Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
Хэргийн индекс | 150/2022/00022/Э |
Дугаар | 2022/ШЦТ/09 |
Огноо | 2022-02-22 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Н.Бадам, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 2022/ШЦТ/09
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж, Нарийн бичгийн дарга Б.Дулам, Улсын яллагч Н.Бадам, Шүүгдэгч Н.Үүрцайх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хольдог овогт Нэргүйн Үүрцайхад холбогдох 2133000000055 тоот эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 25-ний өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: 1.Монгол улсын иргэн, 0000оны 00 дугаар сарын 00-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамтаар Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 1 дүгээр баг Өгөөмөр гэх газарт оршин суух хаягтай, урьд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 0000 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 19 дугаартай шийтгэх тогтоолоор 06 сарын хугацаагаар эцэг Д.Нэргүйн асрамжид халамжлуулахаар шилжүүлсэн гэх, хэрэг хариуцах чадвартай Хольдог овгийн Нэргүйн Үүрцайх /РД:МВ00000000/, Үйлдсэн хэргийн талаар Шүүгдэгч Н.Үүрцайх нь 2021 оны 08 дугаар сарын 19-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг Моностой гэх газар “Бүрэн монст Тур” гэх амралтын газрын хашаанд мал оруулсан гэх тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж П.Болдбаатарын биед нь халдан зодож зүүн чамархайнд зөөлөн эдийн няцрал, баруун сарвуунд зулгаралт, өвдгөнд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Н.Үүрцайх нь 2021 оны 08 дугаар сарын 19-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг Моностой гэх газар “Бүрэн монст Тур” гэх амралтын газрын хашаанд мал оруулсан гэж маргалдаж иргэн П.Болдбаатарын биед нь халдан гишүү модны үзүүрийг машины цонхоор оруулан чичилж зүүн чамархайнд зөөлөн эдийн няцрал, баруун сарвуунд зулгаралт, өвдгөнд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай үйл баримт нь: 1.Хохирогч П.Болдбаатар мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр байсан. Би Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг Моностой гэх газарт "Бүрэн Монст Тур гэх амралтын газрын харуулаар ажилладаг. Тухайн өдөр тус сумын малчин Н.Үүрцайх нь манай амралтын газрын хашаанд малаа оруулчхаад яваад өгөхөөр нь би малыг нь машинаараа туугаад гаргачхаад байж байсан чинь Н.Үүрцайхын хонь дахиад манай хашаанд ороод ирсэн. Тэгээд 3 дахь удаагаа туугаад гаргаж байсан чинь Н.Үүрцайх морьтой миний машины зүүн талаар орж ирээд "чи яахаараа миний малыг хөөдөг юм бэ" гээд гартаа барьсан байсан гишүү модны үзүүрийг миний машины цонхоор оруулаад 3 удаа намайг чичиж хатгасан.Эхлээд миний зүүн чамархай хэсэгт, дараа нь би гараараа хаасан чинь миний гар гэмтсэн. Дараа нь миний өвдөг орчимд оносон. Харин би шууд машинаа асаагаад зугтсан. Н.Үүрцайх миний араас гуйлгачин минь ална шүү гээд орилоод үлдсэн. Үүрцайх нь мал хөөлөө гэж уурлаад цохисон. Би Дархан-Уул аймаг явж эмчид үзүүлсэн. Бас эмчилгээ хийлгэсэн төлбөр гээд нийт 250,000 төгрөг болсон. Энэ төлбөрөө бүрэн барагдуулж авсан...” гэх мэдүүлэг /ххийн 13-р хуудас/, 2.Гэрч А.Батсайханы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: "... Би Үүрцайх гэх хүнийг танина манай эхнэрийн хамаатан байгаа юм. 2021 оны 08 дугаар сарын 19-ны орчим санагдаж байна Болдбаатар ах бид хоёр хамт түлээний модонд явсан юм. Тэгэхэд Болдоо ах "Үүрээ хонь хөөлөө гэж ирээд бид хоёр маргаж байгаад салсан" гэж ярьж байсан. Өөр нарийн ширийн юмыг нь мэдэхгүй ээ би ч асуугаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/, 3.Гэрч Д.Одгэрэлийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...би хонин дээрээ машинтайгаа ирсэн чинь П.Болдбаатар ах манай хонийг машинтайгаа туучихсан явж байсан. Тэгээд хониныхоо хажууд явж байтал нэг морьтой хүн уулын нилээн хурдтай гартаа гишүү барьчихсан давхиж ирээд Болдбаатар ахын машин дээр ирээд хэрүүл хийгээд байсан. Харсан чинь манай нөхөр байсан. Тэгээд би очиж нөхрөө аваад явсан. Яг хаана нь цохьсон гэдгийг мэдэхгүй байна. Надад хэлэхдээ цонхоор нь модоор чичсэн гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/, 4.”Бүрэн Моност Тур” ХХК-ний захирал С.Гэрэлмаагаас цагдаагийн байгууллагад хандаж гаргасан 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн гомдол /хх-ийн 3-р хуудас/, 5.Дархан-Уул аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн №536 дугаартай шинжээчийн : 1.П.Болдбаатарын биед зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал, баруун сарвуунд зулгаралт, өвдгөнд цус хуралт тогтоогдлоо. 2.Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн 2-оос дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой байна. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 -т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй болно гэх дүгнэлт /хх-ийн 6-7-р хуудас/, 6.Шүүгдэгч Н.Үүрцайхын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн : Би адуундаа явж байгаад уулын аман дээрээс адуугаа дурандаад сууж байхад П. Болдбаатар ах портертойгоо хонь туугаад хүргэний хонин дээр аваачиж нийлүүлэх гээд явж байсан. Тэгэхээр нь давхиж очоод объект доторх юмаа харахгүй яагаад гаднахыг хөөгөөд байгаа юм бэ? гээд маргаан үүссэнээс өнөөдрийн болж байгаа явдал болсон гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, дүгнэлтийнхээ хариуцлагыг бүрэн хүлээх үүрэг хүлээсэн шинжээчид гаргасан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч талуудын эрхийг хязгаарласан байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон байна гэж дүгнэв. Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангзаасан тохиолдолд гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэжээ. Шүүгдэгч Н.Үүрцайх хохирогч П.Болдбаатарын унаж явсан машины цонхоор гишүү модны үзүүрийг оруулан чичилсэн нь хохирогчийн чамархайнд зөөлөн эдийн няцрал, баруун сарвуунд зулгаралт, өвдгөнд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учирсантай шууд шалтгаант холбоотой гэж дүгнэв. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Н.Үүрцайхын П.Болдбаатарын биед хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд гэм буруугийн шууд санаатай үйлдлээр халдсан эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан гэмт үйлдэл юм. Прокуророос Н.Үүрцайхын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн нь хуулийн шаардлагад нийцжээ. Иймд шүүхээс шүүгдэгч Н.Үүрцайхыг бусдын биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч Н.Үүрцайх нь хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болно. Иргэний нэхэмжлэлийн хувьд: Хохирогч нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй гэсэн болно. Эрүүгийн хариуцлагын талаар : Н.Үүрцайхыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан материаллаг хохирлыг нөхөн төлснийг ял хөнгөрүүлэх, байдалд харгалзан үзсэн ба эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Н.Үүрцайхыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан болно. Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Үүрцайхад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй. Шүүгдэгч Н.Үүрцайх нь өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх шүүгдэгчийг өөрөө өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хольдог овогт Нэргүйн Үүрцайхыг хүний биед хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Үүрцайхыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 / дөрвөн зуун тавин мянган / төгрөгөөр торгож шийтгэсүгэй.
3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар торгох ялын 450,000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлж барагдуулсугай.
4.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 9 дахь хэсэгт зааснаар ялтан шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийсэн бол хорих ялаар солихыг Н.Үүрцайхад мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.САРАНТУЯА