Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/08

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

     Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин, Улсын яллагч Г.Ундрах, Хохирогч Д.Осоржин, Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт *******д холбогдох эрүүгийн 2133000330083 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан шийдвэрлэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Боржигон овогт *******, Сэлэнгэ аймгийн Сайхан суманд 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр төрсөн, эмэгтэй, 00 настай, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 0-00 тоотод оршин суух, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, аав, ээж, дүү, хүүхдүүдийн хамт амьдардаг. /РД:0000000 Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь зохиомол байдал зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийн урвуулан ашиглаж 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын иргэн *******ийн 4.500.000 төгрөг залилсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүгдэгч ******* нь зохиомол байдал зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийн урвуулан ашиглаж 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын иргэн *******ийн 4.500.000 төгрөг залилсан гэх үйл баримт нь: Шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүгдэгч *******гийн өгсөн: “...Би 2021 оны 08 дугаар сард ******* гэж найзтайгаа ажил дээр нь очиж уулзаагүй. Тухайн үед ******* гэж найзтайгаа хамт бид хоёр хүнд өртэй байсан. ******* тэр хүнтэй гэрээ хийгээд байрныхаа гэрчилгээг аваад мөнгө авсан байсан. Намайг гэр лүүгээ 11-22 тоот руу ороод байж байхад хаана байгаа юм бэ гээд шалгахаар нь гэртээ байна дөнгөж орж ирж байна гэхэд гараад ир гэсэн. Тэгээд би гарч очиж уулзсан. Тухайн үед хохирогчийн дугаарыг би өгөөгүй. Осоржин эгчийн дугаарыг фейсбүүк дээр зээл чөлөөлнө гэж байхад өөрөө харсан. Би үг зааж өгөөгүй. Би хажууд нь байсан гэхдээ би хүүхдээ хараад байж байсан үг зааж өгөөгүй. Нөхрийнхөө өмнөөс ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна. Гэм бурууд маргах зүйл байхгүй. Ажил хийж хохирлыг барагдуулна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирол төлбөрийг барагдуулна...” гэв. Хохирогч *******ийн өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Н-н 00000000 дугаараас Эрдэнэтуяагийн нөхөр байна эгчээ та надад 4.500.000 төгрөг олж өгөөд найзынхаа зээлийг хаагаад зөрүү 1.500.000 төгрөгийг өмнөх зээлд өгөөд нийт 6.000.000 төгрөг таны данс руу шилжүүлэх хэрэгтэй байна. Та надад туслаач гээд утсаар ярьсан. Найз чинь хэн юм бэ гэхэд нөхөртэй нь би хамт 3, 4 жил ажиллаж байгаа ******* гэж хүн гэсэн. Тэр хүн намайг танихгүй гэж мэдүүлсэн байсан. Надаас мөнгө зээлж байсан, би үйлчилгээний газар 20 гаран жил ажилласан болохоор танина. Аав ээж нь бололцоотой, гайгүй хүүхэд байна арай ч тэгж улаан цайм мөнгө өгөхгүй байхгүй байлгүй, өмнө нь 2, 3 удаа асуухад нь тус болж байгаагүй юм чинь тус болъё гэж бодсон. Хоёр дугаарт өмнөх мөнгөнөөс Нямбаяр хасах гээд байгаа юм байна гээд мөнгө өгсөн. 3 хоноод зээл гарна гэсэн болохоор нь 3 хоног хүлээгээд 3 дах хоног дээрээ залгахад утсаа авахгүй болохоор нь би мессеж бичсэн чинь өө та дансаар өгчих би данс руу чинь шилжүүлнэ гэсэн. Би 6.000.000 төгрөг гэж хэлснээрээ шилжүүлэх гэж байна уу гэхэд тиймээ хэлснээр нь шилжүүлнэ гэж ******* ярьсан. Тэрнээс хойш шилжүүлнэ гэж яриад алга болсон. Би дансаа үзсэн, утсаа чагнаад байсан ерөөсөө утсаа авахгүй байсан. Би олон мессеж бичсэн. Хаана байна хүрээд ир гэсэн. Нямбаяр луу залгаад асуухад Буянаа жирэмсэн болохоор ус нь гараад Дархан явчхаж би орой 8 цагаас бууж байгаа шууд Дархан ороод мөнгөө аваад ирье. Зээл нь гарсан дансанд нь байгаа юм байна. Эмнэлэгт орсон байгаа болохоор өөрөө явах боломжгүй байгаа юм байна. Би өөрөө яваад олоод ирье гээд утсаар ярьсан. Би тийм юм байх гэж бодсон. Маргааш, нөгөөдөр нь хүлээгээд байхгүй. Тэр хооронд Эрдэнэтуяа, Нямбаяр нартай утсаар холбогдож яаж байна, мөнгө нь яасан гэж ярьж байсан. ******* эмнэлэгт хэвтсэн байна төрөх гээд төрж чадахгүй, хүндрэлтэй төрж байгаа юм байна гэсэн. Би за за хүүхэд төрөх гэж байхад мөнгө яриад яах вэ гээд 5, 6 хоног таг хаясан. Нямбаярыг гээд яриад байсан чинь Анхбаяртай яриад байсан юм байна лээ. Би тэр хүнтэй итгээд яриад байсан. Тэгээд 10-аад хоноод байж байтал 1 өдөр Буянаа төрсөн эгчээ хүүхдийнх нь бие муу байгаа та тэсээд хүлээж бай гэсэн. Би одоо яана аа нялх нойтон хүүхэдтэй төвөг гээд зөндөө хаясан. Тэгээд хүүхдийг нь үхүүлээд буяны ажил хийсэн. Би гайхаад юу болоод байгаа юм бол гэд Дархан ороод найздаа хэлэхэд чи залиланд өртсөн юм биш үү гэсэн. Ямар сонин юм бэ арай ч үгүй байх ийм хөөрхөн хүүхдүүд гэж бодоод манай найз намайг дагуулаад төрөх болон хувийн эмнэлгээр явахад нэр нь байхгүй байсан. За энэ худлаа ярьчихлаа гэж бодоод, тэр хооронд аягүй их намайг төөрөгдүүлсэн. *******ын эмээ болж яриад чамаас мөнгө авсан гэж охин надад үнэнээ хэллээ, очоод учрыг нь олоод хохиролгүй болгоод өгнө. Чамаас ямар учиртай мөнгө цаас авсныг нь олно хүүхэд нь өнгөрсөн тул шахамдуулж чадахгүй байна. Нялх биетэй байна. Найз нь гээд хүүхэн, залуу 2 мөнгөний асуудалтай эгчийг хохиролгүй болгомоор байна гээд *******ын эмээ болгоод над руу 1 хүнийг утсаар яриулаад байсан. Тэр дугаарууд нь надад тэмдэглэсэн байгаа. Би *******ын эмээг таньдаг учир олоод уулзъя гээд хайж сурсаар байгаад олоод уулзсан. Хөтөлд авч ирээд учрыг нь олтол ******* хүүхэд гаргаагүй, төрөөгүй чи юу яриад байгаа юм бэ хэрвээ ******* мөнгө авсан бол надад урьдчилаад хэлэхгүй яасан юм бэ би *******ыг юугаар ч дутаахгүй гэсэн. Цэрэнхүү эгч яваад одоохон учрыг нь олоодохъё гээд хэсэг хугацааны дараа 11 дүгээр байрны буланд дуудахаар яваад очсон чинь гэр лүү нь орсон. Хаалгаа тайлахгүй байна чамайг нүдвэл тайлах болов уу гээд нүдэхэд тайлахгүй байсан. Би бүүр шокт ороол 12 дугаар байрны гуанзанд ороод надад цай авч өгөөд *******тай утсаар ярихад надтай Нямбаяр болоод яриад байсан залуу утсыг нь авсан. Би *******ын эмээ ирсэн байна надтай хамт байна энэний учрыг олъё гэхэд та нар *******ыг төрүүлээд хүүхдийг нь нас баруулаад намайг аймар хямраагаад өдий болтол явсан эмээ нь гайхаад байна гэхэд өө яана аа тийм үү 30 минутын дараа яваад очъё гээд утсаа таслаад байхгүй. Тэрнээс хойш Нямбаяр болж ярьсан хүн сураггүй болсон. ******* тэр хүн 10-аад хоног намайг төөрөгдүүлж үхсэн хүүхдийн зураг хүртэл явуулсан. Хулхидуулсан гэдгээ мэдээд Нямбаяртай биеэр олж уулзъя өмнөх мөнгөө өгнө гэж байсан болохоор уулзъя гээд ажлын замыг тосож уулзаад гэрийнх гадаа ирж Эрдэнэтуяаг дуудаж гаргаж ирээд чи тэр ******* гэж хүнээ дууд чи энэ учраа өөрөө ол юун 4.500.000 төгрөг би Осроо эгчтэй утсаар яриагүй чи учраа ол гэсэн. Би ойлгохоо болилоо цагдаа руу явъя гээд энийг чирсэн чинь цагдаа руу явахгүй зууралдаад байсан. Би чирч гударсаар байгаад цагдаа дээр очоод тэмдэглүүлээд бас амьд хүнийг төрүүлээд хүүхдийг нь үхүүлчхэж байгаа юм чинь янз бүрийн үйлдэл хийх юм болов уу гээд айгаад цагдаад тэмдэглүүлсэн. Би энэ 2 хүүхдийн дансанд мөнгө хийсэн чинь залилан болсон юм шиг байна. Мөнгөний асуудлаас болж янз бүр болбол яах вэ гээд тэмдэглүүлээд гарсан. Дараагийн 1 дэх өдөр нь би энэ асуудлыг шалгуулъя гээд өргөдөл өгсөн. Өмнө нь бас мөнгө өгсөн намайг олон удаа мөнгө төгрөг гэж Эрдэнэтуяа аягүй их өвчин зовлон ярьж гэрт орж ирсэн. Аав тэгдэг, ээж ингэдэг, үснээс зулгаадаг, нөхөр тэглээ гэдэг байсан. Би гэрт нь орж нөхөртэй нь хүртэл ярьж үзсэн. Би яагаад эхнэрээ ингээд байгаа юм бэ, авсан мөнгөө одоо яах вэ гэхэд өмнөх 6.000.000 төгрөгийг би өөрөө хариуцна гэж Нямбаяр хэлж байсан. Тэр дээр дараа нь дөрөөлөөд Нямбаяр болгож яриад дараагийн 4.500.000 төгрөг авсан...Энэ хурлаар 4.500.000 төгрөг яригдаж байна.Энэ 4.500.000 төгрөгөөс гадна өмнө нь авсан 4.900.000 төгрөг гаргуулах ёстой. ” гэв. Мөрдөн байцаалтад 1. Хохирогч *******ийн өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нэгдүгээр багт жижиг түц ажиллуулаад 6 жил болж байгаа юм. 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Нямбаяр надруу залгаад "Осороо эгчээ надад 4.500.000 төгрөгийг 4 хоногийн хугацаатай зээлээч ээ би найзынхаа зээлийг чөлөөлүүлээд буцаагаад ахиу их зээл авахаар нь 4.500.000 төгрөг дээрээ нэмж 1.500.000 төгрөг авахаар найзтайгаа ярьж тохиролцсон юм. Та надад зээлүүлж тус болооч гээд 99566392 гэсэн дугаараас залгаад ярихаар нь" би "за үнэхээр хэрэгтэй байгаа юм бол өгч болжбайна найдвартай юм байгаа биз дээ гээд асуусан чинь" Нямбаяр "найдвартай дүү нь өөрөө хариуцна" гээд тэгснээ нөгөө зээлээ чөлөөлүүлэх гээд байгаа найз *******оо мөн надтай яриулсан юм. Би *******той утсаар яритал ******* "Би Эрдэнэтуяагийн нөхөр Нямбаяраас гуйсан юм аа эгчээ та тус болооч" гэхээр нь би "чи буцаагаад зээлээ авахаараа Нямбаярт нэмж 1.500.000 төгрөг өгнө гэсэн чинь үнэн юм уу гээд асуусан чинь" ******* тиймээ би Нямбаярт 1.500.000 төгрөг гаргажөгнө" гэхээр нь би за за чи эгчдээ эхлээд хувийн мэдээллээ бичүүлчих тэгээд мессэжээр дансаа явуулчих гэсэн чинь өөрийн дансаа мессэжээр явуулаад бас регистер гэрийн хаягаа надад өгсөн юм. Тэгээд би *******ын Хаан банкны 5048256791 дугаарын данс руу 4.500.000 төгрөгийг өөрийн хаан банкны 5048086294 дугаарын данснаас шилжүүлж өгсөн юм. Тэгээд тэр өдрөөс хойш 4 хоногийн дараа *******ын 95168666 дугаарын утаснаас "эгчээ дансаа мөнгөө хийе гэсэн мессэж ирхээр нь би мөнгөө хийх гэж байгаа юм байна гэж бодоод дансаа тэр дугаар луу явуулсан юм. Тэгтэл тэр өдрөөс хойш миний дансанд мөнгө огт ороогүй юм. Би ******* руу залгахаар огт утсаа авдаггүй юм. Тэгээд Нямбаяртай ярихаар нь ******* Дархан эмнэлэгт явцан байна араас нь би яваад мөнгөө олоод ирье гэх мэтээр худлаа яриад огт мөнгө өгөхгүй байсан юм. Тэгэхээр нь би *******ын араас Дархан-Уул аймагт очиж эмнэлгүүдээр асуугаад үзтэл тийм хүн огт эмнэлэгт хэвтээгүй гэж очсон эмнэлгийн ажилчид хэлсэн юм. Би одоог хүртэл ******* Нямбаяр нараас мөнгөө авч чадахгүй байгаа юм. Энэ гурван хүүхэд нь ерөнхийдөө Сайхан суманд төрж өссөн хүүхдүүд байгаа юм. Би эцэг эхийг нь ч сайн танина. Нямбаяр Эрдэнэтуяа хоёр нь эхнэр нөхөр хоёр байгаа юм, харин ******* тэр хоёрын найз юм шиг байна лээ. *******той бол өмнө нь мөнгө төгрөг өгч авалцаж байсан удаа байхгүй. Харин Эрдэнэтуяад өмнө 2021 оны 04 дүгээр сард 6.000.000 төгрөг зээлээд 1.000.000 төгрөгийг нь буцаагаад авчихсан 5.000.000 төгрөгийн үлдэгдлээ аваагүй байсан юм. Тэгээд найзынхаа зээлийг чөлөөлөөд нэмж 1.500.000 төгрөг аваад 5.000.000 төгрөгний зээлнээсээ хорооно гэхээр нь би тэрэн дээр үндэслээд Эрдэнэтуяагийн нөхөр Нямбаярт итгээд мөнгө зээлчихсэн юм. Нямбаяр нь Үйлдвэрийн Чулуунцарын цехийн 3 дугаар ээлжинд ажилладаг юм харин эхнэр Эрдэнэтуяа нь эрхэлсэн тодорхой ажилгүй гэртээ байдаг юм харин ******* нь бас эрхэлсэн тодорхой ажилгүй л юм шиг санагддаг Нямбаяр 99566392, Эрдэнэтуяа 99372400 гэрийн хаяг нь Сайхан сумын нэгдүгээр баг 11 дүгээр байрны 22 тоотод амьдардаг харин ******* нь 95168666 гэр нь Сайхан сумын нэгдүгээр баг 2 дугаар байрны 19 тоотод байдаг юм харин надад хэлэхдээ Дөмбөн хороололын 39-124 тоот гэж бичүүлсэн юм. Би гомдолтой байна эдгээр хүмүүсээс хохирлоо нөхөн төлүүлж авах хүсэлтэй байна мөн Эрдэнэтуяагаас өмнө нь зээлүүлсэн байсан мөнгөний үлдэгдэл болох 5.000.000 төгрөгөө гаргуулж авах хүсэлтэй байна. Мөн би 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр үйлдвэрийн замд зогсож байгаад Нямбаярыг тосоод уулзаад мөнгөө нэхсэн чинь намайг машиндаа суулгаад 11 дүгээр байранд гэрийнхээ гадаа ирээд зогсохоор нь би "чи яаваа тэр мөнгө аваад ир өөрөө хариуцна гэсэн яасан бэ тэр *******ыг чинь олж уулзая" гээд