| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 170/2019/0107/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/108 |
| Огноо | 2019-11-22 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Шинэбал |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 2019/ШЦТ/108
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Эрэнмаш овогт Намжилцэрэнгийн Дэлгэрмаа даргалж, Нарийн бичгийн дарга ******* овогт Батцэнгэлийн Долгорсүрэн Улсын яллагч ******* овогт *******гийн ******* Шүүгдэгч овогт *******ын ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.*******д холбогдох 1923001530106 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1965 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Завхан аймгийн Ургамал суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, , эхнэр, хүүхдүүдийн хамт Завхан аймгийн Улиастай сумын баг, ******* тоотод оршин суудаг, урьд Завхан аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 150 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, овогт *******ын *******, Регистрийн дугаар: *******
М.******* нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “Хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.******* нь 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 17 цагийн орчим Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Монос” эмийн сан дотор байрлах ширээн дээрээс иргэн Ш.*******ын Самсунг галакси А6 загварын гар утсыг хулгайлсан хэргийн үйл баримт нь утсаа алдсан талаараа мэдүүлсэн хохирогч Ш.*******ын “ Би “…Монос” эмийн санд эм зүйч ажилтай. Тухайн өдөр буюу 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 17:00 минут орчим би эмийн сангийн кассан дээр худалдаа наймаа эрхэлж, үйлчлүүлэгчийн худалдан авсан бараа эмийг кассанд уншуулж байх хооронд хажуу талын ширээн дээр тавьж орхисон байсан Самсунг галакси А6 загварын гар утсаа хулгайд алдсан юм...”гэсэн мэдүүлэг Гэрч Ж.гийн “...Тухайн өдрийн 17 цагийн орчим манай “Монос” эмийн санд ягаан өнгийн дээлтэй, эрэгтэй хүн орж ирж үйлчлүүлэх гэж юм асууж байгаад кассны хажууд байсан ширээн дээр байх эм зүйч Ш.*******ын хар өнгийн Самсунг А6 загварын гар утас алдагдсан юм. Тэгээд камер шүүж үзэхэд тухайн эрэгтэй хүн авч дээлийнхээ энгэрт хийж байсан...” гэсэн мэдүүлэг, Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн яллагдагчийн “...2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр төв рүү ороод зүс таньдаг хүнтэйгээ тааралдаад 2 шил архи хувааж уугаад, архиндаа согтоод тэрнээс хойш юу болсныг санадаггүй юм. Тэгээд маргааш өглөө нь сэрсэн чинь миний өмдний халаасанд танихгүй мэдэхгүй утас дуугараад байхаар нь авсан чинь нэг эмэгтэй хүн “та миний утсыг авсан байна, авч ирж өг, би цагдаад мэдэгдсэн байгаа” гэсэн юм. тэгээд би хүний утас авснаа мэдсэн юм...” гэсэн мэдүүлэг болон, шүүгдэгч М. ******* Монос эмийн сангийн ширээн дээр байсан утсыг авч өвөртөлснийг бэхжүүлсэн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр “Монос” эмийн сангийн хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тогтоол зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ. Шүүгдэгч М.*******ы үйлдлийн улмаас хохирогч Ш.*******д 400000 төгрөгний хохирол учруулсан нь Завхан аймаг дахь “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ний салбарын шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай байх тул шийдвэрийнхээ үндэслэл болголоо. Шүүгдэгч М.*******д нь хохирогчийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар, нууц далд аргаар авсан үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй. Иймд шүүгдэгч М.*******ыг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар, нууц далд аргаар авсан буюу “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь үндэслэлтэй. Шүүгдэгч М.*******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар, нууц далд аргаар авсан буюу Эрүүгийн хуулийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Шүүгдэгч М.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийнхаа талаар маргаангүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлсөн, хохирогчтой эвлэрсэн бөгөөд улсын яллагчийн санал болгосон эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг хүлээн зөвшөөрч байгааг дурдах нь зүйтэй. Шүүгдэгч М.*******д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.7, 1.8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар, нууц далд аргаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан М.*******д Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй. 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “Оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай. 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4,5 дахь заасныг журамлан шүүгдэгч М.*******г тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн ял оногдуулдаг журамтай болохыг анхааруулсугай. 5.Шүүгдэгч М.*******д 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Монос” эмийн сангийн хяналтын камерын бичлэгийг хуулсан /SONY DVD-R 120 min /4.7 GB/ 16X1H AccuCORE гэсэн бичигтэй DVD-ийг хэрэгт хавсаргасугай. 7.Шүүгдэгч М.******* энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогч Ш.*******д учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, одоо төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний үнэмлэх шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай. 8.Шүүгдэгч М.*******ы эзэмшлийн нийт 280.000 төгрөгийн үнэ бүхий, Элко маркийн, 32 инчийн өнгөт зурагтыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай. 9.Шийтгэх тогтоолыг уншиж сонгосноор хүчинтэй болно. 10.Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.ДЭЛГЭРМАА