Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 01

 

О.Дэлгэрмаагийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг, Л.Атарцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч О.Дэлгэрмаа, түүний өмгөөлөгч З.Нандинцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Номин-Эрдэнэ нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 576 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2016/0689 дүгээр магадлалтай, О.Дэлгэрмаагийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 576 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.1.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч О.Дэлгэрмаагийн гаргасан “...Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн А/429 дүгээр захирамжийн өөрт холбогдох хэсгийг, газрын 000519669 дүгээр гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2016/0689 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 576 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 31 дүгээр зүйлийн 31.1, 32 дугаар зүйлийн 32.1, 32.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан О.Дэлгэрмаагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/429 дүгээр захирамжийн нэхэмжлэгч О.Дэлгэрмаад холбогдох хэсэг, газар эзэмших эрхийн 000519669 тоот гэрчилгээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Номин-Эрдэнэ хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль буруу хэрэглэсэн, үндэслэлгүй гарсан байх ба шүүх хэрэгт хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэж чадаагүй байна. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-д бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн бол эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг хүчингүй болгоно гэж заасан байхад давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн хүссэн байршилдаа, хүссэн хэмжээгээр газар эзэмших, хүсэлтээ гарган шийдвэрлүүлэх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх нэхэмжлэлийн шаардлага бодитой хэмээн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй юм.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4-д “Эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд эрх олгосон, эсхүл ашигтай нөхцөл байдлыг бий болгосон захиргааны актыг ойлгоно” гэж заасан тул маргаан бүхий акт болох дүүргийн Засаг даргын 2014 оны А/429 дүгээр захирамж нь эерэг үйлчлэл бүхий захиргааны акт юм. Гэтэл давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийг хангахдаа нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж хүчингүй болгосон байх тул Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлд заасныг зөрчсөн байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан шиг хүссэн газраа, хүссэн хэмжээгээрээ газар эзэмших эрхийг захиргааны байгууллага зөрчсөн асуудал байхгүй ба нэхэмжлэгч газар эзэмших хүсэлтээ гаргавал түүнийг зохицуулах журам бий. Харин газар худалдаж аваад түүний үнэ нь хүрэхгүй гэсэн шалтгаанаар захиргааны байгууллага руу энэ бурууг үүрүүлж, эрхийг хүчингүй болгож буй нь цаашид хууль хэрэглээний гажуудал, хууль бус үйл явдлыг өөгшүүлэх үр дагавартай.

Мөн нэхэмжлэгч шүүхэд үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй байтал анхан шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөр, өөрөөр мэдүүлсэн байгаа нь тус үүргээ хэрэгжүүлээгүйг нотолж байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл муутай байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй нь  захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэх гол нөхцөл болохыг энэ хуулийн 36 дугаар зүйлд тодорхой заажээ.

Мөн иргэн, хуулийн этгээдээс захиргааны актыг хууль бус гэж үзэж, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг тухайн актыг хүлээн авсан эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор байхаар дээрх хуулийн 6, 12 дугаар зүйлээр тогтоосон, хуульд заасан энэ хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үр дагавар үүсгэхийг энэ хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.8-д зааснаар зохицуулсан байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч О.Дэлгэрмаа нь “...өөрөө мэдээгүй байхад, хүсэлт болгоогүй газарт газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан...” хэмээн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/429 дүгээр захирамжийн өөрт хамаарах хэсгийг болон, 000519669 дүгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр анхан шатны шүүхэд гаргаж, шүүх мөн оны 05 дугаар сарын 13-ны өдөр 3998 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэжээ.

Нэхэмжлэгчийн зүгээс өөрийнх нь эрхийг зөрчсөн гэх захиргааны байгууллагын шийдвэрийн талаар 2014 оны 08 сард мэдсэн болох нь түүний нэхэмжлэл болон 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн иргэний хэргийн шүүхийн 8515 дугаар шийдвэр, 2016 оны 01 дүгээр сарын 26, 03 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн өмч, газрын харилцааны алба, Нийслэлийн Засаг даргад хандаж гаргасан өргөдөл зэрэгт “...Э.Энхцэрэн надад 2014 оны 08 дугаар сарын 05-ны өдөр ...миний нэр дээр бүртгэлтэй газар эзэмших эрхийн гэрчилгээ авчирч өгсөн...” гэх тайлбараар тогтоогдсон, үүнийг нэхэмжлэгч үгүйсгээгүй болно.

Нэхэмжлэгчийн иргэд хооронд байгуулсан гэрээний үүргийн биелэлттэй холбон,  “... Э.Энхцэрэнд  газрыг өөр газраар солих, эсхүл мөнгөө буцааж авах ...гэсэн шаардлага тавьж жил гаран хүлээсэн” гэх тайлбар нь түүний зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах асуудалтай хамааралгүй юм.

Нэхэмжлэгч нь зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар дээр дурдсан хуульд заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн нь тогтоогдож байгааг  шүүхүүд анхаараагүй, энэ талаар дүгнэлт хийгээгүй, анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу байна.   

Иймээс шүүхүүд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байх тул хяналтын шатны шүүхээс хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлд дүгнэлт хийх шаардлагагүй, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зөв гэж  дүгнэв. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 576 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2016/0689 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгон, О.Дэлгэрмаагийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/429 дүгээр захирамжийн холбогдох хэсэг болон 000519669 дүгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      М.БАТСУУРЬ

   ШҮҮГЧ                                                                               Л.АТАРЦЭЦЭГ