хэлсэн чинь Нямбаяр би таньтай утсаар яриагүй би таны мөнгийг аваагүй гээд эхнэр Эрдэнэтуяагаа утсаар дуудаж гаргаж ирээд "та Эрдэнэтуяагаас асуу" гэж надад хэлэхээр нь би Эрдэнэтуяагаас "юу болоод байгаа юм бэ чи авчихсан юм уу" гэсэн чинь Эрдэнэтуяа "дуугүй уйлж уйлж байснаа тэр өдөр би нөхөр Нямбаярын утасны сим картыг салгаж авч яваад ******* бид хоёр хамт байж байгаад өөр эрэгтэй хүнээр тань руу яриулаад тэр хүнийг Нямбаяр гэж итгүүлээд тань руу яриулсан юм. Таныг манай нөхөр Нямбаярт итгэдэг болохоор чинь итгээд зээлчих байх гээд өөр хүнээр яриулаад авсан юм" гэсэн. Тэгэхээр нь би "юу яриад байгаа юм бэ хэн гэдэг хүн тэгээд надтай ярисан юм" гэсэн чинь "Анхбаяр гэдэг хүнээр яриулсан юм" гэж хэлсэн юм. Би тэр өдөр Эрдэнэтуяагаас мөнгөө нэхээд мөн *******ын байгаа газрыг асуугаад та хоёрын яг хэн нь миний мөнгийг авсан юм гэсэн чинь ******* авсан гэж хэлсэн юм.Одоог хүртэл энэ хүмүүсээс мөнгөө авч чадахгүй байна..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дугаар тал), 2. Гэрч Б.*******ын өгсөн: "...Би Д.Осоржин гэдэг хүнийг танихгүй өмнө уулзаж байгаагүй хүн. Харин *******г танина надаар хумсаа янзлуулдаг байсан сүүлд найзаараа дамжуулаад танилцсан дотно биш ч гэсэн найзууд байгаа юм аа. Би өөрөө Д.Осоржин гэдэг хүнийг танихгүй. Манай найз ******* 2021 оны 08 дугаар сарын сүүлээр намайг "Номин" хүнсний дэлгүүр дээр ажил дээрээ байхад ирж уулзаад "найз нь балраад байна машины линзинг төлөх болсон мөнгөгүй болчихоод хугацаа хэтрэлттэй гээд байна өнөөдөр төлөхгүй ббл болохгүй байна чи найздаа тус болоод Д.Осоржин гэдэг хүнтэй утсаар "Би таниас зээл авах гэсэн юм аа. Хүний банкны зээл хаагаад буцаагаад авчих юм аа удахгүй хэд хоног л болно тэр хүртэл 4.500.000 төгрөг зээлээч" гээд утсаар яриад өгөөч" гэж хэлсэн юм аа. Эхэндээ би зөвшөөрөөгүй "үгүй чи өөрөө яриад аваач би дараа нь асуудалд оруул яах юм бэ?" гэтэл ******* "би ярьж болохгүй байна. Намайг танина би энэ эгчээс өмнө мөнгө асууж байсан юм аа. Чи яриад өгчихөөч яаралтай байгаа юм аа. Чи өөрийгөө Балжиннямын эхнэр байна гээд ярьчих" гэж гуйгаад байхаар нь би Д.Осоржин гэдэг хүнтэй утсаар яриад 4.500.000 төгрөг зээлээр авахаар болсон тэгээд *******г дансаа өгчих гэтэл би өөрийнхөө дансаар авч болохгүй байна тэгвэл мэдчихнэ чи өөрийнхөө дансаар авчих Балжиннямын эхнэрийг ******* гэдэг юм аа чи дансаараа аваад мөнгийг нь надад өгчих гэж хэлсэн. Тэгээд би тухай Д.Осоржин гэх хүнд өөрийнхөө Хаан банкны 5048256791 гэсэн дугаарын дансыг өгөөд 4.500.000 төгрөг авсан. Тэгээд орж ирсэн мөнгийг нь шууд *******гийн Хаан банкны 5067095933 данс руу шилжүүлсэн. Би тухайн мөнгийг нь өрөө авч ашиглаагүй ******* намайг гуйгаад утсаар яриулаад мөнгийг нь өөрөө авсан. Тухайн мөнгийг аваад машиныхаа зээлэнд өгнө гэж хэлсэн. Яг юунд ашигласан талаар нь хэлж мэдэхгүй байна. Намайг Д.Осоржин гэдэг хүнтэй утсаар яриулаад өөрөө миний хажууд сонсож байсан. Тэгээд хэлэх үгийг маань зааж өгөөд намайг яриулсан. Намайг төрсний дараа цагдаагаас над руу яриад ирж *******гаас мэдүүлэг авсан чи ирж уулзах хэрэгтэй гэж хэлсэн тэр үед нь би гэртэй гам бариад байж байсан болохоор гэрээс гарч чадаагүй. Тэгээд *******д цагдаагаас яриад байна чи мөнгийг нь өгөөгүй юм уу? чи ямар учиртай мэдүүлэг өгчихсөн юм бэ? гэж асуутал ******* надад би цагдаа дээр очиж мэдүүлэг өгөөгүй. Тухайн мөнгийг би Насаагаас аваад өгнө гэж хэлсэн. Тэгэхээр нь би Насаа гэж ямар хүн байгаа юм бэ? гэж асуутал чи танихгүй гэж хэлсэн. Тэгээд хэд хоногийн дараа ******* өөрөө надад хэлэхдээ би Д.Осоржин эгчтэй уулзчихсан болчихсон гэж хэлсэн тэгэхээр нь би цагдаа дээрх асуудал нь шийдэгдсэн юм байна гэж бодсон. ******* нь надтай дотно биш ч гэсэн найз нөхдийн холбоотой явдаг юм аа. Тухай өдөр ажил дээр ирээд машиныхаа линзинг төлж чадахгүй болчихлоо гээд гуйгаад байхаар нь би Д.Осоржин гэдэг хүнтэй утсаар ярьсан юм аа. Тэгээд утсаар ярьж байхад ******* миний хажууд сонсоод хэлэх үгийг маань зааж өгөөд надаар яриулсан юм аа. Би Д.Осоржин гэдэг хүнээс авсан мөнгөө тэр доор нь *******д буцаагаад өгсөн..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дугаар тал) 3. Гэрч Э.Нямбаярын өгсөн:"...Би Д.Осоржин эгчийг зүс танина ******* нь манай гэр бүлийн хүн байгаа юм аа. Харин Б.*******ыг танихгүй. Би өөрийн эрх үүрэгтэй танилцсан би мэдүүлэг өгнө. Надад татгалзах зүйл алга байна. Би үүрэн холбооны 99566392 дугаарын утас хэнийх болохыг мэдэхгүй. Уг дугаарыг барьж байгаагүй мэдэхгүй дугаар байна. Би 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр би Д.Осоржин эгчтэй утсаар ярьж мөнгө асуусан зүйл байхгүй. Би өөрөө бол яг зээлж авч байгаагүй. Сүүлд ******* Д.Осоржин эгчээс мөнгө зээлж авсан байсан би тэрийг нь эхэндээ мэдээгүй байж бэйгаад сүүлд Д.Осоржин эгч өөрөө надад хэлэх үед нь би мэдсэн. Би тэрийг нь мэдэхгүй байна зээл авсанг нь би сүүлд мэдсэн..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дугаар тал) 4. Гэрч А.Содгэрэлийн өгсөн:"...Би ******* нь өмнө надаас 300.000 мянга төгрөг зээлж аваад буцааж өгч байсан. Тэрнээс хойш 2021 оны 07, 08 дугаар сарын үед ******* дахиж надаас 5 сая төгрөг зээлээч гэж гуйсан. Тэгэхээр нь би надад тийм их мөнгө байхгүй гэхэд яаралтай мөнгөний хэрэг гараад байна гэж хэлсэн. Тэгээд надад өөрийнхөө Т.приус 30 маркийн машиныг 1 хоног үлдээгээд 5 сая төгрөг зээлээр аваад маргааш нь буцаагаад авъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би нэг нутгийх таньдаг болохоороо зээлэхээр болоод машиныг нь грашдаа хийлгээд түлхүүрийг нь *******д өөрт нь өгөөд 5 сая төгрөгийг нь өгсөн. Тэр үед ямар нэгэн хүү яриагүй би зүгээр танил болохоор л зээлсэн. Тэрнээс хойш удаагүй 2-3 хонуулаад надаас зэзлж авсан мөнгө өгөхөөр болоод миний дансыг авсан би бол зээлсэн 5 сая төгрөгөөр л өгөх байх гэж бодсон тэгсэн нэмээд өгчихсөн байсан би асуутал зүгээрээ баярласан шүү гэж хэлээд 5.730.000 төгрөг өгсөн байсан. Дээрх данс нь миний өөрийн энгийн харилцах өдөр тутамдаа хэрэглэдэг данс байгаа юм аа..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дүгээр тал) 5. Гэрч Г.Анхбаярын өгсөн: “...Би Батмөнх овогтой Эрдэнэтуяа гэх эмэгтэйг танина. 2021 оны зун анх харж байсан юм. Манай ээж Дархан-Уул аймагт гэртээ хувиараа бариа засал хийдэг юм. Эрдэнэтуяа гэх эмэгтэй нь 2021 оны зун яг хэдэн сард гэдгийг нь сайн санахгүй байна манайд ирж манай ээжээр хүүхдийнхээ толгойг бариулж байсан юм. Тэр үед манайд гурав хоног амьдраад хүүхдийнхээ толгойг бариулсан юм. Тэр үед манайд ирэхдээ нөхөртэйгээ хамт ирсэн нөхөр нь Хөтөлийн “Цемент Шохой” ХХК-д ажилладаг гэж байсан тэгээд нөхөр нь түрүүлээд ажилтай гээд Эрдэнэтуяаг хүүхэдтэй нь хамт манайд үлдээчихээд машинтайгаа Хөтөлрүү буцаад яваад өгсөн юм. Эрдэнэтуяа нь манайд ирсэн байх үөдээ орой 23 цаг өнгөрч байх үед намайг унтаж байхад миний хажууд ирээд намайг сэрээгээд "эгчийн дүү манай нөхрийн өмнөөс нэг хүнтэй яриад ажилын өдөр болохоор мөнгийг чинь өгнө" гэж хэлээд яриад өгөөч манай нөхөр ажилтай завгүй утсаар ярих боломжгүй байна гээд гуйхаар нь би зөвшөөрөөд нөгөө хүнрүү нь Эрдэнэтуяагийн утсаар залгаад байна уу Нямбаяр байна аа гэсэн чинь нэг эмэгтэй хүн урдаас мөнгөө нэхээд уурлахаар нь би эгчээ маргааш ажлын өдөр болохоор банкнаас өглөө эрт таны мөнгийг аваад өгнө гэсэн чинь тэр эгч та нар хүний мөнгө төгрөг аваад өчнөөн удаачаад өгөхгүй байна гээд уурлаад байхаар нь би чимээгуй сонсож байгаад утсаа салгачихсан юм тэгээд дахиж тэр эгчтэй утсаар яриагүй юм. Эрдэнэтуяа эгч гуйгаад байхаар нь л ярьсан юм өөр ямар нэгэн шалтгаан байхгүй. Би тухайн хүнийг Осоржин гэдэг хүн байсныг нь огт мэдээгүй юм. Эрдэнэтуяа эгч намайг Осоржин гэх хүнтэй утсаар яриулахдаа ямар нэгэн мөнгө төгрөг шан харамж амлаагүй зүгээр гуйхаар нь л би зөвшөөрөөд ярьсан юм би тэгээд дахиж тэр хүнтэй утсаар огт яриагүй юм. Тухайн үед ямар дугаараас тэр хүнтэй утсаар ярьснаа мэдэхгуй байна. Эрдэнэтуяагийн утсаар л ярьсан юм. Би тэр хүнтэй утсаар ярьсаны дараа Эрдэнэтуяа эгчээс ямар нэгэн мөнгө төгрөг огт аваагуй юм. Дахиж Эрдэнэтуяа эгчтэй огт уулзаагүй. Би нэг л удаа ярьсан юм дахиж яриагүй юм...” гэх мэдүүлэг/ (хавтаст хэргийн 100-101 дүгээр тал), 6. 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч О.Ундрахбуяны ирүүлсэн шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоолын дагуу иргэн *******гийн эзэмшлийн Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл 1- р баг 2 дугаар байрны №41 тоотын 2 өрөө орон сууцны (УБД Ү-1310000479) зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож, шинжээчийн дүгнэлт бэлтгэж хүргүүлэв. Иймд үнэлгээнд хамрагдсан дээрх орон сууцны зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг 2021 оны 12 дугаар сарын 02-ны байдлаар 40.000.000 /дөчин сая/ төгрөгөөр тогтоосон болно. /хавсралт №01/, Энэхүү үнэлгээг Монгол Улсын Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 262 дугаар тушаалаар олгосон “Хөрөнгийн үнэлгээ хийх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл”-ийн №071200029 тоот гэрчилгээтэй мэргэшсэн үнэлгээчин дээрх эд хөрөнгийн зах зээлийн үнэ ханшийн судалгаа хийсний үндсэн дээр жишиг үнийн хандлагын аргаар хийсэн болно...” гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт (хавтаст хэргийн 91-92 дугаар тал). 7.*******ийн цагдаагийн байгууллагад хандаж гаргасан гомдол (хавтаст хэргийн 5-8 дугаар тал) 8.Хаан банк дахь *******ийн 5048086294 дугаарын данснаас 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 5048256791 дугаарын данс руу 4.500.000 төгрөг шилжүүлсэн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 34-дүгээр тал) 9.Хаан банк дахь Д.*******ын 5048256791 дугаарын дансанд 2021 оны 08 дугаар сарын 20-нд Осоржингоос 4.500.000 төгрөг шилжиж орсон ХААН банкны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 38 дугаар тал) 10.Хаан банк дахь *******гийн 5067095933 дугаарын дансанд 2021 оны 08 дугаар сарын 27-нд 4.500.000 төгрөг шилжиж орсон 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 45-46 дугаар тал) зэрэг нотлох баримтуупаар тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтууд гэж дүгнэлээ. Залилан мэхлэх гэмт хэрэг нь хүний өмчлөлд байгаа эд хөрөнгийг хуурч мэхлэх итгэл эвдэх аргаар өөрийн мэдэлд авч захиран зарцуулах эрхийг олж авдаг. Энэ гэмт хэрэг нь идэвхтэй болон идэвхгүй хэлбээрээр үйлдэгддэг. Идэвхтэй хэлбэр нь хуурамч мэдээлээр төөрөгдүүлэн хуурамч сэтгэгдэл төрүүлэх, урьдын танил талын сайн харилцааг ашиглах, худал амлах зэргээр хууль ёсны гэсэн сэтгэгдэл хохирогчид төрүүлж, хохирогч нь гэмт буруутай этгээдэд итгэх буюу хуурч мэхлэгдсэн өөрийн өмч хөрөнгө болон эзэмших эрхээ сайн дураараа шилжүүлэн өгдөг байна. Энэ шинжээрээ хулгайлах гэмт хэргээс яллаатай байдаг. Шүүгдэгч ******* хохирогч *******оос 4.500.000 төгрөг авах зорилгоор зохиомол байдал зориудаар бий болгож / *******ыг утсаар яриулах/, бодит байдлыг нуух замаар /өөрийгөө нуух/ төөрөгдөлд оруулан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж / хамтран амьдрагч Нямбаярт хохирогчийн итгэдэг итгэлийг ашиглан /залилан мэхлэх гэмт хэргийн идэвхтэй хэлбээр үйлдсэн болох нь хангалттай тогтоогдож байна Иймд шүүгдэгч *******г залилан мэхлэх гэмт хэргийг зохиомол байдал зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийн урвуулан ашиглаж үйлдсэн гэм буруутай буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна. Иргэний нэхэмжлэлийн хувьд: Шүүх хуралдаанд хохирогч нь шүүгдэгчээс хохирол болох 4.500.000 төгрөг, өмнө зээлж авсан 6.000.000 төгрөгийн үлдэгдэл 4.900.000 төгрөг нийт 9.400.000 төгрөг гаргуулж өгнө үү гэж мэдүүлж байна. Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас Д.Осоржинд 4.500.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хохирогч гэрч нарын мэдүүлэг ХААН банкны дансны хуулга зэргээр тогтоогдсон тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******гаас 4.500.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Осоржинд олгох, үлдэх 4.900.000 төгрөг нь энэ хэрэгт хамааралгүй 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр *******, Нямбаяр нартай тохиролцож зээлсэн 6.000.000 төгрөгийн зээлийн үлдэгдэл байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Мөрдөн байцаалтын шатанд хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршиг арилгуулах зорилгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1-д зааснаар 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 30 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” Прокурорын тогтоол (хавтаст хэргийн 96-97 дугаар тал)-оор *******гийн өмчлөлд бүртгэлтэй Улсын бүртгэлийн Ү-00000000 дугаарт бүртгэлтэй Сэлэнгэ аймаг Сайхан сумын Хөтөл 1-р багт байрлалтай 2 дугаар байрны 41 тоотын 2 өрөө орон сууцыг, битүүмжилсэн байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч “энэ битүүмжилсэн байрнууд миний байр биш Сайхан сумын байр бол аав Батмөнх, ээж Энхсайхан, эгч Эрдэнэжаргал бид дөрвийн нэр дээр байдаг, Эрдэнэтийн байр Батсүхийн Лхазима гэж хүний байр... Монгол банканд зээлдэгчийн муу түүхтэй гээд миний нэр дээр авсан гэж мэдүүлж байна. Дээрх эд хөрөнгүүдийн талаар мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд ямар нэг маргаан гаргаагүй тул улсын бүртгэлийг үнэн зөв гэж үзсэн болно. “Капитал зууч” ХХКомпанийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээгээр Сайхан сумын Хөтөл 1 дүгээр баг 2 дугаар байрны 41 тоот 2 өрөө орон сууцны зах зээлийн үнэ 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар 40.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн/хавтаст хэргийн 91 дүгээр тал/, Хавтаст хэргийн 54 дүгээр хуудаст Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдийн 1114 дугаартай албан тоотод “ танай байгууллагаас ирүүлсэн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №102 тоот зөвшөөрлийн дагуу улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сан болон архиваас шүүн үзэхэд Батмөнх овогтой Эрдэнэтуяа /РД:ТГ00000/-ын нэр дээр эрхийн улсын бүртгэлийн Ү-00000000 дугаарт бүртгэлтэй Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл 1-р баг 2-р байрны 41 тоот, улсын бүртгэлийн Ү-00000000 дугаартай бүртгэлтэй Орхон аймаг Баян-Өндөр сум 5-р байг Урбулаг 5-р хороолол 21-р байр 107 тоот 18М2 талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 1 өрөө орон сууц тус тус бүртгэлтэй болно” гэжээ. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 191.3-т зааснаар Улсын бүртгэлийн Y1310000479 дугаартай Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр баг 2 дугаар байрны 41 тоот үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс шүүгдэгчид оногдох хэсгийг тогтоож хохирогч Д.Осоржинд 4.500.000 төгрөг олгох ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй байна. Дээрх үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн 2021 оны 12 дугаар сарын 06- ны өдрийн 30 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” Прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, гүйцэтгэх хуудас бичигдэх хүртэл хугацаагаар хэвээр үлдээж шийдвэрлэлээ. Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүх шүүгдэгч *******г залилах гэмт хэргийг зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Шүүх хуралдаанд улсын яллагч: “...*******д холбогдох хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзэж байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч *******д 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай...” гэв. Хохирогч Д.Осоржин өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцсон бөгөөд “Энэ хурлаар 4.500.000 төгрөг яригдаж байна. Энэ 4.500.000 төгрөгөөс гадна өмнө нь авсан 4.900.000 төгрөг гаргуулах ёстой ” гэв. Шүүгдэгч шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцсон бөгөөд эрүүгийн хариуцлагын талаар “Гэм буруугийн талаар маргах зүйлгүй, ажил хийж хохирлоо төлнө” гэв. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч ******* нь урд өмнө гэмт хэрэгт холбогдож байгаагүй анх удаа гэмт хэрэгт холбогдсон болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/хавтаст хэргийн 55 дугаар хуудас/-аар тогтоогдож байна. Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж хуульчилсан байна. Улсын яллагчийн шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаарх санал үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлөөгүй байдал зэргийг харгалзан шүүгдэгч *******д 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг сонгож оногдуулж шийдвэрлэлээ. Шүүгдэгч нь 0000 оны 03 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү *******, 0000 оны 02 дугаар сарын 24-ны өдөр төрсөн хүү *******, 0000 оны 06 сарын 07-ны өдөр төрсөн ******* гэх бага насны гурван хүүхэдтэй болох нь шүүхэд шинээр гаргаж өгсөн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас авсан төрсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна. Иргэний хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д 7 хүртэлх насны буюу бага насны хүүхдийг иргэний эрх зүйн чадамжгүй гэж заасан. Ийм эрх зүйн чадамжгүй хүүхэдтэй анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулах ялыг хоёр жилийн хугацаагаар хойшлуулж болно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1-д зааж, энэ хугацаанд ялтанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хяналт тавина гэж хуульчилсан байна. Иймд бага 02-07 насны хүүхдүүдийн эрх ашигт нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******д 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж мөн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэлээ. Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах, 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг тус тус үүрэг хүлээлгэх арга хэмжээ авах нь зүйтэй байна. Шүүгдэгч шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно гэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигон овогт *******г /РД:ТГ00000000/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх зааснаар залилах гэмт хэргийг зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч *******д 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нэг жилийн хугацаагаар хойшлуулсугай.

3.Ялтан *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах, 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхээс тогтоосон үүргийг биелүүлээгүй, 7.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож, хорих ял оногдуулахыг шүүгдэгч *******д мэдэгдсүгэй.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч *******гаас 4.500.000 төгрөг гаргуулан хохирогч Д.Осоржинд олгож, нэхэмжлэлээс үлдэх 4.900.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 191.3-т тус тус зааснаар шүүгдэгч *******гийн өмчлөлд бүртгэлтэй /Ү-00000000/ Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл 1-р багт байрлалтай 2 дугаар байрны 41 тоот үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс шүүгдэгч *******д оногдох хэсгийг тогтоож хохирогч Д.Осоржинд 4.500.000 төгрөг гаргуулж олгох ажиллагааг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээр гүйцэтгүүлсүгэй.

8.2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 30 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” Прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, гүйцэтгэх хуудас бичигдэх хүртэл хугацаагаар хэвээр үлдээсүгэй.

9.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

10.Шүүхийн шийдвэр уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

12.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоох биелүүлэх хүртэл хугацаагаар хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ А.НАРАНТУЯА