Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 221/Ма2016/0026

 

Хб ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Дэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнх-Эрдэнэ, Б.Мөнгөнзул, Б.Туул, М.Мөнхгэрэл, хариуцагч НДЕГУБ Д.Э, хариуцагч НДЕГ-нулсын байцаагч Б.Оын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Л, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 716 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Хб ХХК-ийн нэхэмжлэлтэй, НДЕГУБ Д.Э, Б.О нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хб ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: НДЕГ-нУлсын ахлах байцаагч Д.Э, Б.О нь НДЕГ-ндаргын баталсан удирдамжийн дагуу Нийгмийн даатгалын тухай хуулийн хэрэгжилтийг Хб ХХК-ийн 2013, 2014 оны санхүүгийн тайлан болон холбогдох баримтад үндэслэн шалгаж 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр "Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, алданги тооцох тухай" 37 дугаартай Улсын байцаагчийн акт тавьж нийт 88,477,354 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, хугацаа хэтэрсэн хоногт 44,238,677 төгрөгийн алданги ногдуулсан. Хб ХХК-ийн зүгээс захиргааны актыг эс зөвшөөрч 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр НДЕГт гомдол гаргаж, гомдлын хариуг 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр гардан авч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-т заасан үндэслэлийн дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Улсын байцаагчийн актад "Хб ХХК нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.2-д "Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээгээр тохирсон хөлсөнд нийгмийн даатгалын шимтгэл ногдуулна", мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх заалтыг тус тус зөрчиж 2013 онд 36, 2014 онд 25 хүнд тус тус олгосон 598 019 785 төгрөгийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож төлөөгүй зөрчил илрэв" гээд гэрээт ажилтнуудад олгосон 598 019 785 төгрөгийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос 88 477 354 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, хугацаа хэтэрсэн хоногт 44 238 677 төгрөгийн алданги..." ногдуулахаар акт тавьжээ. Улсын байцаагчийн актаас нэр бүхий 14 иргэнд холбогдох 65,219,057.59 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх шаардлага, түүнд ногдох 32,609,528.79 төгрөгийн алданги буюу нийт 97,282,586.38 төгрөгийн үнийн дүнд холбогдох хэсгийг эс зөвшөөрч, Улсын байцаагч нарыг Нийгмийн даатгалын тухай хуулийн зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, тухайн иргэдтэй байгуулсан гэрээний агуулгыг буруу ойлгож тайлбарлан акт тавьж, хариуцлага ногдуулсан нь манай эрх, хууль ёсны эрх ашгийг зөрчсөн гэж үзэж байна. Хб нь улсын байцаагчийн актаас нэр бүхий 36 хүнд холбогдох 23,581,297.13 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх, түүнд ногдох 11,629,148.57 төгрөгийн алданги буюу нийт 34,887,445.7 төгрөг төлүүлэх шаардлагыг үүгээр хүлээн зөвшөөрч төлсөн болно.

Хуулийн этгээд иргэнтэй байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний дагуу олгосон хөлс нь нийгмийн даатгалын шимтгэл, албан журмаар даатгах хэлбэрт хамаарахгүй тухайд,

