Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/32

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Сарантуяа даргалж

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах

         Улсын яллагч А.Оргилбаяр

         Шүүгдэгч О.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Сид холбогдох 2216000030024 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, ...-ны өдөр төрсөн, 29 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Төв аймгийн Заамарт уурхайд ажилладаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Говь-Алтай ....тоотод оршин суух хаягтай, төрөөс авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байсан, ДЗ.... регистрийн дугаартай, О овогтой О-н С.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч О.С нь согтуурсан үедээ 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 22 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “BM” бааранд Б.Цтэй “найзтай маань маргалдлаа” хэмээн найзыгаа өмөөрч нүүрэн тус газарт нь гараараа 2 удаа цохиж эрүүл мэндэд нь “зүүн нүдний дээд зовхинд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч О.С гэм буруутай болох нь:

Шүүгдэгч О.Сийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн “... 2021 оны 12 дугаар сарын 15-ны орой хоёр найзтайгаа BM нэртэй баар орсон. Би орохдоо гайгүй байсан. Тэнд ороод пиво уусан. Манай хохирогч Б.Ц их согтуу байсан. Тэгээд манай ширээн дээр ирээд би боль гэж байсан. Тэгсэн чинь манай Сүхбаатар гэдэг найз байхгүй болсон байсан чинь тэр баарны зүүн доод буланд найзтай маань маргалдаад байж байсан. Би очоод боль гээд салгасан. Миний урдаас хэрэлдээд, хэл амаар доромжлоод бид хоёр хоорондоо маргалдсан. Зарим зүйлийг санаад зарим зүйлийг санахгүй байгаа. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм асуудал гаргахгүй.” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,  

Хохирогч Б.Цгийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Сүхбаатартай хамт баарнаас гараад зүүн талд байх контейнерын цаад талд очоод жаахан маргасан. Гэтэл хажуу талаас О.С орж ирээд намайг зүүн нүд рүү 2 удаа цохиход би нүдээ дараад доош суусан. Тэгэхэд нуруу орчим хэд хэдэн удаа цохисон. Би хувцсаа тайлаад зугтаасан. Тэгээд баар руу орох хаалган дээр нэг залуу намайг шууд урдаас цээж орчим нэг удаа цохиж өшиглөсөн. Тэгээд цагдаа ирсэн.  ...Намайг эхлээд О.С зүүн нүд рүү 2 удаа цохисон. Цохисноос болж нүдний дээд зовхи задарч цус гоожсон. Нүдээ дараад доош суухад ууш нуруу руу хэд хэдэн удаа цохисон. Гэхдээ хэн цохисныг мэдэхгүй. Тэрнээс болж ууц нуруу хэсгээр хөхөрч өвдөж байгаа. Би тэр хэдээс зугтаад “БМ” баарны үүдэнд очиход өмнөөс танихгүй махлаг өндөр залуу миний цээж рүү нэг удаа цохиод, дараа нь нэг удаа өшиглөсөн гэхдээ оноогүй. Намайг О.С зодоход хажууд Сүхбаатар, түүний найз Наранбаатар гэх залуу байсан. ...Би О.Соос эмчилгээний зардалд 800.000 төгрөг авсан. Одоо надад нэхэмжлэх зүйл санал, гомдол байхгүй... гэсэн мэдүүлэг /ХХ-25, 27/,

Гэрч Б.Сын мөрдөн байцаалтад өгсөн “...Б.Ц намайг заамдаж авахад О.С боль гэхэд О.Стой Б.Ц маргалдаж эхэлсэн. О.С Б.Цгийн зүүн нүд орчим нэг удаа гараараа цохисон.  Дахиад цохисон байх. Тэгсэн Б.Ц доош суухад О.С өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /ХХ-29/,

Гэрч Б.Наранбаатарын мөрдөн байцаалтад өгсөн “...2021 оны 12 сарын 15-ны өдрийн орой өөрийн төрсөн ах Б.Ц, найз О.С нарын хамт “БМ” бааранд орсон. Би босоод бүжиглэж байхад ах Б.Ц, О.С нарын ширээний тэнд Б.Ц ах нэг согтуу хүнтэй юм ярьж байсан. Тэгээд гараад явахаар нь ардаас нь О.Сийн хамт гараад очиход ах Б.Цыг нөгөө залуу заамдчихсан зогсож байхад О.С боль гэхэд Б.Ц ахыг заамдчихсан залуу өмнөөс нь хэрэлдэхэд О.С тэр залуугийн зүүн нүд орчим 2 удаа гараараа цохисон. Тэгэхэд тэр залуу доош суухад О.С ардаас нь ууц орчим руу нь өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /ХХ-33/,

           Шинжээч Д.Даваахүүгийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 19 дугаартай “... 1. Б.Цгийн биед зүүн нүдний дээд зовхинд шарх, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, бүсэлхий ууцанд зулгаралт  гэмтэл тогтоогдлоо.

           2. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

           3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэсэн дүгнэлт /ХХ42-43/, 

                     Шинжээч Д.Даваахүүгийн дахин гаргасан 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 42 дугаартай “...Б.Цгийн биед учирсан гэмтлүүдээс зүүн нүдний дээд зовхинд шарх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл буюу зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, бүсэлхий ууцанд зулгаралт  гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэсэн дүгнэлт /ХХ48-49/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч О.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын шүүгдэгч О.Сид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг үндэслэлтэй байна гэж үзэж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр буюу түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн хөрөнгийн хэмжээ, орлого олох боломжоос нь хамааран шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сар бүр 150.000 төгрөгөөр 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүхээс шүүгдэгч О.Сийг гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч О.С нь уг хэргийг согтуугаар үйлдсэн ба Эрүүгийн хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй болно.

Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний хөрөнгийг битүүмжлээгүй, хохирогч Б.Цд хохиролд 800.000 төгрөгийг бүрэн төлсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О овгийн О-н С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

   2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Сийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Сид оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн  төлөхөөр тогтоосугай.

            4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч О.Сид танилцуулсугай.

   5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Сид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

   6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний хөрөнгийг битүүмжлээгүй, хохирогч Б.Цд хохиролд 800.000 төгрөгийг бүрэн төлсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.

   7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардаж авсан өдрөөс хойш Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

   9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч О.Сид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Д.САРАНТУЯА