| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
| Хэргийн индекс | 170/2019/0108/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/109 |
| Огноо | 2019-11-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Шинэбал |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 2019/ШЦТ/109
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Боржигон овогт Зоригоогийн Нандинцэцэг даргалж Нарийн бичгийн дарга Алаг адуун овогт Батцэнгэлийн Долгорсүрэн Улсын яллагч Боржигон овогт Данзансамбуугийн Шинэбал Шүүгдэгч Харчин овогт Дашдоржийн Бямбаноров нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Бямбаноровт холбогдох 1923001770108 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Завхан аймгийн Шилүүстэй сумд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, химийн инженерчлэл мэргэжилтэй, Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын химийн лабораторын шинжээч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймаг Улиастай сумын Жаргалант багийн Тээвэрчдийн хэсгийн 3-4 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Харчин овогт Дашдоржийн Бямбаноров /Регистрийн дугаар: ИУ95040113/
Шүүгдэгч Д.Бямбаноров нь 2019 оны 10 дугаар сарын 16-ны шөнийн 01 цагийн орчимд Завхан аймгийн Улиастай сумын төвд иргэн М.Энхтуяагийн нүүрэнд цохиж биед нь хөнгөн гэмтэл учруулсан буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ. Шүүгдэгч Харчин овогт Дашдоржийн Бямбаноров нь 2019 оны 10 дугаар сарын 16-ны шөнийн 01 цагийн орчимд Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Загасан нүд” зочид буудлын гаднах машины зогсоол дээр “машинд суу, хүргээд өгье” гэж хэллээ гэсэн шалтгаанаар иргэн М.Энхтуяагийн нүүрэн тус газар гараараа 2-3 удаа цохиж зодсон хэргийн үйл баримт нь энэ талаар мэдүүлсэн хохирогч М.Энхтуяагийн “...шөнө 01 цаг өнгөрч байхад Бямбаноров, Авирмэд, Жаргалсайхан бид 4 харихаар гараад миний машинд суугаад Бямбаноровыг хүргэж өгье гээд явах гэж байтал Бямбаноров буугаад явахаар нь би араас нь буугаад чи хаачих гээд байгаа юм бэ? машинд суугаач гэтэл хуц пизда минь гээд гараараа түлхээд авахаар нь чи яаж байнаа? гээд эргүүлээд цохиод автал намайг өшиглөөд хавсраад газар унагатал Авирмэд, Жаргалсайхан 2 салгаад Бямбаноров цаашаа яваад, бид 3 миний машинд ороод юм яриад сууж байтал Бямбаноров жижиг тойргийн тэндээс хүрээд ирэхээр нь би машиныхаа цонхыг буулгаад чи яагаад хүн цохиж байгаа юм бэ? гэтэл намайг дахиад цохиод авахаар нь чи яагаад байгаа юм бэ? гээд машинаасаа буугаад араас нь яваад очтол миний нүүр лүү 2 удаа гараараа цохиод автал миний толгой эргээд хамраас цус гарахаар нь газар суусан... гэсэн мэдүүлэг, хохирогч, шүүгдэгч нартай хамт байсан гэрч Ө.Авирмэдийн “...шөнө 01 цаг өнгөрч байхад хотоос ирсэн 2 хүн амрах болоод тэр буудлаас Д.Бямбаноров, Б.Жаргалсайхан, М.Энхтуяа, бид 4 гараад гадаа байсан М.Энхтуяагийн машинд суугаад явах гэж байтал Д.Бямбаноров машинаас буугаад машины урд зогсож байтал М.Энхтуяа машинаас буугаад Д.Бямбаноров дээр яваад очтол Д.Бямбаноров М.Энхтуяагийн нүүр лүү гараараа цохиод авахаар нь би машинаас буугаад очоод салгасан. ...Гараараа нүүрэнд нь 1 удаа цохиод авахаар нь би буугаад салгасан юм.” гэсэн мэдүүлэг, хохирогч гэрчийн мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч Б.Жаргалсайханы “...