Хб нь шалгалт хамрах хугацаанд арилжааны банкны үндсэн үйл ажиллагааны хүрээнд Олон улсын санхүүгийн корпорац, бусад төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудтай хамтран ажиллаж, түүний хүрээнд техникийн туслалцаа авч, гадаад улсын иргэдээс зөвлөх үйлчилгээний гэрээний дагуу зөвлөгөө, мэдээлэл, сургалт авч байсан билээ. Үүнээс гадна банкны үндсэн системийн хувилбарыг ахиулан шинэчлэх, байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг оновчтой, хурдан шуурхай болгон шинэчлэх зэрэг ажлын хүрээнд мэргэшсэн зөвлөхүүдээс үйлчилгээ авч байсан нь Нийгмийн даатгалын тухай хуульд заасан албан журмаар даатгуулах төрөл хэлбэрт огт хамаарахгүй байна гэж үзэж байна. Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.2 дахь заалтад "Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээгээр тохирсон хөлс"-нд нийгмийн даатгалын шимтгэл ногдуулна гэж заасан боловч уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх заалтад Нийгмийн даатгалын хэлбэр, хамрах хүрээг тодорхой зааж өгсөн. Нийгмийн даатгал, татварын харилцаанд тухайн хариуцлага хүлээж байгаа субъект нь хуульд заасан татвар төлөгч, Ажил олгогчийн шинжийг агуулж байгаа эсэх, тухайн тохиолдол нь хуульд заасан шимтгэл, татвар зэргийг төлөх үндэслэлтэй байсан эсэхийг тодорхойлсны дараа үүрэгтэй байсан гэж үзэж хариуцлага ногдуулах зарчим үйлчлэх ёстой. Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх заалтад зөвхөн "Хуулийн этгээд иргэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж байгаа бол эсхүл Иргэнтэй байгуулсан Ажил гүйцэтгэх, Хөлсөөр ажиллах гэрээгээр иргэн ажиллаж байгаа бол Нийгмийн даатгалд албан журмаар даатгуулна гэдгийг тодорхой зааж өгсөн. Өөрөөр хэлбэл, Нийгмийн даатгалын тухай хуулиар тогтоосон хамрах хүрээгээр Иргэнтэй байгуулсан Ажил гүйцэтгэх, Хөлсөөр ажиллах гэрээний дагуу ажиллаж буй Иргэнд шилжүүлж байгаа хөлсөнд нийгмийн даатгалын шимтгэл ногдуулахаас Хуулийн этгээд Ажил гүйцэтгэх, Хөлсөөр ажиллах гэрээний дагуу иргэнд шилжүүлж буй хөлсөнд нийгмийн даатгалын шимтгэлийг албан журмаар ногдуулахаар заагаагүй байна. Гэтэл нийгмийн даатгалын байцаагч Хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан дээрх тохиолдолд нийгмийн даатгалын шимтгэлийг заавал тооцон төлөх ёстой мэтээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэж акт тавьсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хб нь улсын байцаагчийн дээрх агуулга бүхий акттай холбоотой захиргааны хэрэг маргааныг хэд хэдэн удаа шийдвэрлүүлж байсан ба Улсын дээд шүүхийн 2006 оны Шүүхийн шийдвэрийн тухай 21 дүгээр тогтоолд "Иргэний болон захиргааны хэргийн талаар гаргасан хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг иргэний болон захиргааны өөр хэргийг шийдвэрлэхэд нотлогдсон гэж тооцно..." гэж тайлбарласан байдаг. Өөрөөр хэлбэл Хбны хувьд Хөлсөөр ажиллах гэрээний дагуу ажиллуулсан иргэдэд олгосон хөлснөөс нийгмийн даатгалын суутгал тооцон төлөх хууль зүйн үндэслэлгүй гэдэг нь Шүүхийн практикийн хувьд тогтсон буюу нэгэнт нотлогдсон үйл баримт юм. Захиргааны хэргийн анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхээс Хбны нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Улсын байцаагчийн актыг бүхэлд нь хүчингүй болгон шийдвэрлэсэн Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2009 оны 25 дугаартай Шийдвэр, Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүхийн 2009 оны 434 дугаартай Магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 35 дугаартай Тогтоол зэргээр хүчин төгөлдөр болсон болно. Мөн улсын байцаагчийн актад Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх заалтыг зөрчсөн гэжээ. Тус хуулийн 17.1-д "Ажил олгогч болон :энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагч нь шимтгэл төлөх талаар дор дурдсан үүрэг хүлээнэ" гээд 17.1.1 -т "хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх" гэж заасан байдаг. Харин Хөдөлмөрийн тухай Монгол Улсын хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т "ажил олгогч" гэж хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулж байгаа этгээдийг гэж тодорхойлсон байдаг. Өөрөөр хэлбэл Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх заалтын зохицуулалт нь хөдөлмөрийн гэрээний дагуу ажилтан авч ажиллуулж байгаа этгээдэд хамааралтай заалт буюу ажил олгогчийн хувьд тухайн харилцаанд оролцож байгаа этгээдийн хүлээх үүрэгтэй холбоотой зохицуулалт юм. Харин дээр дурдсан гэрээнүүдийн хувьд Хб нь Иргэний хуулийн 359-368 дугаар зүйлд тодорхойлсон "Ажиллуулагч"-ийн хувьд эрх зүйн харилцаанд оролцсон байх тул Нийгмийн даатгалын тухай хуулийн тус заалтыг үндэслэн хариуцлага ногдуулах нь хууль зүйн үндэслэлгүй юм. Хүлээн зөвшөөрөхгүй байгаа нэр бүхий 14 иргэний хувьд дараах байдлаар тухайн этгээдийн үзүүлсэн ажил, үйлчилгээг Банкинд зайлшгүй байх шаардлагатай байнгын ажлын байр биш, тухайн үзүүлсэн үйлчилгээ, гүйцэтгэсэн үүрэг нь Хбны өдөр тутмын үндсэн үйл ажиллагаатай салшгүй холбоотой бус зөвхөн холбогдох төсөл хөтөлбөрийн хүрээнд эсхүл ачаалал хуваалцах зорилгоор нэг удаа авч ажиллуулсан, Арилжааны банкны өдөр тутмын үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай байх шинжийг хангахгүй байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд бидний гаргаж буй нэхэмжлэлийн хүрээнд Нийгмийн даатгалын ерөнхий газраас хийсэн хяналт шалгалтын хүрээнд улсын ахлах байцаагч Д.Э болон улсын байцаагч Б.О нарын 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, алданги тооцох тухай" 37 дугаартай улсын байцаагчийн актын нэр бүхий 14 иргэнд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч НДЕГ-нулсын ахлах байцаагч Д.Э, Б.О нар шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мяндасмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хб ХХК-ийн хувьд Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус, шашны болон бусад байгууллага, иргэнтэй хөдөлмөрийн гэрээгээр, эсхүл Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд зааснаар иргэнтэй байгуулсан гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн гэсэн заалт нь ажил олгогч иргэнтэй биш иргэн иргэнтэй байгуулсан гэрээнд хамаарч үйлчилнэ гэж тайлбарласан байдаг. Хуулийн дээрх заалт нь Монгол улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн нь Иргэний хуулийн 343, 359 дэх заалтуудад заасан гэрээгээр ажилласан бол нийгмийн даатгалд хамрагдахаар зохицуулагдсан болохоос уг гэрээнд зөвхөн иргэд хооронд хийсэн гэрээ хамаарна, аж ахуйн нэгж байгууллага хамаарахгүй гэж зохицуулагдаагүй. Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.2-д Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээгээр тохирсон хөлс гэж нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогыг тодорхой зохицуулсан байдаг. Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасан Ажил олгогч нь даатгуулагчийн төлбөр зохих нийгмийн даатгалын шимтгэлийг түүнд хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого олгох бүртээ энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ гэж, уг хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх гэдэг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д ажил олгогч" гэж хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулж байгаа этгээдийг гэж заасантай нийцээгүй, ажил олгогчийн хүлээх үүрэгтэй холбоотой заалт гэж тайлбарлаж байна. Ажил олгогч Хб ХХК нь зөвхөн хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулах үүрэгтэй бол танай байгууллагаас нэр бүхий иргэдтэй Иргэний хуулийн дагуу хийсэн гэрээ нь хууль бус хүчингүй гэрээ болох үндэслэлтэй байна. Хб ХХК ажил олгогчийн хувьд биш ажиллуулагчийн хувьд эрх зүйн харилцаанд орсон. Үүнд Нийгмийн даатгалын тухай хууль үйлчлэхгүй гэсэн агуулгатай тайлбарыг хийжээ. Иргэний хуулийн 359, 368 дугаар зүйл нь хөлсөөр ажиллуулах тухай зохицуулалт юм. Үүнд ажиллуулагч, ажиллагчийн үүргийг тодорхойлсон агуулгаас авч үзвэл Хб ХХК нь ажиллуулагч буюу ажил олгогч байна. Иргэн Б.Буянбаттай хөлсөөр ажиллах гэрээний талаарх тайлбар, холбогдох гэрээнүүдийг судлан үзэхэд гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-д зөвхөн холбогдох татвар буюу нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцан төлнө. 2.12д гүйцэтгэгч нь ажлын хөлснөөсөө нийгмийн даатгалын шимтгэлийг өөрөө хариуцан холбогдох байгууллагад шилжүүлнэ гэж заасан нь хуулиас давсан хууль зөрчсөн үйлдэл болж байна. Нийгмийн даатгал нь даатгуулагч болон төр аж ахуйн нэгж байгууллагаас зохих журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалын сан бүрдүүлэх, даатгуулагч өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа алдах, өвчлөх, ажилгүй болоход өөрт нь тэрчлэн даатгуулагч нас барахад түүний асрамжид байсан хүмүүст заасан тэтгэвэр тэтгэмж өгөх агуулга бүхий харилцаа юм. Энэ утгаараа байнгын ажлын байранд ажиллаж байгаа даатгуулагч нийгмийн даатгалд хамрагдана, байнгын ажлын байргүй тухайлбал хөлсөөр, түр хугацаагаар, цагаар, улирлаар ажиллах тохиолдолд тухайн даатгуулагч нийгмийн даатгалд хамаарагдахгүй гэсэн заалт Нийгмийн даатгалын тухай хуулиар зохицуулагдаагүй болно. Иймээс актыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэж байна. гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 716 дугаар шийдвэрээр Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, 32 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан НДЕГ-нулсын ахлах байцаагч Д.Э, Б.О нарын 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, алданги тооцох тухай 37 дугаар улсын байцаагчийн актын нэр бүхий 14 иргэнд холбогдох нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлбөр 65.214.057.5 мянган төгрөг, алданги 32.609.528.7 мянган төгрөг бүгд 97.609.528.3 мянган төгрөгийн акт тавьсан хэсгийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Нийгмийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт Нийгмийн даатгал нь иргэн /цаашид "даатгуулагч" гэх/ болон төр, аж ахуйн нэгж, байгууллагаас зохих журмын дагуу шимтгэл төлж, нийгмийн даатгалын сан бүрдүүлэх, даатгуулагч өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа алдах, өвчлөх, ажилгүй болоход өөрт нь, тэрчлэн даатгуулагч нас барахад түүний асрамжид байсан хүмүүст хууль тогтоомжид заасан тэтгэвэр, тэтгэмж, төлбөр өгөх агуулга бүхий нийгэм, эдийн засгийн арга хэмжээ мөн гэж хуульчилсан заалтыг зөрчин Хбны Ажил гүйцэтгэх гэрээ-гээр ажиллаж байгаа нэр бүхий 14 иргэнд эрсдэл бий болоход авах тэтгэвэр, тэтгэмж авах эрхийг хязгаарласан үйлдлийг зөв гэж шүүхээс шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Хбинд хөлсөөр болон ажил гүйцэтгэх гэрээгээ ажилласан нэр бүхий 14 иргэн гэрээнд заасан тодорхой ажил үүргийг тогтоосон хугацаанд хэрэгжүүлэн ажиллаж, байнгын бус түр зуурын шинжтэй орлого олж байсан болох нь банкны байгууллага тухайн иргэнтэй байгуулсан хөлсөөр ажиллах болон ажил гүйцэтгэх гэрээгээр нотлогдсон гэжээ. Энэ нв Хб ажил гүйцэтгэх гэрээгээр 14 иргэнийг ажиллуулсан гэдгийг нотолсон боловч байнгын бус, түр зуурын шинжтэй орлого олж байсан гэж Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-ийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д албан журмаар даатгуулах тухай зохицуулалтанд 4 дүгээр зүйлийн 4.2.1-д Өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус, шашны болон бусад байгууллага, иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн албан журмаар даатгуулахаар хуульчилсан байна. Гэтэл энэхүү зохицуулалт нь 2 иргэний хооронд байгуулсан гэрээтэй холбоотой бөгөөд Хб ХХК хуулийн этгээдийн хувьд нэр бүхий 14 иргэнтэй байгуулсан хөлсөөр ажиллах болон ажил гүйцэтгэх гэрээний шимтгэл төлөх харилцаанд хамааралгүй гэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй гэж шийдвэрийн үндэслэх хэсэгт зөв дүгнэсэн боловч хуулийн энэхүү зохицуулалтыг буруу тайлбарласан. Иргэний хуулийн 343, 349 дүгээр зүйлд заасан Хөлсөөр ажиллах болон ажил гүйцэтгэх гэрээний хугацааны асуудлыг хуульд заагаагүй бөгөөд энэ нь нэг удаагийн болон үргэлжилсэн үйлдлээр илэрч болох бүх төрлийн ямар ч ажил үйлчилгээ байж болно. Гэтэл байнгын шинжтэй орлого олж буй нөхцөлд нийгмийн даатгалын шимтгэл ногдуулахаар байна гэж тайлбарласан нь эрх зүйн үндэслэлгүй байна. Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.2-т Иргэний хуулийн  343, 359 дүгээр зүйлд заасан гэрээгээр тохирсон хөлс-нд нийгмийн даатгалын шимтгэл төлөхийг тодорхой хуульчилсан байхад хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлого гэж үзэн тайлбарласан нь Нийгмийн даатгалын тухай хуулийг буруу хэрэглэснийг илэрхийлж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно гэж хуульчилсан нь ажил олгогч байнгын бус түр зуурын ажлын байранд Иргэний хуулийн ажил гүйцэтгэх болон хөлсөөр ажиллах гэрээгээр хөдөлмөрийн харилцааг зохицуулах боломжтойг харуулж байна. Хб нэр бүхий 14 иргэний нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй иргэдийг хохироосон үйлдлийг зөв гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан шийдвэр нь Үндсэн хуулийн 2 дугаар бүлгийн 16 дугаар зүйлийн 16.5-д өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй гэж хуульчилсаныг зөрчсөн байна. Хбтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажилласан нэр бүхий 14 иргэний тэтгэвэр, тэтгэмж авах эрхийг нь хязгаарласан үйлдлийг шүүхийн шийдвэрээр зөв гэж үзсэн нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалд даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй гэсэн зохицуулалтыг зөрчин эрхийг нь хязгаарласан байна. Иймд Хб ХХК-ийн нэхэмжлэлтэй, НДЕГ-нулсын ахлах байцаагч Д.Э, Б.О нарт холбогдох захиргааны хэргийг шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 716 тоот шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлж, маргааны нөхцөл байдлыг бүрэн тодруулаагүйн улмаас хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаав.

