Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/30

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,

улсын яллагч Ц.Батзаяа,

шүүгдэгч Э.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Г-т холбогдох 2116001010022 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Б овогтой Э-н Г.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Э.Г-н 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хохирогч Б.Б-т өөрийгөө “Собоко” ХХК-ны ажилтан байна гэж танилцуулан “Жалам хар” мотоцикль авах бол урьдчилгаа мөнгө шилжүүл хэмээн утсаар ярьж, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 29-ний өдрийн хооронд 4 удаагийн гүйлгээгээр 950,000 (есөн зуун тавин мянга) төгрөгийг ********, *************, ************ дугаартай дансуудаар шилжүүлэн авсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “залилах” гэмт хэрэгт хамааруулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч Э.Г-н шүүх хуралдаанд өгсөн “... Яллах дүгнэлт дээрх бүгд үнэн, тухайн үед орон даяар хөл хориотой байсан. 2-3 удаа дугаар андуурч залгасан ... Би зар явуулаагүй. Би тухайн өдөр ажил дээрээ гараатай байхад манай ажлын утас руу андуурч залгасан ... Royal house зочид буудалд ажилдаг ... Ажлын утас ******** ... андуурсан дугаар **********... Ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Шүүгдэгч Э.Г-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “... Би Б гэдэг хүнээс 3 удаа мөнгө авсан байгаа. Тэгэхдээ хамгийн эхлээд 350,000 төгрөгийг өөрийнхөө дансаар авсан. Дараа нь 100,000 төгрөг мөн өөрийнхөө дансаар авсан. Дараагийн 2 удаагийн гүйлгээг онлайнаар лудо хамт тоглодог байсан Х гэдэг охиныг гуйгаад дансаар авсан байгаа. Би Х-тэй холбоо хамаарал байхгүй, онлайнаар лудо тоглож байгаад танилцсан. Одоо Х-г олох боломж байхгүй, фейсбүүк хаяг болон утасны дугаарыг нь мэдэхгүй...би хохирлоо төлж барагдуулсан...би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 122 дугаар  тал/

Хохирогч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2021 оны 04 дүгээр сарын 19-ний орой 19 цагийн үед “Малчин бирж” телевизээр “Жалам хар” мотоцикль зарна үнэ 1,450,000 төгрөг гэсэн зар явж байсан. Би зарын дагуу ******** дугаар луу холбогдсон. Тэгэхэд урьдчилгаа 350,000 төгрөг 25% төлөөд авч болно гэж хэлсэн. Тэгээд 2 хоногийн дараа борлуулалтын ажилтан Г байна гээд ********* дугаарын утсаар холбогдоод “...мотоцикль авахаар бол энэ данс руу мөнгө хийнэ үү...” гээд  над руу мессежээр 2 дансны дугаар явуулсан. Тэгээд би мотоцикль авахаар 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 350,000 төгрөг ************* гэх данс руу,  100,000 төгрөгийг *********** дугаарын данс руу тус тус хийсэн. Тэгээд 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр *********** дугаарын утсаар холбогдоод “...урьдчилгаа 50% төлөх ёстой юм байна. Даргад загнууллаа...” гэж хэлсэн. Тэгээд би тэр өдөр нь 275,000 төгрөгийг ************** гэх данс руу шилжүүлсэн. Тэгээд би мотоциклийнхоо зургийг үзье гэтэл манай хүргэний эгч Б гэх хүний фейсбүүк хаягаар шал өөр 1 мотоциклийн зураг явуулсан. Тэгэхээр нь би залгаад энэ миний авах гэж байгаа мотоцикль биш байна. Би ийм мотоцикль авахгүй гэтэл дараа нь 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр утсаар залгаад таны авах гэж байгаа мотоцикль байна зургийг нь явуулчихъя гэсэн. Тэгээд 2 мотоциклийн зураг ирүүлсэн. Хараад би том мотоциклийг нь авъя гэтэл том нь 1,950,000 төгрөг гээд дахиад та 225,000 төгрөг шилжүүлэх хэрэгтэй гэсэн. Тэгээд би 225,000 төгрөг ****************** данс руу шилжүүлсэн. Тэгээд нийт 950,000 төгрөг шилжүүлээд сураггүй алга болсон. ********* дугаарын утас холбогдохоо больсон...********** дугаартай данс нь Э-н Г гэх данс байсан. Төрийн банкны ******************** данс Г-н Х гэх данс байсан...4 удаа мөнгө шилжүүлэхдээ 1388 борлуулалтын ажилтан Г гэх утгатай гүйлгээ хийсэн...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 16 дугаар тал/

Гэрч Т.Ц-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Б.Б ахынхаас манайх мал авсан байсан. Тэгээд Б ах би хүний данс өгье. Энэ данс руу 100,000 төгрөг хийгээд өг гэж хэлсэн. Тэгээд 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүний данс руу 100,000 төгрөг хийсэн...************* тоот данс миний эзэмшлийн данс мөн...Болдоо гэж бичиж мобайл банзаар шилжүүлсэн...************ тоот дансны эзэмшигч нь Э Г гэсэн нэр гарч ирсэн...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 18 дугаар талууд/

“Сопоко” ХХК-ний 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 64 дугаартай “... Э-н Г нь манай компанид огт бүртгэлгүй байгааг албан ёсоор мэдэгдэж байна...” гэх утгатай албан бичиг. /хавтаст хэргийн 106 дугаар тал/

