЭ96021018/
Шүүгдэгч Т.Баасандорж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Т.Баасандорж нь 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 22 цагийн орчим Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн нутаг Цэнгэлдэхийн арын хэсэгт оршин суух Б.Сайнтөрийн гэрт түүнийг хардаж хэрүүл маргаан үүсгэж зодсон хэргийн үйл баримт нь энэ талаар мэдүүлсэн хохирогч Б.Сайнтөрийн “...22 цаг өнгөрч унтах гэж байхад хэрүүл маргаан болоод ... миний шанаа руу 2 удаа алгадаад хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. Бид 2-оос өөр хүн байгаагүй...” гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч Т.Баасандоржийн өөрийн үйлдсэн хэргээ мэдүүлсэн “ ...манай найз охин Сайнтөр бид 2 тэдний гэрт хонох гээд орондоо Сайнтөрийн гар утсыг нь үзээд байж байтал утсан дээр нь өөр хүнтэй машинтай явж байгаа зургаа тавиад надаас салсан гээд найз руугаа чат бичээд явуулсан байсан. Би тэр чатыг ямар учиртай юм бэ гэсэн чинь чи бид 2-ыг хүн болгон мэддэг харин чи мэддэггүй юм уу гэхээр нь би уур хүрээд цохисон ...” гэсэн мэдүүлгээр болон гэрч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Шүүгдэгч Т.Баасандорж үйлдлийн улмаас хохирогч Б.Сайнтөрийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан болох нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 000000196 дугаартай “Сайнтөрийн биед тархи доргилт, зүүн хацар хамарт хавдар, баруун зүүн нүдний дээд доод цус хуралт хавдар, духны дунд хэсэгт хавдар зүүн буглаганы гадна хэсэгт цус хуралт зүүн гуяны гадна хэсэгт цус хуралт” гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ. Хохирогч болон гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд тэдний мэдүүлэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд шүүгдэгчийн үйлдэл, хэргийн нөхцөл байдал, үйл баримтыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо. Шүүгдэгч Т.Баасандорж дээрх мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг нь хэрэгт авагдсан гэрч,хохирогчийн мэдүүлгээр давхар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар үнэллээ. Шүүгдэгч Т.Баасандорж нь Б.Сайнтөрийн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт заасан “хүний халдашгүй дархан байх эрх”,хүний халдашгүй чөлөөтэй байх, эрүүл мэндийн халдашгүй байдлыг зөрчиж, түүнийг зодсон үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн учруулсан үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргийн шинжтэй. Иймд шүүгдэгч Т.Баасандоржийг Монгол Улсын Эрүүгийн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй. Шүүгдэгч Т.Баасандорж нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаангүй байна. Хохирогч Б.Сайнтөр нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд “шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн тул шүүгдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэхгүйгээр улсын яллагчийн саналын хүрээнд түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1.2,1.5,1.6,1.7,1.8-д заасан, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Тайж овогт Түмэнзаяагийн Баасандоржийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Баасандоржид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Баасандоржид оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 /гурав/сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Баасандоржид оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000/ дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж /15000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай.
5.Шүүгдэгч Т.Баасандоржид 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Шүүгдэгч Т.Баасандорж нь хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 30000 төгрөг төлсөн,хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
7.Шүүгдэгч Т.Баасандорж нь тогтоол гарахын өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний эд хөрөнгөөс битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.
9.Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.ДЭЛГЭРМАА