НДЕГ-нулсын ахлах байцаагч нарын 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, алданги тооцох тухай 37 дугаар улсын байцаагчийн актаар...Хб нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.2, 17 дугаар зүйлийн 17.1.1-д заасныг зөрчиж 2013 онд 36, 2014 онд 25 хүнд тус тус олгосон 598.019.785 төгрөгийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй зөрчил илрэв,...гэрээт ажилтнуудад олгосон 598.019.785 төгрөгийн хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоос 88.477.354 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, хугацаа хэтэрсэн хоногт 44.238.677 төгрөгийн алданги бүгд 132.716.031 төгрөгийг төлүүлэх гэж тогтоожээ.

Нэхэмжлэгч Хб ХХК-иас Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.2-т Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээгээр тохирсон хөлс-нд нийгмийн даатгалын шимтгэл ногдуулахаар заасан боловч тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д нийгмийн даатгалын хэлбэр, хамрах хүрээ-г иргэнтэй байгуулсан Ажил гүйцэтгэх, Хөлсөөр ажиллах гэрээний дагуу ажиллаж буй иргэнд шилжүүлж байгаа хөлсөнд нийгмийн даатгалын шимтгэл ногдуулахаар заасан. Хуулийн этгээд Ажил гүйцэтгэх, Хөлсөөр ажиллах гэрээний дагуу иргэнд шилжүүлж буй хөлсөнд нийгмийн даатгалын шимтгэлийг албан журмаар ногдуулахаар заагаагүй... гэх үндэслэлээр актаар тогтоосон төлбөрөөс 14 иргэнд холбогдох 65.219.057.59 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, түүнд холбогдох 32.609.528.79 төгрөгийн алданги, нийт 97.828.586.38 төгрөгийн үнийн дүнд холбогдох хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

Нийгмийн даатгал нь албан журмаар даатгуулах, сайн дураар даатгуулах гэсэн хэлбэртэй бөгөөд ажил олгогч аж ахуйн нэгж нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөр Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заажээ.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1/-т өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага төрийн бус байгууллага, шашны болон бусад байгууллага иргэнтэй хөдөлмөрийн болон хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж буй ажилтан албан журмаар даатгуулахаар, 16 дугаар зүйлийн 16.1-д Ажил олгогч нь даатгуулагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг түүнд хөдөлмөрийн хөлс, түүнтэй  адилтгах орлого олгох бүртээ энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ, 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1/-д Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ гэж тус тус заасан байна.

Түүнчлэн Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээгээр тохирсон хөлсөнд нийгмийн даатгалын шимтгэл ногдуулахаар зааж журамлажээ.

Нийгмийн даатгалын улсын байцаагч нарын 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, алданги тооцох тухай 37 дугаар актаар ...Хб нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.2-д Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээгээр тохирсон хөлсөнд нийгмийн даатгалын шимтгэл ногдуулна, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-дэх заалтыг зөрчиж 2013 онд 36, 2014 онд 25 хүнд тус тус олгосон 598.019.785 төгрөгийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож төлөөгүй зөрчил илрэв... гэжээ.

Харин нэхэмжлэгчээс ...нэр бүхий 36 иргэнд холбогдох 23.581.297.13 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх, түүнд ногдох 11.629.148.57 төгрөгийн алданги буюу нийт 34.887.445 төгрөг төлүүлэх шаардлагыг хүлээн зөвшөөрч төлсөн болно...[1] гэж нэхэмжлэгч тайлбартаа дурдсан байх боловч энэ тайлбар нь бодитой эсэх, түүнчлэн актын хавсралтаас энэхүү зөвшөөрч төлсөн гэх 36 иргэнд холбогдох хэсэг болон зөвшөөрөхгүй байгаа 14 иргэнд холбогдох нийгмийн даатгалын шимтгэл, алдангийг хэрхэн ялгаж тодорхойлсон нь тодорхойгүй байхад эдгээрийг тодруулаагүйн дээр актаар тогтоосон нийт үнийн дүнгээс үлдэх 97.828.587 төгрөгийг эс зөвшөөрч маргасан байхад тодорхой тайлбар, дүгнэлтгүйгээр шүүхийн шийдвэрийн Тогтоох нь хэсэгт маргаж буй үнийн дүнг 97.609.528.3 мянган төгрөгийн акт тавьсан хэсгийг гэж зөрүүтэй бичсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага-д нийцсэн гэж үзэх боломжгүй байна.

Хавтаст хэрэгт НДЕГ-нмаргаан бүхий 37 дугаар актын хавсралт[2] /шалгалтаар илэрсэн нийт зөрчлийн жагсаалт/, Хбнаас гадаад улсын болон Монгол улсын иргэдтэй 3 сар, 1 жил гэх мэт харилцан адилгүй хугацаагаар байгуулсан Хөлсөөр ажиллах гэрээ, Ажил гүйцэтгэх гэрээ, Зуучлалын гэрээ зэрэг гэрээнүүд авагджээ.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ дээр дурдсанчлан нэхэмжлэгчийн 36 иргэнд холбогдох нийгмийн даатгалын шимтгэл, алдангийг төлсөн гэх тайлбар бодитой эсэх, өөрөөр хэлбэл эдгээр иргэдийн нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөгдөж, нийгмийн дэвтэрт бичигдэж баталгаажсан эсэх, энэ талаар маргаантай эсэх, мөн актын хавсралтаас нэхэмжлэгчийн зөвшөөрч төлсөн гэх 36 иргэн болон эс зөвшөөрч маргаж буй 14 иргэнд холбогдох хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлого, түүнээс тооцож төлөгдах нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээ, алданги хэд болох нь тодорхойгүй байхад эдгээрийг тус тус ялгаж тодруулах, шаардлагатай бол шинжээч томилж дүгнэлт гаргуулах зэрэг хуулиар тогтоосон хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг бүрэн дүүрэн хэрэгжүүлээгүй нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 31 дүгээр зүйлийн 31.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3, 116 дугаар зүйлийн 116.2-т заасантай нийцэхгүй байна.

Түүнчлэн шүүх дээр дурдсан хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтууд, нөхцөл байдлыг тодруулахын дээр нэр бүхий иргэдтэй Ажил гүйцэтгэх болон Хөлсөөр ажиллах, Зуучлалын зэрэг гэрээ байгуулж ажиллуулсан боловч хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүйг зөрчил гэж үзэх эсэх талаар маргаж буй энэ тохиолдолд эс зөвшөөрч маргаж буй гэрээ тус бүрээр гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээ нь нэхэмжлэгч байгууллагын үндсэн үйл ажиллагаанд хамаарах эсэх, ажлын хөлс төлөгдсөн байдал, түүнчлэн нийгмийн даатгалын улсын байцаагч нар шалгалтын удирдамжид заасан хяналт шалгалтын ажлын дүнг тайланд дэлгэрэнгүй тусгаж, акт, төлбөр, зөрчлийн жагсаалтыг гаргаж, газрын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр заасныг биелүүлсэн эсэх зэргийг тодруулан шалгаж хэргийг нэг мөр эцэслэн шийдвэрлэх шаардлагатай гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Давж заалдах шатны шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэгч, хариуцагчийн маргаж буй үндэслэл, давж заалдах гомдол, тайлбарт дүгнэлт өгч хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 716 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдтэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ

 

 

 

 

 


[1] Хавтаст хэргийн 2 дугаар тал

[2] Хэргийн 141-153 дугаар тал