Монжаргалант ХХК-ний 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 22/002 дугаартай “Э овогтой Г нь манай компанид 2021 оны 01 дүгээр сараас 2021 оны 12 дугаар сар хүртэл хаалгач ажлын байранд ажиллаж байсан нь үнэн болно ...” гэсэн албан бичиг. /хавтаст хэргийн 107 дугаар тал/

Төрийн банкны ************** дугаартай Б.Б-н эзэмшлийн дансанд үзлэг хийсэн тэмдэглэл. /хавтаст хэргийн 27 дугаар тал/

Төрийн банкны *************** дугаартай Б.Б-н эзэмшлийн дансны хуулга /хавтаст хэргийн 29 дүгээр тал/

Хаан банкны Т.Цэрэндуламын эзэмшлийн *********** дугаартай дансанд үзлэг хийсэн тэмдэглэл. /хавтаст хэргийн 28 дугаар тал /

Хаан банкны Т.Цэрэндуламын эзэмшлийн *************  дугаартай дансны хуулга. /хавтаст хэргийн 30 дугаар тал/

Хаан банкны **************  дугаартай Э.Г-н эзэмшлийн дансны хуулга, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл. /хавтас хэргийн 35-54 дүгээр тал/,

Төрийн банкны ****************** дугаартай М-н дансны хуулга, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл. /хавтаст хэргийн 56-57 дугаар тал/

Мобиком корпораци ХХК-ны 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 4/3126 өдрийн Э.Г-н эзэмшлийн ********* дугаартай утасны 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн хоорондох хугацааны гадагш ярьсан болон илгээсэн мессежний дугаарын жагсаалт, түүнд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл. /хавтаст хэргийн 60-68 дугаар тал/

Төрийн банкны **************** дугаартай Г.Х-н эзэмшлийн дансны хуулга, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 73-74 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүгдэгч Э.Г нь хохирогчийн дугаар андуурсан дуудлагыг ашиглан “Собоко” ХХК-ны борлуулалтын ажилтан гэж өөрийгөө танилцуулан мотоцикиль худалдан авах бол урьдчилгаа хийх ёстой гэсэн нөхцөл байдлыг бий болгон хохирогч Б.Б-с 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 29-ний өдрийн хооронд 4 удаагийн гүйлгээгээр 950,000 (есөн зуун тавин мянга) төгрөгийг *********, ***************, ************** дугаартай дансуудаар шилжүүлэн авсан болох нь шүүгдэгч Э.Г-н хэргээ хүлээн мэдүүлсэн шүүх хуралдаанд өгсөн болон мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, хохирогч Б.Б, гэрч Т.Ц нарын 950,000 (есөн зуун тавин мянга) төгрөгийг хэрхэн шилжүүлсэн талаараа мэдүүлсэн харилцан зөрүүгүй мэдүүлгүүд, шүүгдэгч, хохирогч болон гэрч Т.Ц нарын дансны хуулганууд, Мобиком корпораци ХХК-ны 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 4/3126 өдрийн Э.Г-н эзэмшлийн ********* дугаартай утасны 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн хоорондох хугацааны гадагш ярьсан болон илгээсэн мессежний дугаарын жагсаалт, түүнд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, шүүгдэгч Э.Г болон гэрч Г.Х-н дансанд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдлоо.

Шүүгдэгчийн үйлдэл нь бусдыг хуурч мэхлэн бодит байдал дээр байхгүй, биелэх боломжгүй хуурмаг нөхцөл байдлыг бий болгон хохирогчоос өөрийн болон бусдын дансаар 950,000 (есөн зуун тавин мянга) төгрөг шилжүүлүүлэн авснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  залилах гэмт хэргийн “...зохиомол байдлыг зориудаар бий болгож, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө шилжүүлэн авах...” шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Э.Г-г уул гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бөгөөд хэргийг шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 113 дугаар тал/, шүүгдэгч Э.Г-с хохирогч Б.Б-т 950,000 (есөн зуун тавин мянга) төгрөг төлсөн талаарх гүйлгээний баримт /хавтаст хэргийн 75 дугаар тал/, мөрдөгч Г.Түмэндэлгэрийн “ ... Б.Б-тай ********* дугаарын утсаар холбогдож мөрдөгчийн зүгээс та ирж мэдүүлэг өгнө үү гэхэд  “... би хохирлын мөнгө болох 950,000 төгрөгийг Г-с өөрийн ********************* тоот дансанд хүлээж авсан байгаа, одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн ...” гэх утгатай тэмдэглэл /хавтаст хэргийн 104 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүгдэгч Э.Г-н тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлуудыг шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзсэн бөгөөд шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, торгох ял оногдуулах тухай прокурорын санал зэрэг хүчин зүйлүүдийг тал бүрээс нь харгалзан үзээд шүүгдэгч Э.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож болно...” гэж, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус хуульчилжээ. Иймээс шүүгдэгчийн тухайд оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар санал гаргаагүй, түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасанчлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 (ер) хоногийн хугацаанд биелүүлэх боломжтой байх тул шүүх хугацаа тогтоогоогүй болно.

Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирогч Б.Б-т хохирлын 950,000 (есөн зуун тавин мянга)  төгрөгийг бүрэн төлсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Э-н Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г-т 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг)  хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.Г-т сануулсугай.

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирогч Б.Б-т хохирлын 950,000 (есөн зуун тавин мянга)  төгрөгийг бүрэн төлсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.    

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА