| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2017/01363/И |
| Дугаар | 102/ШШ2017/01565 |
| Огноо | 2017-05-29 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 102/ШШ2017/01565
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймааг суулган, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 69 дүгээр байрны 04 тоотод оршин суух, УМ98121113 регистртэй, Их Монгол овогт Эрдэнийн Баянхүүгийн нэхэмжлэлтэй, Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 69 дүгээр байрны 1-4 тоотод оршин суух, ХЕ73042061 регистртэй, Их Монгол овогт Дэмбэрэлийн Наранцэцэгт холбогдох,
Орон сууцны хамтран өмчлөгчөөр, газрын хамтран эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин, хариуцагч Д.Наранцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь : Нэхэмжлэгч Э.Баянхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1998 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Эрдэнэ болон Наранцэцэг нарын анхны хүү нь болон мэндэлсэн. Манай эцэг эх 1998 оны 5 дугаар сард албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн. Гэрлэснээс хойшхи хугацаанд манай гэр бүл Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Хүрэн эмийн сангийн чанх урд байрлах 240 м.кв газрыг 2005 онд оны 3 дугаар сард эзэмших эрхийг авсан. Мөн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Москва гудамж 39 дүгээр байрны 218 тоот хаягт байрлах 2 өрөө, 45,3 м.кв орон сууцыг 2014 оны 4 дүгээр сард худалдан авсан. Гэтэл миний ээж болох Д.Наранцэцэг нь газар эзэмших эрх болон орон сууцны өмчлөх эрхийг зөвхөн өөрийн нэр дээр бүртгүүлж, гэр бүлийн гишүүн болох миний эд хөрөнгийн эрхийг хохироогоод байна. Тиймээс хамтран өмчлөгчөөр тогтоолгох хүсэлтэй байна гэжээ. Хариуцагч Д.Наранцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь хүү Баянхүүгийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг зөвшөөрч байна. Баянгол дүүргийн 20 дугаар хороо 39 дүгээр байрны 218 тоот орон сууц, Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо Хүрмэн эмийн сангийн урд байрлах 240 м.кв газрыг хүү Баянхүүгийн нэр дээр хамтран эзэмшихийг зөвшөөрч байна гэв. ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Баянхүү нь хариуцагч Д.Наранцэцэг холбогдуулан орон сууцны хамтран өмчлөгчөөр, газрын хамтран эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. Хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Москва гудамж 39 дүгээр байрны 218 тоот хаягт байрлах 2 өрөө, 45,3 м.кв орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох, Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Хүрмэн эмийн сангийн урд байрлах 240 м.кв талбай бүхий газрын хамтран эзэмшихийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75, 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 1.Э.Баянхүүгийн нэхэмжлэлтэй, Д.Наранцэцэгт холбогдох Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Москва гудамж 39 дүгээр байрны 218 тоот хаягт байрлах 2 өрөө, 45,3 м.кв орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох, Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Хүрмэн эмийн сангийн урд байрлах 240 м.кв талбай бүхий газрын хамтран эзэмшигчээр тогтоолгохыг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 74.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 947,000 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 473,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
ШҮҮГЧ А.САРАНТУЯА
| ||||
| |