шөнө 01 цаг өнгөрч байхад явахаар ... гарч ирээд Энхтуяагийн машинд суугаад эхлээд Бямбаноровыг хүргэж өгнө гээд ярьж байтал Бямбаноров машинаас буугаад явтал Энхтуяа энэ явган хаачих нь уу гээд араас нь буугаад Авирмэд эгч бид 2 машин дотор нь сууж байгаад буугаад иртэл зам дээр Бямбаноров, Энхтуяа нар хоорондоо цохилцоод байж байхаар Авирмэд эгч бид 2 очоод салгатал Бямбаноров зам өгсөөд явсан. Тэгээд Авирмэд, Энхтуяа бид 3 машиндаа сууж байтал дээрээс зам дагаад Бямбаноров эргэж ирээд бид нарын хажуугаар гараад явтал Энхтуяа энэ Бямбаноров мөн үү гээд машинаас буугаад араас нь гүйгээд явахаар нь Авирмэд бид 2 араас нь гараад иртэл Энхтуяа нүүрээ дараад сууж байхаар нь хүрээд иртэл хамраас нь цус гарчихсан намайг цохичихлоо шүү дээ гэхээр нь Энхтуяаг машинд нь оруулж ирээд кабины гэрлийг нь асаагаад толинд хартал хамар нь хавдсан байсан” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өөрийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн Д.Бямбаноровын “...2019 оны 10 дугаар сарын 15-ны орой Улаанбаатар хотоос ирсэн манай ажлын хүмүүс “Загасан нүд” зочид буудалд байна гэхээр нь би хамт ажилладаг Жаргалсайхан гэдэг эгчтэй хамт тэр байрлаж байсан буудалд нь очоод байж байтал 22 цаг өнгөрч байхад гаднаас манай ажлын Авирмэд, Энхтуяа нар орж ирээд бид нар хамт байж байгаад шөнийн 01 цаг өнгөрч байхад харихаар тэр буудлаас гараад Энхтуяа эгчийн машинд сууж байснаа мэдэж байна. Түүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна. ...М.Энхтуяаг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулснаа би хүлээн зөвгөөрч байна” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгч Д.Бямбаноровын үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Завхан аймгийн шүүхийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн №000000190 дугаартай “...6. Иргэн М.Энхтуяагийн биед: Тархи доргилт, хамрын ясны хугарал, баруун, зүүн нүдний доод зовхинд цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрчээс мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч хохирогчийн мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Шүүгдэгч Д.Бямбаноров нь хохирогчийн нүүрэнд цохисон үйлдэлдээ шууд санаатай хандаж, хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл зориуд учруулжээ. Шүүгдэгч Д.Бямбаноров иргэн М.Энхтуяагийн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж түүнийг зодож цохисон үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд Д.Бямбаноровыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Шүүгдэгч хохирогчид эмчилгээний зардлыг нөхөн төлсөн нь хохирогчийн хүсэлтээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх ямар нэгэн хохирол төлбөр байхгүй гэж үзлээ. Шүүгдэгч Д.Бямбаноровыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй учир түүний эд хөрөнгийг битүүмжилсэн прокурорын тогтоолын хүчингүй болгох нь зүйтэй гэж үзээд. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 38.6 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Харчин овогт Дашдоржийн Бямбаноровыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Д.Бямбаноровыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 455 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 455000 / дөрвөн зуун тавин таван мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бямбаноровт оногдуулсан 455 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 455000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч Д.Бямбаноров нь 455 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 455000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй /15000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.
5.Шүүгдэгч Д.Бямбаноровт өмнө авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгчийн өмчлөлийн Samsung S-10 маркийн гар утсыг битүүмжилсэн прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 5/57 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
7. Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцлэл бичих эрхтэй болохыг тус тус дурьсугай.
ДАРГАЛАГЧ З.НАНДИНЦЭЦЭГ